Амьдралын тойрог

2019-01-24

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл. 4-р хэсэг

Нэгдүгээр сарын 3. Энэ өдрийн үдээс хойш Японд сурч, ажиллаж амьдарч байгаа "ангийн" хамт олонтойгоо уулзахаар болзоо тогтоосон байлаа. Уулзалт товлосон цаг нь 14:30. Ер нь бол 14:30 цагт  Акебонобаши (Akebonobashi station) өртөөний гадаа уулзаад Баябага ахын гэрт очих. Цаг баримтлах дуртай юм болохоороо 14:29 гэхэд метроноос буулаа. Ингээд "ангийнхаа" залуусыг хүлээх зуураа орчинтойгоо жаахан танилцлаа. 


Орчинтойгоо танилцахаас гадна намайг тосох нөхдүүдийг хүлээнгээ нэг япон залуутай  яг энэ зураг дээр харагдаж байгаа шатан дээр танилцлаа. Мэдээж хэрэг, би эхлээд яриа өдсөн л дөө.
-すみません、私は外国人です。ともだちを待っています。гээд л цааш нь үргэлжлүүлээд бла бла гээд панаалдаад. Болзсон өртөөндөө ирсэн гэдгээ "ангийнхан"-даа мэдэгдэх нь чухал байсан учраас тэр япон залуугийн pocket WI-FI  хэрэглэчих санаатай. Их сайн тусч залуу тааралдсан. Надад интернэтээ хэрэглүүлээд л, " Чи хаанаас ирсэн бэ? Монгол байх нь ээ. Манай ажлын газрын хүн Монголд очиж байсан. Ирэх 7-р сард бас манай ажлын газрын нэг хүн танай Монгол руу явах гэж байгаа. Фейсбуук дээр найз болцгооё" гээд л... 
Би ер нь гадаад улс оронд тэнэж явж байх үедээ орон нутгийн залуустай нь нээх санаандгүй байдлаар их амархан танилцаад найз болчихдог туршлагатай гэх үү, авъяастай гэх үү... За ямар ч байсан энд нэг япон залуутай танилцаад авсан. Хожим Монголд буцаад ирсэн хойно Акебонобаши өртөөний гадаа танилцсан япон залуу над руу Facebook-р зурвас илгээгээд л байна лээ. Би бас хариу бичээд л байгаа. 
За төдөлгүй Токиод байгаа ангийнхан ирлээ. Баябага ах гэртээ амттай сайхан хоол хийгээд хүлээж байлаа. Блогоор олон жил бие биенээ мэдэх боловч анх удаа л Баябага ахтай уулзлаа. Баябага, Цагаанаа хоёроос гадна өөр бас манай ангийн хоёр залуутай уулзаж яриа хөөрөө дэлгэлээ. Токиод халуун дотноор хүлээн авсан Баябага ах, Цагаанаа хоёртоо баярлалаа. 
Баябага ахын гэрээс нэлээн орой гарсан даа. Ингээд "Ничоме" руу хэрхэн явахыг ангийнханаараа гайгүй сайн заалгаж аваад ганцаараа тийшээ зүглэлээ. Токиод аль хэдийнэ очиж байсан хүн шиг нээх их төөрч будилаад байлгүй "Ничоме"-д очсон. Ангийнханд зориулсан бар, дэлгүүр, бусад үйлчилгээний газрууд олон юмоо. За тэгээд нэгэнт очсоных, бас метро зогсох дөхөж байсан учраас нэг аятайхан үйлчилгээтэй газар ороод тэндээ өглөөг угтсан даа. 


Өглөө нь нээх сэтгэл хангалуун хүн тэндээс гараад л байрлаж байгаа буудал руугаа метродов. 

2019-01-20

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл 3-р хэсэг

Оны эхний өдөр. Өмнөх өдөр нь зөндөө алхсан учраас зочид буудлынхаа өрөөнд нойроо ханатал унтав. Нээх яаралгүй сэрээд зочид буудлаасаа гарлаа. Гадаа тэнгэр цэлмэг, эргэн тойронд нам гүм. Зочид буудал байрладаг гудамжинд хөл хөдөлгөөн бараг байхгүй. Ер нь ингэхэд  13 сая хүн оршин суудаг Токиод ирчихээд байна уу? гэж өөрөөсөө асуухад хүрсэн. Гудамжинд алхаж яваа хүн цөөхөн. Машин тэрэгний хөдөлгөөн ч бас сэлүүхэн. Сүүлийн хэдэн жил мэдрээгүй сонин мэдрэмж.




Шинэ оны эхний өдөр Шинжүкү дүүрэг рүү явлаа. Метроноос гараад л зүүн тийшээ харахад тэнгэр баганадсан барилгууд, баруун тийшээ харахад ч ялгаагүй бас өндөр байшингууд. За тэгээд булан тохой болгонд нь дэлгүүр. 




 Хэд хэдэн орноор явахдаа Мак Дональдс руу заавал орж хооллодог. Орон орны Мак Дональдс бүр ялгаатай байдаг юм шиг санагддаг юм. Ингээд Японы Мак Дональдс руу шохоорхоод орж өдрийн хоол идлээ. Мак Дональдс ороод бургер захиалах үед нэг асуудал гарсан.  Лангууны ард зогсоод захиалга авсан охин гадаад хүн байлаа. Тэр хятад эсвэл вьетнамын аль нэг нь л байх. Би уг нь үхрийн махтай бургер захиалсан юм. Гэтэл буруу ойлголцоод надад гахайн махтай бургер өгчихсөнийг нь би хазсан хойноо л ойлгодог байгаа. Бас бага зэрэг халуун ногоогоор амтласаэн юм байна. Spicy хоолонд бас нээх идээд байдаггүй. Дээр нь би гахайны маханд дургүй л дээ. За яахав, ганц удаа гээд гахайн махтай бургер ходоод руугаа хийж орхив. Надад буруу юм өгчихлөө гээд зарга хийхээс түвэгшөөв. Гахайн махан бургер нээх гаж амтгүй зүгээр л байна гэж бас өөрийгөө тайвшруулах гэж бодлоо. Гэхдээ л гахайн махтай бургер идсэндээ дотроо бол сэтгэл дундуур. 
Хоолны дараа дэлгүүр хэслээ.  

Өдрийн 13:00 цагт дэлгүүрт ороод орой 18:00 цагт харуй бүрий болсон хойно л дэлгүүрээс гарч ирлээ. Дэлгүүрээс худалдан авсан зүйлээ зочид буудлынхаа өрөөнд үлдээчихээд буцаад оройны зугаалга хийхээр дахиад Шинжүкү рүү метрогоор сүнгэнэв.
Шинжүкү бол сонирхолтой зугаа цэнгээний газраар дүүрэн юм билээ. Ялангуяа оройн цагаар бол залуусийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байлаа. 




Караоке, янз бүрийн электрон тоглоомын газрууд, 100 иений зоос хийгээд чихмэл тоглоом гаргаж авч болох автомат тоглоом, бар, кафе, кино театр гээд тоочиж барахааргүй их үйлчилгээний газрууд. Гадаадын жуулчид ч их холхисон дүүрэг юм байна гэсэн ойлголттой авлаа. Сүүлийн зураг дээр харагдаж байгаа гүүрэн доор орон гэргүй хүмүүс картон хайрцагаар оромж шиг юм босгоод дотор нь ороод хэвтэж байхыг харлаа. Шинжүкү дүүрэгт оройн хоол идэв. Энэ удаа раамэн идэх санаатай. Гудамжинд сурталчилгааны хуудас тарааж байгаа нэг хүнээс раамэн хийдэг газар хаана байдаг вэ? гэж асуулаа. Уриалгахан гэгч нь намайг дагуулж нэг гудамжны булан тойроод раамэний газар зааж өгөв. 
Хоолны захиалга авдаг автомат машинтай аж. Мөнгөө хийгээд идэхийг хүссэн хоолоо сонгоод OK товчлуурыг дарна. Энэ төхөөрөмж бас хариулт өгнө. Захиалга хиймэгц талон хэвлэж өгнө. 
Төдөлгүй захиалгын дагуу зөөгч нь хоол аваад ирнэ. Идсэн раамэн маань бас гахайны махтай байж таарав.  За ингээд өдөр нь гахайн мах, орой нь бас гахайн мах зооглодог юм байна. Дургүй гахайны махтай хоол өдрийнг хоёр удаа идэх гэж... 
Токиод томоохон дэлгүүрүүд нь 19:00 гэхэд л хаачихдаг юм шиг санагдсан. Ер нь бол дэлгүүр нь арай л эрт хаагаад байгаа юм биш үү гэж шүүмжилмээр. 
За ингээд 2019 оны эхний өдрийг Шинжүкү дүүрэгт өнгөрөөв. 

2019-01-13

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл 2-р хэсэг

Токиод ирсний маргааш. Ооцука өртөөний ойролцоох Sun shine City орлоо. Sun Shine Aquarium, Namjatown, Konika Minolta Planetarium "Manten", J-World, Sky Circus Sunshine гээд дотороо үзвэр үйлчилгээний олон газартай юмаа. Бас хувцас, соёлын бараа зардаг дэлгүүртэй дориун газар байлаа. Энэ төвд бүтэн өдөр өнжсөн дөө. 4-р давхарт нь хоолны газрууд. Япон, хятад, Тай гээд эсвэл гахайн мах, тахианы махаар хоол хийдэг төрөлжсөн газрууд олон. 
Хоолны газрууд нь ачаалал ихтэй юмаа.  Үйлчлүүлэгчдийн танхимд сул суудал байхгүй бол хүмүүс гадна нь хүлээгээд сандал дээр сууж байх юм. Бас хоолны цэс нь зураг, эсвэл хуванцараар хийсэн макет, үнэтэй байна. Сонголт хийхэд их тохиромжтой. Бас бүх зүйл нь ойлгомжтой энгийн. 

 Япон үндэсний хүүхэлдэй. Дэлгүүрт нь их үнэтэй зардаг юм байна. Миний харснаар бол хамгийн хямд нь 56.000 иень байсан. Энэ нь 1.349.600 төгрөг гэсэн үг. (2018 оны 12 дугаар сарын сүүлийн ханш: 1 иень 24 төгрөг 10 мөнгө) Би лав ийм хүүхэлдэй гэртээ худалдаж авч чадахгүй. Гэхдээ үнэтэй боловч ур хийц сайтай чамин юм байна лээ.



 J-World Tokyo тоглоомын төв. Японы анимэ киноноос сэдэвлэн бүтээсэн тоглоомын төв. Хүүхдүүдийн сонирхолыг их татна. Sun shine city -д бүтэн нэг өдрийн өнгөрүүлээд орой харанхуй бүрий болсон хойно зочид буудалдаа эргэж ирлээ. Энэ өдрийн оройн хоол

Ойролцоох жижиг дэлгүүрээс ийм бэлэн хоол аваад идчихсэн.  Харахад их тостой юм шиг мэдрэмж төрүүлнэ. Гэвч огт тосгүй. Гэхдээ соус нь их амттай байлаа. Хоолны дараа шүршүүрт ороод орон дээрээ нам...

2018 хамгийн сүүлийн өдрийг Шибуя метроны өртөөнөөс эхлүүлэв. Энд алдарт Хачико нохойнд зориулсан хөшөө бий. Өртөөний барилгийн нэг ханыг ийм шигтгэмэлээр чимэглэлээ. Үүний эсрэг талд ердөө хэдхэн алхамд Хачико нохойны хөшөө бий. Токиод ирсэн гадаадын жуулчин болгон Хачико нохойны хөшөөг зорин ирж зурагаа авахуулдаг биз. Би бас энэ заншлыг зөрчөөгүй ээ. Хөшөөний өмнөх жижиг талбай хөл хөдөлгөөн ихтэй,  хүн олон. Энд хүмүүс уулзахаар болзож цаг товлодог юм билээ.  


Хачико нохойны хөшөөний дэргэд зурагаа авахуулчихаад Одайба хиймэл арал руу явлаа. Хачико нохойны түүхийг олон хүн мэдэх учраас энд нуршилгүй өнгөрлөө.

Шибуя (Shibuya) өртөөнөөсТокио метро компанийн Гинза чиглэлийн (Ginza line) метронд хоёрдугаар тавцангаас сууна. 7 өртөө яваад (ойролцоогоор 14 минут) Шимбаши өртөөнд хүрэхэд нь метроноос бууна. Ингээд 6-р гарц (EXIT 6)-аар гарч ойролцоогоор 4 минут орчим алхана. Шимбаши өртөөний Юрокамоме чиглэл (Yurokamome line)-ийн галт тэргэнд  сууж 6 өртөө явна. Ойролцоогоор 14 минут. Ингээд Дайба  өртөөнд (Daiba station) хүрэхэд галт тэрэгнээс бууна. Сонирхолтой нь Юрокамоме чиглэлийн галт тэрэг нь жолоочгүй. Автомат удирдлагатай энэ галт тэрэгний хамгийн эхний цуваанд ороод урд нь суувал сонирхолтой юм билээ.  

Одайба  (お台場)  бол Токиогийн булан дахь томоохон хиймэл арал. Токио хотын төв болон Одайба хиймэл арлыг Солонгон гүүр  (Rainbow Bridge) холбодог. Одайба хиймэл арлын түүх XIX зуунаас эхэлдэг. Тухайн үед Японы цэргийн удирдлагууд энд артиллерийн батарей хурааж байжээ. 1960-1970 онд Японы нийслэл Токио хотын захиргаа артиллерийн батарейнуудыг зайлуулжээ. 1979 оноос энд хогийн цэг байв. 1990 оны эхээр Токиогийн амбан захирагч Одайба дүүргийг тохижуулан 100 мянган хүн амьдрах орон сууцны хороолол барих шийдвэр гаргажээ. 1996 оны хавар гэхэд Одайба хиймэл арлыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж дуусах ёстой байв. Гэвч Токиогийн шинэ амбан захирагч Юкио Аосима 1995 онд төслийн ажлыг царцаажээ. Тухайн үед 1 их наяд иений хөрөнгө оруулалт хийгдсэн байв. Энэ үед хиймэл арал дээр хувийн компаниуд газар худалдан авч, худалдаа үйлчилгээний төв, урлаг соёлын газрууд нээж эхэлсэн байна. 1990-ээд оны сүүл үе гэхэд Одайба хиймэл арал нь жуулчдын төдийгүй Япончуудын очиж амралтаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болсон байлаа. 1990-ээд оны сүүл үеэс энд томоохон зочид буудал, худалдаа үйлчилгээний төв нээгджээ. Улмаар томоохон компаниуд, тухайлбал Японы арилжааны "Фүжи" телевиз (Fuji television) Одайба руу төв офисоо нүүлгэжээ. 2002 онд Ринкай хэмээх анхны төмөр замын шугам нээгдсэн бол үүнээс дөрвөн жилийн дараа Юрикамоме шугам нээгдэж жолоочгүй галт тэрэг явах болжээ.
Энд үзэж болох сонирхолтой зүйлс нь "Palatte town" худалдааны төв, Тоёото компанийн машины загварын үзэсгэлэнгийн танхим "Toyoto Mega Web", "Diver city Tokyo Plaza", АНУ-ын Нью-Йорк хотод байдаг Эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн дуураймал, Aqua City Odaiba усан сан, Decks Tokyo Beach, Мадам Тюссегийн лааны тосон барималын музей, Японы техникийн шинжлэх ухааны "Мирайкан" музей. Ер нь бол тухай үзье гэвэл нэг өдөр ч энд багадна. 













Токиод "Солонгон гүүр" (レインボーブリッジ) гэх нэрээр олонд алдаршсан энэ замын байгууламж Токиогийн булангийн хойд хэсгийг Одайба аралтай холбоно. Гүүрийг барихад 5 жил зарцуулжээ. Гүүр 1993 оны 8 дугаар сарын 26-нд ашиглалтад орсон байна. Энэ дүүжин гүүр 570 метр урт. Ган төмөр хийц нь 127 метр өндөр.  Хоёр давхар энэ гүүрний дээд давхар машины хурдны зам.  Харин доод давхараар нь Юрикамоме чиглэлийн галт тэрэг, мөн ердийн төлбөргүй авто зам бий. "Дурлах нас" (Love Generation) Японы олон ангит киног үзсэн хүмүүс энэ гүүрийг санаж магадгүй. Энэ кинонд "Солонгон гүүр"-ний зургийг олон удаа гаргадаг.  


  Токиогийн лааны тосон музейн үзмэрүүдээс. Музейг үзэхэд 2400 иень. Оюутнууд 2100 иень. Бага насны хүүхэд үүнээс ч хямдхан. Музейд ороод дэлхийн улс төр, урлаг, спортын одуудын барималыг үзэж болно. Мэдээж зураг авах, дүрс бичлэг хийх чөлөөтэй. Лааны тосон барималыг хэрхэн хийдэг тухай мэдээллийг ч энэ музейгээс авч болно. 








Хамгийн доод талын зураг дээрх хар даашинзтай бүсгүй бол Японы алдарт жүжигчин. Эрэгтэй хүн боловч эмэгтэй хүний хувцас өмсөж жүжиглээд асар амжилтад хүрч, нэр хүндтэй болжээ. Үнэхээр зочид буудалдаа ирээд зурагт асаатал энэ хүний хийдэг шоу нэвтрүүлэг нь гарч байсан.

Токиод хаа сайгүй дэлгүүр. Гэхдээ Одайба-д ирээд дэлгүүрээр нь орохгүй өнгөрөх бас алдас болно. Дажгүй брэнд хувцас боломжийн үнээр худалдан авах боломж байсан шүү. Ялангуяа шинэ жилийн үеэр Японы ихэнх дэлгүүр нь 40, 50, 60, 70 хувийн хямдрал зарладаг юм гэдгийг дуулгахад таатай байна. 
Одайба арал дээр үзэж харах юм ихтэй юмаа. Сүүлдээ зургийн аппаратны батарей, гар утасны батарей дууслаа. Олон зураг авч чадаагүй нь харамсалтай. Ингээд 2018 оны сүүлийн өдрийг Одайба арал дээр өнгөрүүллээ. 

2019-01-11

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл 1-р хэсэг

Блогт минь үе үе зочилдог танд шинэ оны мэнд хүргэе. 2018 оны сүүл, 2019 оны эхээр MNED нь Токио хотын гудамжаар маш цоглог алхаж явлаа. Ер нь аливаа нэг өөр улс гүрэн рүү явахдаа би урьдчилж нэлээн судалдаг. Очих гэж байгаа газрынхаа тухай мэдээлэл чадлынхаа хэрээр цуглуулдаг. Газар зүйн ном, аяллын танилцуулга хөтөч ном товхимол эсвэл интернэтийн хайлтын системээр аль ч улсын тухай ерөнхий мэдээлэл түвэггүй олж болох сайхан эрин үед амьдарч байгаа бид азтай хүмүүс. Энэ ч зангаараа Япон явахаасаа өмнө чамлахааргүй мэдээлэл цуглуулсан. Бас өмнөх хэдэн жил Япон хэл сонирхож сурсан учраас бодит амьдрал дээр "ярианы дасгал" хийх сайхан боломж надад тохиов. 
 2018 оны 12 дугаар сарын сүүлийн 7 хоногт товлосон өдөр минь ирж Улаанбаатараас Токио руу нислээ. Улаанбаатарын цагаар 8:55 цагт хөөрсөн МИАТ-ын БОИНГ Токиогийн цагаар өдрийн 14:25 цагт НАРИТА нисэх онгоцны буудалд газардлаа. 


Хоолойгоор дамжин нисэх буудлын барилга руу ортол Япон эмээ, өвөө нар угтав. Тэд гадаадын зорчигчдын гарын долоовор хурууны хээг авдаг ажилтай юм байна. Бас видео камераар "дурсгалын" зураг авч өгч байна лээ. Яг үнэндээ бол Японы хилийн шалган нэвтрүүлэх алба гадаадын зорчигчийн тухай мэдээлэл бүрдүүлж байгаа хэрэг. Ингээд дараа нь паспортын хяналт. Нисэх буудлын ийм нэг самбар анхаарал татав. 


Ингэхэд би арлын Японд танил тал ихтэй хүн юмаа. Японд сурдаг нэг хуурай дүү минь намайгаа тослоо. Тэр оюутан хүүхдэд би бас хоосонгүй гарын бэлэгтэй очсон юмоо. Нарита нисэх буудал нь Токио хотын төвөөс 75 км-ын зайтай. Нарита нисэх буудлаас Токио руу явах хэд хэдэн хувилбар байна. Галт тэрэг, такси, автобус гэх мэт. MNED нь автобусаар Токио руу явах хувилбарыг нь сонгов. Нарита нисэх буудлын нэгдүгээр терминалаас Токио хотын "Токио эки" галт тэрэгний өртөө хүртэл автобусаар зорчив. Тасалбарын үнэ 1000 иень. Намайг угтсан оюутан дүү минь замын турш ам зогссонггүй. Япон орон, Токио хот, Токио дахь монголчуудын тухай надад олон зүйл хуучлав. 
"東京" өртөөнд автобус зогсов. Өртөөний гаднаас нийтийн тээврээр зорчих карт худалдаж авлаа. SUIKA гэж нэрлэсэн энэ карт 500 иень бөгөөд хот доторх галт тэрэг (でんしゃ), метро (ちかてつ)гэх мэт тээврийн хэрэгслээр зорчих, мөн өөр хэд хэдэн төрлийн үйлчилгээ ч авч болох аж. 
Booking.com  сайтаар дамжуулан захиалсан зочид буудал маань Ооцука (おおつか駅) өртөөнөөс холгүй байлаа. Дашрамд дурьдахад энэ бол Токио хамгийн хөл хөдөлгөөн багатай, чимээ шуугиангүй тайван амгалан дүүрэг юм шиг санагдсан. 


 
Өртөөнөөс гараад YOSHINOYA хэмээх хоолны газар оройн хоол идэв. Хоол нь амттай, бас тийм ч өндөр үнэтэй биш. Хамгийн хямд хоол 420 иень. Хамгийн үнэтэй нь 810 иень. (2018 оны сүүлийн 7 хоногт Монголд 1 иень 24 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байлаа.)
Дараа нь захиалсан зочид буудалдаа очлоо. Зочид буудлын өрөө нь ердөө 15 м/квадрат боловч маш тохилог. Бага зайд их олон зүйлийг багтаажээ. Ер нь энэ өрөөний булан тохой бүр нь ашигтай талбай.


Унтах ор, зурагт, бичгийн ширээ, сандал, толь, ус буцалгагч, үсний сэнс, богино долгионы цахилгаан зуух, агааржуулагч,  агаар цэвэршүүлэгч, мини гал тогоо,  ванн, шүршүүр, жорлон, хувцасны шүүгээ, гутлын тавиур. 



Токиод байх хугацаандаа ийм өрөөнд амьдарлаа. Амьдрах ч юу байхав. Ер нь нар мандахаас наран жаргах хүртэл Токио хотоор тэнэсэн. Шөнөдөө унтах гэж л ирсэн хэрэг. 
Токио руу нисэхийн өмнөх шөнө нь хагас дутуу нойртой байсан. Токио руу нисэх онгоцондоо амжихын тулд бас л нойр дутуу. Ийм болохоор зочид буудалдаа ирээд шууд л толгой дэр хоёрыг нийлүүлэв.  Ийнхүү Токиогийн эхний өдөр дууслаа. 
Эхний өдрийн сэтгэгдэл дээрээ нэмж бичихэд 12 дугаар сар Токиод цаг агаар их тааламжтай сайхан байсан шүү. Улаанбаатарын утаан дундаас  ирсэн надад бол утаагүй хотод чөлөөтэй амьсгалаад явах жаргал байлаа. Токиод агаарын хэм +10 (цельсийн). Яг л Монголын минь намар шиг. Гэхдээ нар жаргаад харанхуй болсон хойно хүйтэн салхитай юм билээ. Ер нь бол Токио хот руу 12-р сард явах бол хавар намрын хувцас л яг тохирно.