Амьдралын тойрог

2025-11-26

Казахстан улсад: 9 дүгээр хэсэг. Рахмет

Астана хотод байх сүүлийн өдөр. Зочид буудлаасаа гараад Байтерек цамхагт дахин ирэв. 


Энд нэг Астана хотод ажиллаж амьдардаг нэг казах залуутай танилцав. Тэр 37 настай. Түүнтэй ойр зуурын юм ярилцаж хэсэг алхав. Тэр намайг хотын хаагуур явсныг асуугаад, миний очиж үзээгүй газруудад очихыг санал болгов.  Түүний санал болгосон эхний газар нь хотын арк. Астана хотын Мангилик өргөн чөлөөнд байгуулсан юм билээ. Англи хэлээр 
"Triumphal Arch" орос хэлээр "Триумфальная арка" гэж нэрлэдэг. Монгол хэлээр үүнийг "Ялалтын нуман хаалга", эсвэл "Хүндэтгэл, ялалтын хаалга" гэж орчуулж болох байх.


Энэ хаалгыг 2011 оны 12 дугаар сарын 16-нд Казахстаны тусгаар тогтнолын өдрөөр нээжээ. Казахстан улс тусгаар тогтнолын 20 дахь жилд нь зориулж барьсан учраас 20 метр өндөр юм байна. Францын нийслэл Парис хотод байдаг "Ялалтын хаалга"-наас санаа сэдэл авсан байх. Гэхдээ Казахын үндэсний хээ угалзаар чимэглэсэн юм байна. Хаалганы дөрвөн багана дээр дөрвөн ширхэг хүрэл хөшөө байрлуулжээ. 


Миний дараагийн очсон газар бол Астана хотын ЭКСПО төв байв. 2017 онд Астана хотод ЭКСПО 2017 зохион байгуулж байжээ. "Ирээдүйн эрчим хүч" сэдвээр зохион байгуулагдсан энэ экспод тухайн үед дэлхийн 115 улс оролцож байсан юм байна.


Экспод зориулсан байгуулсан том үзэсгэлэнгийн танхим одоо үлджээ. 


"Экспо" үзэсгэлэнгийн талбайн эсрэг талд "Мега" хэмээх худалдааны төв ажиллаж байна. 
Худалдааны төвөөс холгүй машин зам гараад "Назарбаев их сургууль" (Nazarbaev university) байрладаг юм байна. Их сургуулийн хотхон руу нь орж үзлээ.


Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2006 онд гадаадын оюутнуудад зориулсан их сургууль байгуулах санааг дэвшүүлж байжээ. Тус сургуулийн сургалт зөвхөн англи хэлээр. 2010 онд тус их сургуулийг албан ёсоор байгуулжээ. Орчин үеийн шаардлагад нийцсэн их сургуулийн хотхон барьсан байна.  2015 онд тус сургуулийн анхны төгсөлт болжээ.



Хичээлийн байр, оюутны байр, сургуулийн номын сан, сургуулийн эмнэлэг, оюутны хоолны газар, мини театр, хурлын танхим гээд бүгдийг нарийн тооцоолж байгуулжээ. Манай энэ сургуулийн кампуст ирсэн өдөр гадаад оюутнуудын өдөрлөг болж байв. Тэртээ 25 жилийн өмнөх оюутан үе минь санагдав. Миний төгссөн их сургуульд ч гадаад оюутнуудын өдөрлөг зохион байгуулдаг байсан.




Энэ сурууль бакалавр, магистр, аспирантур (Ph.D доктор)  гэсэн гурван шаталсан сургалттай юм байна. Анаагаах ухаан, Инженер ба мэдээллийн технологи, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Уул уурхай гэсэн үндсэн чиглэрээр сургалт явуулдаг юм байна. Нийтдээ 8 салбар сургууль (факультет) тай. 2025 оны байдлаар 7000 оюутантай аж. Их сургуулийн хотхонг орхиод хотын парк руу явлаа. Албан ёсны нэр нь "Central Park Astana". 

 
"Central Park Astana" нь дотроо усан цөөрөм, суваг, аттракцион тоглоом, ногоон байгууламжтай юм. Парк дотор ийм ааруул зарж байв. Монголд ааруулыг ихэвчлэн чихэртэй хольдог бол энд давстай. Казах ааруул шорвог. 


Гадаа халуун байсан учраас хүйтэн аарц авч уулаа. 


Паркын дундуур нэвт гарч яваад голын эрэг дээрх усан тээврийн өртөөнд ирэв. Астана хотын дундуур урсдаг Ишим голоор усан завиар зугаалав. 


Ишим гол Астана хотыг зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваадаг.  Голын эрэг дагуу орчин үеийн барилгууд, сүндэрлүүлжээ.  Завиар зугаалж дуусаад голын эрэг дагуу алхав.




Ингээд орой болсон хойно зочид буудалдаа эргэж ирлээ.  Дараа нь зочид буудлынхаа ойролцоо үдшийн болзоонд явснаар энэ шөнө дуусав.  Дараагийн өдөр нь 11:00 цаг хүртэл зочид буудлын өрөөндөө амрав. 12:00 цагаас өмнө зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чемоданаа чирээд онгоцны буудал руу явлаа.  Онгоцны буудал руу явах замдаа MEGA Silk худалдааны төв орж хооллов.



Ийнхүү Казахстан улсын хоёр хотоор аялаад дууслаа. Казахстан улс, казах хүмүүсийн  тухай ерөнхий сэтгэгдэл: Казахстан тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байгаа боловч богино хугацааны дотор том дэвшил гаргаж чаджээ. Байгалийн баялаг ихтэй, 20 сая хүн амтай энэ улс ирээдүйд төв Азийн нөлөө бүхий улс болж чадах ирээдүй байна. Хүн амынх нь 70 хувь нь казах, 13 хувь нь орос, 3 хувь нь узбек, 2 хувь нь украин, 1.5 хувь нь уйгар, 1 хувь нь татар, 1 хувь нь немец (герман) аж. Үлдсэн 5 хувь нь солонгос, монгол, тажик, курд, турк, дунган гэх мэт үндэстнүүд аж.  Ардчилсан улс гэж Үндсэн Хуульдаа бичсэн боловч  үг хэлэх эрх чөлөө, хэвлэлий эрх чөлөө хумигдмал. Улс төрийн тогтолцоо нь ардчилсан улс гэхээсээ илүү, авторитари улсыг санагдуулна. Хүн амын дийлэнх нь мусульман шашинтай. Гэхдээ шашны нөлөө маш бага. Шашин гэхээсээ илүү шинжлэх ухааныг дээдэлж байгаа улс. Монгол Улсад төрж өссөн боловч 1991 оноос хойш Казахстан улс руу нүүж очсон казах хүмүүсийн бүхэл бүтэн давхарга бий болжээ. Ийм хүмүүсийг Казахстан улсад "кандасы" (цус нэгтэн, ижил угсаатан) гэж нэрлэдэг байна. Заримдаа "оролманы" гэдэг нэр томъёо ашигладаг байна. Энэ нь "буцаж ирэгсэд" гэсэн утгатай. Монгол Улсаас жуулчид ирмэгц Казахстанд ажиллаж амьдарч байгаа Монгол Улсад төрж, амьдарч байсан казахууд уулзаж, ярьж хөөрөлдөж суухыг эрмэлздэг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Казахстан улсын уугуул иргэд нь найрсаг, сайхан сэтгэлтэй юм байна гэсэн сэтгэгдэл надад үлдэв. Ингээд Казахстаны аялал дууслаа. Миний дараагийн аялал Узбекистан улс. Узбекистан улсын тухай аяллын тэмдэглэлээ тун удахгүй бичнэ ээ.  


2025-11-18

Казахстан улсад: 8 дугаар хэсэг. Астана хотын төвөөр

 8 дугаар сарын 9. Бямба гараг. Үүр цайхын үед унтсан болохоор нойроо хангалттай авахыг хичээв. Өдрийн 11:00 цагийн үед сэрээд өглөөний цайгаа уучихаад 12:30-ийн үед Астана хотын төвд байдаг "Үндэсний музей"-д ирэв. Орчин үеийн шил толь мэт гялгар том барилгатай музей юм. 


Музейн тасалбарын үнэ 4000 тенгэ.



Музейн гол хаалгаар ормогц шууд цэлгэр том танхимд харагдана.  Танхимын хойморт Казахстаны газрын зураг, баруун талд нь "Алтан хүнийг дэлхийн музейгээр аялуулсан нь" гэсэн зурагт самбар байрлуулжээ. 


Энэ музейд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олж авч ирсэн бичээс бүхий хад байлаа. Түрэгийн үед хамаарах энэ хадны бичийг Монгол Улсын Архангай аймгийн Хашаат нутагт 
байдаг "Хөшөө цайдамын хөндий" хэмээх газраас авч иржээ. 


Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон өөр нэг түүхийн дурсгал байсан нь Күлтегины цээж баримал байв.  Зурагны чанар нь тааруухан тул блогтоо оруулсангүй. Казахстаны үндэсний музейн өөр нэг үнэ цэнэтэй үзмэр нь "Алтан хүн" гэж нэрлэсэн алтадсан хувцас. 1969-1970 оны үед Казахстаны Аүлматин мужийн нутгаас манай тооллын өмнөх V-IV зууны үед хамаарах эртний булшнаас ийм алтадсан хувцас олж байжээ. Үүнийг түүхчид Саксийн удирдагчийн хувцас гэж таамагласан байдаг. Музейд байгаа энэ үзмэр жинхэнэ нь биш, харин дуураймал аж.


Монголтой холбоотой бас нэг үзмэр. Монголын эзэнт гүрний үед хамаарах гэрэгэ.


Казахстаны үндэсний гэрийн загвар. Монгол гэртэй харьцуулахад өндөр.


Үндэсний музейд нь дурсгалтын зоосны ийм цуглуулга олж харав. 


Казахстаны нутагт Байконур сансрын буудал байдаг. Мөн хэд хэдэн сансрын нисэгч Казахстанаас нисэж байсан. Сансрын нисэгчдэд зориулсан мэдээллийн самбар, ПРОТОН сансрын хөлгийн загварыг үзэв.



Ингээд музей үзэж дуусаад дараа нь пирамид хэлбэртэй шилэн барилга руу явлаа. Энэ пирамд хэлбэртэй байшинг "Энх тайван зөвшилцөлийн ордон" гэж нэрлэдэг юм байна. 


Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ ордонг барих санаачилга гаргаж байжээ. Барилгын зураг төслийг нь Их Британийн архитекторч Норман Роберт Форстер гаргаж, Турк улсын барилгын компани 13 сарын хугацаанд барьсан байна. Барилгын нээлт 2006 оны 9 дүгээр сарын 1-нд болжээ. 
Төв Азийн орнуудын Ерөнхийлөгч нар урилгаар ирж барилгын нээлтэд оролцож, дараа нь Испанийн алдарт дуурийн дуучин концертоо тогложээ. 

Пирамид барилга 77  метр өндөр, 25.5 мянган квадрат метр талбайтай. Хэд хэдэн үзэсгэлэнгийн танхим, хурлын танхим, мөн 1300 хүний суудалтай театр энд байдаг юм байна. 

Энэ барилгад дэлхийн янз бүрийн шашны хамба лам нарыг урьж олон улсын хэмжээний хурал зохион байгуулж байжээ.  2006 онд манай Монголын буддын шашны тэргүүн хамба лам Чойжамц гуай энд ирж байсныг гэрчлэх дурсгалын зураг үзэсгэлэнгийн танхимд нь байв.


Пирамид барилга руу орохын тулд тасалбар авна. Тасалбар нь заавал нь хөтөчтэй. Хөтөч үзэгчдийг дагуулан явж тайлбарладаг юм билээ. Пирамид барилгаас гараад Астана хотын төвөөр явган аялал хийв. Шинээр байгуулсан хот гэдэг нь мэдэгдэж байна аа. Өргөн зам, цэлгэр талбай, гял цал барилгууд ихтэй.


 
Доор харагдаж байгаа этгээд хэлбэртэй (таваг шиг) барилга бол Казахстаны соёл урлагийн их сургуулийн барилга.

Харин хажууханд нь орон сууцны хороолол байна.


Харин энэ бол Казахстаны хөгжимт драмын театр. 


Явган зугаалгаа хийсээр жаахан ядрав. Худалдааны төв орж өдрийн хоолоо идлээ.

Дараа нь явган зугаалгаа үргэлжлүүэв.  Гүүр давж нэлээн алхав. Бөмбөгөр цэнхэр дээвэртэй энэ байшин бол Казахстаны Ерөнхийлөгчийн ажлын өргөө.


Ерөнхийлөгчийн өргөөг тойроод Засгийн Газрын барилга, төрийн яам, агентлагууд, Үндсэн Хуулийн цэц, Ерөнхий Прокурорын газар, Тагнуулын төв газар гэх мэт төрийн чухал байгууллагуудын барилга байна лээ.


Энэ хавиар цагдаагийн харуул хамгаалалт ч ихтэй байсан. Төрийн чухал объект учраас хамгаалалт чанга байх нь аргагүй биз гэж бодов. 


Харин Төрийн байгууллагууд төвлөрсөн дүүргээс чанх урд нь усан оргилууртай том талбай, иргэд амарч зугаалах талбай байгуулжээ. 


Энэ талбайгаас Ерөнхийлөгчийн ордоны бөмбөгөр орой л харагдах юм билээ.  


Харин усан оргилуурын цаахна харагдаж байгаа цамхагийг Байтерек гэж нэрлэдэг. Байтерек гэдэг үгийг казах хэлнээс монгол хэлнээ орчуулах юм бол "улиас мод" гэсэн утгатай.  Цамхаг барих санаачилга мөн л анхны Ерөнхийлөгч Назарбаевынх. Энэ цамхагийн анхны гар зургийг Нурсультан Назарбаев зураад, Казахстаны уран барималчдад илгээсэн гэдэг. Мэргэжлийн уран барималчид үндсэн санааг нь хэвээр хадгалж, нарийвчилсан зураг төсөл гаргажээ. 


Байтерек цамхагийг барих төслийн өртөг нь 5000 USD байсан гэдэг.  Цамхагийг 2003 онд барьж дуусгаад, ашиглалтад оруулжээ. Цамхаг 105 метрийн өндөр. 97 метрийн өндөрт алтан шаргал өнгийн металл бөмбөлөг байрлуулжээ. Алтан шаргал металл бөмбөлөг 22 метрийн диаметртэй.  Байгууламж газрын гадаргуугаас доош 4,5 метр суурьтай бөгөөд доод хэсэгт нь загас үзэх усан сан (аквариум), кафе, цамхагийн бүтээн байгуулалтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн ажилладаг байна. Цамхагийн орой дээрх албан шаргал металл бөмбөлөг дотор нь эргэн тойрноо ажиглах тавцан бүхий танхим бий. Танхимын гол тусгай тавцан дээр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын алганы хээний дардас бүхий металл дурсгалын самбар байрлуулжээ. 

"Байтерек" цамхагийн гол санаа нь Казахын ард түмний Ер-Тостикийн тухай үлгэрээс сэдэвлэсэн юм байна. Ер-Тосктик маш урт хугацааны турш хэрэн хэсүүчилж яваад, улиас мод олжээ. Улиас модны орой дээр Самрук гэдэг шувууны үүр байж. Тэр шувуу жилд 1 удаа алтан өндөг гаргадаг юм санж. Иймд Байтерек цамхаг нь Казахстаны ард түмний сайн сайхан, аж жаргалтай амьдралын бэлгэдэг нь болжээ. 

Байтерек цамхагаас цаашаа талбайгаар алхах юм бол Хан Шатыр газар худалдааны төв рүү хүрнэ. Хан гэдэг мэдээж хамгийн том гэсэн утга илэрхийлэх нь ойлгомжтой. Шатыр гэдэг нь асар, майханг хэлнэ. Энэ барилга нь шомбогор оройтой майханг санадуулна. Дотор нь янз бүрийн брэндийн дэлгүүрүүд, тоглоомын төв, кино театр, ресторан, спорт амралтын танхим ажилладаг юм билээ.



Сониноос казах ба монгол хэлний төстэй талыг олж харсан. Зарим казах үг монгол үгтэй дуудлагын хувьд төстэй санагдав. Жишээ нь алим - алма, ус - су. сүү - сүт гэх мэт. Зогс гэхийг казахаар токта гэдэг юм билээ. Энэ нь монгол хэлний тогт гэдэг үгийг санагдуулав. Гэхдээ казах үгний к үсэг нь доороо нэмэлт тэмдэглэгээтэй. Үүнийг замын тэмдэглэгээнээс анзаарав.

Хан Шатыр худалдааны төвийг үзэж явсаар орой болов. Ингээд зочид буудал руугаа таксидаад буцлаа.



Бүтэн өдөржин л хотоор нь явж барилга байгууламж, музейтэй нь танилцав. Жинхэнэ аялагч дүрдээ орсон сонирхолтой өдөр байлаа.