Амьдралын тойрог
Showing posts with label АНУ. Show all posts
Showing posts with label АНУ. Show all posts

2024-03-13

Номхон далайн цаана 5 дугаар хэсэг

Америкийн иргэний агаарын тээврийн  Southwest Airlines компанийн онгоцоор Сан Диего хотоос Сакраменто хот руу нислээ.  1971 онд байгуулагдсан, зорчигчдод хямд тасалбар санал болгодог (budjet) юм байна. Ижил зиндааны компаниуд дундаа (хямд үнээр тасалбар боруулдаг) тээвэрлэсэн зорчигчдынхоо тоогоор Southwest Airlines манлайлдаг гэж байна. Компанийн толгой офис нь Даллас хотод байдаг. Зөвхөн BOEING 737 загварын онгоц ашигладаг. 750 ширхэг онгоцтой. Өдөр 4000 гаруй удаагийн нислэг үйлддэг. Америкийн дотоод нислэг үйлддэг учраас нислэг үргэлжилдэг цаг нь урт биш. Иймээс зорчигчдод хоолоор үйлчилдэггүй. Нэмэлтээр хоол захиалж авах боломжтой. Онгоцны бүхээгт 5 кг гар тээштэй орохыг зөвшөөрдөг. Том чемодантай бол нэмэлт мөнгө төлөх шаардлагатай. 


Сакраменто хотод газардахын өмнө онгоц тариан талбайн дээгүүр хэдэнтээ эргэлдэж  тойрог хийв. Хөдөө газар юм байна даа гэсэн бодол төрлөө. Өндөр том байшин барилга ч харагдсангүй. Сакраменто хотын онгоцны буудалд газардлаа. Шил толь болсон цэвэрхэн саруулхан танхимтай нисэх буудал юм аа.  Сакраменто хотын түүхээс нь сонирхуулж товч бичье. Сакраменто хот байгаа энэ газар эрт дээр үед найсенан, мивоки зэрэг овог аймгийнхан аж төрж байжээ. Тэд ан хийх, жимс ногоо түүж амь зогоодог байж. 1799-1808 оны хоорондИспанийн далайчин Габриель Мораго энэ хавийн тал хөндийг идэвхтэй судалж, байгалийн үзэмжийг ихэд биширч "Es como el sagrado sacramento!" гэж уулга алдсан байна. Үүнийг нь орчин цагийн монгол хэлнээ "Энэ чинь ариун дагшин байгалийн хишиг юм даа"  гэж утгачилан хөрвүүлж болох юм. Үүнээс улбаалан Сакраменто гэдэг нэр үүссэн байна.  Мексик улс эзэмшиж байхдаа энэ газар огт ач холбогдол өгөөгүй бөгөөд онгон зэлүүд шинжээ хадгалж байв. 1839 онд Швейцариас ирсэн цагаач Листаля Жон Саттер өнөөгийн Сакраменто хот байгаа газар жижиг суурин байгуулжээ. Шинэ Гельвец гэж нэрлэсэн аж. Гельвец гэдэг нь өнөөгийн Швейцарийн хуучин нэр.  Шинэ Гельвецээс 80 км алсад алтны томоохон бүлэг орд илрүүлсэн байна.  Жон Саттерын хүү энэ хавьд алт ухах зорилготой хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг гярхай ажиглаад Шинэ Гельвецээс холгүй газар  1848 онд шинэ суурин байгуулж Сакраменто гэж нэрлэсэн байна. Сакраменто суурин төдөлгүй олны хөлийн газар болж өргөжин тэлжээ. 1849 онд Сакраменто хотын дүрмийг баталж, хотын зөвлөл байгуулагдав. 1850 оны 2 дугаар сарын 27 нд Калифорни мужийн хууль тогтоох хурлаас Сакраменто хотын дүрмийг нь баталжээ. Сакраменто хот 1854 онд Калифорни мужийн төв хот гэсэн статустай болсон байна. 1850-аад оны үед Сакраменто хот хэд хэдэн удаа үерт нэрвэгдэж, булчин задрах тахал өвчний голомт болж байв. Гэхдээ газар ашигтай байрлалынхаа ачаар хот цаг зуурын бэрхшээлийг даван туулж өргөжин хөгжсөн байна. 1860 онд энэ хотод 10000 хүн байнга оршин сууж байжээ.  Сакраменто хот нь Американ гол  (American River) Сакраменто гол руу цутгадаг уулзвар хэсэг дээр байрладаг. Голоор усан онгоц явах боломжтой бөгөөд 43 миль газар яваад Сан Францискогийн тэнгисийн буланд хүрэх боломжтой.  Калифорни муж нь АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь. Тэр дундаа Сакраменто бол газар тариалангийнм гол бүс нутаг. Онгоцны цонхоор харахад эргэн тойрон битүү тариалангийн талбай харагдаж байсан нь ийм учиртай байх. Сакраментогийн онгоцны буудал нь хотын төвөөсөө баруун хойд хэсэгт 16 км зайтай. 
Калифорни мужийн засаг захиргааны ордонд нь орж үзлээ. Мужийн амбан захирагч энэ ордонд ажиллаж, бас мужийн парламент нь хуралддаг танхимтай. Мужын захиргааны ордны тал нь музей. Гар утсаар зураг дарах чөлөөтэй юм байна. 



 Калифорни мужийн бэлэг тэмдэгнүүдийг хийгээд үзмэр болгожээ. 

Калифорни мужийн парламент хуралддаг танхим


Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байсан хүмүүсийн зураг 
Калифорни мужийн захиргааны ордон. Гаднаас нь харвал Конгрессийн барилгатай төстэй юм шиг санагдав. 



Сакраменто хотын төвийн хэсэг.  Худалдааны төв, ресторан, үйлчилгээний газрууд....


Сакраменто голын эрэг дагуу Old Sacrtamento гэх хэсэг. Хот анх ямар байсан, тэр дүр төрхийг нь хадгалж авч үлдсэн жижиг хэсэг. 


Сакраменто гол. Хуучин усан онгоц ашиглаад зочид буудал, ресторан болгожээ. 


Сакраменто хотын хуучин дүүрэг 
Хотын бэлгэ тэмдэг болсон гүүр

Дээр үеийн ковбойн тухай кинонд иймэрхүү л байшингууд харагдаад байдаг даа. Яг дүрээрээ байна.

Сакраменто хотын хуучин дүүрэгт нь байдаг галт тэрэгний музейг үзлээ. Калифорни мужид анх хэрхэн төмөр зам барьж, галт тэрэг, илчит тэрэг ашиглаж байсан түүхийг эхнээс нь маш ойлгомжтой үзүүлжээ. 



Калифорни мужид анх төмөр зам тавих ажилд Хятадуудыг ажиллуулж байжээ. Төмөр замын бүтээн байгуулалт 1855 онд эхэлсэн байна. 22 миль урт төмөр зам Сакраменто хотоос Фолсом руу чиглэсэн байлаа. 1856 оны 2 дугаар сард төмөр замын бүтээн байгуулалтын эхний ээлж  амжилттай дууссан байна. Энэ төмөр замаар алт тээвэрлэж байжээ. Харин Сакраменто хотоос АНУ ын Небраска муж хүрэх төмөр замыг 1869 оны 5 дугаар сарын 9 нд ашиглалтад оруулж байжээ. Энэ бол Калифорни мужаас өөр муж рүү чиглэсэн анхны төмөр замын шугам байв. 

Сакраменто хотын хүн ам нэмэгдэхэд төмөр зам их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Анхандаа зөвхөн алт зөөдөг байсан бол хожим төмөр замаар зорчигч тээвэрлэдэг болсон байна. 1890 он гэхэд Калифорнийн төмөр замыг цахилгаанжуулах ажил эхэлжээ. Цахилгаан галт тэрэг Сакраментогоос Сан Диего хот руу явж байв.


Төмөр замын музейд хуучны галт тэрэгнүүдийг үзмэр болгон байршуулжээ. Тэдгээрийн зарим руу нь орж үзэж болно. 

Сакраменто хотод байхдаа казино оров. Гэхдээ мөнгө хожоогүй. Мөнгө алдаагүй. 
Сакраментод байх хугацаанд бас гольфийн клуб, боулингийн клуб орж тоглолоо. 
 


Сакрментогоос Сан Франциско хот руу машинаар явсан. Сан Францискогийн өнөө алдартай улаан гүүрээр машинтай явлаа. Golden Gate гэж энэ гүүрийг Сан Францискод очсон хүн болгон очиж үздэг байх.  Гүүрийг барьж байгуулсан инженер Жозеф Страуссын
 хөшөөг ч сүндэрлүүлжээ. Golden Gate гүүрийг 1937 онд ашиглалтад оруулсан юм билээ. 1964 оны хүртэл энэ гүүр дэлхийн хамгийн том дүүжин гүүр гэсэн статустай байв. 

Golden Gate гүүр нь Сан Франциско хотыг Сосалито хэмээх дагуул хоттой холбодог. Гүүр барих ажил 1933 онд эхэлж 4 жил үргэлжилжээ. Гүүр 2737,4 метр урт, өргөн нь 27 метр, автомашин зорчих 6 эгнээ замтай. Энэ гүүрийг барихаас өмнө Сан Франциско хотоос өнөөгийн Марин хэмээн газар руу гатлага усан онгоцоор 27 минутын хугацаанд хүрдэг байжээ. Гүүр барьснаар машинаар 3 минут л явах болсон байна. 2011 оноос эхлээд гүүрээр гарах машинаас 6 долларын төлбөр авдаг болсон. Явган алхаж яваа хүн, дугуйтай хүнээс төлбөр авдаггүй байна. Мөн Golden Gate гүүрнээс үсэрч амиа хорлох нь түгээмэл үзэгдэл гэсэн аймшигтай статистик ч байдаг юм байна. Гүүрний нээлт болсноос 3 сарын дараа 47 настай Харолд Уоббер гэгч дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан хүн гүүрнээс үсэрч амиа егүүтгэж байжээ. 1995 он хүртэл энэ гүүрнээс 1200 гаруй хүн үсэрч амиа хорлосон. Түүнээс хойш амиа хорлосон хүмүүсийн тоог бүртгэхээ зогсоосон байна. Гүүрнээс хүн үсрэхээс сэргийлж тусгай хашлага барих тухай асуудал хөндөгдөж байсан ч технологийн хувьд хэцүү, бас 20 сая долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо хийсэн юм байна. Олон нийтийн зүгээс ч бас гүүрэнд хашлага хийх нь анхны архитекторын хэв маягт нь нөлөөлнө гэсэн шүүмжлэл өрнүүлжээ. Ингээд гүүрэнд хашлага хийгээгүй байна. Golden Gate гүүрэн дээр аврах алба руу үнэ төлбөргүй залгаж болох телефон аппарат байдаг бөгөөд хажууд нь "There is hope. Make the call. The consequences of jumping from this bridge are fatal and tragic" гэсэн бичээс бий.


Сан Францискод ирсэн өдөр бороотой, манантай байлаа. Сан Франциско хот алсаас иймэрхүү харагдах юм билээ. 
Ийнхүү Америкт хийсэн аяллын тэмдэглэлээ дуусгая. Ардчилалын өлгий, эрх чөлөөний орон АНУ-д хийсэн аялал маань дурсамж дүүрэн байлаа. 


2024-03-11

Номхон далайн цаана 4 дүгээр хэсэг

Лос Анжелост байх өдөр хоног маань дуусав. Дараагийн очих газар нь Мексикийн хилээс холгүй Сан Диего хот. Лос Анжелос хотоос автобусанд суугаад 3 цагийн дараа Сан Диего хотод ирлээ. FLIXBUS гэдэг хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийг сонгосон. Энэ компани Европт ч гэсэн үйлчилгээ үзүүлдэг. 2023 оны намар Европоор аялж байхдаа энэ компанийн автобусаар Барселона хотоос Парис руу явж байлаа. 



Тийм болохоор FLIXBUS гэхээр сэтгэлд дотно санагдаж байв. Ер нь АНУ, Европт хот хоорондын автобусны үйлчилгээ нь дажгүй санагдсан. За ингээд Сан Диего хотод ирлээ. 
Номхон далайн эрэг дээрх энэ хот 1,3 сая оршин суугчтай юм байна. Дагуул хотын оршин суугчдын тоог нэмэх юм бол 3 сая орчим хүн. Цаг агаар нь халуун дулаан, экологийн хувьд сайн учраас "Амьдрахад таатай хотын жагсаалт"-д Сан Диего нэг бус удаа багтаж байжээ. Баттай мэдээллээр бол XVI зууны үед өнөөгийн Сан Диего хот байгаа нутаг дэвсгэр дээр кумеяй гэдэг овог аймгийнхан аж төрж байсан гэнэ. Европчуудаас хөл тавьсан анхны хүн бол Испанийн далайчин Хуан Родригес Кабрильо бөгөөд ирсэн даруйдаа энэ хавийг Сан Мигель боомт гэж нэрлэжээ. 1609 оны 11 дүгээр сард Испанийн далайчин, худалдаачин Себастьян Вискаино энэ хавийн газар нутагт илүү нарийвчилсан судалгаа хийж Гэгээн Алькалай Диегогийн дурсгалд зориулан Сан Диего гэж нэр өгчээ. 1769 онд Гаспор Портол хэмээх Испанийн цэргийн албан хаагч цайз барьжээ. 1823 онд Мексик улс байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлах үед Сан Диего тус улсын мэдэлд байв. Америк-Мексикийн дайны дараа Гуадалупе-Идальгогийн гэрээгээр Калифорни муж АНУ-ын бүрэлдэхүүнд орсон байна. Мэдээж, Сан Диего хот ч АНУ-ын хот болсон гэсэн үг.  Одоо ч энэ хот АНУ-ын томоохон боомтын тоонд орно. Усан онгоц үйлдвэрлэдэг том компани үйл ажиллагаа явуулдаг. Сан Диего хотын олон улсын нисэх онгоцны буудлын "Линдберг Филд" гэж нэрлэдэг. АНУ-даа зорчигчийн урсгал ихтэй, олон тооны онгоц газардаж, хөөрч байдаг том нисэх буудлын тоонд ордог байна. АНУ-ын иргэний агаарын тээврийн Southwest Airlines компанийн хувьд Сан Диего хотын олон улсын нисэх онгоцны буудал төв (хаб) нь болдог. Сан Диего хотын нийтийн тээвэрт нь1981 оноос хойш "San Diego Trolley" гэж нэрлэдэг трамвай үйлчилдэг. Зорчигчдын тоо, оргил ачааллын үе зэргээс хамаарч трамвай 7-оос 30 минутын давтамжтай үйлчилдэг байна. Бас нийтийн автобус, такси бий. Сан Диего дахь далайн нэг булангаас Коронада руу 30 минут тутам гатлага усан онгоц явдаг.  

Халуун дулаан цаг агаартай учраас жилийн турш дугуй унаад явахад тохиромжтой. Нутгийн уугуул оршин суугчдаас гадна Испани гаралтай хүмүүс Сан Диегод олон. Мексикийн газар нутаг байсан гэдгийг дээр бичсэн. Тиймээс Мексик болон Америкийн соёл сүлэлдэн их дэлгэрчээ. Мексик зоогийн газар, мексикчүүдийн шүтлэгтэй холбоотой сүм хийдийн газар маш олон. Ер нь Мексик гэлтгүй латин америкийн орнуудаас ирсэн цагаачид ч Сан Диего хотод зөндөө.  Сан Диего хотод 1970 оноос хойш жил бүр Comic Con гэдэг соёлын наадам зохион байгуулдаг болсон бөгөөд, жуулчид үүнийг үзэх гэж зорин ирдэг.  San Diego Comic-Con International нь жил бүрийн 7 дугаар сард болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс зурагт ном бүтээгчид, зурагт номд дурлагсад цуглардаг аж. Сан Диего хотод далай тэнгисийн тухай, соёл урлагийн сэдэвчилсэн музей, үзэсгэлэн тогтмол ажилладаг.  Сан Диего хот амьтны хүрээлэнгээрээ алдартай. 650 гаруй зүйлийн 3700 гаруй амьтан өсгөж үржүүлж, эрдэм шинжилгээний судалгаа хийдэг байна. Дэвшилтэт амьтны хүрээлэн гэж дэлхийд үнэлэгддэг. Сан Диего хотод болдог өөр нэг том арга хэмжээ бол АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын авиа шоу. 
Сан Диего бол наран шарлагийн газраараа бас алдартай, түүнийгээ дагасан зугаа цэнгээн ихтэй юмаа. Жишээ нь далайн эргийн өндөрлөг газар байгуулсан бааз дээр ирээд ирээд шүхэр түрээсэлж нисэж болно.  Ганцаараа нисэж чадахгүй бол энд ажилладаг мэргэжлийн шүхэрчинтэй хамт нисэх боломжтой. 1 удаа шүхрээр нисэхэд 170 орчим долларын үнэ төлөх юм билээ. 

Өөрөө хувийн шүхэртэй бол энд бааз дээр ирээд нисэж болно. Энэ шүхрээр нисэж байгаа хүмүүс салхи татуулан сүнгэнэж, Номхон далайн эргийг цахлай шувуу нисдэг өндрөөс харж байгаа даа гэж бодохоор өмнөөс нь догдлох шиг. Их сайхан мэдрэмж авдаг байх даа гэж бодлоо. 


Сан Диегогийн энэ хэсгээс 20 бээрийн (миль/mile) тэртээ Мексикийн хил бий. 1 бээр гэдэг бол 1 км 609 метр
. (Өөрөөр хэлбэл, эндээс барагцаагаар 32 км зайтай АНУ Мексикийн хил бий.)

Олон шүхэрчид зэрэг нааш цааш агаарт сүлжилдэхийг харах нь сүрдмээр юм билээ. Салхины урсгалыг ашиглаж нисээд, шүхрээ залсаар эрэг дээр газардах нь бахархам сайхан. 

Сан Диегод мексик хоолны газар их.  Энэ хотод ирсэн даруйдаа тако идэв. Монголд тако зардаг ресторан бий. Гэхдээ Сан Диегод мексик тогоочийн хийсэн тако иднэ гэдэг бас өөр хэрэг. 

Энэ Мексик хоолны газар далайн эргээс холгүй учраас доторх засал нь мэдээж далай дагасан спорттой холбоотой байлаа. Сёрфинг (Surfing) гээд спортын төрөл байдаг даа. Далайн давлагааг ашиглаад тусгай тавцан дээр зогсоод, хэвтээд гулгадаг. Энд энэ спорт утгаараа хөгжсөн газар юм санж.


Тако нь амттай байлаа. Гэхдээ цадаагүй ээ. Заавал цадах нь гол биш. Амтыг нь мэдрэх нь чухал. Тэгээд ч бялууртал идэх нь биед халтай.  


Сан Диего хотод хэд хэдэн их сургууль байдаг юм байна. Тэдний нэг нь San Diego State University. Энэ их сургууль 1897 онд байгуулагдсан юм байна. Сан Диего орчмын хамгийн эртний, олон жилийн түүхтэй боловсролын байгууллага. Их сургуулийнх нь хотхоноор явж үзлээ. Их сургуулийн номын сангийн уншлагын танхимуудын нэг нь. 


Их сургуулийн спортын заалны орчимд 


Сан Диегод байх хугацаа маань ийнхүү дуусав. Дараагийн очсон хот Сакраменто. Америкийн орон нутгийн онгоцонд суугаад Калифорни мужийн засаг захиргааны төв Сакраменто хот руу явлаа. 


Нислэг үргэлжлэх хугацаа ойролцоогоор 2 цаг. Онгоцны үйлчлэгч зөвхөн уух юм л санал болгов. Хямд үнэтэй, богино хугацааны нислэг учраас аргагүй. 


Сакраменто хотын  сонин хачинг дараа үргэлжлүүлэн бичье. 

2024-03-03

Номхон далайн цаана 3 дугаар хэсэг

Америкт ирээд нэлээд хэд хоночихлоо. Орчиндоо дасаад, одоо л  илүү тав тухыг мэдэрч эхэлж байх шиг. Намайг далайн эргийн наран шарлагын газар руу яваад ирсэн чинь AIR BNB-р захиалсан байранд маань оюутан цагийн нэг дотнын найзуудын маань нэг ирээд явжээ. Тэр найз маань нөхөр, гурван хүүхэдтэйгээ ЛА-д амьдардаг. Намайг Лос Анжелосоор зугаалж яваа гэхэд хэзээ ирэх бол? Уулзчих юм сан гээд их л хүлээсэн гэнэ. Манай ажлынхан "Шшш MNED минь, чамтай уулзах гээд тэр их хүлээсэн дээ. Харуй бүрий болсон хойно арга буюу харихаар явсан. Та нар чинь оюутан байхдаа их дотно байсан юм байна шд" гээд хоёр чихнээс минь хонх уялаа. Би нээрээ сэтгэл зовлоо. Тэр холоос ирчхээд уулзахгүй байх онцгүй юм даа гээд. Ингээд тэр даруй утсаар холбогдлоо. Маргааш нь уулзахаар болов. Дараа өдөр нь намайг зөндөө хүлээсэн оюутан цагийн найз маань машиныхаа арын суудалд гурван хүүхдээ суулгаад хүрээд иржээ. Түүнийг нэрийг V үсгээр тэмдэглэе. Оюутан байхдаа олон сайхан дурсамжийг хамтдаа өнгөрүүлсэн бидэнд ярих хуучлах зүйл бас бишгүй олон байлаа.V намайг машиндаа суулгаад "за одоо хаашаа явж үзмээр байна?" гэлээ. Би азтай хүн юмаа. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд гарсан ч тосоод, уулзаад, замчлаад явах найз олон байна.  Лос Анжелос хотын хаагуур явснаа тайлагнав. V миний тайланг сонсож байгаад, "За тэгвэл эндэхийн алдартай хот-догны газар очиж үзүүлье. Бас кактус ургадаг гоё гудамж бий. Тэнд очихоосоо өмнө монгол барааны үзэсгэлэн худалдаа руу очиж би нэг бяслаг авах ёстой юм. Бяслаг авна гээд захиалчихсан байсан. Цагаан сардаа зориулж захиалсан юм" гэв. Би ч "Тэгье. Чи эхлээд ажлаа амжуулчих" гэв.  Цагаан сарын баяр дөхөж байгаа учраас монголоос авч ирсэн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Лос Анжелосын монголчуудын холбооноос зохион байгуулж байгаа аж. Би хэрэгт дурлаж очлоо. Аарцан үрэл, чацарганын шүүс, хатаасан аарц, хорхой ааруул, монгол архи, монголоос авч ирсэн бэлэг дурсгалын зүйлс зарж байна. V найз маань ч захиалсан бяслагаа авлаа. Ингээд тэндээс гарч Лос Анжелосын алдартай хот-догны газар руу зүглэв. 



Энэ хот-догны газрын нэр нь "Pink's hot dogs". Энэ газар Лос Анжелом хотын хойд хэсгийн дүүрэгт La Brea хэмээх өргөн чөлөөнд байрладаг. Хэрвээ Лос Анжелост ирсэн бол заавал энэ газраар орох хэрэгтэй гээд аялал жуулчлалын мэдээлэлтэй веб сайтуудад бичсэн байна лээ. Эндэхийн хот-догийг идэхийн тулд хамгийн багадаа 20 минут дугаарлаж зогсох шаардлагатай. Хүн ихтэй үед бол 40 минут хүлээх ч тохиолдол байдаг гэнэ. Аргагүй л нэр хүндтэй, алдартай газар юмаа. V болон түүний гурван хүүхэд, дээр нь би нэмэгдээд 25 минут дугаарлан зогсож байж хот-дог авч идсэн.

1939 онд анх нээгдсэн гэхээр одоо 2024 онд энэ газар 85 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Pink гэдэг үгийг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэх юм бол "ягаан" өнгийг илэрхийлнэ. Хот-догны энэ газрын дотоод засал нь ягаан өнгөтэй юм билээ. Дотоод засал нь ягаан өнгөтэй учраас хот-догны газраа ингэж нэрлэсэн ч юм биш. Үүсгэн байгуулсан хүний ургийн овогтой нь холбоотой аж.

ХХ зууны эхэн үед Пинковец гэдэг Румын хүн АНУ руу цагаачлан иржээ. Америкийн цагаачлалын албаныханд Пинковец гэдэг  ургийнн нэрийг бичих, дуудаж хэлэхэд хэцүү байсан бололтой. Түүний ургын нэрийг нь хялбарчилж Пинк гээд бичсэн аж.  Тэр цагаас хойш албан ёсны бүх бичиг баримт дээр Pink гээд бичигдэж иржээ. 1939 онд энэ гэр бүлийн хүү Пол Пинк хот дог зарах өөрийнхөө бизнесийг эхлүүлжээ. Эхнэр Беттигийн хамт жижигхэн түрдэг тэрэг түрээслэн авч La Brea өргөн чөлөөний замын уулзвар дээр зогсож, 1 ширхэг хот-догыг 10 центээр зарж эхэлсэн байна. Улмаар бизнесээ өргөжүүлж яг энэ гудамжны уулзвар дээр майхан босгоод гадаа нь Pink’s Hot Dogs гэсэн хаяг өлгөжээ.  Анхны үүсгэн байгуулагчид нь мэдээж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Харин тэдний үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ бизнесийг үргэлжлүүлсээр байна.  Бизнес амжилттай байхад олон хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Мэдээж үүнд нэр хүнд ч нөлөөлнө. 85 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа хот-догны газар гэхээр яах аргагүй л хэрэглэгчдийн анхаарлыг татна. Ийм олон жил тасралтгүй ажиллаж байгаа юм чинь чанартай, найдвартай бүтээгдэхүүн л санал болгодог байж таарна гэх итгэл төрүүлнэ. "Pink's hot dogs" -ны газар одоо мексик гаралтай юм уу гэмээр хэдэн эмэгтэйчүүд ажиллаж байна лээ. Мэдээж жинхэнэ эзэд нь одоо өөрсдөө ажиллахгүй, хүн хөлсөлж ажиллуулдаг нь ойлгомжтой. "Pink's hot dogs" дотор энд ирж хот-дог идэж байсан алдартай жүжигчид, дуучид, улс төрчид, олны танил хүмүүсийн зураг өлгөсөн байна лээ.  Миний мэддэг одуудаас гэвэл, Квентин Тарантино, Робин Уильямс, Алек Болдуин, Нил Патрик Харрис, Деми Мур нарын зураг байсан. Сонирхуулахад Брюс Уиллис дурлалт бүсгүй Деми Мурт гэрлэх саналаа энэ хот-догны газар дотор хэлж байсан түүхтэй юм байна. 


Энэ хот-догны газар Лос Анжелос даяар алдартай, нэр хүндтэй хэрнээ үнэ ханш нь боломжийн.  Хамгийн хямд хот-дог 3 доллар 90 цент. Хамгийн үнэтэй нь 10 доллар орчим. Бургер нь 4 доллар 40 цент.  Хэзээ нэгэн цагт Лос Анжелост очвол энэ хот-догны газраар ороорой. Хаяг нь: 709 N. La Brea Ave., Los Angeles, CA. Ажиллах цагийн хуваарь нь: ням гарагаас пүрэв гарагт өглөөний 9:30 нээгдээд, шөнийн 2 цагт хаадаг. Харин баасан, бямба гарагт өглөө 9:30 цагт онгойж шөнө 3 цагт хаадаг юм билээ.  V, түүний гурван хүүхэд бид нар 12 инчийн урт хот-дог эндээс авч идсэн.  1 инч нь 2,54 см. 12 инч гэдэг бол 30 см 40 мм урт гэсэн үг.  Би бол ийм урт хот-дог ганцаараа идэж барахгүй юм билээ. Бид тавуулаа худалдаж авсан 2 хот-догоо хувааж идсэн. 

Хот-догны газраас гараад тэндээс холгүй байдаг кактус тарьж ургуулсан цэцэрлэгт гудамжинд сууж хорвоогийн сонин хачинг хуучилж суув. Олон жил уулзаагүй найзуудад ярих зүйл мэдээж их.  Хов базахын зэрэгцээ MNED би чинь зураг авахаа ч мартаагүй. 




Кактус чинь ийм олон төрөл байдаг гэж би огт бодож байгаагүй. Хорвоо чи намайг алмайруулж ханахгүй байна уу гэж асуумаар...  

Дараа энэ мөн энэ хавьд байдаг өвөрмөц загвартай байшингийн гадаа очиж үзэв. Эзэн нь гойд бүтээлч сэтгэлгээтэй хүн бололтой. 


Эзэн нь байшиндаа хүмүүсийг оруулж зураг авхуулахыг зөвшөөрдөг. Instagram дээр энэ байшингийн зургийг хүмүүс их оруулдаг гэж V надад тайлбарласан. Хашаагаа ч бас их содон байдлаар тохижуулсан юм билээ. Хашаан дотор нь янз бүрийн мануухай, шулам эмгэн, харх идэж байгаа араатан амьтны чихмэл, Halloween баярын үеэр хүмүүс гэрээ чимэглэдэг хулуу ч байрлуулж. 


За ингээд хагас өдрийг V найзтайгаа өнгөрүүлэв. Үдээс хойш нь Leaf найзтайгаа холбогдоод уулзахаар болов. Лос Анжелосын Beverly Hill орчимд Leaf найз намайг ирж авлаа.  V найзтайгаа дахин уулзах гэгээлэг сайхан ерөөл тавиад түр баяртай гэлээ. 
Leaf намайг дагуулаад Лос Анжелосын West Hollywood хэмээх газар руу явлаа. Энэ газрын түүхийг нь судаллаа. XVIII зууны сүүлээр энд Португалийн далайчин, судлаач Жоа Родригес Кабрильо  (Joao Rodrigues Cabrilho) хөлөг онгоцтойгоо ирж байжээ. Түүнийг ирэх үед энэ хавьд нутгийн уугуул Тонгва аймгийнхан амьдарч байсан гэдэг. 1771 он гэхэд нутгийн уугуул Тонгвачуудын тоо эрс цөөрчээ.  Европчууд ирмэгцээ энэ хавийг Габриэлено гэж нэрлэсэн байна.  Өнөөгийн West Hollywood гэдэг нэрийг нэлээн хожуу өгсөн юм билээ.  1780 он гэхэд Сансет цэцэрлэгт гудамж (Sunset Boulevard) нь Эль Пуэбло де Лос Анжелос руу, мөн Номхон далайн эрэг орчимд байдаг хувийн эдлэн газар руу явах гол зам болж байжээ.  Одоо Сансет цэцэрлэгт гудамж нийтдээ 36 км урт бөгөөд Лос Анжелос хотын гол томоохон гудамж.  West Hollywood орчимд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас цагаачилж ирсэн хүмүүс нэлээн төвлөрч амьдардаг гэж интернэтэд бичсэн байна билээ. 
West Hollywood нь засаг захиргааны хувьд Лос Анжелосоос жаахан тусдаа бололтой юм. Ер нь Лос Анжелосын дагуул хот, дагуул дүүрэг ч гэж хэлж болохоор.  2020 онд хийсэн хүн амын тооллогоор 35757 хүн амьдарч байгаа аж.  Эдгээр хүмүүсийн 40 хувь нь ЛГБТQ гэр бүлийн хосууд. 
West Hollywood-ын захирагч нь ЛГБТ. Хотхоны зөвлөлийн гишүүдийн олонх нь бас LGBTQ хүмүүс. Өөр нэг онцлон тэмдэглэх ёстой баримт гэвэл, энэ газар зугаа цэнгээний нэг томоохон төвүүдийн нэг. Энд маш олон бар, кафе, клуб, тоглоомын газрууд байрладаг аж.  Бүүр Лас Вегас хот казино, зугаа цэнгээний төв болохоос өмнө West Hollywood нь мөрийтэй тоглоом, янз бүрийн зугаа цэнгээнийг зөвшөөрсөн газар нь байж. Бас рок-н ролл хэмээх хөгжмийн урсгал энд бий болсон гэж хөгжим судлаачид хүлээн зөвшөөрдөг.  Улмаар West Hollywood нь Америкийн LGBT хөдөлгөөний томоохон төв болж хувирсан. ХХ зууны 70 аад оноос энд Оросоос дүрвэн ирсэн еврейчүүд, 90 ээд оноос хуучин Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ирсэн орос хэлтэй цагаач нар суурьших болжээ. Тийм ч учраас West Hollywood бол "бяцхан Орос орон" гэж хошигнож болох юм байна. Оросуудын ажиллуулдаг эмийн сан, дэлгүүр хоршоо LGBTQ хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг бар, цэнгээний газруудтай хаяа нийлэн оршдог.
West Hollywood-ын гол гудамж дагуу LGBTQ хөдөлгөөний бэлгэ тэмдэг солонгон далбаа хаа сайгүй намирна. Гудамжны явган хүний гарцыг ч бас LGBTQ илэрхийлдэг өнгөөр будсан байна лээ.

Энэ зурагт LEAF бид хоёрын сүүдэр оржээ. West Hollywood-дад байрладаг зайрмагийн газар орлоо. Амталж үзэж байгаа дуртайгаа сонгож авч болох юм билээ. Зайрмаг идээд пологтсон. Ер нь энэ АНУ-д гадуур хоол унд идвэл дорхноо бялуураад, идсэн уусан нь амаар гарчих гээд эвгүй эвгүй.


Зайрмаг идэнгээ хүн хар харуулдаж суулаа. Замын гарц дээр ингээд хөтлөлцөөд зогсож байгаа хосуудыг энд хэн ч эвэртэй туулай харсан юм шиг ад үзэхгүй. Байдаг л үзэгдэл. 
 


Зайрмагын дэлгүүрийн дараа секс шоп оров. Зураг авахыг зөвшөөрсөн. Хэдэн зураг дарлаа. Ямар нэг бараа худалдаж авсангүй. Музей үзэж байгаа шиг ороод л гарлаа. 





Орон нутгийн цагаар 16:00 болж байхад West Hollywood дахь гей бар, цэнгээний газрууд нь үйлчлүүлэгч ихтэй ид бужигнаж байх юмаа. Leaf намайг дагуулаад гей бар орлоо. 




Эхний гей баараас гараад дараагийн гей бар руу....  Гэгээн цагаан өдөр болж байхад барны бүжигчин залуу ширээн дээр гараад ингээд л нүд баясгаж байх жишээтэй. 


Үйлчлүүлэгчид үе үе бүжигчин залуугийн дотоож руу нь задгай доллар хавчуулж энгэр цээжийг нь илбэж таалаад л... 


Leaf надад хандаж "Чи дөхөж очоод өөртөө байгаа задгай долларыг дотоожинд нь хавчуулаад....." гээд санал хэлэв. "За яахын бэ. Ичээд байна." гэж би бээр нэрэлхээд. Дотроо бол бас дуртай байгаа юмаа. Энэ сайхан дамшгийг илбэж таалаад үзчих юм сан гээд. За тэгээд өмнөх сархдаа томхон гэгч нь балгаж зоригоо чангалаад очиж LEAF-ийн зөвлөгөөг практикт хэрэгжүүлсэн.


Уух юмаа дуусгаад дараагийн бар руу.... "Би нисэх дуртай" гэдэг нэртэй Монголын уран сайхны кино байдаг даа. "Чи муу архичин нэг архины мухлагаас нөгөө архины мухлаг руу нисдэг байлгүй" гэж доромжилсон хэсэг байдаг даа. Яг түүн шиг Leaf бид хоёр гурав дахь бар руугаа орсон. Ороод уух юм захиалсан чинь баармен бүсгүй нь сонссон хэр нь бидний дараа ирсэн хэдэн шаруудын захиалгыг түрүүлээд хийж өгч байна. Leaf харж байснаа, эндээс явъя. Энэ хүүхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргаад байна. Бид түүнээс үйлчилгээ авах албагүй" гэлээ. Өөр баармен дээр очоод захиалга өгтөл хормын зуур л сархад хундагалаад өгөх нь тэр.
Дараа нь Abbey хэмээх клуб руу явцгаав. Эхний орсон баруудыг бодвол хамаагүй том зай талбайтай, бүжгийн хэд хэдэн тайзтай юм билээ. Abbey клубээс гараад агаар салхинд цохиулаад өнөө MNED гуай чинь тас.... Гэхдээ согтуу хүн сохор ухаантай. LEAF намайг машиндаа суулгаад хаашаа ч юм бэ явж байна. Нэг сэхээрээд харсан чинь Солонгос хоолны газар орчихжээ. Гахайны махтай шөлтэй хоол захиалчихсан байна. Би ер нь гахайны мах идэхдээ маруухан л даа. Гахайн махны шөл байтугай, хуурга ч хийсэн үнэрийг нь авч чаддаггүй.  За тэгээд ширээн дээр байсан хоосон аяга руу.... Дараа нь тэр хоолны газрын 00 руу нь орж ходоодоо цэвэрлэв. Ингээд хоол идсэн ч юмгүй тэр газраас гарлаа. Дараа нь LEAF намайг дагуулаад Лос Анжелост амьдардаг бас нэг монгол анги залуугийн гэр рүү явлаа. Түүний нэрийг Z үсгээр тэмдэглэе. Монголд байхад нь би хальт мэддэг байсан залуу. Амьдардаг байшингийнх нь доод давхарт lobby-д нь уулзлаа. Миний уулзах ч гэж юу байхав. Өндөр градустай сархад амаараа гартал уусан хүн тасарч мансуурсан байдалтай. Дээр нь толгой эргээд, зуун зараа зулзагатайгаа миний дотор самарч өгч байна аа. Цэвэр ус өгөхөөр нь залгилаад унтаад өгчээ. Олон жил уулзаагүй хэрнээ Z гэж хүнд ийм байдалтай харагдаад тэнэг юмаа гэж бодоостой. Ингээд шөнийн 1 болсон хойно Leaf намайг түрээсэлж байгаа байшингийн гадаа машинаасаа буулгав. Дотогшоо яваад орлоо. Манай хамт яваа хүмүүс унтаагүй байна. Би ч ороод дэвж өглөө. Нөгөөдүүл бүүр шок. Чи уудаг байсан юм уу? Чи согтсон гэж үү дээ? гэж мэгээд. Би дайнд гавьяа байгуулсан баатар шиг л "Би уухгүй бол өөр хэн уухын. Монголд байхдаа л би уудаггүй. Гадаад явахаараа уудаг байгаа шүү" гэж томорсон гэж байгаа. Энэ бүхнийг маргааш өглөө нь сэрээд нөгөөдүүлээсээ сонсож байгаа юм даа.  Лос Анжелос чинь ер нь согтоодог хот байна лээ шд.