Амьдралын тойрог

2014-07-23

Цус харвалт

Өчигдөр  санаандгүй байж байгаад  аавынхаа машины хаалганд толгойгоо тас хийтэл цохичихлоо. Ёо гээд л толгойгоо дараад доошоо суулаа шд. Тэгээд орой нь толгой өвдөөд болдоггүй ээ. Толгойны өвчин намдаах эм ууж унтлаа шд. Өглөө сэрсэн чинь толгой өвдөх нь гайгүй байна. Гэхдээ л хүзүү хөшөөд.... Цаанаа л нэг ёозгүй ээ. Тэгэхээр нь бариач дээр очиж толгойгоо бариуллаа шд. Тархи хөдөлчихжээ. Миний тархи ч яахав, ингэс гээд гайгүй л болж байна. Хэрвээ ямар нэгэн зовиур байвал дахиад хүрээд ирээрэй гэж  бариач  хэлсэн. Биеэ чагнас хийгээд л байж байхаас.

Тархи хөдөлсөн гэснээс нэг муу мэдээ сонсоод. Энэ жил 25 настай миний нэг танил залуу цус харважээ. Би өнөөдөр тэр танилаа эмнэлэгт эргэж очлоо. Гэнэт цус харваад л хэд хоног ухаангүй байсан юм байх. Цус харвана гэдэг бол хөгшин, өндөр настай, за бүүр байг гэхэд 45-аас дээш насныханд л тохиолддог зүйл гэж бодож болохгүй байх нь. Базарваань.  

Одоо ч бие гайгүй болж байна. Эмнэлэгээс удахгүй гарна даа гэж  танил маань надад хуучиллаа.  Хүүгээ өвдөхөөр нь ээж нь эмнэлэгт сахижээ. Ээж хүний сэтгэл гэдэг яндаж болохгүй далай шиг шүү дээ. Эмнэлэгээс гараад сувилалд явна. Нэг хэсэгтээ л ажлаа хийж чадахгүй болсон гэж тэр нэмж хэллээ. 

Аливаа юмны нарийн цаад шалтгааныг нь олох дуртай юм болохоороо цус харвалтын талаар интернэтээс олж уншаад л сууж байна. Уншиж мэдсэнээ энд давхар сийрүүлж бичлээ. 

Энгийн үгээр хэлэх юм бол хүний  толгойн гавал яс дотор тархины орчимд байгаа судас хагарч цус нь тархинд нэвчин орохыг цус харвалт гэж нэрлэдэг байна. Судас хагарах нь ганц тархинд тохиолдохгүй. Хүний биеийн аль ч хэсгийн судас хагарч болно. Олон жил зогсоо ажил (рестораны зөөгч, автобусны кондуктор, үйлдвэрт механик тоног төхөөрөмжийн өмнө зогсож ажилладаг нормчин г.м.) хийсэн хүний хөлийн судас бүдүүрээд, зарим судас нь хагарчихсан байдаг. 

Гэхдээ тархи, толгойны судас хагарах нь хамгийн аюултай. Амь насанд ч хүрч мэднэ. Арай гайгүй нь тал цус харваж, тал бие нь бүхэлдээ мэдээгүй болдог. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авч чадвал амь аврагдана. Эмчилгээ нь удаан үргэлжилж, хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна, хэл яриа нь ч хүн ойлгохооргүй болж ярих чадваргүй болдог.   Цус харвалтыг бол дотор нь өч төчнөөн ангилладаг юм байна. Тэр анагаахын шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг нь орхиё. 

Архи дарс, шар айраг, газтай ундаа байнга хэтрүүлэн хэрэглэх, өөх тостой хоол, түргэн хоол байнга идэх нь аажмаар цус өтгөрүүлж, даралт ихэсгэж  цус харвах тохироог бүрдүүлнэ дээ. Даралт ихсэж байна гэдэг чинь л цус харвахад ойрхон байна гэсэн үг. 

Залуу хүн яах ч үгүй гээд хайхрамжгүй байж болохгүй нь. Ер нь толгой өвдөөд байвал даралтаа ч гэсэн хэмжүүлээд үзэхэд илүүдэхгүй. Ингээд бодохоор орчин үед цус харвах нь хэнд ч тохиодол болохоор. За тэгээд эцэст нь архи, шар айраг, газтай ундаа, өөх тостой хоолоо багасгаж энэ биеэ гамтайхан эдлэж хэрэгтэй шүү.

СМАРТ  утсаа усанд унагааж норгохоор  үйлдэлийн системд нь саатал үүснэ дээ. Эвтэйхэн унтрааж хатсан хойно нь эргэж асаадаг. Эс тэгвээс хамаг юм нь шатаад утас ажиллагаанаас бүүр гарч амьсгал хураадаг шд. Цус харвалтыг яг үүнтэй л зүйрлэж болмоор ч юм шиг. 
Эмнэлэгээс явахдаа тэр танилдаа биеэ сайн бодоорой гэж би захиад л явсан даа. 

No comments: