Амьдралын тойрог

2013-12-14

12 сар талдаа орлоо гэж үү дээ?

12 сар талдаа орлоо гэж үү дээ? Энэ асуултыг өөртөө тавьлаа. Компьютерийн огноо 14 dec 2013 гэж байна. Хэдхэн хоноод л шинэ он гарах нь дээ. FACEBOOK дээр  таны амьдралд 2013 онд тохиолдсон онцлох 20 үйл явдал гээд автоматаар гараад ирсэн байх юм. Яах аргагүй л чухал гэмээр үйл явдлуудыг маань тодотгоод өгчээ. Эзэнээсээ илүү ухаалаг технологи ашиглана гэдэг нэг бодлын аймшигтай санагдлаа. Уг нь 2013 онд миний амьдралд тохиолдсон онцлох гэмээр үйл явдлуудаа би өөрөө л сонгомоор байна шд. Гэтэл миний өмнөөс FACEBOOK  бүгдийг хийгээд байхаар сонирхолгүй юмаа. Өнөөдөр 3,4-р хороололоор явлаа. Би ер нь 3,4-р хороололоор нэг их яваад байдаггүй юм. Дэлгүүрийн үүд амдаад сүлд мод, гэрлэн чимэглэл зарж байна. Дундуур нь явлаа. Гадаа бүрэнхий болчихсон. Гудамжинд зарж байгаа сүлд модны гэрлэн чимэглэл анивчаад л ... Шинэ жилээр ямар нэгэн гайхамшиг тохиолдоосой гээд л армаанчик юм өөрийн эрхгүй боддог байна шд.

2013-11-11

11-11. Гэнэтийн бэлэг

Өнөөдөр ямар өдөр билээ? Олон жил миний блогыг уншсан хүмүүс бол андахгүй сайн мэдэж л байгаа даа. Миний төрсөн өдөр шүү дээ. Нас нэмж байна гэдэг чинь бие махбод хөгширөөд л байна гэсэн үг байхаа. Ингээд бодохоор төрсөн өдөр гэдэг чинь нэг их хөөрцөглөөд байх юм биш ч юм шиг. Гэхдээ өнөөдөр бол эерэг эмоци дүүрэн сайхан өдөр болж байна оо. 
Огт санаандгүй ажлаа хийгээд сууж байтал бялуу бэлэглээд, надад зориулж төрсөн өдрийн дуу дуулж өгөөд л... Facebook-р танилууд маань HBD гэж статус бичиж илгээгээд л... Гар утсаар гоё үгтэй мессэж ирээд л...
Олон хүний сэтгэл шингэсэн сайхан болоод ч тэр үү? сайхан амттай бялуу юм байна. 

2013-11-10

ДОН КИХОТ

Сонгодог зохиолын тоонд багтдаг "Дон Кихот" Монголын тайзнаа амилав. Блоггер андтайгаа хамт очоод үзлээ.

2013-10-30

Ойрдоо сайхан байнаа

Гэр орон нүүдэл суудал хийлээ. Айл нүүнэ гэдэг нүсэр ажил шүү. Хүүхэд насаа өнгөрүүлсэн орон сууцнаас гарч шинэ сууцанд орлоо. Ажлаасаа гэр рүүгээ явахдаа заавал хуучин байрныхаа хажуугаар явдаг болсон. Учир нь  байр маань хуучин байрны ойролцоо юмаа. Тийм болохоор хажуугаар нь явалгүй яахав дээ. 
Өчигдөр зүрхний эмчид давтан үзүүлэв. Даралт үзэж, зүрх чагнаж, судас бариад "Дажгүй шүү, залуу минь " гэж байна. Бассейнд явж болох уу? гэж асуулаа. Эмч зөвшөөрч байна. Бодид явсан ч болно. Бассейнд сэлсэн ч болно. Аль нь чамд илүү таашаалтай санагддаг вэ? гэж байна. Хүн ер нь хийж байгаа зүйлээсээ л таашаал авч байвал аз жаргал гэдэг чинь тэр шүү дээ. Намайг үзсэн эмч яг надтай ижилхэн бодолтой байгаад нь би дотороо баярлав.
Долоо хоног болгон толгой өвдөөд байдаг нь ард хоцорсон. Тийм болохоор сэргэлэн болжмор шиг л өглөө хөнгөн шингэн босоод ажил руугаа дэгдээд... Цайны цагаар ажлаасаа гарч ийшээ тийшээ сэлгүүцээд л... 
8-р сарын сүүлээр ноутбуукны минь hard disk шатчихсан юм.Нэг хэсэг ноутбуукгүй ямар миа байв аа. Ашгүй ач буянтай дүү минь засаж ноутбуукыг минь амь оруулсан. Одоо ингээд ноутбуукаа тоншоод сууж байна шд. 

2013-10-11

Ажлын дараа

Өнөөдөр баасан гараг. Уг нь бол дийлэнх олонх нь баасан гарагыг тэсэн ядан хүлээдэг байх. Гэхдээ яагаад ч юм бэ? Сүүлийн үед би баасан гарагт их дургүй болчихжээ. Баасан гараг дуусмагц араас нь амралтын 2 өдөр. Бямба, ням гарагт гэрээсээ ч гарахгүй өнжих нь бий. Тэр тусмаа түрүүчийн 7 хоногийн баасан гарагт анх удаа даралт ихдэнэ гэдгийг биеэрээ мэдэрсэн болохоор одоо баасан гарагт бүүр ч дургүй хүрээд байна.  Одоогоос 5 өдрийн өмнө эмчид үзүүлэв. Миний зүрхний бичлэгийн хэмнэлийг сараачсан нимгэн цаасыг эмч үзээд "Чи их стрессддэг хүн юмаа" гэж хэлж байна. Стресс орох хүчин зүйлүүд надад байна гэдгийг эмчийн өрөөнөөс гарч явахдаа л бодож үзлээ. 

Өнөөдөр 10 сарын 11. Хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг гэр бүлийнхэн, хамт олон, найзууддаа илчилдэг National Coming Out Day  өнөөдөр тохиож байгаа юм байна. FACEBOOK-ээр дүүрэн л өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг илэрхийлсэн хүмүүс. Зарим нь бүр "Бэлгийн чиг баримжаа бол сонголт биш", "Би ижил хүйстэн",  "Бид нэгэн гэр бүл", "Энэ хүн өөрийгөө гей гэдгээ зарлаж байна" гэсэн хуудас цаас бариад зарим хүмүүс зурагаа оруулж. Энэ хүмүүс хажлаасаа халагдахчих вий,  сургуулиасаа хөөгдчих вий, хамт олондоо гадуурхагдчих вий, хамаатан садан, ар гэрийнхэн нь удам угсааг минь гутаасан өөдгүй амьтан гээд ад үзэгдэх вий гээд олон эрсдэлээс огтхон ч айлгүйгээр өөрсдийгөө илэрхийлж байна. Үнэхээр зоригтой, бас бахархамаар юмаа. Гэтэл надад бол ийм зориг зүрх одоогоор алга даа.

Бахархал гэснээс, 9-р сарын сүүлээр Монголд "Бахархалын 7 хоног" боллоо. Чингис зочид буудалд LGBT хүмүүсийн эрхийн талаар форум, "Цэнхэр тэнгэрийн цаана" гэрэл зургийн үзэсгэлэн, LGBT хүмүүсийн амьдрал, зовлон жаргалын тухай өгүүлсэн бүрэн хэмжээний уран сайхны кино өдөрлөг хүртэл зохион байгуулж. Нэг бодлын Монголд хүмүүсийн хандлага өөр болж байгаад нь дотороо их баярлаад байгаа. Гэхдээ энэ бүх мэдээллийг FACEBOOK-ээс л авсанаас бус "Бахархалын 7 хоног" -ийн үеэр зохиогдсон ажилд очиж чадаагүй. Ядаж тэр фото зургийн үзэсгэлэнд нь очсон бол... гэх ухааны юм одоо бодоод л сууж байна.

Одоо эхнэр хүүхэд авахгүй бол оройтлоо шүү гэх хүмүүсийн тоо эргэн тойронд минь олширч байна. Ингээд шахаад байхаар чинь стресст оролгүй ч яахав дээ. Ажил - гэр гэсэн нэг л тойрогоор яваад байхаар хүнтэй танилцахгүй байгаа юмаа. Уг нь нөхөргүй бүсгүйчүүд цаагуур чинь зөндөө байна гэх юмаа.

2013-10-08

Даралт

Амьдралдаа анх удаа түргэн дуудуулж, даралтны эм ууж үзлээ. Дараа нь зүрхний цахилгаан бичлэг...Зүрхний эм уухаар боллоо. Уулыг цас, эрийг нас дарах болоогүй  л байгаа шүү. Цоглог байна аа

2013-10-03

9-сарын бичлэг

Анх блогоо их идэвхитэй бичээд байдаг байлаа. Гэтэл одоо сардаа ганц хоёр удаа тэмдэглэл бичвэл дээдийн заяа болох нь байна. 9-р сарын эхээр ямар их сэтгэл түгшив ээ. Ойр дотны хүн гэнэт өвдөх шиг хэцүү юм алга. Эрүүл бол энэ ертөнцийн түмэн жаргалан гэж их зохиолч Д.Нацагдорж гуайн шүлэгт гардаг даа. 
9-р сар бушуухан дуусаасай гэсэн бодол дүүрэн байлаа. Яагаад гэвэл 10-р сард дэндүү олон сайхан зүйлийг хүлээж байсан юмаа.

2013-08-18

Болзооны тухай дэлгэрэнгүй тайлан

Болзоотой гээд блогоороо зарласан чинь хүмүүсээс нэлээн хүлээлт үүссэн юм байна. Хүүе, чи тэгээд хэрхэн болзов? Чи ч хүнээ байжээ. Нэг өдрийн дотор бүүр хоёр хүнтэй болзож байгаа юм уу? MNED-ээ, чи ч ёстой ичих нүүрээ... гэх мэтээр зарим нэг хүмүүс JACK'D-р зурвас илгээсэн шд. За тэгээд болзооныхоо тухай бүгдийг нь үнэнээр нь бичиж хүмүүсийг тайвшируулахаас. 
Болзоотой өдөр маань 2013 оны 7 дугаар сарын 27 бямба гараг байлаа. Тухайн өдөр бүхэл өдөржингөө гэрийн манаач хийж байгаад оройн 19.00 үед эхний болзоондоо явлаа. 
Хоёр хөл нь намайг BEST MASSGE  төв дээр аваад ирлээ. Монголын хараагүйчүүдийн холбооны харъяа массажны газар. Массажны газар гэхээр манайхан хоёрдугаар сувгаар ойлгоод байх шиг. Миний очсон газар бол зөвхөн эмчилгээний массаж хийдэг юм. Хүзүү, дал мөр нь хөшиж өвдсөн, хуян шар ус нь энд тэндээ хураад, толгой тархи нь тэсэхийн аргагүй болоод өвдсөн хүмүүс ихэвчилэн очдог.  Бас хөлд орж ядан яваа балчир хүүхдүүд элдэв юм мөргөж ойчоод тархи нь хөдөлсөн бол очиход тун зүгээр. Нэг курс эмчилгээ нь 10 удаа. Гэхдээ зангирсан булчингаа сулруулж биеэ амраах гэж байгаа хүмүүс бол ганц удаа бүтэн биений массаж хийлгэсэн ч болно. Ялангуяа офист суугаад хөдөлгөөний дутагдалд ороод жин нэмсэн над мэтийн хүмүүст яг тохирсон үйлчилгээ. Дашрамд дурьдахад Улаанбаатар хотод BEST MASSAGE төвийн хэд хэдэн салбар байдаг юм билээ. Харааны бэрхшээлтэй хүмүүс гарын мэдрэмж сайтай. Өвдөж байгаа газрыг тэмтэрч олоод л нухаж өгнө шүү дээ. Эхний болзоо маань харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажиллуулдаг массажны газар байсан юмаа.
Бүтэн биений массажны дараа уг нь шууд гэртээ хариад, зурагтаа үзээд буйдангийн муужгай шиг хэвтээд байж болох л байсан л даа. Гэтэл хөлийн ул загатнаад болдоггүй ээ. Массажны газраас гараад шууд ХАНЗО-г зорьлоо шд. Угаасаа ч тэнд очиж ганц хоёр лонхны бөглөө мулт татая гэж бодоод байсан юм.  Ингээд хоёр дахь болзоо эхлэв ээ. Оройн 22 цаг Бямба гараг тул яг манай ангийнхан цуглардаг өдөр нь таарчихжээ. Ханзогийн үүдэнд яваад очтол үүдэнд нь блоггер Цагаанаатай таарлаа.  Естой тааралдаж, уулзаагүй удсан шүү дээ. Японоос амралтаараа ирсэн. Маргааш өглөө арлын орон руу ниснэ гэж Цагаанаа маань надтай хуучиллаа. 
Ханзо-ын хувьд гэвэл гялалзаж байна лээ. Манай Пататэ ба түүний нөхөд бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан. 
За тэгээд хоёр лонх шар айрагны бөглөө мулталчихаад гэрийн зүг ганцаараа.

2013-07-27

Болзоонд

Өнөөдөр болзоотой. Бүүр хоёр болзоотой. Догь байгаа биз.

2013-07-26

Ганцаардалын аялгуу

Би ганцаардах дуртай юм байна.
Яг одоо TV9-ийн хоёрдугаар сувгаар Шаргал өдрүүд японы олон ангит киног үзээд сууж байна. Өнөөдөр 3-р анги нь...



Ирэх намрын өнгийг зураглая

Урт амралтыг яаж барна даа гэж бодож байсан минь саяхан. Гэтэл одоо мөнөөх урт амралтын тал нь хэтэрчихсэн явж байна шд. Ихэнх цагаа зуслан дээр л өнгөрүүллээ. 
Үлдсэн хугацаагаа хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэх вэ? гээд л бодоод байна. Бас ирэх намар юу хийж амжуулах вэ? гээд л төлөвлөгөө зохиогоод л байна. Зураачтай өөрийгөө зүйрлэх юм бол ирэх намрын дүр зургийг сэтгэлдээ зурж эхэлсэн. Миний хувьд ирэх намрын өнгө төрх ямар байхыг бүү мэд. Олон өнгө хосолсон алаг эрээн чамин намар л сэтгэлд төсөөлөгдөөд байгаа. Ирэх намрын мөрийн хөтөлбөрөөсөө сийрүүлэх юм бол иймэрхүү:
1.Facebook-ийн хариуцлагатай жижүүр хийдэг цагаа багасна.
2. Ажилдаа явна. Ажлаа хийхдээ өмнөхөөсөө ч илүү ур ухаанаа дайчилна. 
3. Үндсэн ажлынхаа хажуугаар гадуур явж "биеэ үнэлнэ". Гэхдээ биеэ үнэлэгч гээд бодчив оо. Биеэ үнэлэгч гэдэг үгийг хашилтанд авсан байгааг анзаарсан  биз дээ? Үндсэн ажлынхаа хажуугаар илүү цагаар өөр газар ажиллахыгаа биеэ үнэлэнэ гэж нэрлээд байгаа юм. 
4. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ажлын бус цагаас ямар нэгэн клубт явна. Япон хэл сурах уу? Усанд сэлж сурах уу? Аль алин нь л надаа хэрэгтэй байдаг. 


2013-07-06

Амьдрал тун сонирхолтой байна аа

Сайн байна уу? Блогчид, бас, блог уншигчидаа. (юу ч гэсэн мэндлэе.)

Блогоо эргэж тойрохгүй нэлээн уджээ. Чи амьд уу? Хаана юу хийгээд байна? Блогоо бичихгүй дээ гээд л хэрэгт дуртай хүмүүс энд тэндээс асууж шалгааж л байна. Тэгэж байгаад бичнэ ээ гэдэг үгээр амыг нь таглаад л яваад байлаа. Уг нь дотороо бол тэгэж байгаад блогоо бичнэ дээ гээд л бодоод яваад байсан юм. Өнөөдөр л зориглож компьютерээ балбаж блогоо хөтлөж байна. 
 Тав, зургаадугаар сарын хувьд ажил ихтэй үе байлаа. (Блогоо бичээгүй удсаныгаа ажил их байсантай холбон тайлбарлаж болох юм байна шүү.) Ажил их байхын зэрэгцээ толгой өвдөх, мөр хүзүү хөших гэх мэтээр бие чилээрхээд хэцүү байлаа шд. Долоо хоногтоо зоолттой нэг удаа толгой өвдөнө. Толгой өвдөх тоолонд эм ууж намдаана. Компьютерийн өмнө өдөржин суухаар толгой өвдөхөөс ч яахав. Харин одоо амарч байгаа болохоор толгой өвдөлтийг мартсан. Ер нь дэндүү их ажиллаад ядраад, энэ толгой тархи тэсэхгүй байж л дээ. Төмөр модоор зорж хийгээгүй юм болохоор би бас өвдөх ядрах эрхтэй биз дээ. 
Өдрийн хариу өдөртөө, агтн хариу жилдээ гэж үнэн юмаа. Хаа холын Казахстанд сурдаг нэг танил маань надад ийм бэлэг өгсөн шд.
Австралид сурдаг нэг найз маань амралтаараа ирэхдээ бас нэг хөөрхөн сувенир авч ирсэн юм байна. Ер нь бол зургаадугаар сарын сүүлээр хүмүүс надад бэлэг сэлт их өгсөн. Зах зухаас нь дурьдахад нэг иймэрхүү. 
Сүхээ ахын талбайгаар явж байхдаа гэртээ ирсэн БАТААР-ыг бас үзсэн юм байна. 

 Динозаврын араг ясаа хадгалах музейгүй болохоор Сүхээ ахын талбайд барьсан түр "хоргодох байр".
 Энэ уран зурагт БАТААР-ын түүх бүхэлдээ багтсан юм билээ. Анхааралтай сайн үзээрэй. За тэгээд дэлхийн нөгөө талд дуудлага худалдаагаар зарагдах шахсан Батаар гуайн яс энэ шүү дээ.

Намайг жаахан байхад хүүхдүүд "боолын гэрээ байгуулж" тоглодог байсан даа. Том  болсон хойноо ч гэсэн боолын гэрээ байгуулж болдог л юм байна. Нэг байгууллагатай 20 жилийн боолын гэрээ байгуулсан. Еэ, бүү үзэгд. Гэхдээ одоо хэн хэндээ ашигтай боолын гэрээ тул би ч өөрөө дуртай л байгаа. 
Амьдрал тун сонирхолтой байна оо.

2013-05-27

2013-05-14

Мод тарих өдөр

Монгол улсад жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь 7 хоногийн бямба гараг бүрийг бүх нийтээрээ мод тарих өдөр болгосон Ерөнхийлөгчийн зарлиг байдаг юм байна. Хууль журмыг эрхэмлэн дээдэлдэг юм болохоороо мод тарих өдөрт идэвхитэй оролцлоо. Ер нь бол Монгол Улсын иргэн бүр 6 мод тарьж ургуулах үүрэгтэй байдаг юм байна. Монголд төрж, Монгол Улсын иргэний үнэмлэх энгэртээ халаасалж явдаг хүн бүр 6 мод суулгаж, тарьж, арчилж ургуулах ёстой гэсэн үг.
Улаанбаатар хотоос 60 гаран км-ийн алсад ойн зурвас үүсгэхээр зүтгэж байгаа нэгэн төрийн бус байгууллагынхантай нэгдэж сайн дураараа мод тарих ажилд нь оролцов. Амьдралдаа анх удаа мод суулгаж үзлээ. Мод суулгах нүхээ ухаж, модны суулгацаа хөрсөнд булж, дээрээс нь усаллаа. Олон жилийн дараа миний суулгасан таван мод өндрөөс өндөрт ургаж хүчил төрөгч бэлэглэх болно гэж бодохоор сэтгэл өег сайхан л санагдаж байна. 

2013-05-07

Надаар ийм сонинтой

Сүүлийн үед дэндүү их Facebook-дэж байгаа тул блогоо эргэж тойроод салхи савир оруулах нь эрс багасав. Сүүлийн үед болсон зарим үйл явдлаас тоймлоё. 

Оросын ВКонтакте сошиал сайтад кино сонирхогчидын групп байдаг юм байна. Манай ангийн хүүхдүүдийн тухай кино ч байна. Интернэтийн хурд дажгүй байгаа болохоор тэндээс кино шууд үзэж байгаа.  Торрентоос кино ший татаж үздэг үе өнгөрсөн. 

Компьютер ширтэж суугаа ажил хийхийн хор хөнөөлийг саяханаас мэдрэгдэж эхэлсэн. Даваагаас эхлээд баасан гараг хүртэл өдөр болгон толгой өвдөж зовоолоо. Бүтэн биений барианаас эхлээд нуруу, хүзүүний татлага, бүр зүү төөнүүр хүртэл хийлгэлээ. Суугаа ажил хийдэг хүнд хандаж хэлэхэд хүзүү, нурууны татлага хийлгэвэл тун дажгүй юм билээ.  Үр нь 7 хоногийн дотор гарч одоо над шиг хөнгөн шингэн хүн алга. 

Одоо gym-д явах уу? Эсвэл усанд сэлж сурах уу? гэдгээ шийдэж чадахгүй эргэлзээд л байна. Уг нь бол сэлээд сурчих хүсэл нь илүү байгаа юм . 

Өнөөдөр Улаанбаатарт бороо орлоо. Цаг агаарын байдал хүний сэтгэл санаанд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг юм. Үдээс хойш ажил дээрээ сууж байдал нэг бүсгүй надад дугтуйтай захиа өглөө. Уран яруу үгээр урласан хоёр хуудас захидал "би танд хайртай болчихлоо" гэсэн утгатай.  

Сайн байна уу? Энэ захиаг танд бичих нь зөв буруу эсэх талаар өөрөө шимширтэлээ асуусан. Таныг мэддэг болсон цаг хугацаа ахархан ч миний танд сэтгэлтэй болтолоо туулсан бодлын зам хэдэнтээ урт шүү... 

Уг нь бол 4 дүгээр сарын 29-нд бичсэн юм билээ. Хэн нэгэн хүнээс дугтуйтай амин хувийн асуудал бичсэн захидал ер нь авч байгаагүй юм байна.  Захиа бичсэн хүн нь эмэгтэй. Гэтэл би эмэгтэй хүнд татагдаад сүйд болохгүй. Тэгээд ч ажил хэргийн холбоотой. Багш, шавийн гэмээр харилцаа анхнаасаа бүрдсэн тул эвтэйхэн аргалаад л мултарна даа гэсэн тактик боловсруулаад л сууж байна. 

Сайхны өмнө харц буруугүй гэдэг тул захиа бичсэн хүний буруутгаж болохгүй. тэр хүнийг бодоод би худлаа жүжиг тоглолтой биш.  Сэтгэл зүрхний асуудал чинь их эмзэг шүү дээ хө.  




2013-04-02

Цензургүй

Одоогоос хэдэн сарын өмнө хойд нутагт байхдаа "УБ-д очоод шоудна гэдгийг үзүүлээд өгөх юм шүү" гэх ухааны юм бодож байлаа. Харин УБ-д ирсэн хойно шоудах хүсэл замхараад алга болчихсон. Орой ажил тармагц гэр рүүгээ шогшоод л... Хэр баргийн хүн чадаад байдаггүй юмны ард гарч чадсан болохоор одоо өөрөө өөрийгөө хайрлах /өөрийгөө хүндэтгэх/ хандлага надад бий болчихсон бололтой. Арай жаахан муугаар хэлбэл биеэ тоож байж ч мэдэх юм. Том юмны ард гарчихсан болохоор одоо цаашид юу хийх вэ? гэдэг асуултын өмнө ч ирээд байна даа. Огт зорилгогүй болчихсон уу? гэвэл бас тийм бишээ. Дотороо бол олон л юм төлөвлөөд байна. Сансарт нисэж чадахгүй юмаа гэхэд амьдарч байгаа дэлхийгээ тойроод үз гэсэн амьдралын философи хэвээрээ байгаа. 
Хэр баргийн юм миний сэтгэлд нийцэхээ больсоныг би саяханаас анзаарав. Зожиг болж байгаа нь энэ үү? Эсвэл би биеэ тоогоод байгаа юм уу? Эргэн тойронд байгаа бүх юм дэндүү бохир, болхи, нийгэм бүхэлдээ шудрага бус, хүмүүс шүд амаа ч сайн угааж чадахгүй арчаагүй байгаа юм бол уу?  Зарим хүмүүсийн ичих булчирхай хүртэл  өөрөөс нь ичээд явчихсан байх гэмээр хүн монголд бас байна. 

PS: Өөртөө цензур тавилгүй бодсон болгоноо бичиж орхилоо.

2013-03-20

Өөрийгөө ялан дийлэх нь

Сүүлийн 7 хоногт өөрөө өөрийгөө ялан дийлэх тал дээр гайхалтай бахдам амжилт гаргаж байна. Бусад хүний хувьд бол миний энэ ялалт гээд нэрлээд байгаа зүйл нь чигчий хурууны хумсын дайтай л өчүүхэн юм байгаа л даа. Гэхдээ л хүн өөрийгөө удирдан жолоодож, биеэ барьж чадаж байна гэдэг тухайн хүндээ л том амжилт байлгүй яахав дээ. За жишээ нь дунд сургуулийн нэг сурагч PC тоглоомын газар орж цаг үрдэг байж гэж саная. Ганц удаа өөртөө үгүй гэж хэлээд шууд гэртээ харьж чадвал энэ нь түүний хувьд бол том л амжилт байх. Эсвэл архи уух дуртай хэн нэгэн хүн "энэ удаа би найр цэнгээн очихдоо гашуун юм уухгүй ээ" гэж өөртөө хэлээд, хэлсэн амандаа хүрч чадаж байвал тэр хүн бас яахаа алдсан арчаагүй хүн биш л гэсэн үг. За иймэрхүү жишээ олныг санаанаасаа ургуулж бичээд байж болох л юм байна. MNED гуай иймэрхүү байдлаар өөрийгөө ялан дийлж байна. /дээр дурьдсан хоёр жишээ надтай огт холбоогүй гэдгийг анхаарна уу./
Ер нь сүүлийн жилүүдэд хаа сайгүй элдэв янзийн хориг их болж байна аа. Жишээ нь тамхи хамаагүй татаж болохгүй гэсэн хориг. Энэ хориг надад тун их таалагдаж байгаа. Угаасаа тамхи татдаггүй болохоор хориг надад үйлчлэхгүй. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийг өрөвдөх сэтгэл төрөөд байгаа юм. Эрүүл саруул ухаанаар сэтгэсэн бол эхлээд тамхи татаж болох газрыг нь зааж өгөөд, дараа нь тамхи татаж болохгүй газруудыг нь нэрлэх ёстой байсан ч юм шиг. 
Хараалын үгийг олон нийтийн харилцааны хэрэгслээр хэрэглэхийг хориглох тухай шуугиан одоо өрнөөд, хүчээ авч байна. Би ч гэсэн энэ талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Хараалын үгийг олон нийтийн харилцааны хэрэгсэлээр бичиж, тараах нь уг нь буруу л даа. Гэтэл үүнийг эсэргүүцэгчид бас байх юм. Үг хэлэх эрх чөлөөг боогдуулж байна гэх ухааны үг унагасан байна лээ. Тамхины хоригийн дэргэд уг нь хараалын үгний хориг зарчимын хувьд тун зөв юм. Элдэв дээдийн хараалын үг бие биендээ хэлж байснаас сайн сайхан найрсаг үг ярилцаж байвал орчин тойрондоо эерэг энерги үүсгээд, сэтгэл санаа дээшлээд сайхан л юм. Даанч хараалын үг бичих, хэлэхээ болихгүй гэж зүтгээд байгаа нь их гайхмаар сонин байгаа биз.  Энэ хүмүүс өөрийгөө ялан дийлэх чадвартай бол уу?

2013-03-09

Бүтэн биений массаж

Ажилдаа тун эрч хүчтэй орлоо. Аян замын алжаал ядаргаанаасаа гарч чадалгүй шууд ажилдаа орох чинь аймшигтай юм байна. Та шууд ажилдаа орж байгаа юм уу? Жаахан амрахгүй дээ гэж намайг өрөвдсөн хүмүүс ч мэр сэр байна. Монголд ирсэн эхний 7 хоногт ч жингүйдлийн байдалтай л байлаа.  Түрүүчийн 7 хоногт их сургуулийн нэг найзын аав нь бурханы оронд одсон тухай FACEBOOK-ийн группээр олж мэдэв. Оюутан ахуй цагтаа нэг тогооноос хооллож байсан найздаа хэцүү үе тохиолдох үед нь туслалгүй яахав ээ. FACEBOOK-р найзуудтайгаа холбогдож байгаад буяны ажилд хэрэглэхэд нь нэмэр болоё гэж бодоод дансаар мөнгө шилжүүлэхээр шийдэв.  Амралтын өдрүүд тохиосон тул банк ажиллахгүй. За тэгээд ажлын өдөр эхлэхээр нь банкинд очиж данс руу нь мөнгө шилжүүлснээр сэтгэл амарлаа.
Дараа нь ажлын газраас зохион байгуулсан нэг хуралд суув. Зүү орох зайгүй олон хүн цугларсан бүгчим танхимд бүтэн 4 цаг сууна гэдэг тун яггүй. За ингээд ямар ч завсарлагагүй хуралд удаан суусны гор нь гарч хүзүү мөр хөшиж, толгой өвдөж зовоолоо. Аргаа бараад бариач илээж дээр очиж бүтэн биений массаж хийлгэв. Нийтдээ 5 удаа бүтэн биений массаж хийлгэнэ. Бүтэн биений массаж хийж өгч байгаа хүний жаахан магтая. Төрөлхийн хараагүй, японд очиж бариа заслын мэргэжил эзэмшсэн хүнээр массаж хийлгэж байгаа юм. Ер нь бодоод байхад Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрах орчин тун тааруухан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүү хэл, энх тунх хүн амьдрах аюулгүй орчин ч УБ хотод бага байна даа. Хэрвээ харааны бэрхшээлтэй хүнтэй таарвал туслаж байгаарай. Орчлонг хардаггүй сохор хүн авто зам хөндлөн гарах гэж байвал би хичнээн яарч байсан ч тусладаг.

2013-03-01

Гэртээ

Гэртээ ирээд 6 хонов. Сайхан байна.

2013-02-22

Явах цаг боллоо

Явах цаг ч боллоо доо. Баярллаа. Баяртай Орос орон

2013-02-18

Солир, сүүлд одтой тохиосон том үйл явдал

2 сарын 15-нд ОХУ-ын Уралын бүс нутагт оршдог Челябинск хотын орчимд солир унасан тухай мэдээний араас залгаад манай дэлхийтэй тун ойрхон зайд сүүлд од (зарим нь жижиг гариг гэж нэрлээд байгаа.) зөрж өнгөрсөн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн №1 нэг мэдээ нь болов. 15-нд Челябинск орон нутгийн цагаар өглөө унаж, дэлбэрсэн солир нь тухайн өдрийн орой нь манай дэлхийтэй тун ойрхон зайтай зөрсөн сансрын биеттэй огт холбоогүй гэх мэдээлэл BBC NEWS-ээс олж харсан юм байна. 
2012 оны 12 сарын 21-нд дэлхий сөнөнө гээд цуурхал гарч байх үед би оросын сайтууд ухаж байгаад НИБИРУ гэдэг гарагийн тухай олж уншсан юм байна. Тухайн үед энэ сайт Нибиру хэмээх гарагийн талаар уншиж байсан маань гэнэт санаанд оров.  Энд бичсэнээр бол манай нарны аймагт Нибиру хэмээх гараг байдаг. Энэ гараг 3600 жилд нэг удаа нарыг тойрон эргэдэг. Мөн 3600 гаруй жил нэг удаа манай дэлхийн хажуугаар зөрж өнгөрдөг тухай бичсэн байгаа юм. Эртний шумерчүүд энэ гарагийн талаар мэддэг байсан. 2012 оны 12 сарын 21-нээс 2013 оны 2 сарын 14-ний хооронд энэ гараг манай дэлхийтэй тун ойрхон зөрж өнгөрнө. Энэ үеэр манай дэлхий дээр байгалийн онц сонин үзэгдэл тохиох, эсвэл бүүр байгалийн гамшиг болох магадлалтай гэсэн санаатай юм бичсэн байгаа юм.


Энэ мэдээлэл үнэн эсэхийг бүү мэд. Гэхдээ л 2 сарын 15-нд сүүлт од манай дэлхийтэй тун ойрхон зөрсөн тухай шуугиад авлаа. 
Сансар огторгуйд ийм чухал үйл явдал өрнөж байсан 2013 оны 2 сарын 15-нд миний амьдралд бас их том үйл явдал тохиолоо. Маргааш нь буюу 2 сарын 16-нд энэ үйл явдлыг тэмдэглэж ойр дотно найзуудаа цуглуулж ширээ заслаа. Сэтгэл хөөрөлдөө автаад хэм хэмжээгээ хэтрүүлээд уучих шиг болсон. 2 сарын 17-нд өглөө нь гамшигийн царайтай, толгой нь өвдөж, дотор нь бэлбэгнэсэн хүн сэрлээ шд. Хамгийн  үзэн яддаг хоол - ДОШИРАК бэлэн гоймон авч идсэнээр зуун зарааг зулзагатай нь хөөж явуулсан.  За ингээд ДОШИРАК чамд баярллаа гэхээс. Би архи уугаагүй хэдэн жил ч болсон юм бэ? Бүү мэд. Ойрдоо ууж байгаагүйгээрээ л уулаа. Ирсэн зочин болгон лонхтой ирсэн гэхээр аймаараа. 

Ямар ч байсан нэг том давааг давлаа. Том юмны ард чи гарлаа гэж юмны учир мэдэх, Монголд хамт ажилладаг хүмүүс над руу e-mail бичиж баяр хүргээд байна. Нээрээ л том юмны ард гарлаа. Их тулааны өмнөх нам жим байдал гээд байсан. Дайсны цэргүүдээ сонсоцгоо гэж байгаад л хамгааллаа. 

Ирэх 7 хоногт Монгол руу явна. Буцах билетээ авчихсан. Орос оронд байх сүүлийн 7 хоног ийнхүү эхлэж байна. 2005 онд, 2007 онд ч гэсэн Орост байх сүүлийн өдөр гээд л бодож байлаа. Харин энэ удаа яг жинхэнээсээ.

2013-02-17

Шарталт....

Зуун зараа зулзагатайгаа миний дотор орчихоод гарч өгөхгүй зовоож байна. Удахгүй дэлгэрэнгүй бичнэ ээ.

2013-02-11

Сар шинийн мэнд

Сар шинийн мэнд хүргэе. Эх орноосоо хол байгаа тул кибер золголт хийж, сайхан шинэлж байна.

2013-02-06

Их тулааны өмнө

Их тулааны өмнөх нам байдал, эсвэл хүчтэй шуурганы өмнөх чимээ аниргүй үеийг л мэдэрч байна даа. Одоо хэдхэн хоног үлдсэн шүү. Дайсны цэргүүдээ сонсоцгоо гэж байгаад л үзэж тарна даа.

2013-02-02

Хоног тоолж байна

Хоног тоолж эхэлсэн шүү. Нохойн дуу ойртож байна.

2013-01-26

Наркозгүй мэс засал

Өнгөрсөн шөнө нэг сонин юм зүүдлэв. Миний мухар олгой ургачихжээ. За тэгээд зүүдэнд юу болсоныг доор сийрүүлэе.
Мухар олгой ургаад эмнэлэгт хүргэгдээд ирчихэв. Эмнэлэгт намайг орон дээр хэвтүүлчихэж. Цагаан халат нөмөрсөн эмч нар намайг тойрч зогсоод л... Мэс засал хийх юм болов. 
Гэтэл өнөө эмнэлэгт нь мэдээ алдуулдаг тариа нь байхгүй гэх юм.  Хурдан хагалахгүй бол болохгүй. Наркозгүй ч гэсэн хагалгаа хийхээс дээ гээд эмч лүндэн буулгаж байна. Би сандарлаа. Сандарсандоо болоод нөгөө өвдөлтийг нь ч мартчихаж. Яаж би наркозгүй хагалгаанд орох юм бэ? гээд л бухимдав.
Тэгээд гэрийнхэн рүүгээ утасдаад таньдаг эмч байна уу? Нугасаар мэдээ алдуулалт хийлгэе гээд л хэлээд байх юм. Блоггер Особу одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө мухар олгойны хагалгаанд орсон тухай тэмдэглэлийг нь уншиж байлаа. Нугасаар мэдээ алдуулдаг тухай өгүүлбэрийг тэндээс л уншиж байсан байх. 
Яаж наркозгүй хагалгаа хийлгэх юм бэ? гэж байсан хүн чинь дараа нь яаж нугас руугаа тариа хийлгэх юм бэ? гээд л дотороо би бодоод байх юм. 
За ингээд тэр мухар олгойн асуудал юу болж дууссан нь бүү мэд. Нэг мэдсэн чинь би сэрчихсэн. Заримдаа бас аймаар юм зүүдлэх юмаа. 

2013-01-23

Таалагдсан... таалагдсан-2


Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ. Орчин үеийн урлагийн үзэсгэлэн үзсэн юм. Нэг ийм үзмэр байсан. Надад таалагдсан. Уг нь бол зүгээр л нэг хагархай толь. Гэхдээ проекторын тусламжтайгар ийм гайхалтай дүрс үүсгэж байх юм.

Бас ойрдоо өөр нэг хүн таалагдаад байгаа. Сайхны өмнө харц буруугүй ээ гэж. Зүгээр л таалагдсан юм. Цаашаа бол юу л болоо аж. Учир нь тэр "ангийн хүүхэд" биш.


Таалагдсан... таалагдсан

Одоогоос хэдэн өдрийн өмнө Москвагийн политехникийн музейд очлоо. Энэ музей 140 жилийн өмнө байгуулагдсан юм гэнэ. 2018 он хүртэл Политехникийн музейд их засвар хийх гэж байгаа гэсэн сураг сонсоод ийнхүү яаран очсон хэрэг. Одоогоос 2 жилийн өмнө энэ музейд анх удаа очиж үзсэн юм. Би техникийн мэргэжлийн хүн биш боловч техник, технологийн талаар шинэ мэдээлэл авч, эртний тоног төхөөрөмж,  одоо хэрэглээнээс гарсан гэрийн тавилга, цахилгаан бараа зэргийг харж нүдээ баясгахад сайхан байсан юм. Тэр сайхан мэдрэмжийг дахин авах гэж Политехникийн музейд дахин очсон нь энэ. 2 жилийн өмнө очиж байхад байсан үзмэрүүд бүгд хэвэндээ. Их засварын дараа "супер" болж шинэ үзмэрээр өв сангаа баяжуулах байлгүй дээ. Энэ музейд "хуучин" техник голдуу байдаг тул зураг авахыг зөвшөөрдөг юм. 2 жилийн өмнө энэ музейд авч байсан зарим зургуудаас блогтоо оруулая. Уул уурхайн тоног төхөөрөмж, олборлолт хийдэг арга технологи, гэрэл зургийн аппарат, дуран, видео камер, зурагт, хөгжим, пянз тоглуулагч, кино урлагт анх ашиглаж байсан тоног төхөөрөмж, сансар судлалын салбарынханы ашигладаг байсан тоног төхөөрөмжийн загварууд, Оросын хамгийн анхны атомын бөмбөг хүртэл энд музейд хадгалагдаж байгаа. Мэдээж атомын бөмбөг нь цэнэггүй. Хотынхоо төв цэнэгтэй атомын бөмбөг хадгалаад сууж байдаг тэнэг улс гэж хаа байхав. 
Зураг 1. Балар эртний гэрэл зургийн аппаратууд

Зураг 2. Оптика гэж сонирхолтой шинжлэх ухаан шүү. 3D л гэсэн үг.


Зураг 3. ХХ-р зууны эхээр Оросуудын ашиглаж байсан видео камер. Ийм л эдээр кино хийж байж шүү дээ.

 Зураг 4. Социализмийн үеийн Орос орны техникийн дэвшилийн дээж нь энд байна. Дээр үеийн радио хүлээгч авагч, хөгжим тоглуулагч. Энд тавьсантай ижилхэн маркийн радио хүлээн авагчийг Монголд ч айлууд хэрэглэдэг байсан бизээ.
 Зураг 5. Яг ийм радио хүлээн авагч дээр үед Монгол айлуудад ч байдаг байсан даа. Хөдөөний айлууд бол бүүр авдар дээрээ залж, тоосыг нь арчиж, алчуураар бүтээж нандигнадаг байсан гэхэд би л хувьдаа эргэлзэхгүй.
 Зураг 6. Оросын Санкт-Петербургийн техникийн их сургуулийн эрдэмтэн Поповын зохион бүтээсэн аянга цахилгаан мэдрэгч хэмээх төхөөрөмж. Радио өргөн нэвтрүүлэг явуулах зарчимыг анх энэ төхөөрөмжөөс санаа авч боловсруулсан гэж байгаа.
 Зураг 7. Энэ бол ХХ-р зууны 50-60-аад оны үед Оросын радиод ашиглаж байсан дууны соронзон хальс уншдаг төхөөрөмж
 Зураг 8. Дээр үеийн кино механикийн төхөөрөмж. Аль нэг кино театраас л музей рүү шилжүүлсэн байх.
 Зураг 9. Хүүхэлдэйн кино хийдэг байсан камертай, тусгай ширээ. Бидний сайн мэдэх "Ну погоди" -г энэ ширээн дээр хийсэн ч байж мэдэх юм.

 Зураг 10. Дээр үеийн цэргийн техник.
 Зураг 10. Кино урлагаа гэж...

 Зураг 11. Энэ бол радио хүлээн авагч. Сталины ажлын өрөөнд байсан гэж тайлбар дээр нь бичсэн байлаа. Аймшигтай том авдар. Энэ музейд бол иймэрхүү юм олон бий.
 Зураг 12. Пянз тоглуулагч. Хээ угалз нь чамин гэж жигтэйхэн. Тухайн үедээ их л үнэтэй байсан биз. Одоо ч гэсэн иймэрхүү эртний техник хэрэгсэл тэнгэрт хадсан үнэтэй л байдаг. Ер нь гэртээ байгаа зарим нэг техник хэрэгсэл, цахилгаан барааг хаялгүй хадгалаад байвал цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ орж мэдэх ч юм билүү. Одоо хэрэглэж байгаа гар утсаа хадгалаад 60 жилийн дараа Сотбисийн дуудлага худалдаанд оруулж болох  л юм байна. /гэнэн мөрөөдөл байна уу?/
 Зураг 13. Дээр үед телевизэд ашиглаж байсан тоног төхөөрөмжүүд

 Зураг 14. Энэ зурагт, пянз тоглуулагч, радио хүлээн авагчтай их супер эд. 3/1  гэдэг байхаа. Анэх худалдаанд гарч байхдаа хэр баргийн хүн худалдаж авч дийлэхээргүй үнэтэй байсан биз.
 Зураг 15. Энэ зурагтны дуу өсгөгч нь дэлгэцнээсээ том юм гээч. Бодвол их л чанга дуутай эд байсан байлгүй дээ.
 Зураг 16. Энэ зурагтны дэлгэц нь тун жижигхэн. Гэхдээ дотороо устай гүдгэр шилтэй болохоор дүрс нь томорч харагдаж байгаа юм даа. Энэ чинь өнөөгийн LCD /шингэн талст бүхий дэлгэц/-тэй зурагтны "анхны хувилбар" юм биш үү?

 Зураг 17. Сансрын төхөөрөмжүүдийн жижигрүүлсэн макетууд
 Зураг 18. Дэлхийн анхны хиймэл дагуулын загвар
 Зураг 19. Анхны компьютерууд.

 Зураг 20. Энэ олон цаг тавьсан тасалгаанд  орох юм бол хэдэн цаг болж байгаа хэдийд ч мэдэж болно гэж байгаа... Хөхөөтэй, сэрүүлэгтэй.... эсэн бусын цаг. Бүгд ажилладаг юм билээ.

 Зураг 21. Оросуудын зохион бүтээсэн онгоцнуудын загварууд.

 Зураг 22. Орос оронд анх хийж байсан машинуудын загвар






Энэ музейд сая очиход нэг олзуурхууштай зүйл нь мэргэжлийн тайлбарлагч зарим нэг үзмэрийг нь тайлбарлан ярьж байсан юм. Газрын тосыг яаж олборлодог байсан тухай түүхээс эхлээд одоо орчин үед "хар алт"-ыг хэрхэн олборлож, өрөмдлөгө хийдэг вэ? Нүүрсний ил уурхай, далд уурхайн ажиллах зарчим зэргийг мэдэж авсан. Монгол чинь уул уурхайн орон. Хүн бүхэн уул уурхай гэж ярьж бичиж байна. Бас Дархан хотод нефть боловсруулах үйлдвэрийг Япончуудын дэмжлэгтэйгээр барьна гээд байгаа. Яг юу хийх гээд байгаа учраа эхлээд Монголчууд бид чинь сайтар мэддэг болж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Ямар ч байсан уурхайн талаар мэдлэгээ би ахиулж чадсан. Явсан нохой яс зууна. Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр гээд олон зүйр үг байдаг даа. 

За ингээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая.

2013-01-17

Санкт-Петербург: Москва руу буцсан нь.

Санктын тухай бичлэгээ үргэлжүүлье. Энэ хотод үзэж харахад нүд баясгамаар зүйл бишгүй олон юм билээ. Гэвч өвлийн улиралд бол алдартай сайхан цэцэрлэг, усан оргилуурууд нь ажиллахгүй. Би ер нь Санкт руу жаахан тохиромжгүй үед очсон юм шигээ. Гэхдээ яахав ээ. Кунсткамер, Аврора гээд баахан л юм үзсэн. Хамгийн гол нь 2012 оныг үдэж, 2013 оныг угтахдаа Санктад байлаа шүү дээ. Шинэ жилээр Санкт-Петербург хотод сурдаг монголчуудтай уулзсан. Өнөө хоёр хөтөч болсон оюутнуудаа л дагаад жирийлгэсэн юм. 2012 оны хамгийн сүүлийн өдөр Санктын нэг сургуулиас нөгөө сургууль руу гүйж очоод л байлаа. Шинэ он гарахыг хүлээнгээ хамт байгаа хүмүүстэйгээ хамт хулгайч цагдаа, мафи мэтийн хөзрийн тоглоом тоглож цагийг барсан даа. Хожигдсон хүний шийтгэл нь бол санаанд орохын аргагүй аймаар. Энд бичихээс ч ичмээр хэхэ....Цагийг сайхан хөгжилтэй л өнгөрүүлсэн. 
Санктад байхдаа Москвад сурдаг, шинэ оныг өөр орчинд угтах хүсэлд автсан нэг залуутай бас тааралдсан юм байна. Нэг анзаарсан чинь бид хоёрыг Москвагийн хоёр гэж нэрлэсэн ч байх шиг.... Хулгайч цагдаа, мафи болж тоглохдоо Москвагийн хоёр хожигдоод, хамтдаа шийтгүүлж ч байх шиг.  Цагийг бол зугаатай л өнгөрүүлсэн. 
Ер нь бол энэ хотод бараг 6 хоноходоо сайн  ч тэнэсэн. Сайн ч идэж уусан. За тэгээд 1 сарын 3-ний орой Москва руу явах галт тэргэнд сууж, 4-нд өглөө эрт амьдарч дассан хотдоо эргэж ирлээ. Зуны улиралд энэ хотод ирэх юм бол "янзтай" даа. Хэзээ нэгэн цагт дахиад энэ хотод зуны улиралыг тааруулж байгаа үзэж хараагүй бүхнээ гүйцээх гэж ирнэ дээ. 

2013-01-11

Санкт-Петербург: Лааны тосон музей

Эрмитаж үзсэний дараа Мак Дональдс орж ходоодоо баярлуулж, цаашаа зугаалах эрч хүчтэй болж авсан даа. Ингээд лааны тосон музей үзсэн юм  байна.  Тун авсаархан энэ музейд нэлээн сайн зураг авсан даа.  Лааны тосон музейн үзмэрүүд угаасаа ойлгомжтой тул нээх их сүрхийт тайлбар бичээд хэрэггүй байх гэж бодож байна. 


























Лааны тосон музейд 18+ насныханд  зориулсан үзмэр байдаг юм билээ. Ойр хавьд чинь насанд хүрээгүй хүн байгаа эсэхийг сайтар шалгаж байгаад доорх зургуудаас үзээрэй хэхэ.
















Лааны тосон музейн секси барималуудын дэргэж элдэв янзийн байрлалаар зогсож зургаа авахуулсан боловч ичих булчирхай ажиллаад би блогтоо оруулж зүрхэлсэнгүй ээ.