Амьдралын тойрог

2014-07-23

Цус харвалт

Өчигдөр  санаандгүй байж байгаад  аавынхаа машины хаалганд толгойгоо тас хийтэл цохичихлоо. Ёо гээд л толгойгоо дараад доошоо суулаа шд. Тэгээд орой нь толгой өвдөөд болдоггүй ээ. Толгойны өвчин намдаах эм ууж унтлаа шд. Өглөө сэрсэн чинь толгой өвдөх нь гайгүй байна. Гэхдээ л хүзүү хөшөөд.... Цаанаа л нэг ёозгүй ээ. Тэгэхээр нь бариач дээр очиж толгойгоо бариуллаа шд. Тархи хөдөлчихжээ. Миний тархи ч яахав, ингэс гээд гайгүй л болж байна. Хэрвээ ямар нэгэн зовиур байвал дахиад хүрээд ирээрэй гэж  бариач  хэлсэн. Биеэ чагнас хийгээд л байж байхаас.

Тархи хөдөлсөн гэснээс нэг муу мэдээ сонсоод. Энэ жил 25 настай миний нэг танил залуу цус харважээ. Би өнөөдөр тэр танилаа эмнэлэгт эргэж очлоо. Гэнэт цус харваад л хэд хоног ухаангүй байсан юм байх. Цус харвана гэдэг бол хөгшин, өндөр настай, за бүүр байг гэхэд 45-аас дээш насныханд л тохиолддог зүйл гэж бодож болохгүй байх нь. Базарваань.  

Одоо ч бие гайгүй болж байна. Эмнэлэгээс удахгүй гарна даа гэж  танил маань надад хуучиллаа.  Хүүгээ өвдөхөөр нь ээж нь эмнэлэгт сахижээ. Ээж хүний сэтгэл гэдэг яндаж болохгүй далай шиг шүү дээ. Эмнэлэгээс гараад сувилалд явна. Нэг хэсэгтээ л ажлаа хийж чадахгүй болсон гэж тэр нэмж хэллээ. 

Аливаа юмны нарийн цаад шалтгааныг нь олох дуртай юм болохоороо цус харвалтын талаар интернэтээс олж уншаад л сууж байна. Уншиж мэдсэнээ энд давхар сийрүүлж бичлээ. 

Энгийн үгээр хэлэх юм бол хүний  толгойн гавал яс дотор тархины орчимд байгаа судас хагарч цус нь тархинд нэвчин орохыг цус харвалт гэж нэрлэдэг байна. Судас хагарах нь ганц тархинд тохиолдохгүй. Хүний биеийн аль ч хэсгийн судас хагарч болно. Олон жил зогсоо ажил (рестораны зөөгч, автобусны кондуктор, үйлдвэрт механик тоног төхөөрөмжийн өмнө зогсож ажилладаг нормчин г.м.) хийсэн хүний хөлийн судас бүдүүрээд, зарим судас нь хагарчихсан байдаг. 

Гэхдээ тархи, толгойны судас хагарах нь хамгийн аюултай. Амь насанд ч хүрч мэднэ. Арай гайгүй нь тал цус харваж, тал бие нь бүхэлдээ мэдээгүй болдог. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авч чадвал амь аврагдана. Эмчилгээ нь удаан үргэлжилж, хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна, хэл яриа нь ч хүн ойлгохооргүй болж ярих чадваргүй болдог.   Цус харвалтыг бол дотор нь өч төчнөөн ангилладаг юм байна. Тэр анагаахын шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг нь орхиё. 

Архи дарс, шар айраг, газтай ундаа байнга хэтрүүлэн хэрэглэх, өөх тостой хоол, түргэн хоол байнга идэх нь аажмаар цус өтгөрүүлж, даралт ихэсгэж  цус харвах тохироог бүрдүүлнэ дээ. Даралт ихсэж байна гэдэг чинь л цус харвахад ойрхон байна гэсэн үг. 

Залуу хүн яах ч үгүй гээд хайхрамжгүй байж болохгүй нь. Ер нь толгой өвдөөд байвал даралтаа ч гэсэн хэмжүүлээд үзэхэд илүүдэхгүй. Ингээд бодохоор орчин үед цус харвах нь хэнд ч тохиодол болохоор. За тэгээд эцэст нь архи, шар айраг, газтай ундаа, өөх тостой хоолоо багасгаж энэ биеэ гамтайхан эдлэж хэрэгтэй шүү.

СМАРТ  утсаа усанд унагааж норгохоор  үйлдэлийн системд нь саатал үүснэ дээ. Эвтэйхэн унтрааж хатсан хойно нь эргэж асаадаг. Эс тэгвээс хамаг юм нь шатаад утас ажиллагаанаас бүүр гарч амьсгал хураадаг шд. Цус харвалтыг яг үүнтэй л зүйрлэж болмоор ч юм шиг. 
Эмнэлэгээс явахдаа тэр танилдаа биеэ сайн бодоорой гэж би захиад л явсан даа. 

2014-07-21

Наадмын өмнөх болон дараах болзоо

Наадмын өмнөхөн нэг бүсгүй над руу фейсбуукаар захиа бичсэн байлаа. Манай хамаатаны нэг эгчийн санал болгосоноор тэр бүсгүй захиа бичиж байгаа юм гэнэ. Өөртэй чинь танилцмаар байна гэсэн байв. Огт танилцахгүй гээд байх нь хаашаа ч юм. Юу ч гэсэн уулзаад, танилцдаг хэрэг гэж бодлоо. Фейсбуукдаа ганцхан зураг оруулжээ. Тэр зураг нь алсын планаар авсан тул царай зүс нь тодорхой мэдэгдэхгүй байлаа. Үүнээс өөр зураг байсангүй. Эхний удаа тэр бүсгүй "Transformers: Age of Extinction"  киног үзэх санал гаргав. Би зөвшөөрөв.  Өргөө-2 кино театрт Transformers: Age of Extinction гарч байсан үе. 

Трансформерс гэж энэ киноны өмнөх ангиудыг нь би огт үзээгүй юм. Угаасаа баахан роботуудын зодоон гарна биз гэсэн шүү бодол толгойд орж ирсэн тул анхнаасаа иймэрхүү киног тоож үзээгүй билээ. Гэтэл тэр бүсгүй өөрөө тэр киног сонгосонд нь би дотороо жаахан гайхсан. Гэтэл сайндаа ч биш, ердөө л ажлаа тараад тэр киног үзэхэд тохиромжтой цаг байсан нь хоёр дахь удаагийн уулзалтаар тодорхой болсон билээ. 

Кино үзэх өдрийн үдээс өмнө нь би Өргөө-2 орж киноны хоёр тасалбар худалдаж авлаа. Жентельмен зан гаргаж байгаа царай нь шд. Дараа нь гэртээ ирж хоол хийж идчихээд бассейн руугаа явж сэллээ. Бассейнаа дуусгаад кинотеатрт очлоо. Дөнгөж  кино театр руу ороод тав ч алхаагүй байтал нэг бүсгүй над руу "Өрөө ....... [MNED]  мөн үү?" гээд дөхөөд хүрээд ирлээ. Би мөн байна гэж хариуллаа. Кино үзэх цаг дөхсөн учраас өөр олон зүйл ярьсангүй. Тэгэс гээд кино ч эхэллээ. Кино дууссаны дараа хэсэг зуур хамт алхаад гэр гэрийн зүг явлаа. Оройн хоол хамт идэх үү гэж нэг хэлдэг юм билүү гэж бодсон  л доо. Гэхдээ эхний удаа кино хамт үзэх нь хангалттай гэж би шийдсэн юм. 

Наадмын дараа би түүнтэй фейсбуукаар дахиад чатлав. Эхний удаа кино үзэх саналыг тэр гаргасан бол энэ удаа би  оройн хоол хамт идэх үү гэсэн санал гаргасан юм. Бродвей орлоо. Хамт хоол идэнгээ бид нэлээн ярилцлаа. Жирийн нэг онигооноос эхлээд өөрсдийнхөө тухай. Хаана ямар ажил хийдэг, хувийн амьдрал гээд л... 
Тэр надаас 4 насаар эгч юм байна. Өмнө нь хүнтэй гэрлэж байсан ч гэрлэлтээ цуцлуулсан юм санж.  Би түүний дүүтэй нь нас чацуу гэдгийг мэдэж авлаа. Би ч бас өөрийнхөө тухай ярьсан. Гэхдээ тэр бүсгүйд хэлээгүй үлдсэн "юм" бас бий.  
Хамт оройн хоол идэж, гэдсээ баярлуулж байхдаа бид чөлөөтэй сайхан ярилцаж, инээлдэж хөөрөлдөж байсан ч сүүлийн уулзалт шүү гэдгийг бараг харцаараа хэлэлцэж ойлголцсон доо. Ийм л нэг болзоо болсон доо. 

2014-07-08

Порно үзэх нь багасжээ

Хөлбөмбөг сонирхогчид ихэнхи нь эрчүүд байдаг даа. Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр порно сайтуудын хандалт эрс багассан гэж мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнүүд цохон тэмдэглэсэнийг  саяхан нэгэн мэдээний сайтнаас олж уншлаа.  Бүгд биш юмаа гэхэд ихэнхи эрчүүд порно үздэг байх нь гэсэн дүгнэлтийг түвэггүй хийж болохоор байна. Хөлбөмбөгт дуртай нь тэмцээнээ үзнэ л биз. Харин хөлбөмбөгийн тэмцээнээс ч дутахааргүй сонирхолтой үйл явдлын гэрч болсон шүү дээ. 
7-р сарын 6-нд нийслэл хотын төв талбайд хувцанцар сандал жийрийтэл нь орж, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үүдэнд тайз засаад эхэллээ. Сонгодог урлаг сурталчилах "Сонгодог үдэш" тоглолт болох гэж байна гэсэн мэдээ мэдээллийн сайтнаас олж уншлаа. За тэгээд л 7-р сарын 6-нд юу болсон билээ? Бороо орсон. Бороо яаж ордог вэ? гэдгийг яруу тодоор нь мэдрүүлсэн дээ. Жинхэнэ сонгодог орсон шд. Ингээд сонгодог үдэш хойшлогдсон доо. 
7-р сарын 7-нд талбай руу зорьж очлоо. Цаг агаар сэрүүхэн байсан тул хүмүүс нэлээн зузаан хувцаслажээ. Зарим нь бүүр ороолт, хавар намрын куртка өмсөөд ирж. Гэтэл би... Зузаан хувцас өмссөн хүний дэргэд бол бараг л нүцгэн гэж хэлүүлмээр гүйгээд оччихсон. За яахав. Гэхдээ Сонгодог үдшийн гэрчүүдийн нэг болж чадсандаа харамсахгүй л нүдээ баясгасан шд. 



  
Тоглолтын төгсгөлд нижгэр сайхан салют буудсан даа. Ингээд 21.00 цагт эхэлсэн Сонгодог үдэш 23.00 цаг гээд дууслаа. Нүд, чихээрээ дамжуулаад сэтгэлээ баясгасан хүн чинь лаг додигор гэртээ харив.