Амьдралын тойрог

2010-11-28

OMG

OMG,,, Цалингаа авдаг банкны картаа хайгаад олохгүй 5 хонож байна. Интернэтээр дансаа шалгаад үзсэн чинь ашгүй мөнгө нь хэвээрээ байна. Хэн нэгэн нь картыг минь олоод доторх мөнгийг нь ашиглаагүй л юм байна. Банкинд очиж цалингийн карт дахиад шинээр авахаас. Өөртөө илүү ажил удах нь дээ. хэхэ Би тэгэж байгаад салан баавгай шиг юмаа... Энэ муу картыг хэдэн ч удаа гээж, хэдэн ч удаа шинээр авч, хэдэн ч удаа ATM-д залгиулж, араас нь хөөцөлдөж авч байв даа

2010-11-26

Хөгширхөөсөө өмнө амжиж...

Гэртээ ирээд хоол идчихээд зурагт ширтэнгээ нөүтбуукээ асаагаад суучлаа. Нэг мэдсэн чинь өдөр солигдож. Улс тунхагласны баярын мэнд хүргэе хүмүүсээ. 13-р зуунаас хойш дэлхийд цуу алдараа дуурсгасан, төв Азийн (сүүлийн үеийн зарим нэг геополитикчдын ангилалаар бол Зүүн Хойд Азийн) дэлгэсэн тэрлэг шиг Монгол Улсын иргэн болж төрсөндөө би бахархдаг.

Өөд өөдөөсөө хараад ярихгүй хэрнээ нөүтбүүкний ард байхдаа бол бичээд байх сэдэв гэж байх юмаа. Магадгүй өөд өөдөөсөө эгц хараад ЭНЭ талаар ярихдаа миний нүүр ч улайх байсан биз. Ийм нэг сэдвээр дүү бид 2 чатлав. Миний тухай дүү мэднэ. Үнэндээ бол одоогоос овоо хэдэн жилийн өмнө дүү маань намайг огт өөр утгаар таниж мэдсэн юм. Гэхдээ дүү ч, би ч энэ тухай хөндөж ярьж байсангүй. Харин өнөөдөр илэн далангүй ярьлаа. Дүүгийн мэддэгээс нь эхлээд мэдэхгүй олон юмыг би чатын жижиг талбар дээр бичээд "SEND" товчлуурыг дарчихлаа. Олон ч зүйлийг ярьлаа /Чатласан болохоор ярьлаа гэхээс бичлээ гэсэн нь илүү зөв юм байна./ Ам нээвэл уушиг нээ гэдэг болохоор дотороо байгаа бүхнээ л тавиад туучихлаа. Ирээдүйн талаар харилцан бичээд л байлаа...

Шөнийн 2 цаг. Чатлаж дуусаад google reader-ээ шалгав. Их наран улсад суугаа Пататэ андын 2010/11/25-нд блогтоо оруулсан бичлэгийг уншив. Дүү бид хоёрын чатласан ярианы сэдэв, агуулга нь ялимгүй /ойролцоогоор 30 хувь нь/ яв цав таарлаа. Гайхав. Пататэ арай далдыг хардаг болсон юм биш байгаа даа гэж...хэхэ.
Хөгширхөөсөө өмнө амжиж хийх ажил надад их байна даа.

2010-11-18

Хуваарьгүй нислэг

Өнөөдөр ажлын дараа гэнэтхэн хуваарьгүй нислэг хийгээд. Суудлынхаа бүсийг хийгээрэй. Онгоцны бүхээгт хүчилтөрөгч дутагдах юм бол таны суудлын дээрээс автоматаар унаж ирэх... бла бла... Онгоцны цонхоор харсан чинь номин хөх тэнгэр, тэртээ доор хөвөн цагаан үүлс хөвхөлзөөд л...
За тэр ч яахав. Өнөөдөр Орос нэртэй Монгол киноны хоёрдугаар ангийг нь үзлээ.Тас тас инээлгэсэн хөөрхөн л кино.






2010-11-11

Нэг жил

Нэг мэдэхэд л нэг жил өнгөрчихжээ. Өнгөрсөн 365 хоногт хийсэн зүйлээ бодсон чинь чамгүй л юм амжуулж. Гэхдээ илүү их мэрийсэн бол үүнээс ч их ажил хийж бүтээж, амжуулж чадах байсан байлгүй. Жил бүрийн 11 сарын 11-ний өдөр болоход би дараа жилийн өдийд хаана юу хийгээд явж байх бол гэж өөрөөсөө асуудаг. Хариултыг нь яг нэг жилийн дараа л мэддэг. 2009 оны 11 сарын 11-нд Москвагаас Калининград руу очиж байлаа. Оросын орон нутгийн нислэгийн онгоцонд суугаад огт таниж мэдэх хүнгүй, хэн тосож авах бол гэсэн төсөөлөлгүй шахуу л явж байлаа. Очсон газраа таних хүнгүй болохоор хэн ч надад төрсөн өдрийн мэнд хүргэж байсангүй. Дөнгөж ирмэгцээ л анх уулзаж байгаа хүмүүстээ "Өнөөдөр миний төрсөн өдөр" гэж хэлэлтэй биш. Ичингүйрээд хэнд ч юу хэлэлгүй чимээгүй өнгөрч билээ. Тухайн үед би 2010 оны 11 сарын 11-нд хаана юу хийж байх бол? гэж мөнөөх л хариулт нь жилийн дараа тодорхой болдог сонин бодолд умбаж билээ. Харин яг одоо би Монголын өдөр тутмын сонины газрын нэг редакцийн өрөөнд сууж байна. Сонины газар ажилладаг юм байна гэж андуурав аа. Энд нэг жижигхэн ажлаар л ирсэн юм. Уг нь хагас цагийн дотор л энд ажлаа амжуулна даа гэж бодож байсан минь талаар болж бүүр өдөр солигдох хүртэл хүлээх хэрэг гарчихлаа. Яг одоо 11 сарын 11-ний шөнийн 01:12 минут. Миний төрсөн өдөр эхлээд 1 цаг 12 минут өнгөрчихсөн байна. Уг нь энд 11 сарын 10-ны оройн 19 цагийн үед ирсэн юм.
11 сарын 11. Амьдрал энэ тоо шиг эн тэнцүүхэн байдаг бол сайхнаа. 2011 оны 11 сарын 11-нд би хаана юу хийж байх байх бол?

2010-11-06

Цас бударсан шөнө гэртээ ирлээ.

Уур бухимдалын үүр уурхай болоод байсан зүйл утаа мэт замхарч одлоо. Одоо л нэг уужим амьсгал авахтайгаа болж байна...
2010 оны 11 сарын 5. Өчигдөр би шагнуулав. Хүмүүс надад баяр хүргэж гар бариад л... Төдөлгүй утас тачигнаж дуудлага тасарсангүй. Орчин үед мэдээлэл дамжуулах арга технологи боловсронгуй болсон юм болохоор тэд ч бас үүний үр шимээр мэдэж. Тэгээд хүрээд ирээч гэлээ. Харамсалтай нь ажлынхантайгаа хамт найрлаж суусан болохоор орхиод явалтай биш. Дараа заавал уулзая гэж аргалав.
Аливаа семинар нь өглөө нойр, орой сэм найр, шөнө нь сэм хайр болж дуусдаг гэдэг дээ. Би сэм нойронд нь суулаа. Сэм найранд нь орлоо. Харин хамгийн сүүлчийн сэм хайранд нь хүрсэнгүй. Угаасаа ч хэнтэйгээ сэм хайр болох юм билээ. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам байдаг гэдэг үгийг миний нэг мэргэжил нэгт эрхэм залуу мэссенжертээ бичсэн байсан нь санаанд оров. За ингээд ажлынхантайгаа шоудаж дуусаад гэртээ харив. Гадаа гартал цас бударч байлаа. Утаа униар ч алга. Сэтгэлд ч бас утаа униаргүй байгаа болохоор энэ үдэш нэг л гоё. Ганцхан надад л зориулж цас орж байгаа юм шиг. Цас бударсан шөнө таксинд суугаад салхи татуулан энх тайвны өргөн чөлөөгөөр давхисаар гэртээ ирлээ. ^^