Амьдралын тойрог

2011-11-05

Халимагт зорчсон тэмдэглэл: 4.Халимагийн үндэсний музей

2011 оны 10 сарын 30. Ням гариг. Миний хувьд Элстэй хотын анхны өглөө. Хөнгөн цайлж аваад зочид буудлаас гарав. Гарахдаа өрөөний түлхүүрээ үлдээх хэрэгтэй гэж ресепшин хэлж байсан. Гэвч би өрөөний түлхүүрээ үлдээлгүй гарч явсан юм. Бас ресепшинд паспортоо үлдээх журамтай гэнэ. Би гадаадын иргэн. Гудамжинд цагдаа нар миний баримт бичгийг шалгаж магадгүй учраас би паспортоо үлдээх боломжгүй гэж тайлбарлав. Иймд тэд паспортоо үлдээ гэж  дахин шаардсангүй. Ер нь би гадаад паспортоо таньж мэдэхгүй газар хэн нэгэн хүнд өгөх угаасаа дургүй. Гадаад паспортоо байнга л биедээ авч явж байхад сэтгэл амар байдаг юм.
Өчигдөр зочид буудал зааж өгсөн халимаг жаалхүү надад утасны дугаараа өгч, тусламж хэрэгтэй бол залгаарай гэсэн юм. Надад зочид буудлын хаяг хэлж өгсөн жаалхүү: "Миний нэрийг Алдар гэдэг. 17 настай" гэж өөрийгөө танилцуулсан. Хэрвээ Элстэй хотод явж байгаад ямар нэгэн асуух зүйл гарвал би Алдар руу утасдаж, зөвлөгөө авах нь зөв юм байна гэж дотороо бодож байсан юм. Алдар хэмээх тэр халимаг жаал надад тус болсоон.. болсон. Түүний тухай тусгайлан дараа бичнээ.

 Зураг 1. Халимагийн Үндэсний Музейн барилга

Зочид буудлаас гараад замын эсрэг талд байрладаг “Халимагийн үндэсний музей” руу алхав. Музейн тасалбар нь 60 рубль. Гадаадын хүн үзнэ гэвэл тасалбар нь 100 рубль. Харин цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд, ахмадууд үнэ төлбөргүй музей үзэх эрхтэй юм билээ. 1 рубль=41 төгрөгийн ханштай гэж тооцвол музейн тасалбарын үнэ ойролцоогоор 2460 төгрөг. (Пататэгийн хүсэлтээр үнэ ханшийг нь монгол төгрөг руу шилжүүлж бичив.) Би түрүүвчнээсээ 100 рублийн дэвсгэрт гаргаж кассирт өгөв. Гэвч музейн ажилтан намайг гадаадын иргэн гэж огт таамаглаагүй бололтой. Надад 60 рублийн тасалбар өгч, 40 рубль хариулж өгч байна. Би “Баярллаа” гэж хэлээд тасалбар, хариулт мөнгөө авч үзмэрийн танхим руу нь эргэв. Халимагийн үндэсний музей 3 давхар. Үүнээс нэг, хоёрдугаар давхар нь бүхэлдээ үзмэрийн танхим. Гурван давхарт нь захиргаа, аж ахуй, санхүү нь байрладаг бололтой. Музей дотор фото зураг, видео бичлэг хийхэд бас нэмж мөнгө төлдөг юм билээ.


 Зураг 2. Музейн барилга нь загвар хийцийн хувьд их өвөрмөц. Дээрээс нь харвал хоорондоо холбоотой монгол гэрийг санагдуулахаар юм билээ. 

Музейн эхний танхимд Халимагийн газар зүйн тогтоц, байгаль, цаг уурын тухай мэдээлэл, нэлээн хэдэн зүйлийн шувуу, ан амьтаны чихмэл байна лээ. Харин үзмэрийн хоёрдугаар танхимд халимагуудын гарал үүсэл, түүхтэй холбоотой үзмэр байрлуулжээ. Монгол Улсын баруун хэсгээс нүүдэллэн явсанаас эхлээд, Халимагийг удирдаж байсан ноёд, тэдний удам угсааны тухай бүдүүвч, халимагууд Оросын хаант улсын ивээлд орсон тухай түүхэн баримт бичгийн хуулбар хүртэл байна лээ. Халимаг руу явахаас өмнө интернэтээс Халимагийн түүхтэй холбоотой мэдээлэл олж уншсан нь музей үзэх үед их нэмэр боллоо. Интернэтээс уншсан зүйлүүд маань баримт сэлттэйгээ музейн шилэн хоргонд байрлаж байна лээ.

Зураг 3. Халимагийн газар зүйн байрлалын зураг. Үндэсний музейн 1-р танхим

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд зориулсан тусгай үзмэрийн танхимд дараа нь явж орлоо. Дайны он жилүүдэд Оросын зэвсэгт хүчинд дэм болж Германы эсрэг тулалдсан Халимаг цэргүүдийн тухай мэдээлэл, зураг хөрөгтэйгээ байна. 


Зураг 4. Дэлхийн 2-р дайны он жилүүдэд Халимагуудын тал нь Германы талд орж, оросуудын эсрэг, харин тал нь Оросын талд орж Германы эсрэг тулалджээ. Харин энэ туг бол Оросын талд орж Германы эсрэг байлдсан Халимагийн 110-р цэргийн дивизийн улаан туг.

1958 онд Оросууд Халимагийн өөртөө засах орныг сэргээн байгуулж удирдагчаар нь Городовиков Басан Бадминович хэмээх цэргийн албан хаагчийг томилсон юм билээ. Б.Б.Городовиков дэлхийн хоёрдугаар дайнд Оросын зэвсэгт хүчинд орж Халимаг цэргийн хороог удирдаж, хэд хэдэн ширүүн тулаанд орж, баатарлаг гавъяа байгуулсан юм билээ. Үүнийхээ төлөө нэлээн олон медалиар энгэрээ цоолж. Түүний авсан хамгийн том шагнал нь ЗХУ-ын баатар цол. Халимагийн өөртөө засах орныг сэргээсэний дараа энэ нөхөр устаж үгүй болох шахаад байсан үндэсний соёл, уламжлалаа Орос маягийн социалист бүтээн байгуулалттай хослуулж хөгжүүлж чадсан сүрхий алсын бодолтой хүн байж. Ер нь Элстэй хотод Городовиковын нэрэмжит гудамж бий. Түүний хүрэл хөшөө Элстэй хотод нэг бус, нэлээн хэд харагдана лээ.     

Зураг 5. Халимагаас төрсөн ЗХУ-ын баатар, 1961 оноос хойш 80-аад оны эхэн үе хүртэл Халимагийг удирдсан Б.Б.Городовиковийн амьдрал, тэмцлийг харуулсан танхим

Социализмийн үеийн Халимагийн лидер нь Городовиков байсан бол харин шинэ үеийн Халимагийн лидер нь Кирсан Илюмжинов. Халимагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кирсан Илюмжинов Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг Иймд шатрын спортыг их дэмждэг нь музейн үзмэрт ч тусгалаа олжээ. Халимагийн үндэсний музейд шатрын спорттой холбоотой үзмэрийн танхим байна. Энд манай Монголын шатрын холбооныхон Кирсан Илюмжиновт бэлэглэсэн шатар, өөр бэлэг дурсгалийн зүйл олон байна лээ.


Зураг 6. Халимагийн анхны Ерөнхийлөгч, Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов. 

 
Зураг 7. Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновт Монголын Шатрын Холбооноос бэлэглэсэн шатар 

Манай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Халимагт албан ёсны айлчлал хийхдээ Халимагийн ард түмэнд бэлэглэсэн Монголын үндэсний бэлэг дурсгалын зүйлийг музейн хойморт хүндэтгэлтэйгээр залжээ. Монголын төрийн тэргүүний бэлэг гэсэн тодотголтой үндэснийхээ  бэлэг дурсгалын зүйлсийг хараад сайхан л санагдлаа. Бас Халимагт ирсэн Монголчууд ч энэ музейд хандив болгож бэлэг сэлт өгсөнийг нь музейн үзмэр болгож нэг шилэн хоргонд хийжээ.

 Зураг 8. Халимагт ирсэн Монголчуудын музейд өгсөн бэлэгнүүд. Монголын шатрын холбооныхоны өгсөн бэлэг ч энэ дунд байна лээ.

Халимагууд 1578 оноос буддын шашин шүтдэг болсон юм билээ. Одоо Европ дахь хамгийн том буддын шашны төв нь Халимаг орон. Үндэсний музейд Буддын шашинтай холбоотой үзмэр байрлуулсан нэг танхим байна. 

Зураг 9. Халимагийн нийслэл Элстэй хотод байдаг "Бурхан багшийн Алтан сүм"-ийн макет. Энэ бол Европ дахь хамгийн том буддын шашны сүм


Зураг 10. Орос, Халимагуудын уулзалт. Ер нь Халимагууд Оросын бүрэлдэхүүнд орж байх үеийг л дүрсэн харуулсан уран зураг


Зураг 11. Халимагийн шинэ үеийн зураачдын уран бүтээл. Зурагийн нэр : "Эмээ, ач хүү" 

 Зураг 12. Хэрвээ би андуураагүй бол энэ зургийн нэр "Гэр бүл"
 Зураг 13. "Тэмээ"

За тэгээд энэ Халимагийн Үндэсний Музейн бүх үзмэрийг нь тоочоод бичээд байлтай биш.Бүх үзмэрийг нь зурагтай нь блогтоо оруулчих юм бол  энэ музей дампуурчих байлгүй. Халимаг гэр, Халимагийн үндэсний ардын уран зохиолын сор болсон "Жангар" тууль гээд олон сонирхолтой үзмэр музейд нь байна. Зарим үзмэрийн зургийг нь авахыг зөвшөөрөөгүй. Ер үзмэрийн хувьд баялаг өв сантай, их дажгүй сайхан музей байна. Халимагийн Элстэй хотод ирэх юм бол заавал энэ музейг нь үзээрэй. 
Дараагийнн удаа Элстэй хотоор хэрхэн зугаалсанаа бичнээ. 

6 comments:

soulmate said...

Uran zurguud n taalagdav. Mgld tsagaan darium orj uzkeed amjaaguimsan.
Aan neeree alban tushaal hashdag gedeg biluu.

MNED said...

Soulmate>Halimagiin zuraachidiin uran zurag ih engiin, ongo budag ni hurtel avtsaldaa saitai sanagdsan.

Ganaa said...

Гоё юмаа. Аялалын тэмдэглэлийг дарааллуулаад уншсан чинь яг л өөрөө аялаж буй мэт сэтгэгдэл төрлөө. Очсон газрынхаа музейнүүдээр орж баймаар юм байна. Энэ тухай урьд нь ерөөсөө бодож байгаагүйн байна.
Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээе.

erchuud said...

comment yavuulsan neg l bolokhgui baina. facebook deer holbogdoye

MNED said...

Ganaa>Очсон газар болгоныхоо музей, театраар нь орох ч хэрэгтэй шүү. Би уг Элстэй хотын театрт ямар нэгэн тоглолт үзье гэж бодож байсан ч амжаагүй.

MNED said...

Erchuud>Блогийн коммэнт маань нэлээн удаж байж гарч ирээд байгаа юмаа. Гэхдээ нэг тохиргоо л хийх хэрэгтэй юм шиг байна лээ. Би Facebook тогтмол хэрэглэгдэггүй болохоор хариу бичнэ гэж бас удах л байх даа