Амьдралын тойрог

2025-04-12

Вьетнамд анх удаа: 2 дугаар хэсэг. Хо Ши Мин бол хуурамч нэр

 Ханой хот дахь хоёр дахь өдөр. Өглөөний 9 цаг. Онгоцны буудлаас гарахын өмнө солиулсан Вьетнам донг маань барагдах дөхжээ. Зочид буудлынхаа ресепшинд хандаж мөнгө солиулж болох газар ойр хавьд байгаа юу? гэж асуув. Манай зочид буудал доллар сольж өгч болно гэсэн хариу өгч байна. 100 USD солиулав. Гэхдээ зочид буудлын ханш нь онгоцны буудлын валют арилжааны цэгийнхээс жаахан муу байв. 100 USD өгөхөд надад зөрүүлээд зочид буудлын ресепшин 2.500.000 донг өгөв. (Онгоцны буудал дээр 2.535.900 донг авч байсан.) 35900 донгоор бага. Онгоцны буудал дээр л нэг мөсөн ахиухан доллар солиулдаг байж гэж харамсангуй бодов. 


Дараа нь Ханой хотын төв талбай руу таксидав.  Энд Вьетнамын парламентын ордон, Ерөнхийлөгчийн ажлын өргөө, Хо Ши Мин удирдагчийн бунхан, Вьетнамын гадаад харилцааны яам гэх мэт чухал төрийн байгууллагууд нь байдаг аж.  Жишээлбэл, доорх шар хашаатай гурван давхар шар барилгад Вьетнамын гадаад харилцааны яам байрладаг юм байна. 


Харин энэ байшингаас жаахан ташуу хойд зүгт 100 метрийн цаана улсынх нь төв талбай цэлийж байна лээ. Талбайн хойморт Хо Ши Мин удирдагчид зориулсан бунхан сүндэрлэж, талбайн төв хэсэгт Вьетнамын Төрийн далбаа мандуулжээ. 


Өглөө 10:00 цагийн үед намайг ирэх үед талбай хаалттай боловч, бунхан руу жагсаад орж байгаа хүмүүс алсад харагдав. Бунхан руу орж үзэхийн тулд хаа нэг газар төлбөр төлж, тасалбар авах нь ойлгомжтой. Би гэхдээ бунхан руу орж үзье гэх хүсэлгүй байлаа. Ер нь ийм бунхантай улс орнуудад очоод орж үзье гэх сонирхол надад төрдөггүй юм. Дотор нь байгаа хүний шарилыг харна гэдэг сонирхоод байх зүйл биш. Москвад байхдаа ч Улаан талбай дахь Лениний бунхан руу орж үзэх хүсэл нэг ч төрж байгаагүй. Бунханг гаднаас нь харах бол өөр хэрэг. 
Доорх зурагт дүрслэгдсэн цагаан саарал байшин бол Вьетнамын парламентын ордон. Хаяг нь Вьетнам хэлээр байсан тул Google translate ашиглаж орчуулга хийлгэсэн юм. 


Дараа нь талбайн баруун хэсгээр тойрч хойд зүг рүү алхав. Гадаадын жуулчид ч энэ хавиар их байв. Иймд тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж байтал Хо Ши Миний музей гэсэн хаяг олж харлаа. Музейн тасалбар нь 40 000 донг юм байна. 


Аль ч газрын коммунистууд аливаа сурталчилгааны самбарыг улаан өнгө зонхилсон нэгэн хэвийн хийх юмаа. 


Музейн үзмэрүүд нь Хо Ши Миний намтар, очиж байсан газрууд, хувьсгал тэмцлийн ажлынх нь тухай байх нь ойлгомжтой доо гэсэн таамаглал дэвшүүлэв. Музейн хашаа ормогц ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо музей рүү орж байв. Вьетнамын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцасны оронд биеийн тамирын хувцсаар жигдэрдэг юм байна. Хятадын ерөнхий боловсролын сургуульд ч бас биеийн тамирын хувцсаар ижилсдэг юм шиг санагдсан. 


Музей рүү орлоо. Хамгийн түрүүнд Вьетнамын удирдагч Хо Ши Мин хойд хөрш Хятад улс руу хэдэн удаа очиж байсан тухай  сэдэвчилсэн үзэсгэлэнгийн танхим руу орлоо. 




Музейн төв хаалганы эсрэг талд Хо Ши Мины хүрэл хөшөөг залжээ.


Музейн хоёрдугаар давхарт нь Хо Ши Мины намтар, амьдрал, улс төрийн тэмцэлтэй холбоотой үзмэр байрлуулсан 3 танхим байсан.

Хо Ши Миний намтрыг интернэтээс хайж уншсан юм. Хо Ши Мин гэдэг нь жинхэнэ нэр нь биш юм билээ. 1890 оны 5 дугаар сарын 19-нд өнөөгийн Вьетнам улсын хойд хэсгийн тэнгисийн эрэг дагуух Нгеан мужийн Ким Лиен гэдэг тосгоны нэгэн айлд  хүү мэндэлжээ. Эцэг эх нь хүүхдээ Нгуен Шинь Кунг гэж нэр өгсөн байна. Хүүгийн аав  Нгуен Шинь Шак нь тосгондоо хамгийн мэдлэг боловсролтой, күнзийн сургаал номлол сайтар судалсан хүн байв. Хожим тосгоны даргын сонгуульт ажлыг хашсан. Эхнэр нь 32 настайдаа дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаад харамсалтай нь амь энджээ. Одоо өгүүлж байгаа түүхийн гол баатар сургуульд орох үед Вьетнамын уламжлал заншлын дагуу номын нэр авчээ. Ийнхүү түүнийг Нгуен Тат Тхань (Nguyễn Tất Thành) гэх болсон байна. 1911 онд 21 настайдаа Тат Тхань усан цэрэг болж урт хугацааны аялалд гарчаа. Аяллын эхний жилүүдэд Америк болон Европ тивд очжээ. 1916-1923 оны хооронд АНУ, Их Британи, Франц улсад амьдарч байв. Францын Парист амьдарч байхдаа тэрбээр Нгуен Ай Куок гэсэн нэр ашиглаж байжээ. 1919 онд Версалийн гэрээнд гарын үсэг зурсан дэлхийн их гүрнүүдийн удирдагчдад хандсан мэдэгдэл гаргаж, Энэтхэг-Хятадын хойгийн ард түмэнд эрх чөлөө олгохыг уриалжээ. 1920 онд Францын коммунист намын гишүүнээр элссэн бөгөөд түүний улс төрийн үзэл баримтлалд франц найз Марсель Кашен нөлөөлсөн байна. Францын коммунист намд элссэн үеэс эхлэн "Коммунист интернациональ" (Коминтерн) байгууллагын идэвхтэн болжээ. 1923 онд Коминтерны урилгаар Оросын нийслэл Москва хотод ирсэн байна. ЗХУ-д ирэхдээ тэрээр өөр нэр ашигласан байна. Москва рүү хүрэх замдаа Германы Берлин, Гамбург хотоор дамжин өнгөрчээ. 1923 оны 6 дугаар сарын 30-нд Оросын Петроград хотод усан онгоцоор ирж, тэндээсээ Москва руу гал тэргээр хүрсэн байна. Москвад ирээд Коминтерны гүйцэтгэх хороонд ажилд оржээ. Ленинтэй уулзахыг чин сэтгэлээсээ мөрөөдөж байв. Үхлээ хүлээж байгаа Ленин хаа холоос ирсэн вьетнам залууг хүлээн авч уулзах тэнхэлгүй байв. Харин Ленин амьсгал хураасны дараа Нгуен Ай Куок оршуулгад очжээ. Орос улсад амьдарч байхдаа Зөвлөлтийн "Огонёк" сэтгүүлд ярилцлага өгч байв. Орост амьдарч байхдаа Дорно дахины хөдөлмөрчийн коммунист их сургуулийг төгсжээ. 1924 онд Коминтерны тав дугаар их хуралд оролцож колоничлолын эсрэг байр сууриа илэрхийлсэн илтгэл танилцуулж байв.


1924 оны 12 дугаар сард Хятадын өмнөд хэсэгт  хувьсгалч Сунь Ятсен Кантоны засгийн газартай хамтран ажиллаж Коминтерноос санхүүгийн болон зэр зэвсгийн дэмжлэг авна гэж найдаж байв.  Энэ үед Коминтернээс Нгуен Ай Куокийг Кантон руу томилолтоор явуулжээ. Хятадад очоод Ли Цюй гэсэн хятад нэр бүхий бичиг баримттай болсон байна. Хятадын нутагт амьдарч байгаа вьетнам үндэстнүүдтэй холбоо тогтоож, улмаар хувьсгалын үзэл санааг сурталчлах ажлыг зохион байгуулжээ. Хятадын Гоминьдан намын төв гүйцэтгэх хорооны улс төрийн зөвлөхийн орчуулагчийн ажилд орсон байна. Мөн Коминтерны Хятад дахь төлөөлөгч Михаил Маркович Бородин хэмээх орос хүний төлөөлөгч гэсэн албан тушаалтай болов. Кантон хотод "Улс төрийн бэлтгэлийн онцгой хороо" байгуулж "нөхөр Выонг" нэрээр хятад дахь Вьетнамчуудыг зохион байгуулалттай хувьсгалт тэмцэл хийх тухай сургалт явуулжээ. Ингэхдээ Вьетнамын ардчилсан хувьсгалын хөдөлгөөний тэргүүлэгч Фан Бой Тяу хэмээх залуутай танилцсан байна. 1925 онд Фан Бой Тяу Шанхай хотод баривчлагдсаны дараа нөхөр Выонг Кантон хотод "Вьетнамын хувьсгалт залуусын нөхөрлөл" байгуулж, "Залуус" хэмээх сонин эрхлэн гаргах болжээ.  Улмаар эмэгтэйчүүдийн, тариачдын, пионерын гэх мэт байгууллага үүсгэжээ. Хөрш орнуудын хувьсгалчидтай хамтран ажиллахын тулд "Азийн дарлагдсан ард түмний холбоо" байгуулжээ. Нгуен Ай Куок Хятадын нутагт амьдарч байхдаа хятадын түргэн тусламжийн эмч Цзэн Сюамин гэдэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо тогтоожээ. Гэхдээ Вьетнамын коммунист намынхан энэ түүхийг  үгүйсгэдэг бөгөөд, Нгуен Ай Куок бүх амьдралаа хувьсгалын үйл хэрэгт зориулсан гэж мэдэгддэг. 1926 онд Нуген Ай Куок нь Коминтерны хятад дахь төлөөлөгч Михаил Маркович Бородины дэмжлэгтэйгээр вьетнамын хэсэг хувьсгалчдыг Москва хот руу "Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль"-д сургахаар илгээжээ. Мөн энэ үеэс "Хувьсгалын зам" хэмээн тараах материал бэлтгэдэг болжээ. 1927 онд Чан Кай Ши төрийн эргэлт хийсний дараа Коминтерны Хятадад дахь төлөөлөгч М.М.Бородины багийнхан нэн даруй нутаг буцжээ. Ли Цюй ажилгүй болсноос гадна баривчлагдах эрсдэлд оров. 1927 оны 5 дугаар сард Хонгконг руу явах гэж оролджээ. Гэвч түүнийг Хонгконг руу нэвтрүүлээгүй байна. Иймд хойд зүг рүү явж Хятадын нутгийг хөндлөн туулж ЗХУ-д иржээ.

1927 онд Москва хотод ирээд Нгуен Ай Куок  коминтерны даалгавраар Европын орнуудаар явжээ. Брюссель хотод "Имперлизмийн эсрэг лиг" хэмээх олон улсын байгууллагын хуралд оролцож, Франц, Швейцарь улсаар дамжин Италид иржээ. Италийн Неополь хотоос өнөөгийн Тайланд (хуучин нэрээр Сиам) улс руу явах усан онгоцонд суусан байна. Тайландад ирээд Нгуен Ай Куок Хятадад байсны нэгэн адил Вьетнам цагаачдын олноороо амьдардаг Удон мужид суурьшив. Тайландад байхдаа Тхау Тин гэдэг нэр ашиглажээ. Вьетнамд коммунист хувьсгал хийх үзэл санааг Тайланд дахь нутаг нэгтнүүдэд ухуулж эхэлсэн байна. Тухайн үед Тайландын нутагт "Вьетнамын хувьсгалт залуусын нөхөрлөл" байгууллагын салбар нь үйл ажиллагаа явуулдаг байжээ. 1929 оны 11 дүгээр сарын 11-нд Вьетнамын эзэн хааны шүүхээс Нгуен Ай Куокт цаазын ял оноох шийдвэр эчнээгээр гаргажээ. Энэ үед Франц улсаа хараат байсан Энэтхэг-Хятадын хойгт коммунист үзэл санааг дэмждэг бүлэглэлүүд тус тусдаа байсан гэдэг. Коминтернээс Нгуен Ай Куокт хандаж 1929 оны 12 дугаар сар гэхэд эдгээр тус тусдаа бүлэглэлийг нэгтгэх даалгавар өгсөн байна. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд Нгуен Ай Куок 1929 оны 12 дугаар сард Сингапураар дамжин Хонгконгт иржээ. 1930 оны 2 дугаар сарын 3-нд Хонгконгт зохион байгуулсан хурлын үеэр Нгуен Ай Куок "Вьетнамын коммунист нам"-ыг үүсгэн байгуулж байгаагаа зарлажээ. Францын коммунист намын дэмжлэгтэйгээр Нгуен Ай Куок Энэтхэг-Хятадын хойгийн коммунист бүлэглэлүүдийг нэгтгэж чадсан байна. Тэрээр энэ үеэс Хо Ши Мин гэсэн нэрийг ашиглах болжээ. 


1941 онд Энэтхэг-Хятадын хойгийг япончууд эзлэн түрэмгийлсний дараа Вьеьминь хэмээх цэрэг улс төрийн байгууллага бий болжээ. Хо Ши Мин хятадад байгаа вьетнамын цагаачид ба хятадын коммунистуудтай холбоо тогтоох зорилгоор Өмнөд Хятадад ирсэн боловч баривчлагдаж 1.5 жилийг Хятадын шоронд өнгөрүүлсэн байна. Шоронгоос суллагдаад Вьетнамд эргэж иржээ. 1945 оны 8 дугаар сард Японы эсрэг бослого зохион байгуулж амжилтад хүрсэн байна. Угаасаа тэр үед Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдах нь тодорхой болоод байсан юм.  Японы цэргүүд Энэтхэг-Хятадын хойгоос явсны дараа Хо Ши Мин улс төрийн эрх мэдлийг өөртөө авчээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хо Ши Мин Энэтхэг-хятадын хойгийг колоничлолоос ангижруулах асуудлаар Францын засгийн газартай хэлэлцээр эхлүүлжээ. 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Ардчилсан Вьетнам улсыг тунхагласан байна. 1945 оны 8 дугаар сарын 28-аас 1946 оны 3 дугаар сарын 2 хооронд, мөн 1946 оны 11 дүгээр сарын 3-аас 1947 оны 3 дугаар сар хүртэл  Вьетнамын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.  1946 оны сүүл гэхэд Францчуудтай хэлэлцээр хийх нь үр дүнгүй гэдэг нь тодорхой болжээ. Ардчилсан Вьетнам Улсын удирдлагууд Энэтхэг-Хятадын хойг дахь францын цэргүүдийн эсрэг цэрэг хөдөлгөх шийдвэр гаргажээ.  Хо Ши Мин францын эсрэг тэмцэлдээ АНУ-ын дэмжлэг авах зорилгоор ерөнхийлөгч Харри Трумэнд захидал илгээж байв. Гэвч АНУ энэ хямралд оролцоогүй юм. 1950 оны хоёрдугаар сард Хо Ши Мин ЗХУ руу нууцаар айлчилжээ. Тухайн үед ЗХУ-д БНХАУ-ын удирдагч Мао Зэ Дун айлчилж байсан юм. Сталин, Мао хоёрын хэлэлцээрийн үр дүнд ЗХУ-аас Вьетминь руу 37 мм-ийн артиллерийн их буу, ачааны машин, эмнэлгийн багаж, эм нийлүүлэх болсон байна. Харин БНХАУ-аас Вьетминь руу хуурай замын цэргийн дивиз, артиллерийн хэсэг, цэргийн зөвлөх илгээхээр болжээ. Хятадын Гуанси муж нь Вьетминий цэргийн ар талын хангамж болно гэдэг баталгааг Мао Зэ Дун гаргажээ. 1952 оны 10 дугаар сарын 6-аас 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Хо Ши Мин ЗХУ-д ирж Зөвлөлтийн коммунист намын  XIX их хуралд оролцсон байна. Москвад ирсэн гэдгээ Хо Ши Мин нууцалж байсан гэж түүхчид бичдэг. Тэрээр Москвад байх хугацаандаа Сталинд илгээсэн захидалдаа зэр зэвсэг хүсэж байгаагаа илэрхийлэхийн сацуу, хятадын хувьсгалч Лю Шаоцигийн оролцоотой боловсруулсан Вьетнамын хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийн тухай төслийг хавсаргажээ. Зөвлөлтийн удирдагч Сталин Вьетнамын хувьсгалч Хо Ши Миныг хүлээн авч уулзсан тухай баримт байдаггүй. 

1950 онд Солонгосын хойгт дайн эхэлмэгц АНУ-ын засаг захиргаа Энэтхэг-Хятадын хойгийн асуудлаар Францын бодлогыг дэмжих болжээ. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан Вьетнам улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлажээ. АНУ-ын засаг захиргаа Францыг дэмжсэн боловч Ардчилсан Вьетнамын дэглэмийг дийлсэнгүй. Францын зэвсэгт хүчин ялагдал хүлээсний дараа 1954 онд Женевийн тунхаглалд Франц, Вьетнамын талууд гарын үсэг зурснаар Ардчилсан Вьетнам нь тухайн үед эзэмшиж байгаа газар нутгаараа тусгаар улс гэж өөрийгөө баталгаажуулж авав. Өөрөөр хэлбэл, Вьетнам улс нь хойд ба өмнөд хэсэг хоёр хэсэгт хуваагджээ. Хоёр Вьетнамыг заагласан зэрэггүй бүс үүсгэв. 1955-1956 онд Хо Ши Мин улс орондоо хөдөө аж ахуйн шинэчлэл хийснээр дунд давхаргыг устгаж, хувийн өмчийг үгүй хийв. Үр дүнд нь үйлдвэрлэл буурч, эдийн засгийн хямрал болжээ. 1950-аад оны сүүлээр Женевийн тунхаглалын үед байгуулагдсан Өмнөд Вьетнамын засаг захиргаа нь АНУ-тай илүү харилцаагаа ойртуулж, Хойд Вьетнамтай нэгдэхгүй гэдэг нь тодорхой болов.  Хойд Вьетнамын удирдагч Хо Ши Мин нь Өмнөд Вьетнам дахь коммунист бүлэглэлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, "Өмнөд Вьетнамыг чөлөөлөх үндэсний фронт" байгуулав. Хойд Вьетнамыг БНХАУ, ЗХУ дэмжиж байв. Хойд Вьетнамаас Өмнөд Вьетнам руу цэрэг, зэр зэвсэг буулгахын тулд Лаос, Камбожи улсын эзэмшлийн далайн тээвэр, хуурай замыг ашиглажээ. Энэ чиглэлийг Хо Ши Мины жим гэж түүхэнд нэрлэдэг. Хойд Вьетнамын засгийн газрын алхмууд нь АНУ-ыг 1 өмнөд Вьетнам руу цэргээ илгээхэд хүргэжээ.  1965 онд АНУ-ын зэвсэгт хүчин Вьетнамын дайнд татагдан орсон байна. Вьетнамын дайны явцад өмнөд Вьетнам нь нэлээн хохирол амсаж, төрт улс гэсэн шинж тэмдэгээ алдсан юм. Хо Ши Мин Вьетнамын дайны эцсийг үзэж чадалгүй хорвоог орхисон юм. 1969 оны 9 дүгээр сарын 2-нд Хо Ши Мин 80 насандаа таалал төгсөн байна. Өөрийнх нь шарилыг чандарлаж, гурван хэсэгт хуваагаад Вьетнамын хойд, дунд, өмнөд хэсэгт гурван газар хуваан байршуулахыг гэрээслэн үлдээсэн байна. Гэвч түүнийг шарилыг нь занданшуулж, нийслэл Ханой хотын төв талбайд тусгайлан барьсан бунханд байршуулжээ.  

Хо Ши Миний тухай музейгээс гараад арын хашаанд орлоо. Мод бут ургуулсан цэцэрлэгт хүрээлэнд жуулчдад зориулсан худалдаа зохион байгуулжээ. Вьетнам гавар, бэлэг дурсгалын зүйл зарж байв.



Жуулчдад зориулсан мухлагуудыг үзээд алхаж явсаар гэнэт Хо Ши Миний бунхан байрлаж байгаа төв талбайд нь ирчихлээ. Талбайгаас зүүн тийш алхаад явж байтал ажиглалтын камер арван алхам тутамд нэг ширхэг байрлуулсан тусгай хамгаалалттай хашааны гадаа ирлээ. Зураг авахыг хориглосон тэмдэглэгээ ч байсан. Энэ бол Вьетнамын ерөнхийлөгчийн ажлын ордон юм билээ. 
Дараа нь Ханой хотын  төвийн дүүргээр нь алхав. Өмнө нь ирж байгаагүй газраа танин мэдэх хамгийн шалгарсан арга бол алхах. Алхаад явж байтал CIRCLE K таарав. Монголд орж ирээд буцаад гараад явсан бизнес. 

Ханой хотын төвөөс холдож явсны дараа нуурын эрэг дагуух кафед орж хооллов. Хулууны зутан шөл, жигнэсэн төмс. 

Хоол идэнгээ нуурын ус, цаад эргийг нь ширтэж суух нь бас нэгэн жаргал.


Хоолны дараа цааш алхав. Гэтэл орчин үеийн элит орон сууцны хотхонд хүрэв. Ирсэн гудамж мухар байв. Буцаад ирсэн замаараа сурсан дуугаа аялаад алхах болов. Энэ хавьд түрээслүүлэх орон сууц элбэг бололтой. Орон сууц түрээслүүлэх тухай зарлал англи хэлээр байв. Гадаадын иргэд энд дүүрэгт олон байдаг бололтой.

Ийнхүү үдэш болтол алхав. Ханой хотын Old quarter дүүрэгт бүрий болсон хойно ирлээ. 



Old  quarter дүүрэгт 1946 он гэсэн бичээстэй ийм баримал олж харав. Бодвол Вьетнамын баатарлаг цэргүүдийг алдаршуулсан байх. Old  quarter-ийн тухай тусад нь бичих нь зөв байх.