Амьдралын тойрог

2009-08-26

Мөрдөгч Деррик

Өнөөдөр орой зурагтны суваг солиод сууж байсан чинь TV9 -дээр өнөө Мөрдөгч Деррик нь гарч байнаа. Эрэн сурвалжилах чиглэлийн нэвтрүүлэг гэдэг нь нэрнээсээ л ойлгомжтой. Яг ийм нэртэй нэвтрүүлэг 90-ээд оны эхэн үеэр Үндэсний телевизээр гардаг байсан санагдаж байна.
Манай гэрийн эд хогшил бага багаар алга болоод байна гэсэн гомдол мэдүүлсэн нэг залуугийн захиалга ирж байгаагаар нэвтрүүлгийн сюжет эхлэв. Гэрт нь хамаатаных нь оюутан залуу амьдардаг гэнэ. Түүнийг л хулгайд сэрдэж. Ингээд гэрт нь нууц камер суурилуулж байна. Бүтэн 72 цагийн ажиглалтыг бичлэгийг хурдлуулж, түргэвчилж үзүүлж байтал яахын аргагүй өнөө хамаатаны дүү нь тэр айлын ханын шүүгэнд далдхан нуусан сейфэнд түлхүүр тааруулж хийгээд видео камертай цүнх авч байгааг харуулав. Нэвтрүүлгийнхэн араас нь мөшгиж байна аа. Араас нь дагаж, нууцаар ажиглаж байгааг өнөөх чинь мэдэж байгаа юм ч алга. Ахынхаа гэрээс авсан видео камерыг ломбарданд тавьчихаад хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа дүрс үзүүлэхв. Төдөлгүй нэг залуутай уулзаад, саунд сууж байна. Дараа нь уулзсан залуугийнхаа машинд суугаад хотын ойролцоо байдаг нэг амралтын газар очиж хоол идэж, шар айрагдаж байна. Нэвтрүүлгийнхэн араас нь... Дараа нь тэдний амарч байгаа өрөө рүү шуудхан л дайраад орчих юмаа. Хэрэглээд хаячихсан нэг бэлгэвч шалан дээр байгааг хальтхан харуулав. Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжтой.
Захиалга өгч дүүгээ тагнуулдуулсан нөхөр ч унтаж байгаа өнөө хоёрыг цохиод авч байна. Еэ бүү үзэгд. Хөтлөгч нь харин ямар нэгэн дүгнэлт хийхээс татгалзаж, хүн бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө байр сууринаас хандаарай гэсэн хэдэн үг хэлж байна лээ. Нэвтрүүлэгт гарсан бүх хүмүүсийн нүүр царайг нь мозаиклаад бүрэлзүүлж танигдахааргүй л болгосон байна лээ. Нэвтрүүлэгт үзүүлсэн зүйл нь ердөө л энэ. Гэхдээ үүнийг үзсэн стрэйт хүмүүст манай ангийнханыг бүүр үзэн ядах сэтгэгдэл төрүүлэх вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрүүлэв ээ. Оюутан залуу ахынхаа гэрээс эд хогшилыг нь хэлэхгүй авч ломбарданд очиж байгааг нь зөвтгөх аргагүй л дээ Мөнгө хэрэгтэй байсан юм бол ахдаа хэлээд л авчиж болохгүй л байсан юм байх даа? Харин тэр хүний хувийн амьдрал руу өнгийж, ор хөнжил рүү нь шагайх заавал хэрэгтэй л байсан юм байх даа? Телевиз хүртэл сонин шиг шарлаж дээ.
Ингээд л бодохоор Монголын нийгмийн дийлэнх олонхи (масс нь) бас л болоогүй л байна даа. Ер тэгээд ч амьдралд бодитойгоор оршиж байгаа юмыг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй бол улам л далд нууцлаг байдалд оруулаад байдаг даа. Гэхдээ бас энэ нэвтрүүлэг үнэхээр бодит факт дээр тулгуурласан уу? Эсвэл орчин үеийн реалити шоуны нэг хэлбэр болгоод эрэн сурвалжлах гэдэг үгээр хаацайлчив уу? Яг миний санаандгүй үзсэн өнөөдрийн дугаарын сюжет нь үнэн бодит гэж итгэхэд хэцүүхэн л санагдав. Мөрдөгч Деррик нэвтрүүлгийг TV9-ийн албан ёсны сайтаас төлбөртэйгээр, бас эндээс үзэж болох юм шиг байна лээ.

2009-08-25

Дмитрий Медведев


Оросын сүүлчийн эзэн хаан, өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведев нар төстэй харагдаж байх чинь ээ. Дима нь сахалгүй л болохоос төс байна шүү.

Гэртээ харих замд

Хатгалаас Мөрөнд эргэж ирлээ. Хэд хоногийн өмнө энэ жижигхэн хотод анх ирээд шууд л хөдөө тийш хүлгийн жолоо залсан юм. Харин буцахдаа Мөрөнгийн төвөөр жаахан тэнэлээ. Мөрөн хотын төв талбайн зураг. Энэ цагаан байшин орон нутгийн захиргааны байшин. Мөрөнгийн төвөөр хэсэг явж байгаад захаар нь орлоо. Нэрс жимс зарж байна. Энэ Мөрөнд жимс зарж байгаа нөхдүүд түүхий жимс түүгээд уксус хольж болцыг нь түргэтгэдэг муу аргатай болсон гэнэ. Их идвэл ходоод түлэгдэж хордох нигууртай гэсэн шүү. Ориг юм ч олж иднэ гэдэг хэцүү бололтой.
Мөрөн хотоос УБ шууд орох унаанд сууж болох байлаа. Гэтэл Эрдэнэт хот орох фургон тааралдахаар нь ороод суучихлаа. Сэлэнгэ аймаг орох нэг бүсгүй, УБ орох гурван охинтой гангар гунгар хийсэн шиг Булган аймгийн нутгаар дамжин Эрдэнэт хотыг зорилоо доо. Мөрөнгөөс Эрдэнэт хүртэл бас овоо зайтай юмаа. Булган аймгийн нутагт ороод замын гуанзанд орж цуйван захиалгаар хийлгэж идчихээд цааш хөдөлсөн юм.
Бараг 16 цаг орчим энэ фургоноор сүнгэнүүлээд Эрдэнэт хотын барааг харлаа. Эрдэнэт хотод орос нэлээн олон юмаа. ГОК-т ажилладаг байлгүй дээ. "Эрдэнэт" үйлдвэрийн гадаа нь хуучны уриа лоозонг оросоор бичсэн байхтай таарлаа. Зарим албан газрын хаягийг нь бүүр оросоор бичээд тавьчиж. УБ-т хүүхдийн паркт байсан алсыг харагч, морин тойруулага Эрдэнэт хотод ирээд заларчихсан байна лээ. Хажуугаар нь фургоноороо сүнгэнээд өнгөрсөн.
Эрдэнэт хотод ирсэн хойно фургоны жолооч агаа биднээс мөнгө төгрөг авсангүй. Угаасаа л гэртээ харих гэж яваа болохоор зам нийлсэн улс байна. Мөнгө төгрөгөөр юу хийхэв ээ гэж байна. Баярллаа гэж салах ёс хийгээд хэлээд фургоноосоо буулаа. Зах зээлийн энэ үед сайн хүн бас байдаг л юм байна.
Эрдэнэт хотын барилгачдын талбайн хажууд УБ-ын зайсан толгойг санагдуулсан хөөрхөн цогцолбортой. Орой дээр нь зэсийн баяжмалыг бэлгэдсэн барималтай. Эрдэнэтээс УБ орох хот хоорондын автобусанд суугаад шөнө дөл болсон хойно "Сайн, сайн байна уу? Миний Улаанбаатар" гэсээр төрөлх хотдоо ирсэн дээ. Ингэж нийслэл хүүгийн энэ удаагийн аялал дууслаа даа.

2009-08-24

Хөвсгөл далай

Алаг-Эрдэнэ сумаас 40 гаран км явж байж Хатгалд хүрлээ. Хатгалын хэдэн байшингууд нь яагаад ч юм бэ? Орос тосгоныг санагдуулаад байлаа. Орос загварын нэлээн хэдэн дүнзэн байшинтай. Хөвсгөл далайн ус нь ямар ч гоё цэнгэг юм бэ? Сүхбаатар усан онгоц цагийн хуваарийн дагуу Ханх-Хатгал гэсэн чиглэлээр аяладаг юм байна лээ. Усан онгоцоор аялахад 8000 төгрөгийн үнэтэй. Хатгалд намайг ирэхээс өмнө хэд хоног тэнгэр муухайрчээ. Энд тэндгүй шавар шалбааг. Хатгалд ирээд нутгийн нэг эмээтэй санаандгүй таарч хууч хөөрөв. Насаарааа Хатгалд амьдарсан энэ эмээ залуудаа туувар хийдэг байсан гэнэ. Эмээгээс энэ хавийн орон нутгийн чанартай мэдээлэл олж авлаа шд. Тэнгис далай, нуурын эрэг газар нь гүехэн байснаа аажимаар гүн болдог доо. Гэтэл Хөвсгөл далай тийм биш гэнэ. Ус нь цэнгэг болохоор бараг л ероолын чулуу нь үзэгдээд гүехэн юм шиг санагддаг юм гэж нутгийн нэг эмээ яриад хэд хоногийн өмнө Хөвсгөл далайн усанд 3 хүн осолдсон золгүй явдал гарсан гэж хэлэв. Моторт завиар явж байтал өнөөх нь хөмөрөөд сүйд болсон юм байна. Хөвгөл далайд хүн осолдохоор хэд хоногийн турш тэнгэр муухайрдаг гэж нутгийн хүмүүс ярьж байна. Цаг агаарын прогнозод итгэдэг над шиг хүнд бол энэ үг мухар сүсэг шиг л санагдаж байлаа. Гэхдээ ийм золгүй явдал гарсаны дараа Хөвсгөл нутгийн тэнгэр уйлагнадаг ч юм билүү? Юм гэдэг чинь бас цаанаа учиртай шд. Хэрэг дурлаад асуугаад байсан чинь Хөвсгөл далайн ероолд зөндөө олон машин тэрэг байгаа гэнэ. 80-аад оны үед Хөвсгөл далайн дээгүүр өвөл ачааны машинаар тээвэр хийдэг байж. Зам товчилж байгаа нь тэр. Сайн хөлдөөгүй байсан мөс цөмөрч нефть ачиж явсан том ЗИЛ-130 Хөвсгөл далайн ероолд орж байж. Оросоос авч ирж байсан нэг том усан онгоц мөнхийн зогсоолдоо байж байгаад гэнэт хазайсаар далайн усанд живээд орсоны нүдээр үзсэн хүнтэй ч уулзав. Соц нийгмийн үед живсэн онгоцыг татаж гаргах гээд чадаагүй юм гэнэ лээ.
Хөвсгөлийн байгаль нь бол үнэн тансагаа. Нацагдоржийн "Миний нутаг" шүлэгт гардаг Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд... гэдэг 100 хувь үнэн юмаа. Нуурын эрэг хөвөө дагаад жуулчины бааз дүүрэн. Тэнд нь жуулчид шаваастай.Хөвсгөл далайг үзсэнээр нэг хүсэл маань ингээд биелэв ээ.

2009-08-23

Эгийн голын эрэг дээр

Мөрөн хотоос Алаг-Эрдэнэ орох замдаа уул, тал, гүн хөх тэнгэрийг ажиглаж явлаа. Үүл нь хүртэл үлгэрийн юм шиг санагдсан. Эгийн голын эрэг дагуу байрладаг сумын төвийн бараа нь алсаас харахад нэг иймэрхүү. Сумын төвд 2000 орчим хүн амьдардаг гэдгийг нутгийн хүнээс амнаас сонслоо. Засаг даргийн тамгийн газар, сумын сургууль, эмнэлэг, цагдаагийн газар, ХААН банкны салбар, клуб, хүүхдийн цэцэрлэг, зочид буудал гэсэн цөөхөн хэдэн албан газартай. Засаг даргын тамгийн газар, улаан булан, сургуулиар нь орж үзлээ. Төвийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдсон болохоор тог тасарна гэсэн зовлон багатай гэнэ. 90-ээд оны эхэн үед гал алдаж, уурын зуухаа тэс хөлдөөжээ. Тэр цагаас хойш уурын зуухны барилга нь балгас болж хоцорч. Засаад авах мөнгө олдоогүй бололтой. Сургууль, клубын өрөө тасалгааны хананд паар байсан ул мөр болсон нарийнхан трубаны үзүүр ёрдойжээ. Өвлийн жавар тачигнахаар зууханд гал түлж дулаацуулдаг гэнэ. Нүүрсгүй газар болохоор модоо л түлнэ. Нутгийн хүмүүс Хөвсгөл нуурыг "далай ээж" гэж хүндэтгэж хэлцгээнэ. Нуур гэдэг үгийг барагтай л бол хэлэхгүй нь анзаарагдлаа. Хөвсгөл далайд 99 гол мөрөн цутгадаг. Харин "Эгийн гол" далай ээжээс эх авч урсдаг цорын ганц гол. Голын эрэг дээр хэсэг сууж, сүүдрээ дагуулаад сүр жавхлантайгаар алхаж хэсэг явлаа.
Энэ гол тунгалаг устай, загас жараахайгаар ч элбэг байна лээ.

Нар жаргах дөхжээ.
Би өмнө нь удаан хугацаагаар хөдөө гадаа олон явж байсан биш. Сумын төвийн амьдрал нэг хэвийн, нам гүмхэн санагдав. Гэхдээ энэ нам гүм байдлыг заримдаа архи уусан нутгийн залуучууд эвдэж орхидог бололтой. Хамт архи ууж сууж байтал нэг нь тасараад уначихвал бусад нь тэр газар нь орхиод л явчих юм. Өнөөх нь сэргэж, босоод юу ч болоогүй юм шиг гэрийн зүг намс намс алхаад л яваад өгнө. Сумын төв жижигхэн болохоор бүгд бие биенээ танина. Тасараад унахад хамт уусан хүмүүс нь биш юмаа гэхэд, өөр хэн нэгэн хүн анхны тусламж үзүүлэх байхаа. Голын эрэг дээр намайг сууж байхад хойд дэнж дээр "байгальд баардаж" байсан нутгийн залуусын нэг нь ингээд тасараад уначихжээ. Нөгөөдүүл нь харсаар байтал дэнж даваад яваад өгсөн дөө.
Үүнийг хараад миний сониуч зан хөдлөөд зургийг нь дарчихсан юм. Тас компаний захирал болсон энэ залуугийн эвгүй зургийг авсандаа блогоороо дамжуулаад хүлцэл өчье. Гэхдээ нүүр нь харагдахгүй л байна ш дээ. Ийм өнгийн дээлтэй хөрслөг бор залуус хөдөө нутгаар хаа сайгүй.
Сумын төвд нэг зочид буудал ажиллана. Нэг хоногийн хоёр мянга таван зуун төгрөг гэж байна лээ. Бараг орлогогүй шахуу. Заавал зочид буудал гэлтгүй. Холын хүнийг хэн ч гэртээ хонуулаад, хооллож ундална. Зочломтгой монгол зан хэвээрээ байгаа. Хөдөө явахад өлсөнө гэж түүхэнд байхгүй. За Эгийн голын эрэг дагуух сумын төвийн амьдралын дүр зураг миний нүдээр нэг иймэрхүү. Миний дараагийн очсон газар нь Хатгал байлаа.

24 цаг автобусаар

Долоо хоногийн хугацаатай үүргэвчтэй хийгээд ирлээ. Гол зорилго маань Хөвсгөлийн Хатгал хүрэх. Аль болох бага зардалаар олон газраар явах төлөвлөгөө зохиов. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот руу Изнисийн хөөрхөн жижигхэн онгоцнууд, МИАТ-ын "БОИНГ" маань нисээд байгаа сурагтай л байсан. Изнисийн онгоц 1 нэг гучин минут орчим, харин МИАТ-ын онгоц 50 минутийн дотор л Мөрөнд хүрчихдэг гэж сураг сонсов. Харин би таван шарын наахна байдаг "Драгон" автовокзалаас Мөрөн хүрэх автобусанд суучихлаа. Зардал нь ч хямдхан юм. Оросын ПАЗ загварын дунд оворын нэлээн хуучирч, өвгөрсөн автобус намайг Мөрөн хот руу хүргэх унаа байх нь. Зураг 1. Замын маань хань болсон үүргэвч, mp3 тоглуулагч, видео камер маань.

УБ-Мөрөнгийн хооронд өдөр бүр хот хоорондын автобус явдаг хуваарьтай Хуваарийн дагуу УБ-аас 17 цаг хөдлөж маргааш өдрийнхөө өглөөний 10 цагт Мөрөн хүрнэ. Гэхдээ зарлалын самбар дээр бичсэн энэ хуваарийг ягштал мөрдөнө гэдэг нь эргэлзээтэй. 17 цагт 20 минут дутуу байхад би автобусандаа ороод суучихлаа. Зорчигчид ч ээлж ээлжээрээ уван цуван орж ирсээр. Би ч радараа ажиллуулж автобусанд орж ирж байгаа хүн бүрийг ажиж суулаа. Том хайрцаг, цүнх, битүү скочдсон гахайтай хэдэн хүн байлаа. Улаанбаатараас бараа татаж Хөвсгөлд зардаг хөдөөний бизнесмэн гэдэг нь тодорхой. Гэр бүлээрээ Хөвсгөлд амрахаар явж байгаа хэсэг хүмүүс тэдний араас орж байна. Хот ороод буцаж яваа нялх хүүхэд тэвэрсэн Хөвсгөл нутгийн хөрслөг бор царайтай дунд хэрийн насны эмэгтэй хамгийн арын суудалд үзэгдэв. Аль хэдийнэ 17 цаг болчихоод байхад автобус хөдлөх шинж алга аа. Жолооч нь хүмүүсийн ачаа тээшийг ингэж байрлуул, тэгэж тавь гэж командлаж байна. Энэ хооронд би автобуснаас гарч ойролцоох дэлгүүрээс замдаа уух жүүс, ам хөдөлгөх бохь авлаа. Эргээд автобусандаа суутал нэг япон, нэг хятад залуу, бас нэг шар толгойтой жуулчин нэмэгджээ. Хэмнэлт хийж аялаж байгаа орчин үеийн бадарчингууд байх нь. Тэгээд ч газраар явахад замд тааралдах газар орон, байгаль, хот сууринг үзээд зугаатай л даа. Онгоцоор нисэхэд ийм боломж гарахгүй юм чинь.
Автовокзалаас тасалбар аваагүй зорчигчид жолоочийн халаасанд шууд тасалбарын үнийг төлөөд явдаг юм байна. Гэхдээ ийм хүмүүс тохитой тухтай суудал эзлэж явна гэдэг асуудалтай. Оройн 18 цаг дөхүүлж байж автобус маань сая нэг юм хөдлөв. Манайхан ч цаг барихдаа угаасаа хойрго хүмүүс. Тэгээд ч алсын замд явахад цаг товлодоггүй гэж ярьдаг. 22-ийн товчооны наахна шатахуун түгээгүүрийн газар хэсэг саатаж, автобус маань түлшээ дүүргээд хотоос гарлаа. Хар зам дуусаж, бартаат замын энхэл донхолд сэгсчүүлж эхлэв. Видео камераа өвөр дээрээ тавиад өлгийтэй хүүхэд авч яваа юм шиг л бөөцийлж явлаа. Надтай зэрэгцээд 50 орчим насны нэг эмэгтэй сууж явсан юм. Шарилжны, эсвэл тоосонцорын харшилтай бололтой. Ам хамараа салфеткаар дарж сууна. Замын тоос шороонд их хэцүү байгаа бололтой. Нар шингэсэн хойно Төв аймгийн Лүн суманд ирлээ. Лүнгийн гуанзны өмнө автобус хэсэг саатав. Жолооч, зорчигчид гуанзанд орж хоол авч идэж байна. Би гуанз руу нь орсонгүй. Гэрээсээ авч гарсан савтай хоолоо автобусандаа сууж байгаад идлээ. Арын суудал сууж яваа хэсэг нөхдүүд ч бас гялгар уут, хоолны сав дуугаргаж байна.Түнэр харанхуйг зүсэн цааш автобус маань явлаа. Тэгэж байтал ширүүн бороо асгарч, тэнгэрт аянга цахилгаан нижигнээд сүртэй юм болдогийн байна. mp3 сонсоод өөрийгөө саатааруулж байснаа суугаа чигээрээ зүүрмэглэжээ. Замын донсолгоонд сэрж цагаа харвал шөнийн 3 цаг. Бороо намдчихаж. Хөдөлгөөнгүй удаан сууснаас болж хамаг бие чилээд хөшчихсөн байлаа... Хажууд суугаа эмэгтэй рүү хартал бас л суугаагаараа унтаж байна. Харин жолооч ах л ганцаараа тасархай цоглог явж байна. Ганцаараа дуу аялаад автобусаа жолоодоо л ... Шөнө зүүрмэглээд унтчихгүйн тулд ганцаараа дуу аялаж яваа юм болов уу гэж бодов.
Дараагийн өдрийн 10 цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байхад Мөрөн хотын бараа байдаггүй. Үд дундын хэрд автобус нэг газар ирж зогсов. Ашгүй Мөрөнд ирж дээ гэтэл андуурсан байлаа. Тосонцэнгэл гэнээ. Автобус бас л замын гуанз барааджээ. Хүмүүс автобуснаас гарч биеийнхээ чилээг гаргаж, тэрүүхэн тэндээ гимнастик хийж, эмэгтэйчүүд жорлон руу гүйлдэж, эрчүүд нь замаас зайдуухан очиж морио харцгаав. Замд явахад цаг товлодоггүй гэдэг гэдэг нээрээ үнэн бололтой. Ширүүн борооны дараа зам нэлэнхүйдээ шавар шалбааг халтиргаатай болсон тул автобус удаан явжээ. Хотоос гарсанаас хойш яг 24 цагийн дараа Мөрөн хотод ирлээ. Хотоос хамт явах ёстой байсан "багш" маань намайг Мөрөнд тосож авлаа. Ээжийнх нь бие чилээрхсэн тул надаас түрүүлээд явсан юм. Ээж нь бурхан болчихжээ. Ум мани бад ни хум. Харин ашгүй ээжтэйгээ амжиж уулзаж чадсан гэнэ. Гэрт нь очиж сайхан хооллож аваад нэг хүний машинд дайдагдаж Мөрөнгөөс 60 км зайтай Алаг-Эрдэнэ сумийг зорилоо.
(За дараа үргэлжлүүлж бичье дээ.)

2009-08-14

Кадетство-3

Уже одиннадцать ноль одна
И я иду из вечерней школы,
А ночь таинственна и темна
И ей не спится от рок-ен-рола.
Уже одиннадцать ноль одна...
Луна ногами в окно стучится,
Но не нужна мне сейчас она
Ведь я сама улечу как птица...
Припев:
Над этим городом, над этой площадью-
Черные вороны, белые лошади...
Была бы разница-годы ведь школьные-
Синие, красные и рок-ен-рольные...

Меня назвали не в честь неё!
Её клубочек давно распутан.
А с небадождик водичку льёт...
Ну здравствуй, милая Мика Ньютон
Меня назвали не в честь неё,
Но лишь она по ночам мне снится.
Пусть кто-то третий о нас споёт,
А мы опять улетим как птицы...
Припев.(2 раза)

Монгол хэл

Ер нь ямар ч "хэл" цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Гэхдээ яаж ч өөрчлөгдөж байсан өгүүлбэр нь учир зүйн (логик) алдаагүй байх ёстой. Монгол хэл хувьсан өөрлөгдөхдөө өгүүлбэр зүйн аймшигийн алдаатай болоод байгаа юм. Сонин уншиж, зурагт үзэж, радио сонсож байхад утга учир нь олдохгүй, хүнийг төөрөгдүүлэхээр өгүүлбэр зөндөө олон тааралдана. Дээр үед сонины алдаа олно гэдэг маш хэцүү даалгавар байлаа. Харин одоо алдаагүй сонин олно гэдэг бол тун бэрх даалгавар. Миний олж уншиж байсан алдаатай өгүүлбэрүүд: "Энэ хавар 700 ширхэг мод тарьж, цардмал зам, шүлэг шинээр тарив." Цардмал замыг ургамал шиг ургуулдаг гэсэн утга гарч ирж байна. Бас тарьж, тарив гээд нэг үндэстэй үг хоёр удаа хэрэглэж. Өөр нэг жишээ "Манай эмнэлэгийн төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй юм." Төхөөрөмж гэдэг үгийг хоёр удаа бичсэнээс болоод төхөөрөмж нь төхөөрөмжтэй болж таарч байна. FM радиогоор бас учир нь ойлгогдохгүй юм их ярьна аа. "Хэдэн хоромын дараа манайд ирүүлсэн ус цаг уурын хүрээлэнгийн цаг агаарын мэдээг хүргэлээ. " Ирээдүй цаг, өнгөрсөн цагийг холиж хутгаад утгаа алдаж байна. UBS-ийн мэдээний төгсгөлд "Одоо маргаашын хотуудын цаг агаарын мэдээг хүлээн авна уу" гэж нэвтрүүлэгч нь байнга хэлнэ. Маргаашын хотууд, өнөөдрийн хотууд, эсвэл өчигдөрийн хотууд гэж байдаг байх нь. Үндэсний телевизийн 18 цагийн мэдээний төгсгөлд нэвтрүүлэгч нь "Өнөөдөр болсон илүү дэлгэрэнгүй мэдээллийг 20 цагаас үзээрэй" гэж ёс юм шиг хэлдэг болоод байгаан. Уг нь хөөрхий "Өнөөдөр болсон үйл явдлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг" гэх ёстой л доо. Заримдаа зарлал уншихаар бас элэг авмаар юм бичсэн байдаг. Дээр нь энэ хоолны газрын хаягууд их марзан. Жишээ нь: "Солонгос хоолны зоогийн газар", "Олон үндэстний хоолны зоогийн газар". Хоол гэдэг үгний хүндэтгэлийн хэлбэр нь зоог. Тэгэхээр "Манай аавыг эцгийг Q гэдэг" гэж ярьж байгаагаас ялгаагүй болж байгаа юм. Бас зарим үгийг хүссэнээрээ бичдэг болсон байна лээ. Уг нь намайг сургуульд байхад "СУРГААЛ" гэж бичдэг байлаа. Гэтэл одоо "СУРГААЛЬ" гэж бичдэг болсон гэх хүнтэй таарч билээ. Хэнийх нь зөв болохыг шийдэх гэж зөндөө маргалдаж байлаа. Эцэст нь бидний хэн хэн маань өөр өөрсдийн байр сууриа хадгалж үлдсэн дээ. Сургаал гэдэг үгний ард Ь тэмдэг нэмж бичих яасан ч хоббитой юм байгаан.
Монголчууд бас монгол гадаад үг хольж хутгаж ярих дуртай юм шиг байгаан. Бүүр хуучин нийгмийн тогтолцооны үед л яриандаа орос үг хавчуулдаг зуршил тогтчихсон. Одоо шинэ үеийнхэн бол англи үг хавчуулж ярихад гайхаад байх юмгүй. Дээр үед "Филармоны заланд инженер, механикчдад лекцтэй" гэсэн зарлал хүртэл гарч байсан гэж байгаа. Энд нэг ч монгол үг байхгүй. Бөөн орос үгнүүд. Гэхдээ бүгдээрээ гайхалтай сайн ойлгоно. Харин үүнийг орос хүн ойлгохгүй. Инээдтэй, эмгэнэлтэй ч юм шиг.

2009-08-13

4 жилийн онол

Гадаадын улс орон руу хэдхэн хоногийн аялал ч юм уу? Эсвэл албан томилолтоор яваа хүмүүс гоё сайханыг нь гайхаж, хот нь хоггүй цэвэрхэн, үйлчилгээ нь түргэн шуурхайг нь магтас хийгээд л эргэж ирдэг дээ. Эргэж ирээд "Монгол ч нээрээ хэцүү байна даа. Гудамж нь хог шороонд дарагдсан, хүмүүс нь харьцааны соёл муутай.. Хүнсний бүтээгдхүүн нь баталгаа муутай, Идээд хордоод үхчих эрсдэл ихтэй" энэ тэр гэж хэсэг бухимдаад л мартаж орхино. Хилийн чанадад удаан хугацаагаар сурч, ажиллаж амьдарч байгаа хүмүүс ч бас Монголдоо ирээд нэг хэсэгтээ л орчиндоо дасан зохицох гэж нэлээн юм болдог сон. Учир нь олон жил амьдарсан өнөө улсынхаа нийгмийн амьдралд дасчихсан, уусчихсан /интегрирование, ассимиляция/ байдагтай холбоотой. Ер нь хаана амьдарч байгаагаасаа хамаараад сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл баримтлал, үнэт зүйлс нь өөр болчих юмаа. Улс төрийн тухай бодол санааны төлөвшилд аж төрж байгаа орчин хүчтэй нөлөөлсөн байдаг. За тэгээд нэг улсад удаан хугацаатай амьдараад ирэхээр тухайн үндэстэнийхээ сайн муу, сайхан муухайг нь мэдэрнэ.
Янз бүрийн хүмүүсийн блог уншаад сууж байхад,
энд тэнд удаан амьдарч байгаад ирсэн нөхдүүдтэй уулзахаар ч бас тухайн орчиндоо уусчихсан байгаа нь шууд анзаарагддаг. Гадаадын улс орон руу илгээж байгаа элчин сайдын яамны ажилтнуудыг 4 жилээс хэтрүүлэхгүй сольдог. Энэ нь тухай хүн энэ хугацаанд амьдарч байгаа улс орныхоо нийгэмд дэндүү дасаад, аажимдаа тэр нийгмийг хөндлөнгийн хүний нүдээр харж чадахгүй болчихно гэж үздэгтэй холбоотой. Дипломатууд, элчин сайдын яамны ажилтан гэдэг чинь зангиатай тагнуулууд гэж олон улсын харилцааны чиглэлээр Орост сурч байсан нэг найз маань хэлдэг байж билээ. Ер нь ямар нэг ажлыг 4 жилээс илүү хугацаагаар хийхэд тухайн хүн нөхцөл байдалдаа дасал болдог. Ажилдаа мэргэшиж туршлагаждаг ч шинийг санаачлахдаа тааруухан болчихдог гэсэн онол уншиж байсан юм байна. Миний л мэдэхээр жүжигчин Равдан гуай улсад 20 гаран жил ажиллахдаа 4 жил тутамд ажлын газраа солисон тухайгаа "Би" нэвтрүүлэгт оролцох үедээ ярьж байсан. Би нэг байгуулагад ажилд ороод 4 жил болоод л дарга нартайгаа зад хэрэлдээд ажлаасаа гарчихдаг гаж ч гэмээр характертай гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч байхыг нь хоёр дэлдэн чихээрээ сонссон л юм даа. Гэхдээ энэ онолыг үгүйсгэдэг хүмүүс бол онгоцны нисэгч нар, эмч нар. Аль болон олон жил ажиллах тусам тэд ажилдаа гаршдаг гэж үздэг юм байна лээ.
--------------------------------
PS. Дээр нь нэмээд бичихэд хаана амьдарч байснаасаа болоод блог дээрээ тухайн орныхоо хэлээр бичих, адаглаад л ч гарчиг өгөх гэх мэт мелочь зүйл ажиглагдаад байгаа юм. хэхэ.

2009-08-09

Mister Gay Europe 2009


Mister Gay Europe 2009 тэмцээнд оролцогчдын интернэт шалгаруулалт нь эхлэж байгаа гэнээ. Хамгийн сүүлчийн шалгаруулалт нь энэ оны 8 сарын 22-нд Норвегийн Осло хотод болно. Энэ жил хагас шигшээд 22 орноос ирсэн нөхдүүд өрсөлдөж байгаа гэнэ шүү. Харж байгаад нэгэнд нь саналаа өгчлөө. Хэхэ. Албан ёсны сайт нь энд

2009-08-07

SKY

Жаахан байхдаа юу эсийг мөрөөдөх вэ дээ. Онгоцны нисэгч болно гэж мөрөөдөж байлаа. Гэхдээ энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу ч хийгээгүй. (Харин өөр мөрөөдлөө бол зүтгэсээр байгаад биелүүлсэн шүү. Мэргэжлийн тал дээр) Тэгсэн чинь юун нисэгч вэ? Тэс өөр ажил хийж байгаа шд. Нисэгч гэснээс ойрдоо "Высший пилотаж" гэж оросын сериалыг үзэж байгаа. Иргэний агаарын тээврийн онгоцны нисэх багийнханд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэж бүтээсэн цуврал. Толгой дээгүүр нисээд байгаа онгоцон дотор чинь ямар олон үйл явдал бас өрнөж байна аа. Ямар ч юмны нарийн ширийн мэдээд авах хобби хөдлөөд жаахан судалсан чинь 2008 оны намар зураг авалт нь эхлээд 2009 оны зун хийж дуусгасан юм байна. Их хөөрхөн үзүүштэй сериал.

2009-08-06

Тогооч болдог ч байж уу?

Өнгөрсөн амралтын өдөр хормогчоо зүүгээд гэрийн эзэгтэй дүрдээ хувирав. Өдрийн хагасыг гурилтай ноцолдож өнгөрөөлөө ш д. Үр дүн нь нэг иймэрхүү.


2009-08-03

Назгайрал

Асар их хурдан ритмтэй ажилладаг байсан хүн энэ зун нэг л найзгайраад байна аа. Дуртай үедээ ажилдаа очдог. Дургүйгээ хүрэхээр "би өнөөдөр очихгүй шүү" гээд хэлчдэг болсон. Ийм байдлаар сар гаран болсон байна шүү. Тэгээ л учиргүй их зурагт ширтсэн хүн. Тэрнээс гадна сүүлийн үед сэтгэл хөдлөл гээч юманд бараг автахаа больсоноо анзаарав. Одоогоос хэдэн жилийн өмнө бол асар романтик, мөрөөдөмтгий байлаа ш д. Тэгсэн одоо яасан? Хэр баргийн юманд сэтгэл хөдлөхөө байсан байна. Энэ одоо юуных вэ?
Энэ хотод шарилжны харшилтай хүн ямар их байнаа? Нус нь гоожиж, нүд нь улайсан хүмүүс ажлын газраар дүүрэн. Өмнөөс нь бүр зовчих юмаа. УБ-ын экологи гэж хэрэг алгаа.

2009-08-01

Когда твоя девушка больна

Заримдаа хуучины юм хуучин дурсамж сэргээгээд нэг л гоё байдагийн. Youtube ухаж байгаад "Когда твоя девушка больна" дууг сонслоо. Нэлээн хэдэн жилийн өмнө MNED-ийг 1-р курсын шинэков оюутан байхад энэ дуу ид хит болж байж билээ. Москвагийн Ярославский вокзалаас сургуулийнхаа зүг таксинд суусан чинь fm-ээр энэ дуу явж байсан сан. Машины нээлттэй цонхоор хажуугаар жирэлзэн өнгөрөх байшингууд, замын дагуу алхаж яваа хүмүүсийг ажингаа энэ дууг сонсоо л... Дууны үг нь нээх гого. Залуу ч байж дээ тэр үед. kk