Өнөөдөр баасан гараг. Уг нь бол дийлэнх олонх нь баасан гарагыг тэсэн ядан хүлээдэг байх. Гэхдээ яагаад ч юм бэ? Сүүлийн үед би баасан гарагт их дургүй болчихжээ. Баасан гараг дуусмагц араас нь амралтын 2 өдөр. Бямба, ням гарагт гэрээсээ ч гарахгүй өнжих нь бий. Тэр тусмаа түрүүчийн 7 хоногийн баасан гарагт анх удаа даралт ихдэнэ гэдгийг биеэрээ мэдэрсэн болохоор одоо баасан гарагт бүүр ч дургүй хүрээд байна. Одоогоос 5 өдрийн өмнө эмчид үзүүлэв. Миний зүрхний бичлэгийн хэмнэлийг сараачсан нимгэн цаасыг эмч үзээд "Чи их стрессддэг хүн юмаа" гэж хэлж байна. Стресс орох хүчин зүйлүүд надад байна гэдгийг эмчийн өрөөнөөс гарч явахдаа л бодож үзлээ.
Өнөөдөр 10 сарын 11. Хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг гэр бүлийнхэн, хамт олон, найзууддаа илчилдэг National Coming Out Day өнөөдөр тохиож байгаа юм байна. FACEBOOK-ээр дүүрэн л өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг илэрхийлсэн хүмүүс. Зарим нь бүр "Бэлгийн чиг баримжаа бол сонголт биш", "Би ижил хүйстэн", "Бид нэгэн гэр бүл", "Энэ хүн өөрийгөө гей гэдгээ зарлаж байна" гэсэн хуудас цаас бариад зарим хүмүүс зурагаа оруулж. Энэ хүмүүс хажлаасаа халагдахчих вий, сургуулиасаа хөөгдчих вий, хамт олондоо гадуурхагдчих вий, хамаатан садан, ар гэрийнхэн нь удам угсааг минь гутаасан өөдгүй амьтан гээд ад үзэгдэх вий гээд олон эрсдэлээс огтхон ч айлгүйгээр өөрсдийгөө илэрхийлж байна. Үнэхээр зоригтой, бас бахархамаар юмаа. Гэтэл надад бол ийм зориг зүрх одоогоор алга даа.
Бахархал гэснээс, 9-р сарын сүүлээр Монголд "Бахархалын 7 хоног" боллоо. Чингис зочид буудалд LGBT хүмүүсийн эрхийн талаар форум, "Цэнхэр тэнгэрийн цаана" гэрэл зургийн үзэсгэлэн, LGBT хүмүүсийн амьдрал, зовлон жаргалын тухай өгүүлсэн бүрэн хэмжээний уран сайхны кино өдөрлөг хүртэл зохион байгуулж. Нэг бодлын Монголд хүмүүсийн хандлага өөр болж байгаад нь дотороо их баярлаад байгаа. Гэхдээ энэ бүх мэдээллийг FACEBOOK-ээс л авсанаас бус "Бахархалын 7 хоног" -ийн үеэр зохиогдсон ажилд очиж чадаагүй. Ядаж тэр фото зургийн үзэсгэлэнд нь очсон бол... гэх ухааны юм одоо бодоод л сууж байна.
Одоо эхнэр хүүхэд авахгүй бол оройтлоо шүү гэх хүмүүсийн тоо эргэн тойронд минь олширч байна. Ингээд шахаад байхаар чинь стресст оролгүй ч яахав дээ. Ажил - гэр гэсэн нэг л тойрогоор яваад байхаар хүнтэй танилцахгүй байгаа юмаа. Уг нь нөхөргүй бүсгүйчүүд цаагуур чинь зөндөө байна гэх юмаа.