Амьдралын тойрог

2008-08-27

Улаанбаатар хотод газрын чичиргээ мэдрэгдэв.


Өнөөдөр өглөө ОХУ ын нутаг дэвсгэр Байгал нуурын сав газарт орон нутгийн цагаар 11 цаг 40 минут (Улаанбаатарын цагаар өглөөний 9 цаг 40 мин) газар хөдлөлт болсон байна. Ширээ сандал унаж, чийдэнгийн бүрхүүл ганхаж байсан гэж гэрчүүд ярьжээ. Газар хөдлөтийн голомт нь Иркутск хотоос 65 км-ын зайд Байгаль нуурын эрэг орчим хойд өргөрөгийн 51.727° зүүн уртрагийн 104.246° байлаа. Газар хөдлөлтийн төвд нь 6,3 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Байгалийн энэ үзэгдлийг ОХУ ын Иркутск, Улаан Үд, Чита хот, хөрш зэргэлдээ Монгол улсын Дархан, Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна. Улаанбаатар хотод ойролцоогоор 3 баллын хүчтэй чичиргээ мэдрэгджээ. Байгаль нуурын сав газарт газрын чичиргээ үргэлжилсээр байна гэж РИА НОВОСТИ агентлаг мэдээлжээ. Гэхдээ хүчтэй газар хөдлөлт болох магадлал бага байгаа гэж нутгийн оршин суугчдийг тайвшруулж мэргэжлийн байгуулагаас мэдэгджээ.

2008-08-26

Гурван сэдэв...

Сөөсгөр банди, сэгсэр охин
Бадар-Ууган алтан медаль авсан орой сагсуу залуучууд машинаараа хотын замаар дахиад хурдлав. Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтрээд утга учираа алддаг даа. Сүүлдээ яг л тийм юм болж байх шиг санагдав. Зүүн дөрвөн замд нэг машин онхолдчихсон байхыг олж харлаа. Хөмөрсөн машин дороос хэд хэдэн хүний хөл цухуйж байх юм. Нүд халтирмаар аймаар дүр зураг... Замын цагдаа нар машинтайгаа ирчихсэн байсан. Харин түргэний машин үзэгдээгүй. Согтуу дарвиж яваад цаандаж амиа алдах, наандаж эрэмдэг зэрэмдэг болох юм бол хэцүү юм даа. Бензиний үнэ нэмэгдсэн үед ингэж сагсуурч байх ч гэж дээ хэмээн шогширч байсан нэг хүнтэй таарлаа. Тэр хүнийг бол дэмжиж л байлаа. Улаанбаатараар дүүрэн байгаа энэ олон ажилгүй хийх юмаа олж ядаж, ааг омогоо багтаасан сөөсгөр банди, сэгсгэр охидуудыг яалтай ч билээ. Санаагаар болдог бол нөхдүүдийг "Атарын аянд" ачаад явуулах юм сан. (Ингэж бичсэний дараа намайг хүмүүс коммунист байна гэж шүүмжлэх байх даа.) Тариа ногоо хурааж, өвс хадлан бэлдүүлж, биендээ багтаж ядаад байгаа бяр тэнхээ, хүч чадалыг нь зарцуулах юм бол хэн хэндээ хэрэгтэй л байгаа юм даа. Олон жилийн хөлс хөдөлмөр, хүчээ зориулж нэг юмны араас хэлбэрэлтгүй тууштай явсан хүн амжилтанд хүрдэгийг машинтай сагсуурч байгаа нөхдүүд ойлгож байгаа болов уу? гэж бодлоо. Спортоор тууштай хичээллэж өндөр амжилт гарах юм бол унаа машин, байшин сууцыг нь төрөөс, бусад компаниудаас шууд л өгч байгааг бид нар бүгдээрээ л харлаа ч шүү дээ.

Төрийн дуулалаа буруу аялаад байна
.
Олимпийн наадмаас Монголын тамирчин алтан медаль авсаны дараа хүмүүс төв талбай дээр ч, IRISH pub-д ч ялгаагүй төрийн дуулалаа буруу дуулаад байгааг анзаарлаа. Дайсны хөлд хэзээ ч орохгүй... гээд л аялаж байна аа. Монгол Улсын Их Хурал 2006 оны 7 сарын 6 нд "Төрийн Бэлгэ тэмдэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хууль баталж Монгол Улсын төрийн дуулалын үгийг өөрчилсөн юм сан. Одоо манай төрийн дуулалд "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэж мөр байхгүй. Харин оронд нь "Далай их дээдсийн гээгээн үйлс" гэж өөрчилсөн.
Ер нь Төрийн дуулалын үгийг блогтоо оруулая гэж бодлоо. Мэддэг нэг нь дахиад нэг уншаад үзнэ биз. Мэдэхгүй байгаа нөгөө хэсэг нь мэдэж аваг.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт
Далай эх дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө.

Хамаг дэлхийн шудрага улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя.

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая.

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Таавар
Өнөөдөр интернэт ухаж сонин хачин мэдээ хайж байхдаа нэг таавар олж уншлаа. Бодоод бодоод би хариуг нь сайн олж чадсангүй ээ. Та нар бас бодлоо бичээрэй. Таавар: Энэ явдал эртний Египет оронд болжээ. Гурван хүн цөлд явж байжээ. Эхний хүн нь бух, хоёр дахь нь үнээ, гурав дахь нь өвс авч явжээ. Тэр гуравын ам нь цангаж ус хайхаар явах болж гэнэ. Эхний хүн нь: Би ус хайхаар явахгүй. Хэрвээ би бухаа орхиод явах юм бол арслан идчих байх гэв. Харин хоёр дахь хүн нь: Би үнээгээ орхиж явахгүй. Хаа нэг газар ру төөрөөд явж мэднэ. Эсвэл дээрэмчин хулгайлж магадгүй гэжээ. Харин гурав дахь нь би өвсөө орхиж явахгүй. Намайг эзгүй хооронд бух, үнээ хоёр миний өсвийг идэж мэднэ гэв. Ингээд тэд бух, үнээ хоёрыг модноос уяад, өвсөө модны доор орхиод ус хайхаар явжээ. Эргээд ирсэн чинь бух үнээг хээлтүүдээд гарсан тугал нь гурав дахь хүний өвсийг идчихсэн байв. Тугал хэнийх вэ?

2008-08-24

ХОЁР ДАХЬ АЛТАН МЕДАЛЬ


Олимпийн наадмын сүүлчийн өдөр Монголын хоёр боксчин хүчээ үзлээ. МОНГОЛ УЛС Олимпийн наадамд чансаагаараа 30-р байранд орлоо. Хүн амын тоогоо олимпийн наадмаас авсан медалийн тоотой харьцуулах юм бол энэ чинь өндөр амжилт шүү. Монголын боксчид анх удаа алтан медал авлаа. Монголын төрийн дуулал Бээжинд хоёр дахь удаагаа эгшиглэлээ.


Э.Бадар-Ууган эх орондоо хоёр дахь алтан медалийг авчирлаа

 Бээжингийн олимпийн наадмын боксын 54 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган олимпийн аваргын төлөөх тоглолтод Пан Америкийн аваргын хүрэл медальт, Кубын боксчин Янкиел Леон Аларконтой тулалдаж, алтан медалийн болзол хангалаа.

Манай тамирчин нэгдүгээр үеийн тоглолтод 4:1 харьцаагаар тоглолтыг тэргүүлсэн бол дараагийн тойргийн тоглолт 4:4 харьцаагаар тэнцсэн. Харин гуравдугаар тойргийн тоглолтыг манай тамирчин илт давуу үргэлжлүүлж, 4:0 харьцаагаар дуусгасан бол төгсөлийн раундад мөн 4:0 харьцаагаар ялж, нийт 14:5 оноогоор манай тамирчин өрсөлдөгчөө илт давуу ялж, олимпийн наадмын аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын тамирчин Бээжингийн олимпийн наадмаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт гаргалаа.

Сэрдамба бэртлийн улмаас тоглолтоо дуусгаж, олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

 Бээжингийн олимпийн наадмын боксын 48 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаан өндөрлөлөө. Энэ жинд манай тамирчин ОУХМ П.Сэрдамба Хятадын тамирчин Зоу Шиминтэй өрсөлдөж, мөрний гэмтлийн улмаас эхний раундын дараа эмчийн магадлагаагаар тэмцээнийг орхисноор Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин олимпийн наадмын өмнө баруун мөрөндөө гэмтэл авсны улмаас сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм. Ийнхүү манай тамирчин, боксын ОУХМ П.Сэрдамба Монголын түүхэнд анх удаа олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн боксчин боллоо.

2008-08-23

УС

Блог бичдэг, бусдын блогийг цншдаг болсоноос хойш амьдралд бас нөлөө үзүүлж байна шүү. Баябага ахын блогоос өглөө сэрээд аяга ус уух юм бол ходоод цочирохгүй сайн байдаг гэсэнийг уншиж байдаа. Өнөөдөр өглөө сэрээд цай уухын өмнө шууд л тэр толгойнд орж ирж байна. Тэгээд аяга ус эхлээд уулаа. Хэхэ. Ганц удаа уух минь ч яамай. Харин өглөө болгон хэвшүүлж чадах юм бол хэрэгтэй л байх. Өнөөдөр playtime 2008 болно. Сэтгэл гэгэлзээд л... Очдог ч юм билүү гэж бодоод сууж байна. YOUTUBE-ээс сонсдог хэдэн дууныхаа клипийг олоод блогтоо оруулчлаа.

Night train Цагаан өнгөт асар

lemons - Хайртай

The Lemons Цэнхэр нүд

lemons - Харах дуртай

Fire - Хүлээлт

L-Guards - Zoruud busgui

night train - Зөөлөн

L-Guards-Dooya

A Sound ШАЛ ДЭМИЙ

2008-08-18

Хүрэл медаль халаасанд

“Бээжин-2008” зуны 29 дэх удаагийн олимпийн наадам 10 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай тамирчдаас боксын 54 кг-ын жинд өрсөлдөж буй Энхбатын Бадар-Ууган хүрэл медалийн төлөө тулалдаад ялалт байгууллаа. Хүрэл медаль халаасанд ороод ирлээ. харин одоо мөнгөн медалийн төлөө...

2008-08-16

Тунгааж бодов...

Уржигдар
Манай улсын тамирчин олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн нь Монголын түүхэнд үлдэх том үйл явдал боллоо. Бээжингийн олимпоос алтан медалийг эх орондоо авч ирсэн жудогийн бөх түүхэнд нэрээ мөнхлөх нь гарцаагүй. Би гэдэг хүн спортын хорхойтон биш боловч Монголын тамирчид дэвжээнд гарч ирэх болгонд ялалт байгуулаасай гэж битүүхэн дотороо сүсэглэж байсан. Ганц би ч биш, монгол хүн бүр бас л ингэж бодож, хүсэж байсан гэдэг нь эргэлзээгүй. Эх орны минь төрийн алтан соёмбот төрийн далбаа Бээжингийн олимпийн тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэж байгааг зурагтаар хараад өөрийн эрхгүй баярын мишээл тодорлоо. 2 сая 600 мянга орчим Монголчууд бүгдээрээ тамирчдынхаа төлөө залбирч, дээлийн захыг нь мушгиж, догдлон сууж байсан юм чинь... Ийм гэгээлэг өдрүүд олон байгаасай. Манай тамирчинд алтан медалийг нь зүүлгэж, төрийн далбаа мандаж, Монголын төрийн дуулал эгшиглэхийг зурагтаар үзээд дууссаны дараа гадаа бөөн чимээ шуугиан дэгддэг юм байна. Хэрэгт дуртай, сониуч зантай юм болохоороо тагтан дээрээ гарч харлаа. Сэтгэл нь хөөрсөн хүмүүс цонхоороо, тагтан дээрээ гараад уухай хашгирч байн. Олимпийн наадмаас Монгол улс түүхэндээ анхны алтан медаль авсанд манай аав ч хөөрч байна гэж жигтэйхэн. Ингээд 21 цаг 30 мин орчинд гэрээсээ гарч Сүхээ ахын талбайд очлоо. Хотын төв хэсэгт замын хөдөлгөөн эрс нэмэгдэж. Баярлаж хөөрсөн хүмүүсээр гудамж дүүрэн. Машинаар яваа хүмүүс уухай хашгирч гудамжаар зөрж өнгөрсөн хүмүүс бие биендээ баяр хүргээд л нийгмийн уур амьсгал ч илт найрсаг сайхан байна. Цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулах гэж их зүдэрч байлаа. Сүхээ ахын талбай очиход нэлээн их хүн цугларсан байна. Соёлын төв өргөө, Бодь цамхаг гэсэн хоёр цэгээс салют буудуулжТалбай дээр зогсож байгаа хүмүүс шүгэлдэж, орилж, уухай хашгирч “Монгол орон мандтугай” гэлцэж, нийтээрээ төрийн дуулалаа дуулж, эх орны сэдэвтэй дууг цуурайтуулж байна аа. Талбай дээр явж байгаад таньж мэддэг хэд хэдэн хүнтэй таарлаа. Өчигдөр орой Төв талбай дээр хэдэн мянган хүн цугларсан бол? Чингис хааны хөшөөний харалдаа хэдэн хүн гараад л үг хэлээд байгаа бололтой. Олны шуугиан, салютны нүргэлсэн дуутай зэрэгцээд хэн гээч хүн юу яриад байгаа нь мэдэгдэх арга алга. Гадаадын жуулчид ч бас талбай фракц фракцаараа зогсоод алгаа ташиж байна. “Mongolia №1” гэж хэлээд эрхий хуруугаа гозойлгож харагдана лээ. Талбай дээр ойролцоогоор гучаад минут хэртэй болоод эргээд гэрийн зүг дэгдлээ. Буцаж явахад ч бас хөөрсөн олон гудамжинд бүүр ч нэмэгдсэн юм шиг санагдсан. Шангриллагийн офисийн гаднах цэцэрлэгээр явж байсан чинь нэг халамцуу танихгүй залуу хүрч ирж танимхайрч яриа өдөөд сүйд болдог юм байна. Би ч хүн танихдаа муу л даа. Гэхдээ энэ удаа бол ёстой танихгүй хүн намайг танимхайрсан. 100 хувийн баталгаатай. Хамт явж байсан хамаатануудынхаа ачаар л арай гэж тэр нөхрөөс салсан. Гэртээ ирээд зурагтаа асаасан чинь Сүхээ ахын талбай дээр болсон үйл явдлын тухай үзүүлж байна. Чингис хааны хөшөөний харалдаа бөөгнөрч зогсоод байсан хүмүүс манай төр засгийн удирдагчид байж гэдгийг ойлгож авлаа. Олимпийн наадмын эхний өдрүүдэд монголчууд олигтой амжилт үзүүлээгүй байсан болохоор монголчууд жаахан гутруухан байсан. Харин Гүндэгмаа мөнгөн медаль авсанаас хойш ч манайхан илт сэргээд ирлээ шүү.
Эргээд нэг бодлоо.
Монгол хүн олимпийн наадмаас алтан медаль авлаа. Сайхан байна аа. Монголчууд бүгдээрээ л баярллаа. Баярласан сэтгэлдээ хөтлөгдсөн Монголын ард түмэн өчигдөр Сүхбаатарын талбай дээрээ цугларлаа. Тэднийг хэн ч тэнд оч гэж албадсангүй. Монголчууд төв талбай дээрээ өөрсдөө сайн дураараа очиж баярын цуглаан хийлээ. МАХН ын дарга, ерөнхий сайд С.Баяр гуай УИХ ын 5 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа хаагдах өдөр “Өглөө шиг эх орон” дууны клип дундуур үг хэлэхдээ “Сонгуулийн дараа баяртай сайхан уулзая” гэж ярьж байлаа. Гэвч 7 сарын 1 нд Монголчууд их ууртай уулзацгаасан. Харин өчигдөр 2008 оны 8 сарын 14 нд Монголчууд төв талбай дээрээ үнэхээр баяртай сайхан уузлаа. Сүүлийн үед монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж, амьдарлын түвшин буурч, сонгууль нь хэл амтай болж өнгөрсөн болохоор хүмүүсийн сэтгэл зүй нэг л гутранги байсан. Харин Олимпийн дэвжээнээс авсан алт мөнгөн медаль монголын нийгмийг бүхэлд нь сэргээж чадах шиг боллоо. Сүхээ ахын талбай дээр чимээ шуугиан ихтэй байсан болохоор Чингис хааны хөшөөний харалдаа зогсож байгаа төрийн өндөрлөгүүдийн ямархуу байгаа, юу ярьж байгааг нь сонсож мэдэхийн аргагүй байсан. Гэртээ ирсэн хойноо хэд хэдэн телевизээр шуурхай мэдээ үзээд хальт шоконд ордог юм байна. Манай улсын төрийн өндөрлөгүүдийн хацар нь улаа бутарчихсан, нүд нь сүүмийгээд харц нь талимаарчихсан гуйвж найгаад, бие хамгаалагч нар нь араас нь түшиж тулаад, тэврээд зогсож байх юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ын дарга нар маань согтохоороо ямархуу болдогийг нь харж авлаа. Ерөнхийлөгч долоовор хуруугаараа их зангаж ярих юм. Ерөнхий сайд маань амаа тамшаалаад л найган ганхаад байх юм. Бие хамгаалагч нь урагш хойш нь унагаачихгүйн тулд их л мэрийж харагдна лээ. УИХ ын дарга ууж согтохоороо дуугаа хураагаад газар ширтэж зогсдог юм байна гэж ойлгож авлаа. Ардчилсан намын дарга Элбэгдоржийн араас Мөнх Оргил сайд хүзүүгээр нь тас тэвэрчихсэн зогсож байгаа нь зурагтаар харагдлаа шүү. Хэ хэ... За тэгээд согтуу хүнийн амнаас мэдээж ямархуу үг гарах нь ойлгомжтой. Согтуу хүн сохор ухаантай гэж бас нэг үг байдаг даа. Ингэхэд төр засгийн удирдагчид маань халамцуу байхдаа олны өмнө гардаг нь зөв юм болов уу? Алтан медаль авсан нь сайхан л хэрэг. Баярлалгүй яахав. Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд нар ч бас хүн л юм хойно сэтгэл нь хөдлөж л таарна. Монгол улс анх удаа олимпоос алтан медаль авлаа. Гэхдээ огт алтан медаль авч байгаагүй улс орон цаана чинь байж л байгаа. Тэр улсад ийм баяртай үйл явдал болох юм бол төрийн өндөрлөгүүд нь яах бол? Ямар ч байсан бие биенээ нэг нүдээрээ ч харах хүсэлгүй болоод байсан намын дарга нар зэрэгцэж зогсож байгаа ард түмнийхээ өмнө харагдлаа. Тэд энэ улаан улаан цагаан намчирхаж талцсангүй. Спорт ард түмнийг нэгтгэж байна гэж хэлцгээж байсан. Монголчууд уг нь УУХАЙ гэж хашгирдаг. Харин манай төр засгийн өндөрлөгүүд нар Орос школтой гэдэг нь мэдрэгдэж УРА гэж хашгирч байх юм. УРА ч байна уу, УУХАЙ ч гэнэ үү хамаагүй ээ. Хамгийн гол нь монголчуудыг спорт нэгтгэж эх орон ч үзлийг нь зөв байдлаар илэрхийлж харууллаа. Энэ зун монголчууд уурлаж нэг цугларлаа. Баярлаж бас нэг цуглаан хийлээ. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч төв талбайд болсон үйл явдлыг цуглаан гэж нэрлэхээс зайлсхийж “арга хэмжээ” гэж тодотгож байсан. Нэгэнт л хүмүүс цугларсан л м чинь цуглаан гэж нэрлэхэд буруудахгүй байх. Цуглаан хийхэд урьдчилан зөвшөөрөл авдаг хуультай. Тэгвэл энэ удаа жирийн иргэдээсээ эхлээд төр засгийн удирдагчид нь хүртэл урьдчилан зөвшөөрөл олгогоогүй, төлөвлөгдөөгүй цуглаанд оролцлоо. Олимп дуусаж тамирчид эх орондоо ирэхэд нь тэднийг нижгэр угтаж авах нь тодорхой. Монголын түүхэнд ийм гэгээлэг өдрүүд олон тохионо гэж итгэж байна.

2008-08-15

Улаанбаатар хот 2008 оны 8 сарын 14 ний оройн 20 цагаас хойш

Зураг 1. Баярлаж хөөрсөн Монголчууд төв тайбайгаа зорилоо.
Зураг 2. Цагдаа нар түргэн авч хамгаалалтанд гарлаа. Гэхдээ хүмүүс найрсаг байсан.
Зураг 3. Ийм дүр зураг Улаанбаатарын хаа сайгүй харж болохоор байлаа.
Зураг 4. Хотын төвийн хэсгийн уулзвар дээр зам бөглөрлөө.
Зураг 5. Сүхбаатарын талбай дээр согтуу хөлчүү хүмүүсч цөөнгүй байлаа.
Зураг 6. Монголчууд ойрын хэдэн жилд ингэтлээ баярлаж байсангүй.

Зураг 7. Төрийн өндөрлөгүүд ч бас талбайд ирлээ.

Зураг 8. Манай төрийн өндөрлөгүүд нэлээн согтсон харагдана.
Зураг 9. Нэг нүдээрээ ч бие биенээ харж чадахгүй байсан хүмүүсийг Олимпийн алтан медаль эвлэрлүүллээ.
Зураг 10. Сүхээ ахын тайлбайд Төрийн дуулалаа хамтдаа дууллаа.

2008-08-14

Анхны олимпийн алтан медаль.




Монгол Улсын баг тамирчид олимпийн наадамд оролцож байсан түүхэндээ анх удаа алтан медаль хүртэж эх оронь элгэн түмнээ баярлууллаа. Бээжингийн олимпийн наадамд Монголын төрийн далбаа мандаж төрийн дуулал эгшигллээ. Спорт монголчуудыг нэгтгэж чадлаа. Манай тамирчин ялалт байгуулж, Монголын төрийн дуулал эшиглэж байхад Монгол хүн бүрийн сэтгэл хөдлөж баярын нулимс унагааж байсан гэдэгт итгэж байна.


Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзсэн Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, “Женко” клубын тамирчин Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд урамтай сайхан барилдаж, дөнгөж сая Казахстаны бөх А.Зиткиг ялснаар Монгол Улсын анхны олимпийн аварга боллоо. Манай бөх өнөөдөр эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг цэвэр ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг хоёр юүко, хоёр кока үнэлгээгээр ялсан юм. Түүнчлэн дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг хоёр юүко, нэг кока үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны бөх Мовлуд Миралиевыг ялсан бол ийнхүү аваргын төлөө Афины олимпийн 7-р байрын шагналт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн алт, мөнгөн медальт, Казакстан улсын бөх А.Зиткиг ялж, эх орондоо олимпийн аваргын анхны алтан медалийг авчирлаа.


2008-08-13

Гүндэгмаа эх орондоо мөнгөн медаль авч ирлээ.

Сүүлийн хэдэн өдөр Олимпийн наадмаар дэлхий даяараа амьсгалж байна аа. Дэлхийн түүхэнд болж байсан олимпийн наадмуудаас хамгийн улс төржүүлсэн нь Бээжингийн олимпийн наадам. Монголын тамирчид гарч ирэх болгонд л битүүхэндээ сэтгэл догдлоостой. Өнөөдөр манай буудлагийн тамирчин Гүндэгмаа мөнгөн медалийг Бээжингийн дэвжээнээс авлаа. Алтан медалиас хальт зуураад алдлаа. Гэхдээ зүгээрээ... Гүндэгмаагийн буу нь гацсан нь алтан медаль авах боломжоо алдахад нь нөлөөлсөн гэж зурагтаар ярьж байна. Ер нь манай улс олимпийн наадамд оролцож байгаа тамирчдынхаа хангамжийг нь, хэрэглэх багаж тоног төхөөрөмжийг нь сайн хангах хэрэгтэй вм байна шүү гэсэн дохио боллоо. Алт шиг мөнгөн медаль байсан шүү...
Одоо манай боксчид Олимпийн рингээс алтан медаль авч ирээсэй.

2008-08-12

Бөөн энерги...

Замд гарлаа
Нэлээн эртнээс төлөвлөж, бодож байсны эцэст аялалд яваад ирлээ. 8 сарын 7 ний өглөө нагац эгчийнхээ хуриманд уригдсан. Хуримын ордонд ёслолыг нь гүйцэтгэхэд нь байлцлаа. Хуримын ордоноос гараад Баянголын ойролцоо явж байсан чинь ажлын газраас утасдаад боловсруулсан материалаа интернэтээр явуул гэж байна. Баянголын ойролцоо интернэт кафе бараг байдаггүйг тэр үед л анзаарлаа. Аргаа бараад энэ хавьд ажилдаг таньдаг мэддэг ганц хоёр хүн рүү утасдав. Ажлынх нь интернэтийг ашиглачих санаатай байсан юм. Бүтсэнгүй ээ. Хамгийн ойрын интернэт кафе хаана байдаг гэж хүн амьтанаас асууж сураглав. Асууж сураад байсан ч хамгийн ойрхон байрладаг интернэт кафе циркээс холгүй, 50 р дэлгүүрийн хажууханд байдаг юм байна. Ажил руугаа боловсруулсан материалаа e-mail ээр явуулаад санаа амарлаа. Дараа нь бяцхан цайллаганд орсон. За идсэн уусан маань ч яахав. Тэндээс гараад гэртээ хариж, гоонж моонжоо тайлж өлгүүрт хийгээд нөгөө хувцасаа өмсөөд үүргэвчээ үүрээд, видео камер, зургийн аппаратаа аваад галт тэрэгний буудал руу жирийлгэв. Улаанбаатараас 16 цагийн үед хөдөлсөн галт тэрэг шөнийн 1 цагийн үед Сайншанд хотод ирлээ. Сайншандын гал тэрэгний буудал дээр биднийг ирэхэд манай гэр бүлийн найз гэж хэлж болохоор нэг хүн машинтайгаа угтаж авлаа. Улаанбаатарт үзэгдэхээ болиод удаж байгаа оросын фургон машинд нь сууж Хамарын хийдийн зүг шөнө дөлөөр явлаа. Шөнийн 4 цагийн үед фургон зогсож бид ямар нэгэн байшингийн гадаа зогсов. Хажууханд нохой ч хуцаж байх шиг…


Зураг 1. Сайншандад энэ фургоноор давхиж явлаа.

Өөрөө өөртөө үйлчлэх зочид буудал
Фургон машин Хамарын хийдээс холгүй орших хоёр давхар цагаан байшингийн гадаа ирж зогсов. Жолоочийн хэлсэнээр зочид буудал юм гэнэ. Гэвч байшингийн бүх гэрэл чийдэн нь унтраастай хэрнээ хаалга үүд нь нээлттэй байх юм. Бид тэр хоёр давхар байшинд орж шатаар дээш өгсөв. Зочид буудал гэхээсээ илүү жирийн л нэгэн айлын хувийн байшинг санагдуулахаар байшин юм. Гаднаа сансарын тавган антен зоожээ. Тавган антентай юм чинь гэрэл цахилгаанд холбосон, зурагт гардаг л байж таараа гэж таамаглав. Харанхуйд тэмтэрч явсаар зочины өрөөнд байсан зурагтыг нь асаасан чинь “TV 5”- ийн чат гарч байна. Ямар ч байсан цахилгаан эрчим хүчтэй л юм байна гэж ойлгосон манайхан ч тэрүүхэн хооронд баярлаж “өө, тог байна” гэлцэв. Энэ хооронд жолооч залуу зочид буудлын эзнийг нь олохоор байшингаас гарлаа. Гэвч удалгүй ирээд эзэн нь алга байна гэж хэллээ. Ингээд шөнийн дөрвөн цаг хагасын үед бүгдээрээ нүдний хор гаргахаар хажуулдав. Өөрөө өөртөө үйлчилдэг зочид буудал бас байдаг л юм байна.

Зураг 2. Бидний хоноглосон зочид буудал

Энергийн төв
Өглөө 6 цагийн үед хүмүүсийн шаагилдах чимээгээр би сэрлээ. Гадаа гараад эргэн тойрноо харвал баруун талд хэдэн бор гэр, хойд талд Хамарын хийд харагдав. Говьд нар мандахыг анх удаа харлаа. Говийн наран мэлсхийгээд л гэнэт гараад ирдэг сонссон болохоор тэр мөчийг харах гэж жаахан догдлов. Видео камераа асааж бичлэг хийхэд бэлдэв. Зургийн аппаратаа дүүдээ өгөөд зураг дараарай гэж захилаа. Гэвч миний төсөөлж байсан шиг нар мэлсхийж мандсангүй. Гэхдээ л говьд нар мандахыг амьдралдаа анх удаа харлаа.

Зураг 3. Говийн наран мандлаа.

Дараа нь Хамарын хийдийн нэг ламтай уулзаж хөтөчөөр авлаа. Тэр лам дэлхийн энергийн төв, хамарын хийд, говийн догшин хутагт Данзанравжаагийн талаар ярьж тайлбарлаж өгсөн юм.


Зураг 4. Хамарын хийдийн хонх
Сайншандаас хэдхэн км-ын зайтай газар байдаг энергийн төвийг хүмүүс зорьж их ирдэг юм байна. Бидэнтэй францын хэдэн жуулчид ч тэнд тааралдсан. Бас монголчууд ч бас олон байв

Зураг 5. Энергийн төвийг зорьсон хүмүүсийн машин тэрэгнүүд нь...

2008 оны 8 сарын 8 ний өдрийн өглөөний 8 цаг 8 минутад Энергийн төвийн үүд хаалга болсон "Билгийн нүдний" өмнө тулж ирсэн.

Зураг 6. Билгийн нүд.
Энд гар утасны долгион барьж байна лээ. Ер нь хүмүүс тэнд ирсэн хойноо утасдаж таниж мэдэх хүмүүс рүүгээ утасдаж “утсаар энерги дамжуулдаг” бичигдээгүй хуультай юм байна лээ. Би ч гэсэн хүнээс юугаараа дутах вэ гэж бодоод барьцамтгай зан хөдөлж хүүхэд рүүгээ залгав. Найз нь энергийн төв дээр байна. Миний найз юу хийж байна вэ? гээд л жаахан буу халлаа... Энергийн төвд очсоны дараа бясалгалд явдаг юм билүү гэсэн бодол төрсөн. Бясалгал хийдэг хүмүүс энд ирээд хамаг муу муухай энергээ гаргаж, оронд нь сайн сайхан энерги авч чадсан гэж итгэлтэй хэлж байна аа. Энергийн төв дээр ирсэн хүмүүс бүүр бясалгал хийгээд суучихдаг юм байна лээ. Дараа нь Говийн догшин хутагт Данзанравжаагийн бясалгал хийдэг байсан агуйг үзлээ.
Зураг 7. Данзанравжаагийн бясалгал хийдэг байсан агуй.
Зураг 8. Агуйн дотор

Зураг 9. Догшин хутагтийн хөшөө

Зураг 10. Умай хад. Түвдийн Утай Гүмбэнд эхийн умай хад гэж байдаг гэж дуулсан. Тэгвэл Монголд ч бас ийм хад байдаг юм байна.

Зураг 11. Говийн хонин гүрвэл

Зураг 12. Энэ хонин гүрвэлийн зургийг тал талаас нь аваад “од” болгож өгсөн дөө. Энэ тэгээд ойлгож байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Хаха

Зураг 13.Хонин гүрвэл жижигхэн юм байж их хурдан шаламгай хөдөлгөөнтэй амьтан байна лээ шүү.

Зураг 14. Барьж байгаад тухтай зургийг нь дарлаа. Дараа байгальд нь буцаагаад тавьсан л даа. Зургаа даруулсан чамд баярллаа гэж хэлэхээ ч мартаагүй ээ.


Хүслийн овоо


Хамарын хийдээс ойролцоогоор 20 гаран км ын зайтай Хүсэлийн овоо байдаг юм байна. Тэнд зөвхөн эр хүн гардаг учиртай. Би ч бас овоон дээр гарсан.

Зураг 15. Овоон дээр...
Зураг 16. Алсын барааг ширтэхэд...

Гэртээ харих замд

Хүслийн овооноос буугаад шууд Сайншандыг зорилоо. Дорноговь аймгийн төв рүү дөхөж байтал пис хийсэн дуу гарч машины дугуй хагарав. Жолооч агаа гялс запас дугуйгаа хийгээд цааш явав. Сайншанд хот Ар шанд, Өвөр шанд гэсэн хоёр том хэсэгээс бүрддэг юм байна. Ар шанд нь төмөр замын буудалтай, төмөр замын ажилчдад зориулан барьсан нэг загварын хэдэн туйпуун байшинг эс тооцох юм бол гэр хороолол түлхүү ихтэй юм шиг санагдав. Харин Өвөр шанд нь тав зургаан давхар байшингуудаас бүрдсэн нэг том гудамж. Сүүлийн үед барилга байшин овоо нэмэгдэж байгаа юм байна. Нэг өрөө байр 10 сая төгрөг байдаг гэж жолооч ах хуучилж байна лээ. Улаанбаатарт нэг өрөө байр ойролцоогоор 45-аас 50 сая төгрөг хүрээд байгаа. Улаанбаатартай харьцуулах юм бол хямдхан л сонсогдож байгаа юм. Гэхдээ дэд бүтэц муу, алсдагдсан буйдхан энэ хотын хувьд бол өндөр үнэ байх л даа. Галт тэрэгний буудал дээр ирсэн хойноо өнөөх жолоочид зочид буудлын эзэнтэй нь тааралдах юм бол хөлсийг нь төлчихөөрэй гэж хэлээд мөнгө үлдээсэн. Угаасаа жижигхэн газар болохоор бүгд л бие биенээ таних биз. Сүүлд жолооч ахтай буудлын эзэн нь тааралдаад “өөрөө өөртөө үйлчилсэн” бидний тухай ярьж л таарна. Хотоос гарахдаа буцах билетээ авчихсан байсан. Ингээд Олимийн наадам эхлэхтэй зэрэгцээд Сайншандын галт тэрэгний буудлаас вагондоо суулаа. Галт тэргэнд орсон хойноо Олимпийн наадмын нээлтээс хальт үзлээ. Бидэнтэй хамт явж байсан хамаатаны нэг хүний гар утас нь зурагт үзэж болдог функцтэй байсан юм. Галт тэрэг хөдлөснөөр зурагтны долгион байхгүй боллоо. Купендээ ороод нам унтлаа. Өглөө 9 цагийн үед Улаанбаатарт иргэж ирлээ. Гэртээ ирж усанд орчихоод, өглөөний цайгаа уугаад ажил руугаа харайлгав.

Замын зардал.

Галт тэрэгний тасалбар: 1 хүн УБ-аас Сайншанд хүртэл купенд талдаа 14 мянга. Очих буцахтайгаа нийлээд 2 талдаа 28 мянга

Сайншандаас Хамарын хийд – Энергийн төв – Данзанравжаагийн хад – Хүсэлийн овоо – Сайншанд гэсэн чиглэлээр машинаар явахад нэг хүний 10 мянган төгрөг байдаг юм байна. Гэхдээ биднийг Сайншандад очсон хойно танидаг хүн угтсан болохоор энэ зардал хэмнэгдсэн.

Хамарын хийдийн зочид буудалын нэг өрөө нь 10 мянган төгрөг.

Хөтөч хийсэн ламбугайд 10 мянган төгрөг

УБ-аас гарахдаа газийн плитка, ундны цэвэр ус, хүнсний зарим нэг бүтээгдэхүүн авч явсан болохоор тэнд очоод хоол унд авахад мөнгө зарцуулаагүй.

Ер нь бол найзуудаа, их боломжийн хямд зардалаар хаа байсан тэр Дорноговь руу яваад ирлээ. Иймэрхүү байдлаар аялаад байж болмоор юм байна аа.

Говьд учиргүй их халуун байна даа гэж дотроо жаахан зүрхшээж байсан. Гэхдээ биднийг бурхан харж үзсэн үү? Яасан хүн аахилж, нохой гасламаар халуун байсангүй ээ. Гэхдээ л би гэдэг хүн борлоод амжсаан. За одоо харин дараагийн удаа хаашаа явдаг юм билээ гэж бодоод сууж байна.


2008-08-06

Богино хугацааны аялалд явлаа.

Би маргаашнаас богино хугацааны аялалд явах гэж байна. Ажилаасаа хэд хоногийн чөлөө авсан. Олимпийн наадам эхлэх гээд ажил ихтэй байхад чөлөө авах гээд байхдаа яахав дээ гэсэн утгатай үг хэлж л байна лээ. Гэхдээ би энэ аялалд явна гээд эртнээс төлөвлөсөн байсан юм чинь. Ажилын өрөөнд засвар хийж байгаа болохоор тав тух ч байхгүй, дуу чимээтэй ядаргаатай байгаа болохоор товлосон аялалтаа явсан нь дээр гэж хатуу шийдлээ. Төлөвлөгөөгөө өөрчилөх хүсэлс алга. Эргэж ирээд аялалынхаа сонин хачинаас та нарт дуулгаж, зураг хөрөгөө оруулна аа. 8 сарын 8 нд болох олимпийн наадмын нээлтийг харин үзэж чадахгүй нь. Дараа нь бичлэгийг нь үзэхээс дээ. Түр баяртай.

2008-08-05

Их засвар

Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр ажлаа эртхэн дуусгаад гэртээ харьтал утас дуугарлаа. Манай ажлын газрын хүн залгаж байх юм. Өрөөнд чинь засвар хийх гэж байна. Чи явчихсан юм уу? Танай өрөөний зарим нэг тавилагийг зөөх болоод байна. Эргээд хүрээд ир гэж байна. “Чи ингээд нэг өдөр ажлаа эрт дуусгачихсан уу” гэсэн шиг л араас дуудаж байна. Шал дургүй хүрлээ. Тэгээд ажил дээрээ эргэж очихгүй гээд ч яахав. Дуртай дургүй нэг юм очив. Өрөөнийхөө компьютер, ширээ сандалыг нааш цааш нь болгож засвар хийхэд саад болохгүйгээр байрлууллаа. Тэгээд эргээд гэртээ ирлээ. MNED бас их хэрэгт дуртай. Гэртээ харих замдаа Нар хиртэхийг харчих санаатай тэнгэр рүү өлийж хараад байгаа юм аа. Дараагийн нар хиртэлт төв азийн бүс нутагт 2061 оноос нааш тохиохүй гэж байна лээ.м 2063 онд би хэдэн настай байх вэ гэдгийг тооцоолж үзэв. Монгол хүн дундажаар 60 гаран насалдаг гэж үзэх юм бол би л лав дараагийн удаа Монголд тохиох нар хиртэлтийг үзэхгүй байхаа.
Гэхдээ над шиг муу хүнийг бурхан тоож авахгүй байх л даа…


Ажлын өрөөнд засвар хийж байгаа болохоор тав тухгүй муухай сууж байна аа. Засварын ажлыг хариуцаж байгаа ажлын газрынхаа нэг хүүхнийг би “ажлыг байр бусниулагч” гэж нэрлэсэн. Гэхдээ тэрний буруу ч юу байхав. Засварын дараа миний ажлын өрөө өнгө төрх засаад дажгүй л болох байх. Завсар хийж, цахилгаан дрилл хангинаад, юугаа ч өрөмдөж цоолоод, нүхлээд байгаа юм бүү мэд. Чих дөжирмөөр байдалд зовж байна аа. Ядаж байхад гадаа халуун, нөгөө засвар хийж байгаа гадны байгуулагын хүмүүсийн биенээс гарч байгаа үнэр танар бас жаахан хэцүүхэн юм. Засвар хурдхан дуусах болтугай гээд л залбираад сууж байна. Товчхондоо MNED гуай хүнд байдалд ажил хийж байна шүү. Өрөвдөж хайрлаасай энэ манай дарга нар…


Надад нэг дадлага хийж байгаа оюутан охин хариуцуулж өгсөн. Уг нь их сургуулиа төгсөх дөхсөн ч охин юм. Тэгсэн чинь наад захын word дээр ч олигтой ажиллаж чадахгүй хөлдүү толгойтой охин юм аа. Бичиж байсан юмаа хадгалж ч чадахгүй эргүүтээд, уур уцаар бараад сууж байна. Гэхдээ учиргүй уурлаж загнаагүй л дээ. Яахав эхэндээ ч заавал ингэж хий гээд л зааварчилж байлаа. Нэг хэлсэнээ дахин дахин давтаад байхыг ч хүсэхгүй л байна. Би ямар дуу бичсэн CD биш. Үндсэн ажилаасаа, гадна дадлагажигчийнхаа хийсэн ажлыг нь хянаж, засаж, танаж янзалдаг давхар ажил нэмэгдээд байна. Өмнө нь миний удирдлага доор дадлага хийж байсан оюутнууд уг нь ажлыг машиндаж өгдөг байсан. Энэ удаа өнөө оюутан маань ч ажил хийж чадахгүй шинжтэй шүү. Яадаг юм билээ…