Амьдралын тойрог

2009-01-31

Мах идэхгүй өдөр

Өнөөдөр цагаан хоол идэх өдөр гэнэ ээ. Жил бүрийн 1 сарын 31-ний өдрийг "Дэлхий даяараа махнаас татгалзах өдөр" болгон тэмдэглэхийг цагаан хоолтонууд, амьтны эрх ашгийг хамгаалагчид санаачилсан байна. Махыг нь идэхийн тулд амьтны амийг хороож байгаа нь балмад явдал гэж тэд тайлбарласан байх юм. Бас мах бага хэрэглэдэг хүн урт наслаж, өвчин тусах нь ч ховор байдаг гэж хүртэл сурталчилсан байна. (Дэлгэрэнгүйг эндээс үзэж болно.)
Ганц өдөр цагаан хоол идэх юм бол ходоод ч гэсэн хэсэг зуур амсхийгээд зүгээр ч юм уу? Би бол ойрдоо тувт мах идээд байгаа. Сониноос би жингээ үзсэн чинь сарын өмнөхөөсөө хэдэн кг нэмсэн байна лээ.




2009-01-30

Гайхалтай юм аа.

Хэд хоногийн өмнө сэтгэл зүйн тест бөглөж үзлээ. Хариуг нь харсан чинь яах аргагүй л үнэн гарлаа. Гайхалтай юмаа. Та нар ч гэсэн бөглөөд үзээрэй.

Дараах 4 асуултанд удаан бодолгүй шууд хариулаарай.

Асуултанд хариулахаас өмнө хамгийн чухал хүсэлээ бодоорой

Цаас харандаа аваад хариултаа бичиж аваад дараа нь тайлалтай нь тулгаж үзнэ үү.

Энэ сорилд үнэн зөв хариу өгөөрөй, тэгвэл чи өөрийгөө таних болно.

Асуулт болгонд СЭТГЭЛЭЭСЭЭ хариулна уу!!!

Асуулт 1
Дараах таван амьтныг өөрт чинь хамгийн их таалагддагаас бага таалагддаг амьтан руу дарааллуулан бичнэ үү

Бар

Морь

Хонь

Гахай

Тахиа

Асуулт 2
2.) Доор бичсэн таван үгэнд таарах тайлбар бичнэ үү (хамгийн анх толгойд орсноо):
(жишээ нь: морь - хурдан)
a.) Нохой

b.) Муур

c.) Харх

d.) Кофе

e.) Далай

Асуулт 3

Өөрт чинь сайн танил хүнийг дараах өнгөөр дүрсэлбэл?

a.) шар

b.) улбаршар

c.) улаан

d.) цагаан

e.) ногоон

Асуулт 4
4.) Сүүлчийн асуулт. Өөрийнхөө дуртай тоо болон гаригаа бичнэ үү

Одоо асуултынхаа хариултуудыг шалгана уу.

Гэхдээ эхлээд:

Хүслээ дахин бодно уу!!!

Хариулт 1
Эхний асуулт таны амьдралд ханддаг дэс дараалал юм:
Бар бол АМЖИЛТ, НЭР ХҮНД

Морь бол ГЭР БҮЛ

Хонь бол ХАЙР ДУРЛАЛ

Гахай бол МӨНГӨ

Тахиа бол АЖИЛ

Хариулт 2

Нохой бол:

Чамайг илэрхийлнэ

Муур бол :

Чиний найз нөхдийг чинь илэрхийлнэ

Харх бол :

Чиний дайсныг илэрхийлнэ

Кофе бол :

Чамтай секс хийхэд ямар байхыг илэрхийлнэ

Далай бол :

Чиний амьдралыг чинь илэрхийлнэ

Хариулт 3

Шар: Энэ хүн чамайг хэзээ ч мартахгүй

Улбар шар: Энэ хүн чиний жинхэнэ дайсан

Улаан: Энэ хүнд чи үнэхээр их хайртай

Цагаан: Энэ хүн – чиний хүн чанар.

Ногоон: Энэ хүнийг чи хэзээ ч мартахгүй.

Хариулт 4

Дуртай гэж бичсэн тоогоороо энэ захиаг таньдаг хүн рүүгээ явуулна уу. Тэгвэл таны хүсэл дуртай гарагт чинь биелнэ.

Энэ тестыг Далай Ламын хүсэлтээр түгээв.


2009-01-28

Сануулсан шүү... (funny)

Намуухан шөнө нойрсож байхад минь чи хүрч ирээд, шууд л миний өвөрт орж, ичиж зовохгүй хамгийн эмзэг газар минь уруулаа хүргэж байсан. Чи миний биенд эрээ цээргүй хүрч байсан. Надтай шөнөжингөө юу хийснийг чинь би өглөө нь ойлгосон. Бид хоёрын хийсэн ажлын ул мөр тодоос тод үлдсэн байлаа. Дараагийн шөнө чамайг хүрээд ирвэл би чамайг амдаж байгаа өөрийнхөө биенд чангаас чанга наах болно гэдгийг өөдгүй муу шумуул минь чамд анхаарууллаа шүү. За юу. Санаж яваарай.


2009-01-27

Дурлалын гоё түүх.

"Зөрлөг" уран сайхны киног үзлээ. Танхимд жаахан хоцорч орсон болохоор бүүр "бичигнээс" нь эхлээд үзэж чадсангүй. Эхлээд лав таван минут болчихсон байсан биз. Хайрын тухай гоё кино байна лээ. Киноны сэдэв нь бол шинэлэг биш - хайр, дурлалын түүх. Киноны утга агуулга нь их "ХӨӨРХӨН". Жүжигчидээ ч бас оновчтой сонгож чадсан байгаамаа. Жүжигчид нь дүрдээ уусаж орж, үнэмшилтэй тоглосон байна лээ. Ялангуяа тэр хөрш айлын бүтэлгүй Тайвнаа гэдэг хүний дүр л киноны үйл явдлын гол холбоос болж байна лээ. Үйл явдлын ритм, найруулга дажгүй. Бас зураг авалт нь бүүр "ОНЦСАЙН" юм. Зураг авалтыг нь Сэлэнгэ аймагт төмөр замын нэг жижиг станцийн орчимд авсан бололтой. Нүдэнд төдий л танил биш газар байсан нь сонирхолтой санагдаж байлаа. Донжийг нь олоод дуу шум хийчихжээ. Дүрүүдийн харилцан яриа нь сэтгэлд хоногшиж үлдэхээр, энгийн, ойлгомжтой. HD технологи ашигласан гэдэг нь мэдэгдэж байлаа. Бичлэг нь чанарын өндөр түвшинд. Гэхдээ...
Логикийн алдаа гэж хэлж болохоор хэд хэдэн момент байна лээ. Романтическая комедия гэдэг утгаар нь хүлээж аваад л тэр алдаа мадагийн нь уучилж болно. Тэгээд ч юу ч хийгээгүй хүн алдаа гаргадаггүй. Уран бүтээл хийж байгаа хүнийг бол урамын үгээр л мялаах хэрэгтэй. Энэ кинонд романтик хэсгүүд нэлээн ихтэй шүү. Хамгийн гол нь хар бараан юмыг биш, харин гэгээлэг, өөдрөг зүйлийн тухай кино болохоор надад таалагдсан. Дурлал чи надаас юу хүснэ вэ? гэж дуулаад л...




2009-01-26

Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи байлаа...

Би өөртөө өөртэйгээ зөрчилдөөд байна уу даа

Би дээр үед уншаад дуусгасан зарим номоо дахиад уншдаг "зуршилтай" хүн юм байгаан. Өмнө нь уншиж байсан номыг хэсэг хугацааны дараа эргээд уншихаар улам ч сонирхолтой юм шиг сэтгэгдэл төрдөгийн. Саяхан "Цэдэнбал түүний цаг үе. Дурлал, эрх мэдэл, эмгэнэл" номыг дахиад нэг уншлаа. Энэ номыг анх яаж олж авсан тухайгаа өмнө нь бичиж байсан даа. (Өмнөх бичлэгийг энд дарж үзнэ үү). Анх энэ номыг уншиж байхад Цэдэнбалын үеийн Монгол орон л надад түүх талаасаа сонирхолтой байлаа. Харин энэ удаа уншаад сууж байхдаа хүн хөгширнө гэдэг муухай юм даа гэж өөрийн эрхгүй бодлоо Залуу насандаа халгиж цалгиж явсан, Монгол улсыг удирдаж байсан энэ хүний гэр бүл, хувь заяа, эхнэр нь ямар байдалд орж, хэрхэн амьдрал нь дуусав гэдгийг энэ номноос тодоос тод харлаа. Цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн юм даа. Хүний амьдрал гэдэг нээрээ сонин юм аа.

Сүүлийн үед миний эргэн тойронд байгаа хүмүүс надад хандаж "Одоо чиний нас чинь яваад байна. Заяаны ханиа сонгоод, үр хүүхэдтэй болооч" гэж чин сэтгэлийн зөвлөгөө өгөх нь элбэгшээд байна. Намайг хөндлөнгөөс харж байгаа тэр хүмүүсийн нүдэнд би одоо л хүнтэй сууж, хурим найраа хийгээд, өрхийн тэргүүн болоод, үрийнхээ зулайг үнэрлээд явж чадахаар болсон гэж бодоод байгаа юм байна. Гэтэл би дотороо өөрөө өөртэйгээ зөрчилдсөн хүн. Одоогоос хэдхэн хоногийн өмнө манай ангийн нэг найз маань "Чи найз охинтой болооч. Энэ чинь чухал асуудал шүү дээ. ХҮҮХЭД. Дараа нь харамсах зүйлгүй. Энэ чинь амьдрал шүү дээ. Хөгшин болоод ганцаараа, хэн ч тоохгүй.... Тэгээд л гутарсан амьдрал. Найз нь энэ амьдралыг сайн ойлгодог. Би хүүхэдтэй болноо. Эхнэртэй ч болно" гэж хэлсэн юм.

Хөгшин болоод ганцаараа, хэн ч тоохгүй.... Тэгээд л гутарсан амьдрал гэдэг бол хатуу боловч үнэн үг гэдэгтэй би бүрэн дүүрэн санал нийлж байгаа юм. Гадаадад манай ангийнхан албан ёсоор гэрлээд, хамт амьдараад болоод л байдаг. Гэхдээ Монголын нийгэм бол огт өөр л дөө. Нээрээ хөгшин болно гэдэг муухай, бас их аймаар юм аа. Гэхдээ хэн ч хөгширнө, өтөлнө гэдэг зүйлээс зугатааж чадахгүй юм чинь үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй юм шиг. Миний хамгийн их айдаг зүйлийн нэг бол ганцаардал. Би ямар нэгэн хүмүүсийн хүрээлэлд үргэлж багтаж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох дуртай хүн байгаа юм. За тэгээд нэг айлын охин үрийг панаалдаж аваад найр хурим хийж нэг гэрт орчихоод тэр хүнийг аз жаргалтай байлгаж чадахгүй бол яах уу? Би өөр зүйл хүсээд байвал тэр хүнд хэцүү байх болно. Надад ч шаналгаатай. Ингэж өөрийгөө хуурч, бас эмэгтэй хүнийг давхар зовоох муухай санагдаад байгаа юм. Аль эсвэл хоёрдмол амьдралтай байх уу? Ингээд л би өөрөө өөртэйгээ зөрчилдөөд байгаа юм даа.


PS: 1 Өнгөрсөн долоо хоногт NTV-ээр үзсэн кинонууд нэг их таалагдаагүй. Хамгийн дажгүй кино нь "Төгс хайр" байсан гэж бодоод байгаа юм.

2. Блогныхоо дизайныг нь бас жаахан өөр болголоо.

3. Хэд хоногийн өмнө нэг журамын андынхаа төрсөн өдөрт очсон юм байна. Шинэ жилээс хойш алкаголь хэрэглээгүй. Эртүүд нэг кино ший үзсэнийг эс тооцвол маш томоотой байлаа. Магадгүй нөгөө нэгдүгээр сарын эхээр тохиолдсон стресс ч бас надад нөлөөлсөн байх. 2009 оны 1 сар миний хувьд ерөнхийдөө тааламжгүй үйл явдал зонхилсон. Бушуухан 1 сар дуусаасай.


2009-01-23

Зүүдний үргэлжлэл

"Танайд хоноё" нэвтрүүлгийн нэг баатар болж байсан Тунгалаг гэдэг бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны киног "Тэнгист" үзлээ. Тунгалаг агсаны гэрт зочилсон тухай нэвтрүүлгийг нь үзэж байгаагүй ч ерөнхийдөө бол мэдээлэл авчихсан байлаа. Цоо шинэ киноны үзэж байх үед бүх юм л оньсого шиг нууцлаг байдаг. Гэтэл энэ удаа юуны тухай үзүүлэх гэж байгааг нь гадарлаж байгаа болохоор сюжет нь нэвтрүүлгээ л давтах байх даа гэж бодож суулаа. Харин киноны сюжет нь төсөөлж байснаас арай л өөр байдлаар өрнөсөн. Зураг авалт нь бол таалагдсан. Жаахан өө сэв хайсан хүнд бол зарим эпизодын дүрс нь хэтэрхий удаан хэмнэлтэй, бас общий дүрс ихтэй. Зарим нэг хэсэг дээр нь деталь зураг дутагдсан юм шиг санагдав. Үзээд сууж байхад өөрийн эрхгүй деталиуд л үгүйлэгдээд, нэхэгдээд байсан.
Киногоор илэрхийлэх гэсэн утга санаагаа бол сайн гаргаж өгч чадсан юм байна даа л гэж дотороо бодсон. Хэн нэгэн хүний сайн сайхны төлөө зориулсан амьдрал л утга учиртай.

2009-01-20

Түүнд зориулсан 4 мөрт.


Хайрыг би хайж явдаггүй ээ
Хаа нэгтэйгээс хүрээд ирдэг
Зүрх догдлуулж ирсэн хайрыг
Зүгээр орхиж би чадахгүй

PS: Энэ зураг дээр байгаа заантай түлхүүрийн оосорыг нэг хүн надад бэлэглэсэн юм. Заан гэдэг том биетэй ч гэсэн их дөлгөөхөн, тайван, ухаалаг амьтан. Манай гэрт бас өөр хэд хэдэн заан байдаг юм. Заан бэлгэнд авсандаа маш их бэлэгшээж байгаа. Энэ зааныг нандигнан хадгалж явна аа.
Бас сонирхуулж хэлэхэд заан, MNED хоёрт хэд хэдэн ижил төстэй талууд байдаг юм. Хэ хэ.

ЗҮҮДЭНДЭЭ БИ...



Мичид гялсхийн анивчих
Тэнгэрийн орноос хайсан хайр
Хүрээд надад ирсэн ч гэлээ
Хүний л байж дээ, даанч
Хатуу ч гэлээ, үнэн л байж дээ

Салхинд саатан исгэрэх
Хорвоог санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ
Хожимдсон байлаа би
Дурлал байлаа, жаргал байлаа

Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай

Гандан жаргах хорвоод
Хайраар дутаж үзээгүй ч
Хангал зүрхэндээ чамайгаа
Хүсээд л байх юм даа
Дурласан ч юм уу? Хайрласан ч юм уу?

Алслан холдох амьдралд
Хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь
Харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь
Холын хайрт минь

Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд
Зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд
Чамдаа би хайртай

Яагаад ч юм бэ? Өнөөдөр энэ дуу асар их таалагдав. Миний компьютер дээр Night Train хамтлагийн дуулсанаар байгаа. YouTube дээрээс Харанга хамтлагийн дуулсанаар нь оллоо.

2009-01-19

Өөдрөг өнгө + өөр өнцөг = NTV. Гей кино 7 хоног

NTV телевизийн уриа үг нь бусад телевизийнхээс тэс ондоо. Шудрага, тэнцвэртэй мэдээлэл гэх мэт улиг болсон уриа лоозон байхгүй. "Өөдрөг өнгө, өөр өнцөг" гэсэн дөрөвхөн үгэнд нь зорилго нь тодорхойлогдоод байгаа юм аа. Мэдээллийн хөтөлбөр нь ч бас их дажгүй. Энэ телевизийн тухай өөрийн бодол, сэтгэгдэлээ би 2007 онд бичиж байсан санагдана. (энд дарж үзнэ үү.) Тэд юмны донжыг нь олоод шудрага мэдээлээд байх шиг санагдаад байгаа юм. Энэ удаа NTV телевизээр Монголд анх удаа гей киноны долоо хоног зохион байгуудж байна. Өмнө нь ч NTV- ээр гей сэдвийг хөндсөн уран сайхны кино хэд хэдэн удаа гарч байсан санагдаж байна. Үнэхээр Osobu-ийн хэлсэнээр "одоо болтол шкабадандаа нуугдаж байгаа, ганцаараа л ийм юм байна гээд айж ичиж суугаа манай ангийн жаалууд энэ кинонуудыг олж үзээд бас сэтгэл санаа сэргэж сайхан болох байхаа" гэдэгтэй 101 хувь санал нэг байна. Эцэст нь энэ бүхэн Монголын нийгэмд манай ангийнханы тухай зөв ойлголт төрүүлэх үндэс нь болоосой.
NTV телевизийн албан ёсны сайт

2009-01-18

ХАРАМСАХГҮЙГЭЭР...



Лучше поздно чем никогда гэж үг байдагийн. Сэтгэл хөдөлгөсөн нэг ийм кино...

2009-01-17

Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье.


Манай рок, попын хамгийн шилдэг хамтлаг, дуучид энэ сарын 24-нд UB palace-ийн концертын их танхимд “3а” нэртэй хандивын тоглолт хийх гэж байгаа. Энэ тоглолтын зорилго нь хорт хавдраар өвчилсан хүүхдүүдэд туслах, тэдний эмчилгээний зардал болох хөрөнгийг босгох зорилготой юм. Тасалбарыг HI-FI-ийн бүх салбараар 1 сарын 18-наас борлуулж эхэлнэ.

2009-01-16

Шинэ кино



"Филипп Моррис, би чамд хайртай"
(I Love You Phillip Morris) инээдмийн уран сайхны кино ирэх 3-р сарын 20 нд нээлтээ хийнэ.
Киноны гол дүрд Ж
им Керри (Jim Carrey), Эван Макгрего (Ewan McGrego) нар тогложээ. Шоронд нэг камерт хоригдож байгаа хоёр хоригдолын тухай энэ кино яг одоо АНУ ын Юта мужид болж байгаа "SUNDANCE" 25 дахь удаагийн кино наадамд оролцож байна. Кино наадамд "Филлип Моррис, би чамд хайртай" уран сайхны кино рейтинг өндөртэй байна.

ХАРВИ МИЛК

АНУ ын Сан Франциско хотын зөвлөлд багтан орох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн улс төрч залуугийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн Milk уран сайхны кино сүүлийн үед Европын үзэгчдийг байлдан дагуулж байна. Тэр хотын зөвлөлд орж бэлгийн чиг баримжаанаасаа болж гадуурхагдаж байгаа хүмүүсийг эрхийг хамгаалах, ер нь л нийгмийн сайн сайхны төлөө тэмцэхийг зорилгоо болгожээ. Харви Милкийн амьдралын сүүлийн 8 жилийг энэ кинонд өгүүлдэг. Харви Милкийн амьдарал маш харамсалтайгаар дууссан юм. Киноны үйл явдал Кастро хотод өрнөдөг. Харви Милк бэлгийн чиг баримжаанаас нь болж хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь байж болшгүй зүйл. Хүний эрхийг бүдүүлэгээр зөрчиж байна гэж үздэг байлаа. Кинонд найруулагч Харви Милкийн хувийн амьдрал, дотоод ертөнц рүү нь өнгийсөн ч, гол нь улс төрийн тэмцэлийн тухай дэлгэрэнгүй ойлголт өгөхийг хичээсэн байна. Харви Милкийн улс төрийн дайсан нь Дэйн Уайт байжээ. Хэт хуучинсаг үзэлтэй, христийн шашны үнэт зүйлсийг эрхэмлэдэг энэ хүн Харви Милкийн амийг хороосон юм. Ингэснээрээ тэр уучлашгүй нүгэл үйлджээ. Энэ дэлгэцийн бүтээлийг Нью-Йоркийн мэргэжилтнүүд 2008 оны шилдэг кино гэж хүлээн зөвшөөрчээ.

Жанр: драма

Найруулагч: Гас Ван Сэнт

Дүрүүдэд: Шон Пенн, Жош Бролин, Эмиль Хирш, Жеймс Франко, Диего Луна, Брэндон Бойс, Виктор Гарбер

"Милк" уран сайхны киног Украиний кино театруудаар 1 сарын 22 оос эхлэн үзүүлэх байсан ч эрх баригчид нь хоригложээ. Энэ киног Украинд орчуулж үзүүлэх эрхийг авсан Артхаус Трафик компаний энэ төслөө аврахын тулд чадах бүхнээ хийнэ гэж амласан байна.


2009-01-15

Нэг юм хэлээд байна аа.

Анх блог нээхдээ би mned.blogspot.com гэж хаягтай байсан юм. Тэгсэн чинь нэг өдөр энэ блог руугаа нэвтэрч редакторлох боломжгүй болчихсон. Яагаад гэдэгийг нь бүү мэд. Блог нь бол устаагүй байгаа л даа. Тэгэхээр нь шинээр newmned.blogspot.com гэж нээсэн юм.
Миний хуучин блог руу одоо болтол хүмүүс ордог юм байна гэдгийг саяхан би олж мэдсэн юм. 2007 оны 10 сарын 2 нд оруулсан нэг бичлэгт 2008 оны 12 сарын 22 нд нэг хүн сэтгэгдэлээ үлдээж. Бас 2007 оны 11 сарын 4-ний нэг бичлэгийн доор 2009 оны 1 сарын 12 нд бас нэг сэтгэгдэл байна лээ. Бодвол нэг хүн л архив ухаж уншиж байгаад үлдээсэн бололтой.
Ийм хожуу ч гэсэн хүмүүс уншаад сэтгэгдэлээ үлдээж байна гэдэг чинь бас нэг юм хэлээд байна шүү. Хэ хэ

Оскар ахын тухай...


Түрүүчийн удаа Ирландын зохиолч Оскар Уайльдийн номыг амтархан уншиж байгаа гэдгээ хэлсэн. Номын дэлгүүр Оскар Уайльд гэдэг нэрийг харангуутаа л эргэлзэх юмгүй номыг нь сонгосон гэж бичиж байсан даа. Миний хувьд энэ зохиолчийн тухай оюутан байхдаа гадаадын уран зохиолын хичээлийн үеэр анх удаа мэдсэн юм. Ер нь зохиолууд нь бол хүний сэтгэл зүй, гоо зүй рүү хандсан шинжтэй. Гэхдээ энэ бол миний хувийн бодол шүү. Хувийн бодол гэснээс энэ хүний хувийн амьдрал бас их ээдрээтэй. 1854 онны 10 сарын 16 нд Дублин хотод төрсөн. Эцэг нь алдартай мэс засалын эмч байсан. Харин эх нь уран зохиол, шүлэг яруу найрагт их дуртай хүн байж. 1864-1878 оны хооронд бага сургуулиас эхлээд дээд сургуульд сурсан. Нэг биш, нэлээн хэдэн их сургууль "онц" төгссөн гээд намтарт нь бичсэнийг бодвол "БОТАНИК" байсан бололтой. Уран зохиол оролдож чамлахааргүй амжилтанд хүрсэн хойноо АНУ, Канадаар нэлээн явж их дээд сургууль, элдэв янзийн клубт лекц уншиж байж. 1884 онд Констанция Ллойд гэдэг бүсгүйтэй гэрлэсэн. Тэд хоёр ч хүүхэдтэй болжээ. Гэхдээ... Оскар 1886 онд Оскфордын их сургуулийн 17 настай оюутан Роберт Росстой танилцжээ. Ингээд эхнэр хүүхэд, хамаатан садан, хамтран ажилладаг бүх хүмүүсээс нуугдмал байдлаар өөрийнх нь тодорхойлсоноор "хоёрдмол амьдрал"-тай болжээ. Яг энэ үедээ буюу 1891 онд "Дориан Грейн хөрөг" романаа туурвижээ. Тун удалгүй тэр Альфред Дуглас гэдэг залуутай танилцжээ. Альфред Дуглас "Дориан Грейн" романыг 9 удаа уншиж, Оскарыг авъяасыг нь шүтэн биширч байна гэж ярьдаг байжээ. Харин Оскар агаа Альфредэд ухаанүй дурласан байлаа. Хэсэг хугацааны дараа Оскарын Дугласт бичсэн хайрын үгтэй захиа хорон санаатаны гарт оржээ. Ингээд захиа Дугласын эцэг Квинсберигийн гарт иржээ. Хэн нэгэнийг хайрласаныхаа төлөө тухайн үеийн хуулиар авъяаслаг зохиолч1895 онд 2 жилийн ял авчээ. Өрөвдмөөр байгаа биз. 1897 оны 5 сард тэр шоронгоос гараад Франц улсад очиж Дугластай уулзаж хамт амьдарчээ. Хамтдаа аз жаргалтай байсан биз ээ. Оскар Францад ирээд Себастьяна Мельмота (Sebastian Melmoth) гэж нэрээ сольжээ. Амьдралын сүүлийн мөчөө хүртэл Оскар Парист амьдарчээ. 1900 оны 11 сарын 30 нд зохиолч нас барсан юм. Оскар шоронгоос гарсан хойноо хайртай хүндээ зориулсан бүтээлээ бүтээлээ хэвлүүлжээ. Үүнээс хойш уран бүтээл хийгээгүй бололтой. Оскар Уайльдын зохиолууд манай ангийнханы төрөлхийн мэдрэмжийн тухай өгүүлдэг. Зохиол бүтээлд нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэл ч бас нэвт шингээстэй гэжаагаа. 2007 онд Британий "THE Telegraph" сонин зохиолч түүнийг Их Британий хамгийн ухаалаг, мэргэн цэцэн хүн гэж нэрлэсэн байна. Харин түүний араас Шекспир ,Черчилл нарын нэр оржээ. Оскар Уайльдын намтараас сэдэвлэн "WILDE" уран сайхны киног Их Британи, Герман, Япончууд хамтран 1997 онд бүтээж байжээ.

PS: "Дориан Грейн хөрөг" - гурван залуугийн нөхөрлөл, урлаг, гоо сайхны мэдрэмжийн тухай сэтгэл догдлуулсан түүх. Би ч дэлгүүрээс авсан өдрөө уншаад дуусгачихсан. Одоо Өлзий аниагийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-тай танилцаж байгаа.