Өнгөрсөн оны 12 сарын дундуур АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс үүдэж эхэлсэн хямрал дэвэн дэлхийгээр тойрч явсаар манай улсад хүрээд ирэх шиг боллоо. Америк, Европ, Азийн зарим орнуудын хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа хувьцааны үнэ навс унаж байна гэж амтай болгон ярьж байлаа. Гэхдээ гадаадын орнуудын хөрөнгийн бирж дээр болж байгаа энэ үзэгдэлийг монголчууд сонсоод "Хямрал" болж байгаа гэнэ шүү гэж хий дэмий орилохоос өөр юм хийгээгүй юм. Дэлхий даяар хамарсан санхүүгийн хямрал ид гаарч хүчээ авч байсан 2008 оны зун Монголчууд сонгуулийн сурталчилгаа, ашигт малтмалын орлогоос иргэн бүр хүртэх 1 сая 500 мянган төгрөг, Оюу толгой, Тавантолгой гээд "гай дуудсан" эрдэс баялагийг хэний гарт өгөх вэ? гэж талцаж байлаа. Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть 140 долларын босго давж, Монголд бензиний үнэ өсөж, УИХ-ын сонгуулийн дараа бүх барааны үнэ ханш жигүүр ургасан юм шиг дээш хөөрч байлаа. Дэлхийн санхүүгийн хямралын "вирус" Монголд орж ирсэн анхны дохио нь долларын ханшын хэлбэлзэлээр илэрсэн юм. 12 сарын эхний долоо хоногийн сүүлээр 1 америк доллар 1300 төгрөг хүрсэн нь олон хүний голыг харлуулах шиг болов. Монгол Улс долларын нөөцгүй болж. Ингээд л долларын эрэлт зах зээлд ихсэж ханш нь өсөж байна. Долларын ханш удахгүй 1500 хүрэх юм байх гэсэн таамаглал, цуурхал зарим хүний амнаас унаж байлаа. Өдөр тутмын сонин дээр "Нэг Вашингтон гуай хоёр Чингисийг залгих нь" гэсэн гарчиг ч үзэгдэв. (1 америк доллар 2000 төгрөгийн ханштай болно гэсэн санаа. 1 долларын дэвсгэрт дээр АНУ ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөрөг байдаг.)
Хямрал Монголчуудын хоолой дээр тулаад ирсэн өөр нэг дохио нь Анод банк дампуурах нь гэсэн мэдээлэл. Долларын ханш 2000 хүрнэ гэдэг нь хэсэг бүлэг хүний таамаглал, цуурхал төдий зүйл байсан бол харин АНОД банк амьсгал хурааж болзошгүй гэдэг нь бодит байдал.
Саяханыг хүртэл Ерөнхий сайд, Монгол банкны захирал ээлж дарааллан "Монголын банкны салбарт бүх юм OK байгаа. Битгий муу ёрлож, билэг дэмбэрэлгүй юм бичээд бай" гэж сэтгүүчдэд захиж байв. Энэ үед Монголын арилжааны банкнууд иргэдэд зээлээ олгохоо зогсоож, харин манай банкинд мөнгөө хадгал гэж гуйж байв. Хадгаламжийн хүүгээ нэмж, хадгаламж эзэмшигчдийн дунд сугалаа гаргаж азтан тодруулна гэх мэт реклам цацав. Үзэгчгүй шахам болоод байгаа хошин урлагийн жүжигчид азтай үзэгч тодруулдаг. Бас орлогоо нэмэгдүүлэх гэж ядаж байгаа шар бор сониний редакц азтан тодруулдаг байлаа. Тэгвэл банкны салбарт "Азтай харилцагч" тодрох гэж байгаа нь байдал нэг л эрүүл биш байгааг хэлээд байлаа. Асуудал яаж ч эргэж мэдэхээр байгааг гадарласан хүмүүс банкны төмөр сейнээс хэдэн халтар мөнгөө эргүүлэн авч, гудсан дороо хийх нь найдвартай гэж тооцоолжээ. Ингээд хэдхэн хоногийн дотор арилжааны банкны агуулах нь хоосорч ханхайгаад дотор нь ажилладаг хүний дуу хоолой цуурайтаад эвгүй юм болов. Энэ үед арилжааны банкны хадгаламж эзэмшигчдэд төрөөс баталгаа гаргаж байна гэж Засгийн газар ам бардам дуугарлаа. Энгийн үгээр хэлэх юм бол арилжааны банк дампуурсан ч хадгаламж эзэмшигчид
хохирохгүй. Төрөөс мөнгөө олж авна гэсэн санаа.
12 сарын 10 нд Монголбанк өөрийн бүрэн эрхэт төлөөлөгчөө Анод банк руу илгээжээ. Арилжааны банк руу Монголбанк өөрийн хүнээ явуулж удирдах эрхийг нь авсан нь байдал эгзэгтэй болчихжээ гэдэг хардлага, сэрдлэгийг улам бүр лавшируулж байна. Хэрвээ АНОД банк хэвийн ажиллаж байсан бол Монголбанкны элч төлөөлөгч тийшээ очихгүй нь ойлгомжтой.
12 сарын 11 нд санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн шийдвэрээр “Анод” ХК-ны хувьцааний арилжааг хөрөнгийн зах зээл дээр түр хугацаагаар зогсоов. Анод банк аврагдах уу, дампуурах уу гэдэг нь ирэх долоо хоногийн даваа гарагт та бидэнд тодорхой болно. АНОД банкны хадгаламж эзэмшигчид түргэн авч очтол тус банк хаалган дээрээ "Манай банк дампуурсан ч хадлагамж эзэмшигчдэд төр баталгаа гаргаж, иргэдийг хохиролгүй болгоно" гэсэн утгатай бичиг наажээ. Энэ нь амьдралынхаа сүүлийн мөчийг хүлээж байгаа хүний гэрээслэлтэй яг адилхан санагдав. Хэрвээ энэ арилжааны банк дампуурчих юм бол бусад арилжааны банкууд ч гинжин урвал шиг ээлж ээлжээрээ үүд хаалгаа барьж мэднэ. Монголын банк, санхүүгийн салбар ганхаад ирвэл манай улсын эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшин их баргар байдлаар төсөөлөгдөж байна. Ядаж байхад улсын төсвийн ихэнхи хэсгийг бүрдүүлдэг зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр навс уначихсан байгаа. Зэсийн үнэ 8000 доллар байснаа гэнэт л агаарын даралт хэлбэлзээд уначихдаг шиг доошилж одоо дундажаар 3000 доллар орчимд дэнжигнэж байна. Монголд доллар, юаний ханш өсөж байгаа нь төгрөгийн худалдан авах чадварыг бууруулна. Монголчууд хүнсний бүтээгдэхүүний 70 хувийг гадаадаас авдаг. Харин ахуйн хэрэглээний бараагаа 100 хувь хилийн чанадаас зөөж байна. Өмсөж зүүх хувцаснаасаа эхлээд зажилдаг бохь, хүлхдэг чихэрийг хүртэл гаднаас авч байгаа улс шүү дээ. 2009 оны Монгол улсын төсөв алдагдалтай батлагдсан. Олон хүний арааны шүлсийг асгаруулж, нүдний хор орсон "Таван толгой", "Оюутолгой" орд газраас хувь хүртэх, 1 сая 500 мянган төгрөгийг 2 сая хүнд тарааж өгөх тухай асуудал ч эргэлзээтэй. Мөнгийг сая саяар нь тараах үед ганц талхны үнэ хэд болчихсон байх бол?
Гадаа цас орж хүйтний эрч чангарч байгаа ч ирэх долоо хоногт Монголын нийгмийн хувьд "халуухан" байх болно. Хүнээр бол сэхээнд орж амьсгалын аппарат зүүчихсэн байгаа АНОД-ын хувь заяа нэг тийш шийдэгдэхтэй зэрэгцээд ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажил хаялтаа эхэлнэ.
АНОД банк битгий дампуураасай. Багш нар засгийн газартай зөвшилцөж бяцхан дүү нар хичээлдээ яваасай. Бүх асуудал сайн сайхнаар шийдэгдээсэй.