Амьдралын тойрог

2011-11-10

Халимагт зорчсон тэмдэглэл: 7. Аршан болтха

Аршан болтха. 
Түрүүчийн удаа Халимаг хэлний талаар баахан өөрийнхөө олж мэдсэн хэмжээндээ бичсэн. Харин өнөөдрийн тэмдэглэлдээ Элстэй хотод амтлаж зооглосон хоол ундны талаар бичье. 
Аршан болтха гэдгийг орчин цагийн монгол хэл рүү орчуулах юм бол "Тавтай хооллоорой", "Сайхан хооллоорой" гэсэн утга санаа илэрхийлж байгаа юм. Ухаандаа идсэн уусан идээ ундаа нь хүний биенд хор биш, рашаан болж шингээрэй гэж бэлгэдэж байна. Хот хоорондын автобусаар 19 цаг явж Элстэй хотод ирээд зочид буудалд өрөө авчихаад, эргэж гарч хоол унд эргүүлсэн юм. Өнөө намайг монгол гэж мэдээд үнээ суга нэмэгдүүлсэн "Элиста" зочид буудлаас холгүйхэн "Хотан" гэдэг жижигхэн хоолны газар би орлоо. 

 
Зураг 1. "Хотан" хоолны газрын хаалган дээр "Тавтай хооллоорой" гэж томоор бичсэн байлаа. 

"Хотан" хоолны газраас би "дотур" гэж нэрлээд байгаа шөл захиалсан юм. Энэ бол хонины дотор шөл. Хонины зүрх, бөөр, уушиг, гүзээг жижиглэж хэрчээд, давс, сонгиноор амтлаад сайхан шөл гаргаж. Шинэ хонины шөл ууж байгаа юм шиг л сайхан болсон шд. Нэг таваг "дотур" шөл 65 рубль буюу 2730 төгрөг орчим. (1 рубль = 42 төгрөг гэж тооцов.)   Сүүтэй цай 20 рубль буюу  840 төгрөг.

Зураг 2. "Дотур" шөл.

 Халимагт байх хугацаандаа идсэн өөр нэг хоол бол "буйрэки".  Өөр хоолны газар "Бериги" гэж бичсэн байсан. Энэ бол ер нь банш, бууз л гэсэн үг. Манайд буузыг жигнэдэг дээ. Харин халимагууд чанадаг юм билээ. Нэг порц нь таван ширхэг буйрэки ирнэ. Үнэ нь: 85 рубль. 3570 төгрөг. Хазаад үзсэн чинь дотороос нь тос өөх бялхаад... Би бол дороо л цадсан.

Зураг 3. Буйрэки. Энэ хоолыг бас "Береги" гэж нэрлэж байсан

Халимагт "боорцог" гээд нэг хоол байгаа юм. Манай монголд боорцог гэхээр тосонд шарсан гурилан бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг даа. Харин манайханы хуушуур, пирошки гэж нэрлээд байгаа хоолыг энд боорцог гэж нэрлэж байна лээ.  

Элстэй хотод Халимаг үндэсний хоолноос гадна энд орос, европ, итали, хятад, япон хоолны газар ажиллаж байна. Орос, европ, итали, япон хоолны газар нь оросууд, халимагууд л ажилладаг юм билээ. Харин хятад ресторанд хятадууд ажиллах юм. Энэ хятад хүний хөл хүрээгүй гэдэг гэж алга аа. Хаа холын бөглүү халимагт хүртэл хятадууд хүрч ирээд ресторан нээгээд ажилуулж байх юм.




Зураг 4. Элстэй хот дахь хятад хоол ресторан

Элстэй хотын төвд байдаг Галарей гэж худалдаа үйлчилгээний төвийн -1 давхарт нь их аятайхан цэвэрхэн, тохижилт сайтай ресторан ажилладаг юм билээ. Хамгийн гол нь энд үйлчлүүлж байгаа хүмүүс нь бас их аятайхан. Энд байхдаа хоол идэж ходоодоо баярлуулангаа, хөөрхөн, царайлаг халимаг охид залуучуудыг харж нүдээ баясгасан шд. Рестораны хоолны дундаж үнэ 150-250 рубль буюу 6000-10000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Хамгийн хямдхан пицца 200 рубль буюу  8400 төгрөг орчимд. Монголд дуудлагаар пицца захиалахад ойролцоогоор 15000 төгрөг байдаг санагдаж байна. Ингээд харьцуулаад бодохоор энд хоолны үнэ ханш нь тун  боломжийн юмаа.


Зураг 5. Галарей худалдааны төвийн -1 давхарын ресторан. Эндэхийн үйлчлүүлэгч нар нь ихэвчилэн залуучууд

Элстэйд байхдаа хүнсний дэлгүүрээр нь хэсэж үзсэн. Ихэнхи хүнсний барааны үнэ Москвагийн өөртөө үйлчилдэг хүнсний дэлгүүрийнхтэй ойролцоо байлаа. Анхаарал татсан нэг юм нь Элстэйн хүнсний дэлгүүрүүдэд хөлдөөсөн бууз зарж байна лээ. "Хинкали" гэж нэрлээд байгаа хөлдөөсөн бууз 1 кг нь 70 рубль 20 копеек. Өөрөөр хэлбэл 2900 төгрөг гэсэн үг. Буузны чимхэлт нь харин жаахан өөр юм билээ.

Зураг 6. Хинкали. Манайхаар бол хөлдөөсөн бууз. 

Явуулын хүн хөлдөөсөн бууз худалдаж аваад ч яахав гэж бодоод аваагүй. Бууз дэлгүүрээс нь авчихаад хэнээр, хаана ч жигнүүлэх вэ дээ.  Нөгөө зочид буудлынхан жигнэж өгөхгүй шд. Халимагуудад "бууз" гээд ярьсан чинь ойлгохгүй байна лээ. Тэгэхээр нь буйрэки, хинкалитай яг адилхан хоол гэж хэлсэн чинь сая нэг юм толгой дохиж, ойлгож байсан даа. 
Ер нь Элстэй хотод очсон хойно хооллож ундлахдаа бол яг л Улаанбаатарын нийтийн хоолны газруудын үнэ ханшаар л хоол авч идэх юм байна лээ. За ингээд муу хүн идсэн ууснаа гэж... Баахан хоол ундны талаар бичлээ. Гэхдээ Халимагийн Элстэй хот руу явах гэж байгаа хүнд иймэрхүү мэдээлэл их хэрэг болно байх гэж бодоод бичсэн юм шүү.

Үргэлжлэл бий....

9 comments:

soulmate said...

дотур, буйрэки хоёр дээр шүлсээ гүдхийтэл залгив :р Гоё харагдаж байна, гэхдээ тослог ихтэй гэхээр жоохон тийм болохоос.

MNED said...

soulmate> Их тослог хоол болохоор дороо бялуурахаар юм байна лээ.

3apaa said...

Аяллын сонин хачинаа хуваалцсанд баярлалаа. Очсон газруудынхаа музейд заавал орж байх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Танин мэдэх аялалд чинь амжилт хүсье. Би чамдаа дуртай :) /Халимагаар биш шүү/

MNED said...

Зараа> Зүгээрээ. Ер нь аялаж очсон газрынхаа музей, театраар нь нэг орох хэрэгтэй гэдэг ч зөв шүү. Миний блогт дуртай болсонд баяртай байна

erchuud said...

Hamgiin gaihamshigtai ni kalmykuud dainii uyed , huuhduudee german, yugaslav, franced toruulsen hediich , undsen ayalguugaa yos zanshlaa geegeeguid baidag yum . Amerikiin kalmyjuudiin huvid ,
Deer Tsagaan Zam akhtai khuuch hoorokhod ikh yum medej avsan . Ammtai bailaa daraagiin bichlegiig huleej baina.

MNED said...

to Erchuud> Цагаанзам ахтай Элстэй хотод би бас уулзсан. Тэгээд FACEBOOK-т хамт авахуулсан зургаа оруулсан. Та үзсэн байх.Цагаанзам буюу дуучин Каруев ах Монгол руу гэсэн элэгтэй хүн юм шиг байгаан

Keesh said...

"амссан нь аршаан
шимшсэн нь шихэр
сүнс нь сүхбодийн оронд төрөх болтхаа" гэж бас хэлдэг

MNED said...

to Falcon> Chi yamar sain medej bnaa?

Сүрэн said...

аяны сайхан тэмдэглэл байна, хуваалцсанд баярлалаа.

"аршан болтха" гэдэг нь "рашаан болтугай" гэсэн утгатай үг, одоо ч гэсэн баруун аймгуудад хүмүүс хоол идсэнийхээ дараа "рашаан болог" гэж хэлж ерөөдөг