Амьдралын тойрог

2009-05-31

ХҮҮХДИЙН БАЯР

Хамгийн хүсэн хүлээдэг байсан өдрийн нэг нь 6 сарын 1-Хүүхдийн баяр байлаа. Аав, ээжийн ажлын газар очиж уралдаанд оролцоод бэлэг авдаг байж билээ. Зураг зурана. Дуулна. Шүлэг уншина. Намуу цэцэг чамайг.. гээд л авч өгнө шүү дээ.(^^
Тэгээд хамгийн гоё бэлэг нь аль вэ гэж өөрийнхөө үзэмжээр шалгаруулаад л... Парк орж тоглоод л...Саяхан миний багийн зургийг манай дүү олж. Алга болчихоод байсан зураг ашгүй нэг номны завсараас гараад ирсэн. Энэ зургийг хараач. Энэ зураг дээр нүдний харц нь ёстой гэнэ цайлган харагдаж байна гэж дуу алдаж байна. Тэр зургийг харсан чинь нээрээ л гэнэн томоогүй харц. Одоо бол яаж ч хичээгээд тийм гэнэн цайлган, сониучхан царай, дүр төрх надаас гарахгүй дээ.

2009-05-29

UNTITLE

Мөнгө гэдэг эрээн цаас хачин шүү. Заримдаа MNED -ийн түрүүвч рүү энд тэндээс аяндаа мөнгө орж ирээд байдаг. Заримдаа бүх мөнгө гараад явчихдаг. Тэгснээ мөнгөнүүд буцаад л хүрээд ирдэг. Би ер нь бодоод байхад их үрэлгэн хүн юм шиг байгаан. Нэг хэсэг би чинь их сүрхий байлаа. Энэ сард ийм ажил амжуулна гээд төлөвлөгөө гаргаад. Тэгсэн чинь өнгөрч байгаа 5 сард канцелярийн аар саархан ажилд түүртээд үр бүтээл муутайхан шиг л өнгөрүүлчих шиг боллоо. 6 сард нэг проект төлөвлөчихсөн. Заавал биелүүлнэ гээд зүтгэнэ дээ. Манай ажлын нэг хүн өнөөдөр яриандаа ам нь халаад "Миний сексийн фантаз" бол эзэнгүй арал дээр 10 хүүхэнтэй хамт жаргалаа эдлэх гэдэг юм байна. Би бол ёстой үнэд орно доо. Нэг хүүхэн ирээд царай алдахаар нь хүлээж бай чиний ээлж болоогүй байгаа гэж даналзана даа гэж ирээд учиргүй баясаж инээв. Уг нь бол харахад амнаас нь ийм үг унамааргүй хүн. Дуугүй хүнийд доодох юу гэдэг билээ. За тэгээд бодоод байхад эрэгтэй хүнд байгалаасаа ийм фантазлах авъяас бас илүү хөгжсөн байдаг бололтой.

2009-05-25

Юм юмнаас...

Хүрээд ирж шүү
Өнгөрсөн 7 хоногийн бямба гарагийн өглөө хойд нутгаас ирсэн орос багштайгаа уулзлаа. Хүрээд ирж хөөрхий гэж "Аман хуур" киноны бондгор эмээ хэлдэг дээ. хэхэ. 19-р зууны Оросын уран зохиолын хичээл заадаг байсан багш Улаанбаатарт хүрээд ирж хөөрхий...
Монголд хоёр хоногийн хугацаатай ирсэн. Бээжингээр дамжаад Вьетнам руу явах гэж байгаа гэж надад хуучлав. Сүхээ ахын талбайгаар алхаж явахдаа буу халав. Дараа нь IRISH орж ширээний цаана хууч хөөрөлдөв. УБ-т хоёр дахь удаагаа ирж байгаа. 2006 оны 9 сард ирж байж. Энэ хугацаанд УБ бас өөр болжээ гэж байна. Дараа нь үндэсний түүхийн музейг үзүүлэв. Барон Унгерн, Богд хаан гээд XX-р зууны эхэн үеийн Монголын түүхтэй холбоотой зүйлийг нэлээд сонирхож байна лээ. Бидний уулзалт хагас өдөр л үргэлжилсэн. Монголд хүлээж авсан цаад байгуулага нь бас хөтөлбөр зохиочихсон байж. 14.00 цагаас уулзалтанд оролцно гэсэн болохоор би түүнийг буусан зочид буудал руу нь дөхүүлж өгөөд салах ёс хийлээ. Чамайг хойно буцаад ирвэл тосоод авна гэж амлаж байна лээ. За гэвэл ёогүй хүмүүс. Ер нь оросууд нэг сайн хүндээ бол их сайн ханддаг. Анхнаасаа л муу, тааруухан хүн гээд ойлголт авчих юм бол яаж ч мэрийгээд байхад тоодоггүй сонин ааштай ард түмэн шүү.

Сонгууль.

Сонгуулийн буянаар бүтэн сайн өдөр гэртээ амарлаа. Бодоод байсан чинь би бүтэн сайнд амрах нь ховорхон. Заавал хагас ажиллаж таардагийн. Ням гарагт болсон сонгуулийн үр дүнд ихэнхи хүмүүс сэтгэл ханамжтай байгаа өнгө аястай байна. Хэл ам, хэрүүл тэмцэлгүй сонгууль болж өнгөрсөн бол яамай. Угаасаа ерөнхийлөгчийн сонгуульд хоёр Э-ийн хэн нь ч ялсан миний хувьд ялгаагүй гэж бодож байна. Аль сонгуулийн өмнө л ингэж бодож байсан. Одоо ч миний энэ бодол хэвээрээ.

2009-05-22

ГОРЬКО ГОРЬКО

Бараг сарын өмнө нэг их бодлогошироод ажилдаа явж байтал "Сайн уу" гэсэн эмэгтэй хүний танил хоолой гарч, бодолыг минь тасалдуулж билээ. Оюутан байхад хамт сурч байсан бүсгүй инээгээд зогсож байна. Удахгүй маамуутай болох гэж байгаа нь харваас илт. Томоос том гэдэс. (^^. Ойр зуурын хэдэн үг солилцоод зам мөрөө хөөгөөд явцгаасан юм. Өчигдөр ажил дээр сууж байсан чинь утас жингэнээд... Авсан чинь дахиад өнөөх танил хоолой. Сарын өмнө санаандгүй таарсан бүсгүй маргааш болох хуримандаа урьж байна. Тэгээд чи ирэх үү? гээд тулгах янзтай асууж байна. Энэ нь аргагүй гэнэ. Учир нь хүний тоог яс тооцоолж гаргах нь чухал гэж надад учирлав. Би "ЗА" гэхчихлээ. Хамаатан садангийнхаа хуриманд очиж байсан. Харин найзуудын хуриманд бол анх удаа л очив. Хуримын хөтлөгч нь Агшин нэвтрүүлгээр монголдоо брэнд болсон ЁОЛК ах. Нэрийг мэдэхгүй уртын дуучин, нэрийг нь мэддэг зохиолын хоёр дуучид гээд хэдэн урлагийнхан ирж. Ирсэн хүн болгон магтаал урсгаж, баяр хүргээд, захиас сургамж айлдаад байсан болохоор хоёр гол баатарын аль алин нь ичээд, сандараад байх шиг санагдсан. хэхэ. Арга ч үгүй биз. Би хэсэг сууж байгаад бэлэгээ гардуулчихаад, хурим найр хавтгайраад ирэхээр нь салах ёс хийгээд гараад явсан. Хамт явсан нөхдүүд цааш гараад үргэлжлүүлэх плантай гээд байсан ч би гэртээ харьлаа. Гэхдээ бас болоогүй ээ. Замдаа SMS нисгээд гар утасны батарейгаа дуусгасан. хэхэ. Өдөртөө утсаар их ярьдаг болохоор орой гэхэд л утасны батарей дуусчих юмаа.
Зиак өнөөдөр бас хойд нутгаас нэг танидаг багш маань Улаанбаатарт хүрч ирсэн. Утасаар л холбоо барьлаа. Маргааш л өглөө "
Здравствуйте!" гээд л уулзана даа.

2009-05-21

6 тэрбумын нэг нь БИ байна.

Монголд л дов жалганы үзэл дээд зэргээр хөгжсөн байх. Энд тэнд явж байхад хүмүүс "хүү минь чи аль нутгийнх вэ?" гэж ёс юм шиг асууна. Аминдаа төрсөн газрыг нь мэдэж аваад, энэ нутгийнхан иймэрхүү зан ааштай хүмүүс гэж тооцоолоод хэрхэн харьцах стратеги, тактикаа тархиндаа боловсруулж байгаа юм байлгүй гэж би боддог юм. Жалга довны үзэл цөөн хүн амтай, буурай хөгжилтэй улс оронд л байдаг үзэгдэл. Манай аав румын, ээж польш. Миний нөхөр, хайртай залуу герман . Би өөрөө Чили гэж хээвнэг ярьж суудаг. Тэр ч байтугай манай сургуулийн харууд орос охин найрч панаалдаад аваад суучихдаг. 5 жилийн дараа Оросын иргэний паспорт авчихдаг байж билээ. Францид эмээ нь амьдардаг. Этиоп (африкийн орон) аавтай, орос ээжтэй нэг хөөрхөн залуутай манай сургуулийн монгол охин найзалдаг байсан. Миний л мэдэхээр хэд хэдэн монгол охин Перу залуутай дэр нийлүүүлж, хүүхэд төрүүлээд дагаад явчихсан даг. "Би энэ дэлхийн хүн" гэж монголчууд хэлдэг болоосой. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд "Би дэлхийн иргэн" гэдэг ухамсар Монголын нийт масст огт байхгүй гэдэг нь тов тодорхой харагдав. Сонгуулийн сурталчилгаанд зүтгэж байгаа сэтгүүлч нарыг хараад гол харлав. Хамгийн тэнэг сэтгүүлч нар л сонгуулийн штабд орж, хэдэн халтар мөнгөний төлөө нэр нүүрээ барж, улс төрчдийн гар хөлний үзүүрт зарагдаж, нэр хүндгүй болж байх шиг. Сонгууль ч яахав, болдогоороо болоод өнгөрнө. Сонгуулийн дараа тэр сэтгүүлч нар хөөрхий байна даа. Харин сонгуулийн сурталчилгааны үеэр Монголын PR /пиарчдын/ ур чадвар хавьгүй өндөр юм гэж бодогдов.
За тэгээд дов жалганы үзлээ монголчууд орхиосой. Хүү минь чи аль нутгийнх вэ гэдэг жирийн юм шиг хэрвээ айхтар хор хохирол, гэм хортой энэ асуултыг монголын иргэний үнэмлэхтэй хүн бүр бие биенээсээ асуухаа болих хэрэгтэй. Хэрвээ нэг бүдүүүлэг мангар нь нутаг ус асуувал "Би Монголын иргэн. Энэ цэнхэр гариг дээр амьдарч байгаа 6 тэрбум гаруй хүний нэг нь гэж хариу хэлдэг болцгооё. Монгол үнэхээр л ардчилсан орон мөн юм бол арьсний өнгө, үндэс угсаа нутаг усаараа ялгарч, халимаг, тува, буриад, халх, захчин, үзэмчин хасаг гээд хуваагдахаа болимоор юм. Тэр сэлэнгийнх, энэ Сүхбаатарыг, өнөөх чинь Завханых гэж засаг захиргааны нэгжээрээ ч хуваагдаж талцахаа боличих л хэрэгтэй.
Ер нь хүмүүсийн байр суурийг ажиглаад байхад хоёр Э-ийн аль алинийг нь төдийлөн таашаахгүй байх шиг. Хэрвээ парламентад суудалтай өөр нэг нам (Иргэний Зориг, эсвэл Иргэний хөдөлгөөний нам ) ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гаргасан бол шууд ногоон гэрлээр ялалт байгуулах ч юм билүү гэж би бодлоо. Хоёр Э хоорондоо үзэлцэж байх хооронд гурав дахь хүн байсан бол ялах ч байсан юм билүү... хэн мэдлээ. хэн мэдлээ.


2009-05-19

5 сарын миний хит парад (^^

Сүүлийн үед сонсож байгаа дуунуудын жагсаалт:

Сарантуяа –Би дуртай

Ариунаа –Сүүлчийн шөнө

THE Lemoms – Шөнө дунд цас орж байсан

Александр Рыбак – Fairytale

Дуучин Баярцэцэг - Тэнгэрт харвасан од киноны дуу

Дима Билан - Время река

Ариунаа –Сүүлчийн шөнө

THE Lemoms – Шөнө дунд цас орж байсан

Александр Рыбак – Fairytale

Дуучин Амархуу – Не надо больше слов

Дима Билан - Время река

Fire – Хүлээлт

Дуучин Максим - Мой рай

Byambaa B – Шар шувуу

BOYZONE –BETTER

Fire – Хүлээлт

Дуучин Максим - Мой рай

Byambaa B – Шар шувуу

Сарантуяа- Би амьдралд хайртай

Чоно -Чамд таалагдахын тулд

2009-05-17

EUROVISION 2009, MOSCOW


Өнгөрсөн шөнө нойроо хугаслан байж "EUROVISION 2009" наадмыг үзлээ. УБ-ын цагаар шөнийн 03 цагт эхлэж өглөөний 06.30-д дуусав. Энэ жил хаанахын хэн гээч дуучин түрүүлэх бол гэж догдлоостой. Өнгөрсөн жилийн наадмын түрүүг авсан Оросын дуучин Дима Билан "EUROVISION"-ны хүндтэй зочин нь болж байлаа. 1980 оны олимпийн нээлт, хаалтыг хийж байсан "Олимпийский" цэнгэлдэх хүрээлэн танигдахын аргагүй гоё болчихож. Энэ жилийн "EUROVISION"-д Норвег улсыг төлөөлөн оролцож байгаа Александр Рыбак түрүүллээ. Белоруссь цустай, норвегийн паспорттой шаргал үст залуу "Fairytale" дуугаараа 387 оноо (EUROVISION-ны түүхэнд рекорд байх) авч 1-р байр эзэллээ. Харин 2-р байранд Испани бүсгүй Йоханна, 3-р байранд Азербайжаны дуучид. Зиак, ингээд дараа жилийн наадам Норвегт болох нь дээ. Ер нь нэг улс хоёр жил дарааллан түрүүлэх, (зохион байгуулагч улсын дуучин түрүүлж байсан) түүх огт байхгүй. Ийм болохоор Оросууд энэ жил дуучин, дуундаа нэг их анхаараагүй бололтой. Харин тэр зохион байгуулалт, тайз засалдаа л хүч хаясан байна лээ.
EUROVISION-ны үеэр ангийн жаалууд парад хийх гээд бүтээгүй сурагтай байсан. Бас өнөө дуулианы эзэн болоод байсан Голландын хамтлаг сүүлийн шатанд тэнцэлгүй мултараад гэртээ харьсан гэж байна лээ. Энэ жилийн ялагч Александр Рыбак (Загасчин ~хэхэ^^ ) манай ангийнханд бас их талтай гэдгээ нуугаагүй гэсэн шүү. Энэ залуугийн төрсөн өдөр нь 5 сарын 15 болж 23 нас хүрсэн гэж байгаа. Харин 16-нд Москвагийн тайзан дээр гарч баатар болж. Өнөөдөр 17-нд Норвегийн үндсэн хуулийн баярын өдөр юм гэнэ. Их олон давхар баяр Норвегууд тэмдэглэх нь бололтой.

2009-05-14

ШИНЭ БЛОГ

За ангийнхаан, нэг шинэ блог олсон шүү. (^^ Эзэн нь Солонгост байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Ороод үзээрэй. ЭНД байна.

3 in 1


Өнөөдөр Франц улсад 62 дахь удаагийн Канны кино наадам нээлтээ хийж байна. Хятадын кино найруулагч Лоу Йе (Lou Ye) Spring Fever” киногоороо оролцож байна. Түүний энэ бүтээлд гей хайр дурлалын тухай өгүүлдэг. Кино найруулагч Лоу Йегийн “Зуны ордон” кино 2006 онд Канны кино наадамд хятадын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр оролцож байсан юм. Зуны ордон кинонд хятадуудын сексийн амьдралын талаар өгүүлдэг. Үүний дараа “Зуны ордон” киног хятад улсад үзүүлэхийг хориглосон байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Перугийн засгийн газар гей залуусыг цагдаагийн байгуулагад ажилуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр цагдаагийн байгуулагын нэр хүндийг өргөж чадна гэж Перугийн дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна. Гэвч зарим хүмүүс энэ бол үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гэж зэж байна. Перугийн хэвлэлээр дотоо хэргийн сайдаа "төмөр гарт" гэж нэрлэжээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Энэ долоо хоногийн пүрэв гарагт EUROVISION наадмын сүүлийн шатанд тунаж үлдэх хоёр дахь 10 хүн тодрох гэж байна. харин EUROVISION наадмын ялагт ирэх бямба гарагийн үдэш тодорно. EUROVISION наадмын ялагч тодрох өдөр гей парад зохион байгуулах ажилд Москвагийн эрх баригчид саад хийвэл Голландын De Toppers хамтлаг бойкот зарлах болно гэж мэдэгдсэн байна. Хэрвээ бид сүүлийн шатанд үлдэж, Москвад болох гей парадыг тасалдуулах юм бол манай хамтлагийнхан Москвагийн тайзнаа гарахгүй гэж мэдэгджээ. Над шиг гей хүмүүс ялгаварлан гадуурхагдаж байвал би хамгийн эхний онгоцоор гэр рүүгээ ниснэ гэж тэр Ройтер агентлагт өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Дуучин Дима Билан өнгөрсөн жилийн EUROVISION наадамд ялалт байгуулснаар Москва “”EUROVISION 2009” зохион байгуулагдах эрх авсан юм. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо “EBU”-ны зохион байгуулж ирсэн EUROVISION наадам Оросын нийслэлдболох үеэр гей хөдөлгөөнийхөн “парад” зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохыг ОХУ-д эрүүгийн хуулиар шийтгэхээ больсон ч байнга ялгаварлан гадуурхсаар иржээ. Өмнөх жилүүдэд Москвад гей парад зохион байгуулах гэсэн хүсэлтэд хотын захиргаа үргэлж татгалзсан хариу өгдөг байлаа. Гей цугларалт болох үед хэт үндсэрхэг бүлэглэлийн залуус энэ хэмжээнд оролцож байгаа залуусыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулж байсан юм.

ЖУКОВЫН ӨРГӨН ЧӨЛӨӨНД

2009-05-13

ПУТИН ИРСЭН ӨДӨР

Өнөөдөр Японоос ирсэн ОХУ-ын ерөнхий сайд Владимир Владимирович Путин Улаанбаатар хотод маань 6 цаг орчим саатав. Путиныг ирэхийг аль эртнээс мэдэж байсан л даа. Өглөө эрт сэрээд ажилдаа явж байхдаа хотын төвийн зам дагуу Монгол, Оросын төрийн далбааг чимэглэсэнийг анзаарав. Бас Сүхээ ахын талбай ч хоёр орны төрийн далбаагаар гангарчихсан байна. Үдийн цайгаар гарсан чинь хотын төвөөр дүүрэн цагдаа. Путин манай дарга нартай албан ёсны хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг зурчихаад Улаанбаатар дахь цорын ганц үнэн алдартны шашны сүмээр ороод гарч. Дараа нь цагт ЖУКОВ-ын хөшөөнд цэцэг өргөчихөөд лимузиндээ суугаад яваад өгөв. Түүнийг яваад таван минут ч болоогүй байхад "нутгийн индиан"-ууд хөшөөний өмнө тавьсан цэцгийг нь хуваагаад авчихсан байгаам даа. Хэрвээ Путин тэр дороо эргэж ирдэгсэн бол 5 минутын өмнө орхиод явсан цэцэг нь байхгүй болчихсон....
Юм үзсэн юм шиг бай л даа гэж хүмүүст хэлмээр санагдав. За тэр ч яахав. Путин ирээд Монгол улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтооно гэж байна лээ. Нэг хэсэг нүүрээ буруулаад байсан Оросууд Монголчуудыг эргэж санаж байх шиг. Оросын хэвлэлийнхэн ч Монголын талаар өөдрөг зүйл ярьцгааж байна лээ. 2000 онд Путин Монголд ирэх үед Оросын телевизээр аймшигтай дүрстэй мэдээ үзүүлж билээ. Маргаашн танидаг гадаад оюутнууд танай монгол гэж ийм газар байдаг юм уу гэж уур хүргээд... Тэр үетэй харьцуулах юм бол оросуудын Монголд хандах хандлага өөрчлөгдөж гэдэг сая харагдлаа.
PS: Удахгүй нэг зураг оруулна аа.