Амьдралын тойрог

2026-01-19

Сиань хот: 2 дугаар хэсэг. Тансан ламын сүмд

Сиань хот дахь хоёр дахь өдөр. Өглөө сэрээд зочид буудлаасаа гарч метро руу алхав. Өнөөдөр Хятадын Тан улсын үеийн дурсгалт газар очихоор төлөвлөв.


Манай тооллын 618 оноос 907 оны хооронд өнөөгийн Хятадын нутаг дэвсгэр дээр оршин  тогтнож байсан Тан улсыг хятадын соёл иргэншлийн "алтан үе" гэж нэрлэдэг. Энэ үед Тан улсад уран барилга, гар урлал, худалдаа цэцэглэн хөгжиж, яруу найраг, эрдэм боловсрол ихэд дэлгэрч байжээ.  Тан улсыг үндэслэн байгуулагч нь Ли Юань юм. Тэрээр өөрийгөө Тан улсын анхны хаанаар өргөмжилж Гао Зу гэж нэр авчээ. Дараа нь түүний хүү Ли Шиминь эзэн хаан болж Тай Зун гэсэн нэрээр төр барьжээ. Тай Зун хаан эрдэмтэй хүмүүсийг дээдэлдэг байснаас гадна буддын шашны үзэл санааг дэмждэг байв. Тан улс байгуулагдсан эхний хэдэн арван жилд умард зүгийн нүүдэлчин овог аймгуудын нөлөөнд байжээ. Тан улсын төрийн эрх баригч элитүүд нь Сяньби (Сүннү) гүрний табагач ургийн овгоос гаралтай байв. VII зууны сүүл үеэс Тан улсад нүүдэлчдийн нөлөө буурч, суурин амьдралын хэвшилтэй хань үндэстнүүдийн нөлөө аажмаар нэмэгдэх болсон байна. Улмаар хань үндэстнүүдийн соёл, ахуй амьдралын хэв шинж зонхилох болжээ.
VIII зууны эхний хагаст Сюань Зун хааны үед Тан улс улам хүчирхэгжсэн бөгөөд нийслэл Чаньань  ( өнөөгийн БНХАУ-ын Шэньси мужийн Сиань хот) тухайн цаг үеийнхээ хамгийн том хот гэж тооцогдож байв. Тан улсын үед ном хэвлэх, дарь хийж гал гаргах технологийг нээсэн байна. Тан улсад үйлдвэрлэсэн торго дурдан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, мөн цай зэргийг Чаньань хотоос баруун тийш тэмээн жингээр тээвэрлэдэг худалдаачдын маршрут бий болжээ. Үүнийг "торгоны зам" гэж түүхэнд нэрлэдэг. 



755 онд Тан улсад улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж Ань Лушань хэмээх цэргийн жанжин бослого дэгдээжээ. 8 жил үргэлжилсэн энэ бослого нь Тан улсын төрийн хүчийг сульдуулсан байна. Тан улсын хааны ордон "Торгоны зам"-ын худалдаанд хяналт тавиж чадахаа болив. IX зууны эхэн үед тариачдын бослого гарч, дотоод хямралд нь Киргизийн хант улсаас оролцож нөхцөл байдлыг бүр ч хэцүү болгожээ. Хүчтэй аадар орж үерт тариачдын талбай сүйдсэн нь эдийн засгийн хямрал үүсэх нөхцөл бүрдүүлжээ. IX зууны сүүл үед Тан улсын эзэн хааны ордонд тайган хүмүүсийн нөлөө эрс нэмэгджээ. Тэнд хааны шийдвэрт шууд нөлөөлж байв. Тан улсын сүүлийн эзэн хаан  Ай Ди 907 онд төрийн эрх мэдлээ алдсанаар энэ улс мөхсөн байна. Тан улсын эзэмшилд байсан газар нутаг дээр өөр хоорондоо тэмцэлдсэн таван улс бий болжээ. Гэхдээ Тан улс мөхсөнөөс хойш 50 гаруй жилийн дараа Сүн улс байгуулагдаж, өөр хоорондоо зөрчилтэй байсан жижиг улсуудыг нэгтгэж чадсан юм. 
Тан улсад буддын шашин маш их дэлгэрсэн гэж түрүүн дурдсан. Тан улсын үед амьдарч байсан Сюань Зан хэмээх буддын шашны ламын амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" хэмээх алдартай роман Хятадад байдаг.


Сюань Зан  (玄奘 Xuánzàng)  лам  манай тооллын 602 онд төржээ. Түүний эцэг нь эрдэм номтой хүн байсан гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Анх төрмөгц эцэг эх нь түүнд  Чэнь И гэдэг нэр өгсөн байна. Гэвч хожим лам хувраг болоод нэрээ өөрчилжээ.  Монголд түүнийг Тансан лам гэдэг нэрээр хүмүүс мэддэг. 13 настай байхдаа Сюань Зан буддын шашны сургаал номыг судалж эхэлжээ.  20 настай байхдаа Чэндү хотод байдаг буддын сүмд жинхэнэ сахил хүртсэн байна. Тухайн үед Хятадад байсан буддын шашны ном сударт өөр хоорондоо зөрчилдсөн зөрүүтэй мэдээлэл их байсныг анзаарчээ. Тиймээс жинхэнэ анхдагч эх хувилбарыг нь олж үзэх хэрэгтэй гэдэг дүгнэлтийг хийсэн байна.  629 онд  Сюань Зан нэгэн зүүд зүүдэлжээ. Энэ зүүдний дараа Энэтхэг рүү явах хэрэгтэй юм байна гэсэн сэдэл бий болжээ.  Тухайн үед Тан улс гадаадын улстай дайтаж байсан тул эзэн хаан Тай Зун лам хуврагуудыг даяан хийж явахыг хориглосон үе байлаа. Гэвч Сюань Зун лам нууцаар Тан улсыг орхиж явсан байна. Юймэньгуань хэмээх хилийн боомт дээр ирээд сахиулуудыг нь ятгаж чаджээ. Тэр элсэн Говь нутгийг туулж, Турфан (өнөөгийн Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг) хотод иржээ. Тэндээсээ Тэнгэр (Тянь Шань) уулыг давж Иссык Куль нуурын (өнөөгийн Киргизийн нутаг) эрэг дагуу явсаар Ташкент, Самарканд (өнөөгийн Узбекистаны нутаг) хотоор дамжин явсан байна. Тэндээсээ Памирын уулсыг давж (өнөөгийн Афганистан) Пешевар (өнөөгийн Пакистан) хотод ирсэн байна. Ингэж явахдаа зам зуу таарсан буддын сүм хийдэд хэсэг зуур саатаж, тэндэхийн лам хуврагуудтай нь хамт ном судар уншиж байжээ. Сюань Зан лам бурхан Буддагийн мэндэлсэн газар, түүний гэгээрэлд хүрсэн газар, ном сургаалаа хүмүүст хэлж байсан сүм, мөн амьсгал хураасан газруудад очиж үзжээ. Дараа нь Наланда хэмээх буддын их сургуульд хоёр жил сурсан байсан.  Ингээд 645 онд Сюань Зан лам Тан улс руу буцжээ. Энэтхэгт байхдаа Сюань Зан санскрит хэлээр байгаа нэр томьёог хятад хэлнээ орчуулах хэрэггүй, харин галиглах хэрэгтэй гэж дүгнэлт хийсэн байна.  Ингэснээр Хятадын буддизмд санскрит гаралтай олон шинэ үг нэмэгджээ. 646 онд Сюань Зан буддизм ба Энэтхэгийн түүхэнд хувь нэмэр оруулсан чухал тэмдэглэлүүдийг бичиж үлдээсэн байдаг.  Тан улсад эргэж ирээд эзэн хааны зарлигаар Сюань Зан "Тан улсын үед баруун хязгаарт аялсан нь" (大唐西域記) хэмээх номоо бичсэн юм. Мөн Энэтхэгээс авч ирсэн ном судраа хятад хэл рүү орчуулах ажлыг хийжээ. 664 онд 61 настайдаа Сюань Зан лам Тунчуань хотод нас барсан байна. Сюань Зан ламын хууч яриа, ном нь ам дамжин яригдсаар янз бүрийн домог үүсгэсэн байна. Дараа нь Мин улсын үед "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" романыг зохиолч У Чэнь бичжээ. Одоо "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" роман нь хятадын уран зохиолыг сонгодог бүтээлийн тоонд ордог. Энэ зохиол гадаадын олон хэлээр орчуулагджээ. Доорх зурагт харагдаж байгаа суваргад Сюань Зан лам номоо айлдаж байжээ. Энэ суварга Тан улсын үед баригдсан бөгөөд Сиань хотод сүндэрлэж байна.  Суварга байгаа сүмийг хятадаар "大慈恩寺" гэж нэрлэдэг бөгөөд монгол хэлнээ орчуулах юм бол "Эхийн элбэрэлийн сүм" гэсэн утгатай. Сүм рүү орохын тулд 30 юанийн тасалбар авах хэрэгтэй. 


Сюань Зан буюу Тансан ламын ажиллаж, амьдарч байсан энэ суваргыг хятадаар "大雁塔" гэж нэрлэдэг байна. Үүнийг монгол хэл рүү орчуулах юм бол "Зэрлэг галууны том суварга" гэсэн утгатай.  Тансан ламын суварга руу орохын тулд дахиад тусад нь тасалбар худалдаж авах ёстой байсан. 


Тан улсдаа эргэж ирсэн хойно Тансан лам эзэн хаанд хандаж энэ суваргыг барьж өгөхийг хүссэн байна.  Тэрээр энэ суварга дотор Энэтхэгээс авч ирсэн ном судраа хадгалах, мөн өөрөө сууж ажиллахыг хүсжээ.  Суварга баригдсан он нь 657 он юм байна. Энэ суварга анх 5 давхар байсан боловч нэмэж  2 давхарыг барьсан байна. Одоо суварга 64 метр өндөр, 7 давхар. Буддын шашны домогт өлсөж байсан лам нарын өмнө нэг зэрлэг галуу үхэтхийн унажээ. Үүнийг харсан лам нар дараа нь мах идэхээс татгалзаж, уг шувуунд зориулан суварга босгож байсан түүхтэй аж. 
"Эхийн элбэрэлийн сүм"-д Сюань Зан буюу Тансан ламын тухай иж бүрэн мэдээлэл бүхий хэд хэдэн танхим тохижуулжээ. Энд Тансан ламын авч ирсэн ном судрын хятад орчуулга нь байна.


Тансан лам бодит амьдрал дээр иймэрхүү төрхтэй хүн байжээ. 








Сюань Зан буюу Тансан ламыг  Тан улсын нийслэл Чань Ань хотод оршуулсан боловч 1027 онд шарилыг нь Нанкин хот рүү тээвэрлэж, тэнд дахин оршуулжээ.  Яагаад ингэх болсон нь тодорхойгүй. 1942 онд Япон-хятадын дайн болж байхад Японы зэвсэгт хүчнийхэн Сюань Зан ламын шарилыг хөндөж, шарилаас үлдсэн ясийг Японы Сайтама аймгийн Зион сүмд хадгалжээ. Бас Сюань Зан ламын шарилын зарим хэсэг нь Японы Нара хотын Якүсижи сүмд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл ч байна.  Шарилын үлдэгдэл зарим хэсгийг 1965 онд Японы Засгийн Газрын шийдвэрээр Тайвань арал руу илгээжээ. Тайваньд Сюань Зан ламд зориулсан тусгай сүм байдаг бөгөөд тэнд шарилын үлдэгдэлийг байрлуулсан байна. Өөр нэг мэдээллээр Сюань Зан ламын гавлын яс нь 1956 он хүртэл Тяньжин хотын нэгэн сүмд хадгалагдаж байгаад Энэтхэгийн Наланда буддын шашны их сургууль руу илгээгджээ. Харин одоо уг гавал яс Энэтхэгийн Патна хотын музейн үзмэр болсон байна. Хятадын Чэндү хотын Вэньшу сүмд Сюань Зан ламын гавлын ясны хэлтэрхий хадгалагдаж байгаа юм байна. 
Тансан ламын сүмийг үзэж дуусаад гэдэс өлссөн тул ойролцоох худалдааны төвд очиж хоол авч идэхээр явлаа. Уг худалдааны төвд орсон чинь  сармагчины хаан гэгддэг Сүн Ү Күний хөшөөг олж харав. Сүн Ү Күн бол "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" романы нэг гол дүр. Тансан ламын нэгдүгээр шавь нь билээ.


Миний өнөөдрийн өдрийн хоол үхрийн махтай ламен байлаа. 


Хоолны дараа явган аяллаа үргэлжлүүлэв. Эртний Тан улсын үеийн уур амьсгалыг харуулсан гудамжаар алхав. Энэ гудамжинд "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" романаас сэдэвлэн бүтээсэн үзмэр бүхий аттракцион тоглоомтой парк байна. Жаахан хүүхдүүдэд сонирхолтой л байх.  Тасалбар нь жаахан үнэтэй санагдсан тул орсонгүй ээ. 


Харин Сиань хотын дүрслэх урлагийн музейг үзэв. Музей үнэ төлбөргүй байлаа.







Дүрслэх урлагийн музей үзэж дуусаад явган зугаалгаа үргэлжлүүлэв. 


Гадаа хурц нартай халуун. Ам цангав. Амттай ундаа байсан шүү.


Дараа нь хэдэн км алхсан юм бүү мэд.  Үдээс хойш 17:00 болжээ. Нэлээн удаан алхаж явсаар Сиань хотын цахилгаан барааны зах дээр ирсэн. Улаанбаатарт байдаг TEDY төвтэй төстэй газар. Эндээс хайгаад байсан power bank  худалдаж авлаа. Нэр нь "SAGA IT MALL"


18:00 цагт энэ газар хаадаг юм байна. Би ч бараг хамгийн сүүлийн худалдан авагч нь болсон. Дараа нь Google map харж ойролцоох метроны өртөө рүү алхав. Замдаа явж байгаад маш том худалдааны төв рүү орчихлоо. Энэ худалдааны төв урсдаг шатыг нь ээ. Амьдралдаа л ийм шат анх удаа л харлаа. 


Хүнсний тасагт нь дотроо шанзтай ийм гурилан боов зарж байна. Яг дэргэд нь хийгээд зарж байсан юм. Хийж байгаа үйл явцыг нь хэсэг ажиглаж зогсов. Тэгээд худалдаж авч идлээ. Амттай юм аа. 

Энэ боовыг Шюй бин гэж нэрлэдэг юм байна лээ. 



Миний орсон худалдааны төвийн эсрэг талд нь байгаа байшин дээрх гэрлэн чимэглэл анхаарал татав. "Сиань хотод тавтай морил" гэж бичсэн нь над шиг гадаадын жуулчинд таатай сэтгэгдэл төрүүлж байна аа.


Миний оройны хоол:  Тахианы махтай банш, усан шөл, арвайн гурилтай цай



За ингээд орой болсон хойно зочид буудлынхаа өрөөнд ирж амарлаа. Маргааш өглөө хаашаа явахаа би аль хэдийнэ төлөвлөсөн. Маргааш өглөө дэлхийд алдартай археологийн олдвор үзэхээр явна. Дараагийн тэмдэглэлдээ үргэлжлүүлэн бичье дээ. 

No comments: