2024 оныг сайхан үдэж, 2025 оны сайхан угтлаа. 2024 оныг эргээд бодоход, олон сайхан газраар аялсан, хувийн амьдралдаа шинэ амжилт гаргасан байна лээ. Шинэ он гармагц урд зүг рүү ганцаараа аялалд явна гэдэг төлөвлөгөөг 2024 оны 11 сард гаргасан юм. Ингээд төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүлсэн тухайгаа цувралаар бичье ээ.
2025 оны 1 дүгээр сарын 1-нд гэртээ амарч өнжив. Бас аялалд гарах бэлтгэлээ базаав. Аян замд явахад хэрэг болдог ойр зуурын зүйлсээ (шүдний оо, шүдний сойз, жижиг нүүрийн гарын саван, гоо сайхны зориулалттай зүйлүүд, ганц ээлжийн солих дотуур хувцас, оймс) бөөгнүүлж үүргэвчинд хийв.
1 дүгээр сарын 2-нд үдээс хойш үүргэвчээ үүргээд Улаанбаатар хотын галт тэрэгний төв өртөөнд ирлээ. Галт тэрэг хөдлөх цаг болоогүй. Гадаа хүйтэн. Иймд
дулаан байшинд орж суухыг бодов. Төмөр замын "Улаанбаатар" өртөөний жижигхэн байшингийн хүлээлгийн танхимд яваад орлоо. Зүү орох зайгүй олон хүнтэй байна. Хамт олноороо, гэр бүлээрээ, хүүхэд хөгшид, залуус гээд бүх үеийн төлөөлөл байна аа. Бүгд нэг нэг чемодантай. Хаалганы ойролцоо сул зай арай гэж олоод зогсов. Утсаа ухаж цагийг барав. Би 2025 оны 1 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотоос Замын-Үүд хот руу явах галт тэрэгний тасалбараа 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр онлайнаар худалдаж авсан юм. Ингээд 16:00 цагт галт тэргэндээ суулаа. Улаанбаатар хотоос Замын-Үүд хүрэх галт тэрэгний (купе) тасалбарын үнэ нь 80000 төгрөг. Надтай хамт нэг купенд ахимаг насны 3 эмэгтэй таарав. Монгол хүмүүс байна даа, мэнд усаа мэдэлцэж танилцлаа. Тэд эмч мэргэжилтэй, хувийн эмнэлэгт ажилладаг хүмүүс юм байна. Нэг нь бүүр хувийн эмнэлгийн захирал юм байна. УБ-Хөх хот-Жинин гэсэн чиглэлээр аяллын компаниар жуучлуулан яваа юм байна. Оройжингоо л гурван эмчийн яриаг сонсов. Хажууд хамаг юмаа яриад байгаа юм чинь би сонсохгүй яахав дээ. Чихээ бөглөлтэй биш. Маргааш өглөө нь 7:20 цагт Замын Үүдэд ирлээ. Галт тэрэгнээс буумагц Эрээн гаргана гэсэн жолооч нар угтав. 80 юань төлж Эрээн рүү гарлаа. 2025 оны 1 дүгээр сарын эхээр 1 юань 472 төгрөгийн ханштай байв. Эрээн рүү гарах гэсэн хүмүүсийн урт цуваа үүссэн байлаа. Хоёр улсын хилийн шалганаар нэвтэрч, бага үдийн 11:00 цагийн үед БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Ороны Эрээн хотод ирэв. Хамгийн түрүүнд зээлийн гадаа байдаг жижиг ТҮЦ-нээс 100 юаниар хятадын сим карт худалдаж авлаа. Ингэснээр Хятадад байх хугацаандаа интернэтийн сүлжээнд саадгүй холбогдох боломжтой боллоо. Дараа нь Эрээний төв хэсэгт байдаг ресторанд хооллов. Өнгөрсөн зуны 8 дугаар сард Эрээнд ирэхдээ бас энд хооллож байлаа. Хоол нь таалагдсан учраас дахиад орлоо. Өглөө сэрээд юү ч идээгүй байсан тул будааны зутан сонгов. Будааг усанд чанаад, багахан давс хийж, бас эрдэнэшиш, сонгино нэмжээ. Хор шаргүй хоол. Нэмээд үхрийн махтай төмстэй хуурга захиалж идэв. Ийм хоолонд 58 юань төлөв.
Ресторанаас гараад кофе авч уулаа. Ингээд гэдэс цатгалан хүн Эрээн хотын төвийн гудамжинд байдаг онгоцны тасалбар зардаг газар ирэв. Хаалгаар нь яваад ортол хоёр хүн ажиллаж байна. Нэг нь дөнгөж 20 гаран насны залуухан, нөгөө нь 40 орчим насны гэмээр юм. 40 орчим настай байх гэж таамагласан хүүхний өөдөөс нэг монгол залуу сууж байна.
Тэр залуу "Чи тэгээд хурдан шиг билетээ бичээч. Яасан уддаг юм бэ?" гээд ширээний ард суугаад ажиллаж байгаа нөгөө эмэгтэй загнаж, зандарч байх юм. Би 20 гаруй настай болов уу гэж таамагласан залуухан эмэгтэй рүү хандаж, нисэх онгоцны буудал руу автобус явдаг нь хэвээрээ биз? гэж лавлав. Гэтэл өөдөөс хятадаар юм хэлээд ойлголцож чадсангүй. Нөгөө 40 настай байх гэж таамагласан эмэгтэйд хандаж асуултаа давтсан чинь бүүр огт хариулсангүй. Аргаа бараад таньдаг өвөрмонгол хүн рүү wechat-р залгаж хятадаар яриулж байж би хэрэгтэй мэдээллээ олж авлаа. Миний өмнөх монгол залуу тэр хятадтай муухай харилцаад байгаа учраас дараагийн надад ч бас таагүй хандаж байгаа нь энэ байх л даа.
Өнгөрсөн зун 8 дугаар сард би энд хэсэг саатаж, Эрээн хотын нисэх онгоцны буудал руу явдаг чиглэлийн автобусанд суусан билээ. Өнгөрсөн зунаас хойш юм өөрчлөгдсөн байж магадгүй тул лавлах нь зөв юм. Онгоцны тасалбар зардаг газрын гаднаас нисэх онгоцны буудал руу автобус явдаг нь хэвээрээ. Автобусны тасалбарын үнэ 15 юань. Надтай хамт нэг хятад залуу бас суулаа. Би автобусны жолоочид бэлэн мөнгө төлөх гэтэл өнөөх хятад залуу миний өмнөөс гар утсаараа төлбөр хийв. Би залууд 15 юань бэлнээр нь өгөв. Тэр хятад залуутай англиар ойр зуурын хэдэн үг солилцов. Оюутан бөгөөд хятадын өмнөд зүгийн Шэнжэнь хот руу нисэх гэж байгаагаа хэллээ. Тэр бас манай Монгол Улсад аялж Улаанбаатарт нэг удаа ирж байсан гэсэн. Монголоор "баярлалаа, баяртай" гэх мэт мэндчилгээний үг мэддэг гэдгээ надад гайхуулав. Тэр автобусанд бид хоёроос өөр зорчигч байсангүй.
Эрээний онгоцны буудалд ирээд Хөх хот руу явах нислэгтээ бүртгүүлэв. Хятадын орон нутгийн нислэг үйлддэг China Express Airlines гэдэг агаарын тээврийн компанийн онгоц. Bombardier Regional Jet 900 загварын онгоц ашигладаг юм байна. Bombardier онгоцыг анх Канад улсад зохион бүтээж үйлдвэрлэсэн. Bombardier Regional Jet 900 загвар нь 75 зорчигчийн суудалтай. Энэ өдрийн нислэгт зорчигчдын дийлэнх нь монголчууд байв. Ердөө 7,8 хятад хүн байсан шиг санагдсан. Эрээн хотоос Хөх хот руу явдаг онгоцны тасалбарыг би 12 дугаар сарын эхээр цахимаар худалдаж авсан юм. Тухайн үед тасалбарын үнэ 52 USD байсан. 50 минут нисээд Хөх хотод газардав.
Хөх хотын онгоцны буудлаас нь метронд суугаад Шинхуа талбайд (Xinhua Square ирэв. Учир нь миний захиалсан зочид буудал энэ хавьд бий. Хөх хотын метро нь тохилог сайхан юм байна. Хэр хол газар явахаас хамаарч тасалбарын үнэ нь янз бүр. Би 4 юань төлсөн. Ингээд "Шинхуа талбай" хэмээх зогсоолд буугаад хот руу дээш гартал ийм дүр зураг намайг угтав.
Захиалсан зочид буудлаа олоод, өрөөндөө орлоо. Ингээд дараа нь Хөх хотод сурдаг нэг танил монгол оюутан залуутай уулзах төлөвлөгөөтэй байгаа юм. Оройн 19:00 цагийн үед өнөө оюутан залуу миний байрлаж байгаа зочид буудалд ирлээ. Ингээд хамт оройн хоол идэнгээ хууч хөөрөлдөв.
Хөх хотын төвийн хэсэг нь өндөр барилгатай, гэрлэн чимэглэл сайтай сүрхий юмоо.
Хөх хотод сурдаг миний таньдаг монгол оюутан маргааш Улаанбаатар руу хөлгийн жолоо залах юм байна. Өвлийн амралт нь эхэлсэн тул Улаанбаатар гэртээ очно гэж байна. Оройн 23 цаг дөхүүлээд би зочид буудалдаа ирээд нам унтав. Өглөө нь 9:00 цагийн үед сэрлээ.
Хөх хотод миний байрласан зочид буудлын өрөө иймэрхүү байв. Ганц шөнө хоноход боломжийн.
Энэ музейд Өвөрмонголын байгаль, газар зүйн тогтоц, ан амьтан, жигүүртэн шувуудын тухай иж бүрэн мэдээлэл байна. Ихэнх нь амьтны чихмэл үзмэр. Бас хатаасан ургамал олон байлаа. Байгаль судлаач хүн үзвэл бүүр ч сонирхолтой байх. Бүтэн 4 давхар байшинтай том музей байсан даа.
Музей үзэж дуусаад оройны 18:00 цагийн үед Хөх хотын Baita онгоцны буудал руу явлаа. Ингээд оройны 21:00 цагаас Хятадын дараагийн хот руу явах нислэгтээ суулаа. Миний дараагийн очих хот бол БНХАУ-ын Сычуань мужийн засаг захиргааны төв Чэндү хот юм. Чэндү хотод 5 хоног аялах төлөвлөгөөтэй. Чэндү хотын тухай дараагийн удаа бичье.














