Парист өнгөрүүлсэн 3 шөнө 2 өдрийн аяллын дараа Португаль улс руу нислээ. Ирландын иргэний агаарын тээврийн Ryan Air компанийн хямд нислэг сонгосон юм. Онгоцны тийзээ бүр 2 сарын өмнө онлайнаар худалдаад авчихсан байсан. Парис хотын эргэн тойронд нийтдээ дөрвөн онгоцны буудал байдаг аж. Хамгийн том нь Шарль де Голлийн нэрэмжит олон улсын нисэх буудал бөгөөд хотын төвөөсөө 25 км алсад байрладаг. Удаах нь Орли нисэх онгоцны буудал. Энэ нисэх онгоцны буудлаас Францын орон нутгийн нислэг үйлддэг гэсэн мэдээлэл байна лээ. Орли нисэх буудал Парисын төвөөс 14 км. Гурав дахь нисэх буудал нь чартер нислэг, хувийн нислэг, лоукостер нислэгт үйлчилгээ үзүүлдэг Бове (Aéroport de Beauvais-Tillé) нисэх буудал. Парисын төвөөс 80 км алсад. Дөрөв дэхь нисэх онгоцны буудал нь Ле Бурже. Агаарын нисэх хүчнийхэн гол төлөв ашигладаг бөгөөд жил бүр агаарын тээврийн салбарынханы шоу зохион байгуулагддаг гэдгээрээ дэлхийд алдартай. Парисаас Португаль улсын нийслэл Лиссабон хот руу явах нислэг маань Бове нисэх буудлаас юм байна. Зочид буудлаасаа өглөө эрт гараад метро, автобус сэлгэн явсаар Бове нисэх буудал дээр ирлээ. Манай монголын аймгийн төвийн онгоцны буудал шиг л жижигхэн байшин барилгатай юм билээ. Байшин барилга нь жижиг боловч ачаалал ихтэй ажилладаг юм байна гэж дүгнэсэн.
Парисаас Лиссабон хот руу 2 цаг 30 минут ниснэ. Хоёр хот хоорондоо 1735 км зайтай. Португаль бол Евроазийн эх газрын хамгийн зах хязгаарт байрладаг улс. Өнөөгийн Португалийн нутаг дэвсгэр дээр балар эрт үед лузитан хэмээх үндэстэн суурьшиж байжээ. Нийтийн тооллын I зуунд Ромын эзэнт гүрэнд эзлэгджээ. 1139 онд энэ улсын төр үндэс сууриа тавьсан гэж түүхчид үздэг юм билээ. 1580 онд Португалийн эзэнт улсын төр мөхөж Испанийн нэг хэсэг болжээ. 1703 оноос Португаль нь Их Британийн эзэнт гүрний мэдэлд ирсэн байна. XIX зуунд Португальд хоёр ч удаа хувьсгал гарч, иргэний дайн ч болж байлаа. ХХ зуунд төрийн эргэлт гарч, цэргийн дарангуйлал тогтож, НАТО-г үүсгэн байгуулахад нь оролцож, 1976 онд шинэ Үндсэн Хууль баталж байжээ. Одоо ч 1976 онд баталсан Үндсэн Хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. 2020 онд хийсэн хүн амын тооллогоор 10 сая хүнтэй гэсэн статистик мэдээ гаргасан байна. Хүн амын дийлэнх олонх нь католик шашинтан. Цаг агаарын нь газрын дундад тэнгисийнх шиг зөөлөн, дулаан. Хөдөө аж ахуй-аж үйлдвэржсэн улс гэж танилцуулга номд бичсэн байна лээ. Усан үзэм, хөвөн тариалдаг. Усан үзмийн дарсны нэг төрөл гэгддэг "портвейн" бол Португалийн үндэсний сархад. Бас
хөвөн тариалж даавуу үйлдвэрлэнэ. Португаль улсад маш сайн чанарын гутал үйлдвэрлэдэг юм билээ. Португальд очсон бол гар хийцийн (hand made) гутал худалдаж авахыг зөвлөдөг юм билээ.
Португалийн хөдөө нутаг ямар гэдгийг мэдсэнгүй. Ямар ч байсан нийслэл хотод нь 3 шөнө 4 өдөр болов. Лиссабон хотын олон улсын нисэх онгоцны буудал нь гял цал болсон шинэ барилгатай юм. Харин хотын ихэнх хэсэг нь хуучны барилга байгууламж ихтэй. Онгоцны буудлаас захиалсан зочид буудал руугаа алхав. Бараг 7 км алхсан даа. Чемоданаа чирээд алхчихлаа. Замдаа сонин содон санагдсан байшин барилга, гудамж талбайн зураг дараад л байлаа. Бас замаасаа хазайсан эсэхээ нягталж google map харна.
Лиссабон хотод гурван дугуйт "ТҮК ТҮК" их явдаг юм билээ. Жуулчид очдог төв талбай, далайн эрэг дагуу гудамжаар "ТҮК ТҮК"-чид жуулчдыг хоргоож зогсоно. Өөрсдөө маршрут зохиосон бололтой. Цаасан дээр хэвлэсэн янз бүрийн маршрут санал болгох юм билээ.
Тэнгисийн эрэг. Тэнгис гэснээс алдарт далайчин Васко да Гама Португаль хүн байсан. Европоос Энэтхэг хүрэх далайн замыг нээсэн хүн гэж түүхчид хүлээн зөвшөөрдөг.
Доорх зураг бол Лиссабоны "Коммерцийн талбай". Хотын төв талбай гэсэн үг. 1755 оны газар хөдлөлтөөс өмнө энд эзэн хааны ордон байсан. Талбайн голд Португалийн реформатор Нэгдүгээр Жозегийн морьт хөшөө байдаг.
1755 онд Португаль улсад хүчтэй газар хөдөлж их хохирол сүйрэл нүүрлэсэн юм билээ. Тухайн үед хотын бараг бүх байшин сүйджээ. Газар хөдлөлтийн дараа хотыг бараг шинээр барьж байгуулсан гэх юм билээ. Хотын байшин барилгуудын гадна талыг нь хээ угалзтай цэнхэр, ногоон, ягаан, улбар шар өнгийн плитакаар чимэглэсэн нь содон.
Лиссабон хотын ирсэн жуулчид заавал үздэг, очдог газруудын жагсаалтыг интернэтээс харж байгаад тэр зөвлөгөөг нь дагалаа. Очиж үзсэн газрын нэг нь "Белем" гэдэг хуучны алдартай цайз. Дээр үед далайн чанадаас эзлэн түрэмгийлэгчид ирж байгаа эсэхийг ажигладаг байжээ. XVI зууны үед энд боомт байсан бөгөөд далайчид аян замдаа эндээс хөдөлдөг байсан түүхэн газар. Одоо цайзыг музей болгон өөрчилжээ.
Лиссабон хотын өндөр дов толгод дээр баригдсан хот юм билээ. Өгсөж уруудсан нарийн гудамж ихтэй.
Лиссабон хотын гол бэлгэ тэмдэг нь шар өнгийн трамвай.
Лиссабон хотын жуулчид очдог, янз бүрийн худалдааны төвүүд, дэлгүүр хоршоо, хоолны газар байрладаг гудамжийг Байша гэнэ. Энэ гудамжинд хуучны лифт бий. 45 метр энэ лифтийг Санта Жуста гэж нэрлэдэг. 1902 онд энэ лифтийг барьсан юм билээ. 2002 онд энэ лифтийг түүхэн дурсгалт байгууламж гэж тооцох болсон.
Муу хүн идсэн ууснаа гэдэг. Португальд байхдаа идсэн хоолныхоо зурагнуудаас цөөн хэдийг орууллаа.
Алдарт хөл бөмбөгчин Кристиано Рональдогийн эх орноор аяласан товч тэмдэглэлээ ингээд дуусгая. Миний очих дараагийн газар Испанийн нийслэл Мадрид хот. Мадридыг тэмдэглэлээ дараа нь завтай үедээ бичье.















































































