Амьдралын тойрог

2011-12-31

2011 оны сүүлийн өдрийн тэмдэглэл

Энэ он дуусахад 5 цаг л дутуу байна. Хаа сайгүй л 2011 оны тайлангаа гаргаад шилдэгүүдээ тодруулаад, алдаа оноогоо тооцож байна. Би ч гэсэн юу дутах вэ дээ. Оны тоймоо бичье. 

2011 онд анх удаа блогийнхоо төрсөн өдрийн тэмдэглэсэн юм байна. Блог бичдэг болоод нэлээн олон жил болчихжээ.

2011 онд анх удаа Богд хааны ордон музейг анх удаа үзлээ. Улаанбаатарт амьдарч байсан хэрнээ огт хааны ордон руу орж үзээгүй явсан байна лээ. Энэ жил Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийг тэмдэглээд Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг төр засаг их өндөр үнэлээд байгаа юм билээ.

2011 онд MNED пицца хийж сурсан. Одоо бол пицца хийх асуудал биш. Гал тогоонд хэмээх блог хөтөлдөг бүсгүйд хандан амттай сайхан хоолны жор бичиж нэтэд оруулдаг нь талархал илэрхийлье. 

2011 онд сэтгэл маань татагдаж байсан нэг бүсгүй надад "Уучлаарай" гэж хэлээд өөр хүнээс жирэмсэн болоод маамуу гаргачихан. Гэхдээ иймэрхүү зүйл надад анх удаа тохиолдож байгаа биш болохоор сэтгэлээр нэг их унаагүй. Бид найзууд хэвээр үлдсэн.

2011 онд  анх удаа Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж үзлээ. үүргэвчээ үүрээд л ганцаараа аялалд яваад ирсэн.

2011 оны 11 сарын 11-нд 11 цаг 11 минутад төрсөн өдрөө тэмдэглэсэн. 2011/11/11 11:11 ховор тохиох мөч шүү. Би их гоё өдөр төржээ. Ийм гоё өдөр төрүүлсэн аав ээждээ баярлаад баршгүй.

2011 онд анх удаа ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улс руу ганцаараа үүргэвчтэй аялал хийсэн. 400 жилийн өмнө Монголоо орхиод явсан монгол угсаатнуудтай уулзах сайхан байлаа. Халимаг найзтай болсон. 
Ер нь халимаг, буриад, тува гээд харь улсад байгаа Монгол угсааныханд  монгол хэл, ёс заншилаа мартахгүй байх, Монголд ирж суурин амьдрах хүсэлтээ гаргасан хүмүүсийг тосоод авч байх төрийн бодлого хэрэгтэй юм байна даа гэж бодсон.   12 сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ "Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн." гэж хэлсэнийг сонсоод хувьдаа дэмжиж байлаа. 
 
Баяртай 2011 он минь. 



2011-11-29

Монголдоо

За явсаар байгаад гэртээ ирчихлээ. Монгол ирээд албан тасалгааны цонхоор амьдрал ямар байгааг ширтээд л сууж байна.

2011-11-16

Халимаг дуу

Youtube-ээс Халимагийн нэг ийм дуу оллоо. Би чамд хайртай 2 киноны видео дүрсийг ашиглаж. Дууны үг нь их аятайхан юм.

2011-11-14

Сэмхэн дарсан зураг

Хэд хоногийн өмнө нийтийн унаанд явж байхдаа цэргийн сургуулийн сонсогч залууг анзаарч харсан юм. Царайг нь харсан чинь муухан эмэгтэй хүнээс дээр юмаа.  Бас хөмсөгөө засчихаж. Нүүрэндээ энгэсэг нимгэн түрхэж. Япон, Солонгост бол эрэгтэй хүн нүүрэндээ энгэсэг жаахан нялчихсан гудамжинд явж байвал хэвийн үзэгдэл гэж бодож байна. Харин энд ийм юм анх удаа харлаа. Тэгээд сэмхэн зургийг нь дарчлаа.


2011-11-11

2011.11.11 Өнөөдөр миний төрсөн өдөр

За ингээд би гэдэг хүн нэг нас нэмчихдэг юм байжээ.  Энэ удаа 1 гэсэн цифр олон давтагдсан содон өдөр болж байна.  


2011-11-11
Сая хамт амьдардаг roommate маань миний төрсөн өдрийг Facebook-аас хараад хөөрхөн сувенир бэлэгллээ.))) 
 

PS: 11 сарын 11-нд өдрийн 11 цаг 11 минутад хаана юу хийж байх вэ? гээд бодоод л байна. 

Халимагт зорчсон тэмдэглэл: 8. Халимаг залуус миний радарт

Халимагуудын дунд ороод явж байхдаа нүд бол алсын радиустай радар болчихсон л явж байлаа шд. Бараг л оодоос ирж яваа залуу хүн бүрийг сонжиж хараад... Ядаж байхад, халимаг залуучууд яасан ч сайхан цэвэрхэн цагаан царайтай юм. Огт таньж мэдэхгүй хүний зургийг учир зүггүй дараад байх бас эвгүй юмаа. Зургийн аппаратныхаа вспышкаг нь унтрааж байгаад сэм сэмхэн хэдэн зураг дарсан л даа. Гэхдээ нууцаар шахуу зураг авсан тул олигтой сайн чанарын зураг гараагүй. Нууцаар зураг дарах нь нэг бодлын кайфтай, нөгөө бодлын их эвгүй юм билээ. Папараци хийдэг мэргэжлийн гэрэл зурагчид ажлаасаа гоц кайф авдаг байхдаа л гэж бодож байсан.

Зураг 1. Халимаг охин 

Зураг 2. Галарей ресторанд сууж байсан хоёр охин

 Зураг 3. Галарей ресторанд ажилладаг залуу. Харсан чинь нэг л эгдүүтэй.

 Зураг 4. Энэ ресторанд сууж байсан хоёр халимаг залуу



Зураг 5. Энэ ресторанд ажилладаг зөөгч. Хальт харсан чинь их цэвэрхэн царайтай юм билээ. МИАТ компанид олон улсын нислэгт ажилладаг нэг стюардесс залуутай жаахан төстэй ч юм шиг санагдаад явчихсан. Энэ сүүлийн залуу их хөөрхөн харагдаад байгаа юмаа.  хэхэ


Хамгийн сүүлийн зурагны залуу өөрийнх нь зургийг аваад байгааг мэдчих шиг болсон. Зургийг нь аваад байгааг анзаараад бага зэрэг унтууцсан бололтой суудлаасаа босоод явчихсан.Элстэйд байхдаа ангийн нэг жаалхүү, мөн өөр хоёр залуутай уулзсан юм байна. Хамгийн эхэнд уулзсан ангийн хүүхэд бол надад зочид буудал олж өгсөн жаалхүү. Нэрийг нь Алдар гэдэг. 18 настай. Аав ээжтэйгээ амьдардаг. Элстэй хотын хөгжмийн сургуульд сурдаг гэж өөрийгөө танилцуулсан. Харин дараагийн танилцсан ангийн хоёр нь 27 настай, нөгөө нь 38 настай агаа. 27 настай залуугийн нэрийг Наран. Гэвч тэр Артур гэсэн орос нэр өөртөө сонгож авсан юм билээ. Эцэг эхээс заяасан халимаг нэрээс гадна орос нэр өөртөө сонгоод авчих юм бол местный оросуудтайгаа харилцахад их амар байдаг гэж Наран надад тайлбарласан юм. Харин 38 настай ангийн ахын нэр Бадминов. Наран, Бадминов хоёр Элстэй хотод хамтарч жижиг бизнес эрхэлдэг юм билээ. 


Халимагийн Элстэй хотод ердөө 100 мянган хүн оршин суудаг тур хотынхо  бие биенээ андахгүй. Хэн хэний хүүхэд вэ гэдгийг хөгшчүүд нь толгой дарааллан мэддэг юм байх. Ийм нөхцөлд манай ангийн халимаг хүүхдүүд нэлээн нуугдмал байдал өөр хоорондоо харилцахад хүрнэ. Манай Элстэйд гомофоб бодолтой хүмүүс олон. Хэрвээ чамайг "анги" гэдгийг хэн нэгэн гомофоб бодолтой хүн олж мэдэх юм бол ганц өдрийн дотор хот даяараа чиний талаар ярилцаж, амныхаа зугаа болгож таарна. Манай халимагуудын ихэнх нь консерватив үзэлтэй хүмүүс гэж Бадминов надад хэлсэн юм. 


Элстэй хотод манай ангийнхан олон уу? гэж би асуулаа. Бадминов мөрөө хавчиж, мэдэхгүй гэж хэлээд толгойгоо сэгсэрсэн юм. Тэгвэл та Элстэйд байгаа ангийнханыгаа хэр таних уу гэж намайг асуухад ойролцоогоор 20 гаран хүнийг мэднэ гэж хариулсан. Элстэй хотод манай ангийнхан гол төлөв Оросын "Одноклассник", "Вконтакте" зэрэг social network-оор л харилцдаг гэж Наран хэлэв. Элстэй хотод манай ангийнхан дагнан үйлчлүүлдэг бар, саун , кафе байхгүй. Бас ангийнханы party болдоггүй. Яагаад гэвэл хот дэндүү жижигхэн.  Ангийн party хийх гэж аль нэгэн баар, диско клубыг түрээлэх зориг гаргах хүн энэ жижиг газар байхгүй ээ. Тэгээд ч энэ нь нэлээн эрсдэл дагуулж мэднэ. Нийгэмд ялгаварлагдан гадуурхагдаад төрсөн нутагтаа амьдрахад хэцүү болно гэж манай ангийн халимагууд болгоомжилж байна лээ. 


Наран, Бадминов хоёр монголд дахь ангийханы талаар бас сонирхож асуусан. Тэд Монголд ирж үзэх хүсэлтэй явдагаа ч надад хэлсэн. Тэдний энэ хүслийг нь би ч дэмжиж "Монголд заавал ирж, аялаарай" гэж тэдэнд зөвлөсөн. Ирэх зун хэрвээ тэд монголд ирэх юм бол хөтөч чинь болоод явж болно шүү гээд би ам  алдчихсан. Өөрсдөө бүх зардалаа даагаад УБ-д ирчих юм хотоор жаахан дагуулж яваад, Тэрэлж, Чонжин болдог гэх мэт хотоос холгүй газар очоод үзүүлчихэд ядах юу байхав дээ. Тийм ээ? За ингээд ангийхаа халимагуудтай уулзаж яриа хөөрөө өрнүүлсээн.  


Сүүлийн 30-аад жилд халимагууд оросжих үйл явц бүр ч түргэсэж байгаа юм байна. Халимаг охидууд орос залуутай гэрлэх нь их болсон гэсэн. За, энэ ч яахав, хүний хайр дурлалын асуудал. Дэлхий даяарчлагдаж байгаа өнөө үед асуудал биш. Халимаг, орос хүний дундаас гарсан хүүхдийг энд БОЛДЫР гэж нэрлэдэг юм билээ. Яагаад эрлийз хүнийг БОЛДЫР гэж нэрлэдэг вэ? гэж асуухад мэдэх хүн байгаагүй л юм даа. 


Ирсэн зочин буцдаг болохоор би Элстэй хотоос явах цаг хугацаа ч болсон.Халимагт очиж үзэх юм  сан гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Гэхдээ миний мөрөөдөл ч үүгээр дуусчихгүй. Боломж гарвал өөр очиж үзмээр газар зөндөө л байна.  


Халимагаас буцахдаа би их сайхан сэтгэгдэлтэй буцсан. Элстэй хот цэвэрхэн, нам гүм, машин зам нь түгжрээгүй. Хотын оршин суугчид нь уур уцаар, бухимдал багатай юм шиг санагдсан.  Уулзсан халимаг болгонд "би Монгол хүн" гэдгээ дуулгахад тэд бүгдээрээ их найрсагаар хандаж байлаа.  


Халимагт байхдаа би тусгаар тогтносон бүрэн эрхэт улсын иргэн байх  үнэлж баршгүй эрхэм нандин юм гэдгийг сайн мэдэрч авсан. Надтай хамгийн анх уулзсан халимаг жаалхүү Алдар надаас Монгол Улсын гадаад паспортыг маань гуйж гартаа бариад зурагаа авахуулсан юм. Тэгээд зургаа авахуулчихаад миний паспортыг эргүүлэн өгөхдөө  Алдар "Би энэ зургаа үе тэнгийнхэндээ үзүүлж гайхуулна" гэж хэлсэн. Дөнгөж 18 настай тэр жаалхүүгийн дотор хүртэл Монгол Улсыг гэсэн сэтгэл байна лээ.  Халимагууд Монголоо гэсэн наашаа сэтгэлтэй хүмүүс. 
За Халимаг ахан дүүс минь баяртай. Элстэй хотод аялсан тэмдэглэлээ ингээд дуусгая даа.

2011-11-10

Халимагт зорчсон тэмдэглэл: 7. Аршан болтха

Аршан болтха. 
Түрүүчийн удаа Халимаг хэлний талаар баахан өөрийнхөө олж мэдсэн хэмжээндээ бичсэн. Харин өнөөдрийн тэмдэглэлдээ Элстэй хотод амтлаж зооглосон хоол ундны талаар бичье. 
Аршан болтха гэдгийг орчин цагийн монгол хэл рүү орчуулах юм бол "Тавтай хооллоорой", "Сайхан хооллоорой" гэсэн утга санаа илэрхийлж байгаа юм. Ухаандаа идсэн уусан идээ ундаа нь хүний биенд хор биш, рашаан болж шингээрэй гэж бэлгэдэж байна. Хот хоорондын автобусаар 19 цаг явж Элстэй хотод ирээд зочид буудалд өрөө авчихаад, эргэж гарч хоол унд эргүүлсэн юм. Өнөө намайг монгол гэж мэдээд үнээ суга нэмэгдүүлсэн "Элиста" зочид буудлаас холгүйхэн "Хотан" гэдэг жижигхэн хоолны газар би орлоо. 

 
Зураг 1. "Хотан" хоолны газрын хаалган дээр "Тавтай хооллоорой" гэж томоор бичсэн байлаа. 

"Хотан" хоолны газраас би "дотур" гэж нэрлээд байгаа шөл захиалсан юм. Энэ бол хонины дотор шөл. Хонины зүрх, бөөр, уушиг, гүзээг жижиглэж хэрчээд, давс, сонгиноор амтлаад сайхан шөл гаргаж. Шинэ хонины шөл ууж байгаа юм шиг л сайхан болсон шд. Нэг таваг "дотур" шөл 65 рубль буюу 2730 төгрөг орчим. (1 рубль = 42 төгрөг гэж тооцов.)   Сүүтэй цай 20 рубль буюу  840 төгрөг.

Зураг 2. "Дотур" шөл.

 Халимагт байх хугацаандаа идсэн өөр нэг хоол бол "буйрэки".  Өөр хоолны газар "Бериги" гэж бичсэн байсан. Энэ бол ер нь банш, бууз л гэсэн үг. Манайд буузыг жигнэдэг дээ. Харин халимагууд чанадаг юм билээ. Нэг порц нь таван ширхэг буйрэки ирнэ. Үнэ нь: 85 рубль. 3570 төгрөг. Хазаад үзсэн чинь дотороос нь тос өөх бялхаад... Би бол дороо л цадсан.

Зураг 3. Буйрэки. Энэ хоолыг бас "Береги" гэж нэрлэж байсан

Халимагт "боорцог" гээд нэг хоол байгаа юм. Манай монголд боорцог гэхээр тосонд шарсан гурилан бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг даа. Харин манайханы хуушуур, пирошки гэж нэрлээд байгаа хоолыг энд боорцог гэж нэрлэж байна лээ.  

Элстэй хотод Халимаг үндэсний хоолноос гадна энд орос, европ, итали, хятад, япон хоолны газар ажиллаж байна. Орос, европ, итали, япон хоолны газар нь оросууд, халимагууд л ажилладаг юм билээ. Харин хятад ресторанд хятадууд ажиллах юм. Энэ хятад хүний хөл хүрээгүй гэдэг гэж алга аа. Хаа холын бөглүү халимагт хүртэл хятадууд хүрч ирээд ресторан нээгээд ажилуулж байх юм.




Зураг 4. Элстэй хот дахь хятад хоол ресторан

Элстэй хотын төвд байдаг Галарей гэж худалдаа үйлчилгээний төвийн -1 давхарт нь их аятайхан цэвэрхэн, тохижилт сайтай ресторан ажилладаг юм билээ. Хамгийн гол нь энд үйлчлүүлж байгаа хүмүүс нь бас их аятайхан. Энд байхдаа хоол идэж ходоодоо баярлуулангаа, хөөрхөн, царайлаг халимаг охид залуучуудыг харж нүдээ баясгасан шд. Рестораны хоолны дундаж үнэ 150-250 рубль буюу 6000-10000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Хамгийн хямдхан пицца 200 рубль буюу  8400 төгрөг орчимд. Монголд дуудлагаар пицца захиалахад ойролцоогоор 15000 төгрөг байдаг санагдаж байна. Ингээд харьцуулаад бодохоор энд хоолны үнэ ханш нь тун  боломжийн юмаа.


Зураг 5. Галарей худалдааны төвийн -1 давхарын ресторан. Эндэхийн үйлчлүүлэгч нар нь ихэвчилэн залуучууд

Элстэйд байхдаа хүнсний дэлгүүрээр нь хэсэж үзсэн. Ихэнхи хүнсний барааны үнэ Москвагийн өөртөө үйлчилдэг хүнсний дэлгүүрийнхтэй ойролцоо байлаа. Анхаарал татсан нэг юм нь Элстэйн хүнсний дэлгүүрүүдэд хөлдөөсөн бууз зарж байна лээ. "Хинкали" гэж нэрлээд байгаа хөлдөөсөн бууз 1 кг нь 70 рубль 20 копеек. Өөрөөр хэлбэл 2900 төгрөг гэсэн үг. Буузны чимхэлт нь харин жаахан өөр юм билээ.

Зураг 6. Хинкали. Манайхаар бол хөлдөөсөн бууз. 

Явуулын хүн хөлдөөсөн бууз худалдаж аваад ч яахав гэж бодоод аваагүй. Бууз дэлгүүрээс нь авчихаад хэнээр, хаана ч жигнүүлэх вэ дээ.  Нөгөө зочид буудлынхан жигнэж өгөхгүй шд. Халимагуудад "бууз" гээд ярьсан чинь ойлгохгүй байна лээ. Тэгэхээр нь буйрэки, хинкалитай яг адилхан хоол гэж хэлсэн чинь сая нэг юм толгой дохиж, ойлгож байсан даа. 
Ер нь Элстэй хотод очсон хойно хооллож ундлахдаа бол яг л Улаанбаатарын нийтийн хоолны газруудын үнэ ханшаар л хоол авч идэх юм байна лээ. За ингээд муу хүн идсэн ууснаа гэж... Баахан хоол ундны талаар бичлээ. Гэхдээ Халимагийн Элстэй хот руу явах гэж байгаа хүнд иймэрхүү мэдээлэл их хэрэг болно байх гэж бодоод бичсэн юм шүү.

Үргэлжлэл бий....

2011-11-09

Халимагт зорчсон тэмдэглэл: 6. MNED халимаг хэл сурсан нь буюу "Би чамдаан дуртай"

Халимаг руу аялалд гарахаар бэлтгэж байхдаа Халимаг-Орос толь бичиг интернэтээс олж ганц хоёр үг цээжилсэн юм.  Халимагууд бол төрөлх эх нутгаа орхиод явсан монгол угсааныхан. Иймд бид бие биенээ ойлголцоод байж болох юм шиг санагдаад байгаа юм. Гэвч тэдний хэл, яриа нь орчин цагийн монгол хэлнээс ялимгүй өөр байна. 

Уг нь бол халимагууд 1920-оод оны дунд үе хүртэл уйгаржин монгол бичгээр л харилцаж байж. Оросууд уйгаржин монгол бичгийг халж, крилл үсгийг халимаг авиа зүйд нийцүүлэн хэрэглэхийг тулгасан байгаа юм. Халимагууд 1930-аад онд латин цагаан толгой хэрэглэж байсан гэнэ. Үүний дараа эргээд крилл үсэг хэрэглэдэг болжээ. Монгол Улсад ч бас уйгаржихн монгол бичгээ орхиж, Оросуудын тулгалт шахалтаар латин үсэг, дараа нь крилл үсэг хэрэглэдэг болсон билээ. Уйгаржин монгол бичгээ орхиж, крилл үсэг хэрэглэж эхэлсэн цаг хугацаа нь Халимаг, Монголын аль алинд нь давхцаж байгаа юм. Оросын крилл үсгийн цагаан толгой нь 33 үсэгтэй. Харин монголчууд ө, ү гэсэн хоёр үсэг нэмж цагаан толгойн 35 үсэгтэй болсон. Гэтэл халимаг крилл цагаан толгой нь 39 үсэгтэй юм байна. Яагаад ингээд олон үсэг нэмэгдээд гараад ирэв гээд хартал монгол бичигт байдаг нг, хг гэх мэт авиануудыг тэмдэглэсэн нэмэлт үсгүүд байна. Бас нэгэн үе халимагууд латин цагаан толгой хэрэглэж байсны ул мөр болж латин хэлний h үсэг халимаг цагаан тогойд үлдсэн байх юм. Крилл үсгээр бичсэн халимаг үгний дунд латин цагаан толгойн h үсэг их содон харагдаж байлаа.  Жишээ нь: маңһдур гэдэг үг. Монголоор бол маргааш гэсэн утга илэрхийлж байна лээ. Миний анзаарсанаар монгол, халимаг хэлэнд дараах хэдэн ялгаа байна. 

1. Үгийн үндэс нь ижил боловч залгавар, дагавар нь жаахан хувирсан үг.
Жишээ нь:  
Халимаг үг      Монгол орчуулага          Үгийн утга
      нэгэн                   нэг                             нэгийн тоо. тооны нэр

     чамдаан        чамд                               чамд.   Биеийн төлөөний үг. Ө.О тийн ялгал

     хайг                хаяг                                хаяг. Ямар нэгэн газрын байрлал. 

     гүүдл             гүйх                                  гүйх. Хөдөлгөөн заасан үйл үг

     жолач           жолооч                            жолооч. мэргэжил заасан нэр үг

2. Дуудлага нь монгол хэлэнд байдаг боловч халимаг хэлэнд огт өөр утга санаа илэрхийлж байгаа үг. 
Жишээ нь:
Халимаг үг                Монголоор  
    Баяртай                      Баяртай 

Монголчууд хэн нэгэнтэй уулзаад, салах ёс хийхдээ "Баяртай" гэдэг дээ. Гэтэл халимагууд хэн нэгэнтэй уулзаад салах ёс хийхдээ "Сайн байтан" гэж хэлдэг юм байна. Халимагуудад "баяртай" гэж хэлэх юм бол цаадуул чинь "аж жаргалтай, баяр хөөртэй байна" гэж ойлгох нь байна. 

Халимаг үг                Монголоор
     Мэнд                              Мэнд

"Мэнд" гэдэг үг халимагт хэлэнд " Сайн уу" гэсэн утга илэрхийлж байна. Залуучууд уулзаад хоорондоо ингэж мэндэлдэг. Гэтэл монгол хэлэнд "мэнд" гэдэг үг дангаараа төгс утга илэрхийлж чаддаггүй. "Өглөөний мэнд", "Эрүүл мэнд" гэх мэтээр холбоо үг үүсэж байж утга санаа нь тодорхой болдог. 

Халимаг үг          Монголоор
     Дуртай                   Хайртай

Халимагууд хэн нэгэнд хайр сэтгэлээ илэрхийлэхдээ "Би чамдаан дуртай" гэж хэлдэг. Харин монголчуудад энэ өгүүлбэр жаахан марзандуу л санагдахаар байгаа юм.

3. Дуудлага нь орчин цагийн монгол хэлэнд байдаггүй халимаг үг. Жишээ нь:

Халимаг үг             Монголоор                  Үгийн утга

шамин бүркә            чийдэнгийн бүрхүүл        -------------------  

әәмг                             аймаг                            засаг захиргааны нэгж

нөр эс күрлһн        нойргүйдэл                         нойр хүрэхгүй байх

Йосн                         Засаг                      засаг захиргаа, төр засаг гэсэн утга

гиичлүр                зочид буудал                     ----------------------- 

меечг                      бөмбөг                             тоглоомон бөмбөг

Халимаг хэлэнд урт эгшиг байхгүй. Жишээ нь, цагаан гэсэн өнгө заасан тэмдэг нэрийг халимагаар цаган гэж бичдэг юм байна.

Хэл шинжлэлийн ухааны судлаач биш болохоор нарийн сайн ангилал гаргаж чадахгүй байх шиг байна. Халимагийн залуучууд өдөр тутмын хэрэглээндээ үргэлж оросоор ярьдаг юм билээ. Ер нь Элстэй хотод халимагаар ярьж байгаа хүн тун цөөнхөн. Элстэй хотод микроавтобусаар явж байхад өөдөөс хараад сууж байсан нэг ахмад настан л  гар утсаараа хэн нэгэнтэй халимаг хэлээр харилцаж байхыг сонссон. Элстэй хотод байхдаа халимагуудтай зөвхөн оросоор л ярилцаж байлаа. 
Ингээд бодохоор халимагууд төрөлх хэлээ хэрэглэхгүй байгаагийн улмаас халимаг хэл мартагдаж, мөхөж байгаа юм байна гэж бодоход хүргэсэн.  Халимагт төрийн байгууллагуудын гадаа хаяг, мөн зарим нэг дэлгүүр, хоолны газрын хаяг нь л халимагаар байна лээ. Ихэнхи газрын хаягийг оросоор бичжээ.  


Зураг 1. Халимагийн нийслэл Элстэй хотын захиргааны байрны гадаах хаяг. Хот гэдэг үгийг халимагаар балhсна  гэдэг юм байна. Ер нь бол балгас гэж л ойлгож болохоор.


Зураг 2. Элстэй хотын төвд байдаг дэлгүүр. Бас Элстэй хотод "Даян" гэдэг нэртэй диско баар байдаг юм билээ.
Нэгэнт халимаг хэлний талаар ярьсан болохоор Халимагт гардаг сонин хэвлэлийнх нь талаар бичье.  Угаасаа Халимагт төрөлх хэлээрээ ярьдаг хүн цөөхөн болохоор бүх сонин хэвлэл нь оросоор хэвлэгддэг байх гэж таамагласан юм. Гэтэл халимаг хэлээр хэвлэгддэг сонин Элстэйд байна. Хотын гудамжинд тусгай самбар дээр Элстэй хотод хэвлэгддэг сонингуудыг дэлгээд хадчихсан байхаар нь зургийг нь авсан юм. 
 Зураг 3. "Халимагийн үнэн" сонин. Энэ сонин халимаг, орос хэлээр хэвлэгддэг юм байна. Зарим нийтлэл нь халимагаар, зарим нь орос хэлээр. 

Зураг 4. "Известия Калмыкии" сонин. 100 хувь орос хэлээр хэвлэгддэг.

Элстэй хотын захиргааны байшингаас 50 гаруй метрийн зайтай байрладаг "Галарей" хэмээх худалдаа үйлчилгээний төв дотор нэгэн ресторанд орсон чинь Халимагийн үнэн сонины шинэхэн дугаар байхаар нь аваад унших гээд оролдоод үзлээ. Халимаг хэлээр сонин уншсан чинь ер нь надад ойлгогдохоор юм байна лээ. Гэхдээ огт юу гэж байгааг нь мэдэхгүй халимаг үг мэр сэр тааралдсан. Өгүүлбэр дотор нь орос үгнүүд ч тэр чигээрээ бичигдсэн байна лээ. 


Зураг 5. Халимагийн үнэн сонины 11 сарын 1-ний өдрийн дугаар. 8-р нүүр.

Бараг 500 жилийн өмнө төрөлх монголоосоо нүүгээд явсан халимагууд нэлээн оросжижээ. Бид халимагаар ярьсанаас оросоор хоорондоо ярилцах нь илүү амар байдаг гэж надтай уулзсан халимаг залуучууд ярьж байсан юм. Төрөлх хэлээ мартаж байгаа нь харамсалтай л санагдсан. Гэхдээ Элстэй хотод  хүмүүс төрөлх хэлээрээ харилцах таатай нөхцөл бүрдүүлээгүй юм билээ. Дэлгүүрт барааны үнэ, нэр төрөл нь оросоор, кафе ресторанд хоолны цэс нь бас л оросоор. Гудамжны зарлал сурталчилгаа ч бас орос хэлээр....


Зураг 6. Ирэх 12 сарын 4-нд ОХУ даяар парламентын сонгууль болно. Оросын парламентын сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлжээ. Эрх баригч "Нэгдсэн Орос" намын сурталчилгааны самбар. Элстэй хот.


Зураг 3. Элстэй хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд байдаг түргэн хоолны мухлаг. Энд орос, халимаг үндэсний хоол зардаг юм билээ. 

Цагаан сар гэсэн холбоо үг энэ зурган дээр байгаа биз. Халимагууд жил бүрийн 2 сард цагаан сарын баярыг хийдэг юм билээ. Цагаан сарыг хаврын баяр гэж үздэг. Халимагуудын өөр нэг том баяр нь жил бүрийн 12 сарын 7-8 өдрүүдэд тэмдэглэдэг ЗУЛ гэж баяр. ЗУЛ баяраар халимагийн он тоололоор шинэ он, шинэ жил гарлаа гэж үздэг. Энэ тухай надад Халимаг жаалхүү Алдар ярьж өгсөн юм. 

2011-11-08

Халимагт зорчсон тэмдэглэл: 5. Элсгүй Элстэй хот

Өнгөрсөн хэд хоног зав муутай байсан тул тэмдэглэлээ бичиж амжсангүй. Олон хүнд хүлээлт үүсгэсэн болохоор өнөөдөр олон зураг хөрөгтэй, уртхан юм бичнээ. За аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлэе. 

1862 оны хавар нэгэн орос эр Халимагийн тал нутагт хувийн модон байшин барьжээ. Гэтэл бусад оросууд түүний байшинг тойруулж хувийн байшин сууц нэмж барьсанаар яваандаа  энэ газар тов хийсэн жижигхэн суурин газар үүссэн гэнэ. 1930 онд энэ сууринг хотын статустай болгож Элиста [Элстэй] гэж нэрлэсэн түүхтэй. Нэрнээс нь ургуулан бодоход энэ хотыг учиргүй их элсэн дунд байдаг юм байна хэмээн төсөөлж байсан нь эндүүрэл байж. Элстэй хот тал хээрийн бүс нутагт байрладаг. Анх нэг ч модгүй тэгшхэн тал газар байсан гэнэ лээ. Хотын статустай болсон хойноос мод бут тарих кампанит ажил өрнүүлж, өнөөдөр Элиста хот битүү модтой болж чаджээ. Элстэйчүүд хотынхоо мод бутыг сүрхий арчилж, торддог юм билээ. 

Зураг 1. Элстэй хотын "Жангар" театр

Музейгээс гараад хэсэг алхаж байгаад микро автобусанд  сууж хотын төвд хүрлээ. Ингээд баахан явган алхаж хоттой нь танилцаж эхлэв ээ. Элстэй хот янз бүрийн хөшөө, баримал, дурсгалын самбар ихтэй юм. Хотын төвд нэг ийм хөшөө миний нүдэнд өртсөн юм. 

Зураг 2. Элстэй хотын төвийн цэцэрлэгт гудамжинд үндэсний хөгжим барьсан хүний хөшөө.  
Зураг 3. Хөгжимчин эрийн барималыг арай ойроос харвал...

Элстэй хотод ердөө 100 мянган хүн оршин суудаг. Манай Дархан, Эрдэнэт хотын дайтай. Хотын захиргаа, Халимагийн төрийн ордон нь төв талбайгаасаа хэдхэн алхамын зайд зэрэгцээд сүндэрлэж байх юм. 

Зураг 4. Элстэй хотын захиргааны байр 


Зураг 5. Арслантай хөшөө.Элстэй хотын захиргааны байрны гадаа 


Зураг 6. Элстэй хотын захиргааны байр

Зураг 7. Халимагийн төрийн ордон. Халимагууд үүнийгээ "Цагаан Ордон" гэж нэрлэдэг юм билээ. Энд Халимагийн Ерөнхийлөгч, Засгийн Газар, Парламент, мөн Халимаг дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч ажилладаг юм билээ.



Зураг 8. Тэмээний хөшөө

Зураг 9. Элстэй хотын төвд байрладаг худалдаа-үйлчилгээний төв

 Зураг 10. "Пагода на семи дней" цогцолбор. Элстэй хотын төв талбайн гол чимэг.

 Зураг 11.  Буддын шашны тэргүүн Далай лам халимагийн ард түмэнд энэ хүрдийг бэлэглэжээ 
 Зураг 12. Элстэй хотын төв талбай

 Зураг 13. Элстэй хотын төв талбайн ерөнхий байдал нэг иймэрхүү

 Зураг 14. Элстэй хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэн. 1995 оны 7 сарын 6-нд барималыг Далай ламын төрсөн өдөрт зориулан Кирсан Илюмжиновын санаачилгаар хийжээ.
Зураг 15. Энэ бол Халимагт төдийгүй, Европт анх удаа залсан бурхан багшийн хөшөө 

 Зураг 16. Элстэй хотын төв гудамжны гэрлийн шон. Үндэсний уламжлалыг тусгасан байгаа биз.
 Зураг 17. Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээс Элстэй хотын төв талбайн "Пагода на семи дней" цогцолбор ингэж харагддаг юм билээ.


Зураг 18. Халимагийн удирдагч, ахмад дайчин, ЗХУ-ын баатар Городовиковын хөшөө
 Зураг 19. Элстэй хот. Ленины гудамж

 Зураг 20. Халимагийн үндэсний гимназийн бэлгэ тэмдэг хөшөө

Элстэй хотын төв гудамжаар хэсэг зугаалаад "Бурхан багшийн алтан сүм" рүү явлаа. Халимаг руу явахын өмнө энэ сүмийн талаар уншиж байсан болохоор тодорхой мэдээлэлтэй байсан юм. "Бурхан багшийн алтан сүм"-ээ халимагууд энгийн хар яриандаа "Хурул" гэж нэрлэдэг юм билээ.  2004 онд Далай лам Халимагт айлчлал хийхдээ энэ сүмийг барих газрыг өөрөө шинжиж сонгосон юм билээ. Сүм байгаа энэ газар өмнө нь Элстэй хотын барилгийн материалын үйлдвэр байрлаж байж. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр барилгийн материалийн үйлдвэр дампуурч, байшин сав нь балгас болж хувирсан ажээ. Балгас байсан энэ газар сүм хийд барьсанаар орчин нь эрс өөрчлөгдөж, одоо сүсэгтнүүдийн ирж буян хураадаг газар болж хувирсан нь энэ. 


 Зураг 21. Элстэй хот дахь Бурхан багшийн алтан сүм. Энэ бол Европ дахь хамгийн том буддын шашны сүм
 Зураг 22. Сүмийн хаяг нь халимаг, орос хэлээр. Халимаг хэлэнд зарим эгшиг үсэг л гээгдээд байдаг бололтой.

 Зураг 23. Бурхан багшийн алтан сүмийн ажиллах цагийн хуваарь. Өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд үүд хаалга нь нээлттэй.

 Зураг 24. Сүмийн хашаан дотор 20 гаруй ийм бурхантай

 Зураг 25. Бурхан багшийн алтан сүм

 Зураг 26. Сүмийн хашаан дотор

 Зураг 27. Сүмийн эргэн тойронд нэг л нам гүм 

Зураг 28. Сүмийн барилгийн эргэн тойронд 108 хүрдтэй

 Зураг 29. Сүмийн үүд хүртэл 108 шатны гишгүүрээр алхана. Шатны хажууд усан оргилууртай

Сүмийн хашаан дотор зураг авах нь чөлөөтэй. Харин сүм дотор гэрэл зураг, дүрс бичлэг хийхийг хориглодог. Сүм рүү орохын тулд үүдэнд нь гутлаа тайлж орно. Би ч гутлаа тайлаад сүм рүү нь орлоо.  Нар зөв тойрч явсаар хойморт нь залсан бурханд мөргөлөө. 



Зураг 30. Бурхан багшийн алтан сүмийн ерөнхий байдал

Бурхан багшийн Алтан сүмээс гараад "Шатрын хотхон" руу явахаар шийдэв. Шатрын хотхон нь Элстэй хотын захын дүүрэгт байрладаг аж. Шатрын хотхон руу яаж явах вэ? гэж гудамжинд яваа хэд хэдэн асуув. Гэтэл хүн болгон өөр өөр зүг рүү явахыг зөвлөж толгой эргүүлээд хаячлаа. Энэ олон замын хаагуур нь явах вэ? гэдэг шиг, энэ олон зөвлөгөөний алийг нь дагах вэ? гэдэг сонголтын өмнө ирэв. Аргаа бараад өнөө халимаг жаалхүү рүү утасдав. Ашгүй өнөөх маань шатрын ордон руу хэрхэн явахыг товч, тодорхой хэлж өгөв. Бас оройхон тийшээ нэг газар уулзахаар болзоо тогтоолоо. 


Зураг 31. Шатрын хотхоны төв хаалга

Сити Чесс хотхон Элстэй хотын захад байрладаг юм байна. Хотын төвөөс 7-р чиглэлийн микроавтобусанд сууж, эцсийн зогсоол дээр нь буулаа. Сити Чесс хотхон нь сүүлд баригдсан шинэ барилга гэсэндээ Элстэй хотын төвийн дүүргийн барилгуудаас загвар, хийцээрээ эрс ялгагдаж, арай илүү өнгөлөг юм. Энэ хотхонд шатрын ордоноос гадна 3 одтой зочид буудал, Япон болон Европ хоолны ресторан, хувийн орон сууцнууд байдаг юм билээ. Шатрын ордон руу орж үзэхэд 1-3 хүн үнэ төлбөргүй. Харин 3-аас дээш тооны хүн ороход тодорхой хэмжээний төлбөртэй юм байна. Үүдний жижүүр нь намайг хэдүүлээ яваа юм бэ? гэж асуув. Ганцаараа яваа гэж хэлтэл шууд л үнэгүй оруулав. 

Зураг 32. Шатрын ордон
 Зураг 33. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Шатрын ордон"-д зочилж байжээ. Үүнийг гэрчлэх гэрэл зураг Шатрын Ордоны хүндэт зочидын самбарт өлгөөстэй байна. 

 Зураг 34. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Халимагт айлчлах үеэрээ мөн л "Шатрын Ордон"-д зочилж байжээ.


Зураг 35. Шатрын хотхоны ерөнхий макет. Шатрын хотхоныг барилгийн ажил бүрэн дуусаагүй. Ирээдүйд шатрын хотхон хэрхэн хүрээгээ тэлэхийг 36  зургаас хараарай. 


Шатрын ордон дотор шатрын спорттой холбоотой сонирхолтой баримтууд, Дэлхийн Шатрын Холбооны гишүүн орнуудын төрийн далбаа, үе үеийн дэлхийн шатрын аваргуудын хөрөг зураг, Шатрын Ордоны хүндэт зочидын гэрэл зураг байрлуулсан том танхим, шатрын сургалт явуулах ангиуд, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах зориулалттай том саруул танхимтай юм билээ. 

Зураг 37. Шатрын ордоны дотор. 


Зураг 38. Шатрын хотхон дотороо дэд бүтэцтэй "бичил хот" юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.

Шатрын хотхоны хажуугийн хоёр давхар хаузны гадаа Монголын маань төрийн далбаа намирч байх юм. 





Байшингийн гадаа яваад очлоо. Гэтэл гадаа нь ийм хаяг байна.


Монголын Консулын газар, Монголын мэдээлэл соёлын төв орж ажилладаг хүмүүстэй нь уулзая, танилцая гэсэн хүсэл төрсөн. Гэвч ням гариг байсан тул тэд амарч байгаа бололтой. Хоосон хаалга мөргөсөн доо. Ямар ч байсан Элстэй хотод Монголын консулын газар ажилладаг юм байна гэдгийг мэдэж авлаа.  


Дараагийн удаа, халимаг хоол, халимагуудын аж амьдрал, мэдээж "манай ангийн" халимаг залуучуудын тухай бичнээ. 
Үргэлжлэл бий....