Бямба гарагт ажлынхаа хэдэн хүнтэй хамт амралтанд явлаа. Амралт гээд учиргүй хол яваагүй ээ. Улаанбаатар хотоос 50 орчим км-ын зайтай л газар очлоо. Буйдхан газар хэдэн гэртэй. Ингээд л амралтын газар. Амралтын гэхээсээ илүү архидах хамгийн боломжтой газар. Би ч ямар архи дарс уух юм биш. Амралтын газар очоод нэг жижигхэн адал явдалтай учирдаг юм байна. Хүмүүс архидаад халчихсан. Нар ч жаргалаа. Жорлон ороод буцаж явтал нэг шар толгойтой залуу намайг "өдөж" хэдэн үг солиж байна. Америк залуу. Хамт явж байгаа хүмүүс нь нэлээн шахсан бололтой. Үг хэл нь ээдэрээд архи хүртжээ. Тэр залуу монголоор хазгай муруй хэдэн үг хэлж байна. Би өөдөөс нь мэддэг англи үгнүүдээ холиод хазгай мурай бас ярьлаа. Жаахан ойлголцлоо.
Монголд 3 жил болох ёстой юм байх. Тэр залууг хараад манай "ангийнх" байж магадгүй юм байна. Шар толгойтоос тэгэс ингэс гээд би салж гэртээ орлоо. Гэтэл хэсэг хугацааны дараа өнөө шөр толгойт чинь манай ажлынханы /бидний байгаа/ гэрт урилгагүй ороод ирлээ. Хэсэг жаахан сууж байснаа өнөөх чинь манай ажлыг нэг махлаг залуутай л чалчаад суулаа. Тэгсэнээс өнөөх чинь coming out хийж би гей гэж хэлж орхив. Манайхан ч аан тийм үү? Бид ойлгоноо гэсэн утгатай юм хэллээ. Чамайг ч би манай ангийнх гэж бодож байсан нь оножээ. Би ч мэдрэмжтэй байна шүү гэж дотороо бодож суулаа. Ингэж байтал өнөө Америк залуу чинь манай ажлын газрын махлаг залуу руу улайм цайм чичирээд дайрч байна. Өнөөх чинь анги биш юм болохоор эхэндээ тоглоом шоглоом болгоод хаях гэж оролдов. Байдал бүүр бишдээд байхаар нь манай ажлын махлаг залуу жинхэнээсээ уурлаж, нөгө америкийг тонгороод унагаачих нь тэр. Еэ бүү үзэгд. Байдал бүр хурцдахаас нь өмнө манай хүүхнүүд америк эрийг гэрээсээ гаргаж, гэрт нь оруулж хамт яваа хүмүүст нь тушааж санаа амарсан. Маргааш өглөө нь өнөө америк эр огт үзэгдгүй. Бодвол өчигдөр шөнийн явдлаасаа болоод ичээд гэрээсээ гарахгүй байгаа байх гэж манай хүүхнүүд ярилцаж тас тас хийж инээж байна. Харин би чимээгүйхэн л санаа алдаж суулаа.
2012-04-30
2012-04-16
Улс төрийн амьдрал
Энэ 2012 он гарсанаас хойш монголын улстөрчид тасралтгүй хэрэлдэж байна аа. Эхлээд АН-ынхан МАН-тай муудалцаж 2012 он эхэлсэн шүү дээ. Намчирхаж хэрэлдэж байсан нь жижигрээд намын гишүүдийн түвшинд хэрүүл эхэлсэн дээ. Баттулга, Нямдорж гээд... Өнөө 7/1-ийн үймээнтэй холбоотой асуудлаар цагдаагийн дарга нарыг шүүхэд дуудаж Сүхбаатар дүүргийн шүүхэд зад хэрэлдэж байна. Цагдаа нарын дарга нарын өмгөөлөгч нь хүртэл шүүгчийн өөдөөс хэдэрлэсэн гэж буруутгагдаад түр хоригдчих юм. Ингэж байтал экс ерөнхийлөгч Энхбаярыг баривчилж байгаа нь энэ гээд бүтэн шөнө реалити шоу телевизээр гарлаа. Хуучин цагт бол хэн нэгэн хүнийг баривчилж саатуулахдаа дээлийг нь нөмөрүүлдэг байсан бол одоо оймсийг нь харуулаад аваад явдаг болж. Энэ цагаас хойш оймсыг нь өргөөд бариад явсан даа л гэж ярьдаг болох нь. Энэ улстөрчидийн хэрүүл уруул 2012 оноор ч зогсохгүй байх даа. Ер нь энэ хүмүүс улс төр рүү юундаа ингэж дурладаг юм бол оо?
2012-04-14
Orange days
Сүүлийн үед би ер нь олон ангит киног тоож үзэхээ болиод удаж байгаа юм. Ялангуяа телевизээр үзүүлдэг Солонгосын олон ангит киног бол нэг нүдээрээ ч тоож харахгүй шүү дээ. Монголын телевизүүдийн хийсэн олон ангит кино болохоор зохиол муутай, продакт плейсмэнт сурталчилгааг улайм цайм дэндүү их хэрэглэнэ. Тэгээд дундуур нь гардаг рекламны роликнуудыг оруулах юм бол кино рекламны алийг нь үзээд байгаагаа бүүр ойлгохоо болиж байгаа юм даа. Ядаж байхад MNB-ийн хийдэг олон ангит кинонууд бүүр суртал ухуулагын шинж нь хэтэрхий давамгайлсан юм шиг санагддаг. MNB-ийн хийсэн эмч нарын тухай 60 ангитай кино сүүлдээ Ламбаа гуайн ажлын тайлан лекц шиг болж билээ. Уг нь бол би энэ удаа Монгол, Солонгос сериалыг муулах гээгүй. Харин Японы олон ангит киноны талаар бичих гэсэн юм байгаан. Сүүлийн 7 хоногийн турш ORANGE DAYS гээд Японы TBS телевизийн олон ангит киног шимтэн үзэж байнаа. Сонсгол муу, ярьж чаддаггүй хөгжимчин бүсгүй, өрөвч сэтгэлтэй царайлаг залуугийн дурлалын түүх.
Гэнэн хонгор жаал байхдаа Японд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байж билээ. Тэр ч бүү хэл япон хэлний өөрөө сурах бичгийг багшийн дээдийн хажууд байдаг хуучин номын худалдаанаас авч хэдэн үсэг, ханз цээжилж байлаа. Олигтой сайн заагаад өгчих хүнгүй байсан болохоор тэгэс ингэс гээд тэр номыг орхисон. Гэхдээ одоо хэдэн япон үг толгойд үлдсэн байна аа.
Амай
Өнгөрсөн долоо хоногт Монгол бадарчин Амайгийн бичсэн хоёр боть номыг "Интерном" дэлгүүрээс худалдан авлаа. Уг нь бол 9 боть ном гарах юм билээ. Эхний хоёр боть нь худалдаанд гарчээ. Гурав, дөрөвдүгээр боть нь хэвлэгдэж байгаа сураг байна лээ. Амайтай хамт аялаж байгаа юм шиг л бичсэн номыг нь амтархан уншлаа.
Хүн сансарт нисэж чадахгүй юмаа гэхэд амьдарч байгаа дэлхийгээ нэг тойроод үзчих хэрэгтэй гэж би боддог юм. /Мэдээж их мөнгөтэй бол сансрын жуулчин болж дэлхийн тойрог замд гарах боломж бас байна аа. Гэхдээ сансарт нисэж зардал мөнгө надад алга байна./ Иймд боломжийнхоо хэрээр өмнө нь очиж байгаагүй газруудаараа явж үзэж байх нь зөв гэж боддог юм. Далай лам хүртэл аливаа хүн жилд нэг удаа аялалд явж очиж байгаагүй газраа үзэх хэрэгтэй гэсэн утгатай үг хэлсэн байдаг юм билээ.
Амайн бичсэн номыг уншаад төрсөн сэтгэгдэл:
-Амай үнэхээр зоригтой, хөдөлмөрч, зорьсондоо хүрэхийн төлөө тэмцдэг залуу
-Амайн бичсэн номыг уншихад үйл явдлын дараалал нь энд тэндээ болохоор жаахан түвэгтэй санагдав.
2012-04-08
Атаархах зүйл үгүй.
Блог ертөнцөө эргэж тойрохгүй уджээ. Энэ MNED яачив ийчив гээд зарим нэг хүмүүс эрэл сурал болсон байна. Арай өнөөх чинь үхсэн юм биш биз дээ? гэх хүмүүс ч байна. Зарим нь чи яагаад party-нд очихгүй байгаан ч гэж утасдаж байх шиг. Нэг хэсэг нам жим байсан шалтгаан нь их энгийн. Ажил алба, үүрэг хариуцлага нэмэгдээд байхаар хувийн амьдрал, зугаа цэнгэл жаахан золиослогдоод байх юмаа. Хамгийн сүүлд уншсан номныхоо тухай бичье. Их дэлгүүрийн 6-р давхарт байдаг номын дэлгүүрээр санаандгүй шахуу яваад орчихлоо. Номын хоббитой юм болохоороо дотор нь баахан удлаа. Хэрэгтэй хэрэггүй түмэн жорын ном өрөөстэй. Нэг үеэ бодоход Монголд номын дэлгүүр дажгүй болсон шүү. Хүмүүс ном уншихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг даа. Миний насны залуус харин ч ном уншдаг гэж би хэлмээр байна. Итгэхгүй бол номн дэлгүүрээр ороод үзээрэй. Ном сонирхож байгаа болоод л номын дэлгүүр үйлчлүүлэгч ихтэй, лангуу дүүрэн ном өрөөстэй байна.
АНУ-ын Лос Анжелос Таймс сонины Бээжин дэхь товчооны даргаар ажиллаж байсан сэтгүүлч Барбара Дэмик хэмээх сэтгүүлч бүсгүйн туурвисан "Атаархах зүйл үгүй" номыг худалдаж авлаа. Дэлхийн хамгийн хаагдмал гэгддэг Хойт Солонгосын ард түмний бодит амьдралын тухай өгүүлсэн сонирхолтой ном байна. 352 хуудастай зузаан ном. Ш.Энхжаргал гэж хүн орчуулж, өнөө цаг үеийн шилдэг зохиолчдын нэг Л.Өлзийтөгс хариуцлагатай редактороор нь ажилласан юм байна. Номын эхний хуудсыг нээгээд уншаад үзлээ. Сэтгүүл зүй-баримтат уран зохиолын дундаас төрж гарсан Non-fiction жанраар бичигдсэн энэ номын үйл явдалд нь хөтлөгдөөд улам бүр шимтэн уншсаар байлаа. Ням гарагийн орой уншиж эхлээд даваа гарагийн орой гэхэд хамгийн арын хуудсыг нь эргүүлсэн дээ. Даваа гарагт 08-17 цагийн хооронд ажил албаа хийсэн. Тарчиг амьдралаас дайчиж эх орноосоо хууль бус замаар дүрвэж Хятад, Монгол Улсын нутгаар дамжин Өмнөт Солонгост очсон хүмүүсийн ярианаас сэдэвлэн бичсэн энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөе. Хойт Солонгосын залуусын хайр дурлал, дундаж амьдралтай иргэдийнх нь ахуй амьдрал, хөдөлмөрийн лагерьт насаараа тамлагдах ялд унасан хүмүүс, өлсөхийн эрхээр модны навч, өвсөөр гол зогоож байгаа хүмүүс...
Дэргэд нь Монголд аж төрж байгаа бид чинь залхуурахгүй л бол хэнд ч атаархахгүй харин ч харийнханд атаархал төрүүлж амьдрах боломж байна аа.
Subscribe to:
Posts (Atom)
