Пукет арал дээр идсэн оройн хоол шаурма. Орост амьдарч байхдаа иддэг байсан шаурмаг бол гүйцэхгүй юм. Сүүлийн 10 гаран жил шаурма идээгүй байсан учраас сайхан л байлаа.
Пукет арал дээр Орос, Украин, Беларусь, Казахууд их ирдэг учраас орос ба дундаж ази, төв азийн орнуудын хүмүүс таашаан иддэг хоол ресторанд нь зарж байна лээ. Амралтын газар дотор ийм мини бар ажиллаж байна лээ.
Пукетэд ирсний маргааш өглөө. Цонхоор хармагц бадамлянхуа цэцэгттэй цөөрөм, халуун орны мөнх ногоон мод мэлмий баясгана. Дундуур нь алхаад явахаар шувуудын жиргээ сонсогдоно.
![]() |
Амралтын газар нь дотроо аква парктай аж. Амрагчид үнэгүй. Аква парк руу орохдоо өрөөний дугаараа хэлж бүртгүүлнэ. Бас хүсвэл электрон бугуйвч авч дансанд нь мөнгө байршуулж болно. Аква парк руу ороод юм уухаар бол бугуйвчаа уншуулаад тооцоогоо хийдэг тогтолцоотой юм билээ. Аква парк руу ороод хоёр цаг орчим тоглолоо. Янз бүрийн л гулсуур байна.
Үдээс хойш нь Пукет хотын төвөөр нь явж үзлээ.
Пукет арал дээрх гурав дахь өдөр. Энэ өдөр өглөөний цайгаа буфет ресторанд ууж идээд хэд хэдэн арал руу явах аялалд явлаа. Ингэхдээ аяллын компанид хандсан юм. Аяллын компани миний байгаа амралтын газраас үйлчлүүлэгчээ автобусаар зөөнө. Аяллын газрын офис дээр ирмэгц ямар чиглэлийн аяллын хөтөлбөр сонгосон бэ? гэдгээс нь хамаарч өнгөөр ялгасан бугуйвч үйлчлүүлэгчид зүүлгэж байна. Энд бас өглөөний цай, сендвич үнэгүй. Аялалд гарахаасаа өмнө хөтөч нь мэдээлэл өгөв. Аялал хэдэн цаг үргэлжлэх, ямар чиглэлд билд аялах, өдрийн хоолоо хаана идэх вэ? Гэнэтийн осол гарвал яах вэ? гэх мэт аюулгүй байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулж байна. Бас аялагч бүрийн гэрэл зургийг дарж байна. Энэ нь даатгалын нэг хэсэг гэж тайлбарлав. Ингээд надтай нийлээд 20 хүн моторт завинд суугаад аялалд гарлаа. Завинд сууж дадаагүй хүмүүсийн дотор нь муухайрахаас сэргийлсэн эм тарааж байсан. Эмнээс нь аваад уучихлаа.
Андаманы тэнгист Пукет арлаас гадна өөр 32 жижиг арал байдаг гэж өмнө нь бичиж байсан. Тэднээс энэ удаа 3 арал руу нь моторт завиар явах юм байна. Задгай далайд моторт завиар салхи татуулан хурдлан давхих нь сайхан байлаа. Аяллын хөтөчөөс гадна усан онгоцны ахмад, мөн өөр 2 аврагч завинд явдаг юм байна. Тэд аялагчдад үе үе хүйтэн ундаа, ус өгч байлаа. Ундаа, ус үнэгүй. Үнэгүй ч гэж.... Ундаа, усны үнэ нь аяллын төлбөрт угаасаа багтчихсан байгаа.
Эхний очсон арал дээр сармагчин сүрэглэн амьдардаг юм билээ. Энд моторт завь түр зогсож, усны тусгай хэрэглэл (сноркелинг) тарааж, хүссэн хүн болгон усанд сэлж болно гэж зөвшөөрч байна лээ. Би усанд сэлж чаддаг боловч задгай тэнгист сэлэхээс татгалзав. Би бассейнд л сэлж байсан туршлагатай.
20 минутын дараа моторт завь хөдөлж Маябэй хэмээх өөр нэг арлын зорив.
Холливуудын жүжигчин Леонарда де Каприогийн гол дүрд нь тоглосон "Наран шарлагын газар" (The Beach) уран сайхны киноны зурагт авалт Маябэй арал дээр хийж байжээ. Одоо энэ арлыг жуулчид зорин ирдэг болсон байна. Тунгалаг устай энэ хэсгийн байгалийн үзэмж нь тансаг сайхан.
Маябей нь Пи Пи (Phi Phi) арлын нэг хэсэг.
Дараа нь өдрийн хоол идэх гурав дахь арал руу хөдлөв. Буфет хоолтой.
Өдрийн хоолны дараа чөлөө цаг гээд 90 минутын хугацаа гаргаж өгөв. Ингээд үдээс хойш 15:00 цагийн үед Пукет руу буцаж хөдлөв. 17:00 цагт Пукет арал дээр эргэж ирлээ. Аяллын төгсгөлд жуулчдын гэрэл зургийг нь хэвлээд, жаазанд наагаад 200 баттаар зарж байна. Хүмүүс мэдээж өөрсдийнхөө зургийг худалдан авч байна. Зурагаа авах гээд ирэхээр нь хөлдөөсөн цэлцэгнүүрээр дайлах аж. Ер нь жуулчдаас хэрхэн мөнгийг нь салгахаа сайн мэддэг хүмүүс юмаа. Хамгийн гол нь мөнгө салгахдаа хүчилж биш, маш боловсон байдлаар үйлчилгээ санал болгох юм. Зурагаа худалдаж аваарай. Үнэгүй цэлцэгнүүр идээрэй гэхээр хүн огт үгүй гэж хэлэхгүй юм билээ.
Пукет арал дээрх дөрөв дэх өдөр. Энэ өдөр Пукет арал дээр байдаг заан үржүүлгийн газар очиж үзэв. Тасалбар нь 1 хүний 25 доллар. Энэ нь 820 батт гэсэн үг. Заан үржүүлгийн газар ороод заан хооллож, дэргэд нь зогсоод зурагаа авахуулж болно. Заанд өгөх гээд зориулан бэлтгэсэн тарвас сагсанд овоолсон байна лээ. Тарвас бариад очихоор заан хошуундаа ороож аваад ам руугаа хийгээд хальстай нь тэр чигээр нь идчих юм билээ. Энэ төвд 10 орчим заан байна лээ. Заан хооллохоо бодоод цөөхөн зураг даржээ.
![]() |
Дараа нь Пукет арлын төвд байдаг нэг худалдааны төвөөр орлоо. Дэлгүүр хэсэж бага сага юм худалдаж авлаа. Тайландад McDonalds нь ямаршуу амттай вэ? гэдгийг мэдрэх зорилгоор McDonalds оров. Ингээд оройны 20:00 цагийн үед амралтын газартаа буцаж ирэв.
Буцахдаа Пукет арлаас Хятадын Кунмин хотоор дамжин Өвөрмонголын Хөх хот руу явах онгоцны тийзтэй байв. Дараа нь Хөх хотод хоёр хоног байх зочид буудал захиалсан байлаа. Дараа нь Эрээн рүү галт тэргээр хүрээд, Замын Үүд орж, цаашлаад Улаанбаатарт монголынхоо орон нутгийн галт тэргээр ирэх төлөвлөгөөтэй байв. Гэвч Trip.com сайтаар худалдан авсан онгоцны тийзээ цуцлав. Оронд нь Пукетээс Хонгконг руу нисэх тийз 74 доллараар худалдан авлаа. Дараа нь Хонгконгоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэх МИАТ-ын тасалбар худалдаад авчихлаа. МИАТ-ын онгоцны тасалбар 845.000 төгрөг.
Ингээд Пукетээс шөнийн 3:00 цагт Hongkong Airlines компанийн баджет нислэгээр хөөрлөө. Өглөөний 6:00 цагт Хонгконгын олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Хонгконгийн нисэх онгоцны буудлаар сэлгүүцэж, татваргүй барааны дэлгүүр хэсэж, онгорхой байгаа хоолны газраар нь орж өглөөний цай уув. Өдрийн 12:00 цагийн үед МИАТ-ынхаа онгоцонд суугаад Улаанбаатартаа 17:00 цагийн үед газардав. Онгоцны буудал дээр намайг тосох хүн угаасаа байхгүй. Тиймээс Чингис хаан нисэх онгоцны буудлын нэгдүгээр давхарт байрладаг автобусны үйлчилгээг сонгов. УБ хот руу явах автобусны тасалбар 30.000 төгрөг. Ийнхүү энэ өвлийн зуныг хүссэн аялал дуусав.
PS: Нийт замын зардлаа дахин тооцоолж үзье.
УБ-аас Замын Үүд хүртэл галт тэрэгний тасалбар 80.000 төгрөг
Замын Үүдээс Эрээн хүртэлх автомашин төлбөр 50 юань (1 юань 470 төгрөгийн ханшаар тооцвол 23500 төгрөг)
Эрээнээс Хөх хот хүртэлх галт тэрэгний тасалбар 67 юань (1 юань 470 төгрөгийн ханшаар тооцвол 31490 төгрөг)
Хөх хотоос Чэндү-Пукет хүрэх онгоцны тийз 257 доллар (1 доллар 3400 төгрөгийн ханшаар тооцвол 873800 төгрөг)
Пукетээс Хонгонг хүртэл онгоцны тийз 74 доллар (1 доллар 3400 төгрөгийн ханшаар тооцвол 251600 төгрөг)
Хонгконгоос Улаанбаатар хүртэлх онгоцны тийз 845.000 төгрөг
Нийт зардал 2105390 төгрөг
Хоолны зардал, амралтын зардал, үзвэр үйлчилгээний зардал тусдаа.



























