Амьдралын тойрог

2010-03-31

Энэ их хөгийн юмаа.

Энэ амьдралд хөгийн зүйл их байх юмаа. Эсвэл би одоо ийм хөгийн бодоод байдаг юм уу?
Танайх амьдарч байгаа орон сууцаа хувьчилж авсан уу? Ер нь орон сууцны хувьчлал гэдэг их өрөөсгөл зүйл юмаа. Хөрш айлд зодоон боллоо гэхэд дуу чимээ нь сонсогдоно. Шөнийн цагаар орны яйжганах чимээ битүүхэн дуулдана. Дээд давхрын айл ус алдах юм бол манайх руу ус нэвчээд гоожно. Манай гэрийн тааз бол дээд давхарын айлын шал. Манай шал бол доод давхарын айлын тааз. Хана бол... Ойлгомжтой. Хоёр айлын дундын эзэмшил болж таарлаа. Ингээд бодохоор ХААЛГА, ЦОНХ л 100 хувь танай өмч болж байна. Санал нэг байна уу? Яахав дураа хүрвэл хувьчилсан байраа зараад өөр орон сууц л худалдаж авах юм даа. Гэтэл байдал бас өөрчлөгдөхгүй ээ. Дахиад өөр орон сууц мөнгөөрөө худалдаж авсан ч гэлээ хана, тааз, шалаа бас л өөр нэг айлтай хуваалцах л болно. хэхэ

2010-03-30

Хунт нуурын эрэг-2














"Хүмүүсээ, театрт шинэ хун ирлээ" гарчигтай мэдээлэл news.mn-д нийтлэгдсэн байна.

2010-03-28

Хунт нуурын эрэг дээр

Улаанбаатарт жинхэнэ хавар ирсэнийг өнөөдөр л мэдэрлээ. Өнөөдөр ямар гоё дулаахан байв аа. Хөнгөн нимгэн хувцасаа өмсөөд гадуур явлаа. "Интер ном" дэлгүүрээр орлоо. Сүүлийн үед дэлхийн сонгодог зохиолуудыг овоо орчуулаад хэвлэдэг болчиж. Монголд гуч дөчин жилийн өмнө хэвлэгдээд, аль хэдийнэ зарагдаад дуусчихсан ном зохиолыг дахин хэвлэдэг болсон байна. Ном болгоны хавтасны дотор нь энэ номыг хууль бусаар хэсэгчилэн ашиглах юм бол зохиогчийн эрхийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заналхийлэл заавал байх юм. Гадаад хэлнээс орчуулсан номонд зохиогчийн эрх гэж нарийн юм ярих юм бол орчуулагчид нь түй ч байхгүй шд гэж бодож байна. Тэгээд манайхан яг зохиох дүрэм журмын дагуу тухайн номыг монгол хэл рүү орчуулах зөвшөөрлийг зохиолчоос нь авсан юм болов уу? Би бол хувьдаа эргэлзэж л байна. Би зөв ч бодоод байгаа юм уу? эсвэл миний энэ бодол буруу ч юм уу? Учрыг нь мэдэх хүн байвал коммэнт үлдээнэ үү.
Өчигдөр Эршүүгийн блогийн сүүлийн шинэ бичлэгийг уншаад учиргүй инээд хүрээд КААЗИЙН залуу гэж хэн юм бэ? гэж хэрэгт дурлаж коммэнт үлдээгээд байсан чинь бас яг тиймэрхүү юм зүүдэлдэгийн. хэхэ. Шал балайн. хэхэ
Дуурийн театрын дэргэдүүр нь явахдаа зарлалын самбар дээрээс нь 3 сарын 28-нд Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжиг гэсэн байхыг нь харчихаад л үзэх юм сан гэж бодоод байсан юм. Өнөөдөр "Хунт нуур"-ын эрэг дээр очиж хоёр цаг гаран суулаа. Таалагдлаа. Манай Монголчууд бас сонгодог урлаг их үздэг болжээ. Танхим дүүрэн байлаа. Ням гарагийн амралт сайхан л өнгөрлөө.

2010-03-27

ШИНЭ КИНО



"ПОМОГИТЕ НАМ" уран сайхны кино 3 сарын 31-ээс...

2010-03-24

НОЗООРОЛ

Хавар болоод ч тэрүү, хамаг бие нозоороод хэрэг алгаа оо. Юу ч хийхгүйгээр дээшээ хараад хэвтээд баймаар сонин байх чинь ээ.

2010-03-22

Ойрын үед

За ойрын үед юу болоод өнгөрлөө дөө? Сүүлийн 3 өдөр үсчингээ хайгаад олсонгүй ээ. Уг нь хотын төвд байрлалтай нэг үсчиний газар ажилладаг нээх хөөрхөн залуу миний үсийг засдаг юм. Харамсалтай нь "ангийнх" биш л дээ. хэхэ. Би байнга очиж үсээ засуулсаар байнгийн үйлчлүүлэгч нь. Хэд хоногийн өмнө очсон чинь зөрчихжээ. Намайг ирэхээс хэдхэн минутын өмнө гараад явсан гэж хамт ажилладаг ажаа нь хэлж байна. Өнөөдөр утасдаад үсээ засуулая. Ажлаа хийгээчээ гэж нөхөрсөг байдлаар "загнасан" чинь өнөөх чинь манай дээр яг одоо тог тасарчихсан байна гэж учирлаж байна. Хонх нь дуугарвал дамар нь таг. Дамар нь дуугарвал хонх нь таг. Хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг шиг. За дүүрсэн хэрэг гээд өөр газар үсээ залууллаа. Толгой дээрээ өвсөн бухалтай юм шиг өрвийгөөд яваад байлтай биш. Дараагийн удаа л нөгөө дуртай үсчингээ зорихоос. Гомдохгүй байлгүй гэж найдахаас. Уг нь үс засахдаа их сэтгэл гаргаж нямбай ханддаг юм. Сэтгэл гэснээс Түвдэн Зопа Ринбүүчий гэж түвд ламын бичсэн "Буян ба бодит байдал" номыг уншиж эхлэв ээ. Сэтгэл гэдэг эрхтэн. Сэтгэлээ булингаргүй байлгавал аяндаа бүх юм сайхан болоод ирнэ. Бусдын амгаланд зориулж үйлдсэн үйл нь өөрийн сэтгэлд тустай нөлөө үзүүлдэг гэдэг үзэл санаа энэ номноос ханхалж байнаа. Ер нь нэг уншаад үзэхэд харамсахгүй шүү.
Миний танил нэг хуурай эгч байдагийн. Хамаатнаас ч дутуугүй сайн танил. Хаяа нэг уулзахаараа эгч бид хоёр кофе ууж, шоколад идэнгээ сайхан чалчина шүү дээ. Данхтай цай дундаа тавиад бурж гардаг чувганц шиг л... Түрүүчийн амралтын өдөр хуурай аниатайгаа уулзав. Өнгөрсөн сард бясалгалд яваад үр дүнд нь махан хоолноос гарсан гэнэ. Бясалгал хийхээр сэтгэл санаа ч сайхан болоод, ажлаа хийхэд ч урам зоригтой сайхан байна аа хэмээн хуучилж байна. Би бас бясалгалд явж үзсэн юм болохоороо яриаг нь уухайн тас тосож аваад "махан хоол идэхгүй байх нь нээрээ зүгээр юм байна лээ" гэж яриаг нь дэмжээд, өөрийнхөө туршлагаас хуваалцав. Цагтаа бас махан хоолноос татгалзах гэж оролдож үзсиймаа. Миний хувьд гэвэл огт мах идэхгүй байна гэвэл худлаа. Гэхдээ үе үе махгүй хоол идэх бас сайхан л байдагийн. Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн дэргэд нэг амттай хоолоор дайлдаг кафе бий. Заримдаа өдрийн хоолны цагаар зорьж очоод тухлаад суухад тун дажгүй гээд блог дээрээ рекламдая.

2010-03-17

Цахилж яваа гөрөөс...

Оросын телевиз үзэхэд орос ахуй яг тэр чигээрээ мэдрэгддэгийн. Хятадын CCTV, Солонгосын KBS, эсвэл Италийн RIA яг л тухайн орныхоо өнгө төрхийг тодотгосон байдаг. Гэтэл Монголын телевизүүдээр үзээд байх сонирхолтой нэвтрүүлэг бараг байхгүй юмаа. Уг нь суваг солихоор тоогоо алдсан Монголын олон телевизүүд. Ерөнхийдөө болсон болоогүй мэдээ, цаг нөхцөөхөд зориулсан дэмий солонгос сериал, барууны орилж чарласан шоу орчуулаад үзүүлэхийн. Гадны л юмыг тахин шүтсэн хүмүүс. Тэртэй тэргүй кабелийн сүлжээгээр гадаадын өч төчнөөн суваг гарч байна шд. Монгол үндэсний гэсэн тодотголтой зүйл ер нь алгаа. Бусдын юмыг зээлдэж, өдөр хоног аргацаасан хөөрхийлөлттэй дүр зураг...
Өчигдөр оройжин зохиолч Д.Батбаярын "Цахилж яваа гөрөөс" туужийг уншлаа. 1982 онд туурвигдсан энэ туужаар 80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үеэр уран сайхны кино бүтээсэн байдаг даа. Киног нь үзсэнээс зохиолыг нь уншсан нь хамаагүй дээр юм билээ. Хөдөөгийн эгэл даруухан эмэгтэйн амьдрал, бодол, дотоод сэтгэл, миний хүсээд байсан МОНГОЛ АХУЙ тэр чигээрээ энэ туужид байна аа. 1998 онд энэ туужаараа Д.Батбаяр төрийн шагнал хүртсэн юм билээ.

2010-03-13

Бааска ахын төрсөн өдөр

Одоогоос бараг 5 долоо хоногийн өмнө оюутан үеийн stra8 найзууд маань уулзна шүү гээд бор шувуу нисгээд байсан юм. Нэг мэдсэн чинь нөгөө уулзах өдөр нь болчиж. Ажлаа тараад товлосон цагтаа болзсон цагтаа яваад очлоо. Амьд шар айраг зардаг боломжийн газар юм шиг санагдав. Төрийн ордоны яг хажууханд. Тийм болохоор тэр хавьд байрлалтай төрийн байгууллагийн албан хаагч нар нэлээн ордог юм байна. Бараг сүүлийн 5 жил уулзаагүй байсан хүмүүстэй уулзаж шар айраг балгангаа ярьж хөөрөлдөж суулаа. Хэн хаана юу хийж байна гэдэг нь хамгийн сонирхол татсан асуулт байлаа. Ихэнхи нь бас авгай хүүхэдтэй болчиж. Манай хүүхэд энэ гээл гар утаснаасаа зургийг нь үзүүлээд л... Гэхдээ бас над шиг гон бие гозон толгой оргиод явж байгаа нөхдүүд байнаа.
Манай монгол залуучууд 30 дөхөөд ирэхээрээ яагаад гүзээ суугаад бүдүүрээд байдаг юм болоо? Жигтэйхэн чөргөр байсан нэг товарищ аймаар бүдүүн болчиж. Бүдүүрээд хөдөлгөөн нь удаашраад, алхаа нь намс намс гээд хэхэ. Шар айрагаар эхлэсэн гарууд халуураад цагаан юм задлаад. Ажлынхантайгаа би огт водка уудаггүйн. Ажлынхан ч намайг огт архи амсдаггүй гээд бат итгэсэн гэж байгаа. Харин оюутан үеийн найзуудтайгаа уулзсан болохоор сэтгэл санаа хөөрөөд өгсөн архийг нь колагаар даруулаад ямар ч проблемгүй цааш нь харуулаад байлаа. Оюутан байхад хэн яаж хөглөж онигоонд орж, шөнө дөлөөр дотуур байрны цонхоор яаж орж гарч зүггүйтэж байснаа ярьж баахан инээлдэв. Дотор нь халаад ирсэн чинь мань хэд шууд л оросоор яриад эхлэв. Тэнд сууж байсан өөр хүмүүс бид нар руу хальт гайхсан янзтай харц чулуудаад болдоггүй. Тэхээр нь ПОДМОСКОВЫЕ ВЕЧЕРА-г дуулсан чинь мань хэдэд нь алга ташаад. Одоо бодоод байсан чинь үнэгүй концерт тоглоод хаячиж. Бааска ахын төрсөн өдөр нэг иймэрхүү. Угаасаа бүгдээрээ ажил төрөлтэй болохоор ингэж уулзаад байх нь ховор байдагийн.

2010-03-09

Гараа өргө. Би аль хэдийнэ 18-тай шд.

Өнөөдөр гэртээ амарлаа. Гарч номын дэлгүүр хэсье гэж бодож байсан ч гэнэт залхуу хүрээд...
Оюутан болчоод хамгийн анх өөртөө худалдаж авсан зүйл маань Руки Вверх хамтлагийн энэ CD.
"Здравстувуй, это Я" цомгийн хамгийн сүүлчийн Алешка гэж дууг нь сонсоод үгийг нь орчуулж үзээд л... Одоо бодоход их сүрхий байжээ.


РУКИ ВВЕРХ-ийн "Мне уже 18" гэж бас их хөөрхөн үгтэй дуу бий. Би аль хэдийн 18 хүрсэн. Хаана ч хамаагүй хүссэн газраа үнэсэж болно гээ л...

2010-03-03

Бөөн бүтэлгүйтэл

Өглөө ажил дээрээ 9.30-д очих ёстой байлаа. Би таг унтаад 9.00-д сэрдэгийн. Нүүр, амаа хальт угаагаад ор, дэрээ ч хураалгүй ажил руу харайлгав. Ажил дээр компьютерийг прожектортэй холбож нэг слайд үзүүлэх гэсэн чинь олигтой болсонгүй. Өмнө нь шалгахад зүгээр байсан эд яачив, ийчив гээд хэсэг манарлаа. Өглөө цай ч үгүй гэрээсээ гарсан хүн өдөр өлсөнө биз дээ. Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн кафег зорьж очоод гэдэс гарав. Хоол идчихээд эргээд ажил дээрээ эргэж очлоо. Ажлынхаа өрөөнд очилгүй хажуугийн өрөөнд орж гадуур хувцасаа тайлаад өнөө муу нервтүүлсэн прожекторын проблем хаанаа байгааг хамт олны хэмжээнд авч хэлэлцлээ. (Лаг коммун өгүүлбэр). Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ээ гэж. Цахилгааны уртасгагч "но"-той байсныг үдээс хойш оношиллоо. Уртасгагчийг нь сольж байх хооронд өнөөх компьютерийн систем нь муужираад таг болчихлоо. Нэг танил бүсгүй рүү мэссэж нисгэж XP-тэй CD авч, дүү рүүгээ утасдаж туслаж авлаа. Үйлдэлийн систем нь миарсан процессорыг сэхээн амьдруулахын тулд өөрийнхөө өрөөнд оруулж байгаа үзэж тарж үсэрч наалдав. Өнөө муу гайтай компьютероос болж нервтэж байгаад гадуур хувцасаа хажуугийн өрөөнд орхисоноо таг мартчиж. Орой 8 цаг өнгөрөөд гэртээ харих болов. Гадуур хувцасаа гэнэт санадагийн байгаа биз дээ. Хажуу өрөөний хэд аль хэдийн хаалга үүдээ цоожлоод бүгд тараад алга болсон. Би галзуу хүн шиг нүцгэн шалдан шахуу явалтай биш. Дүүгээрээ такси зогсоолгов. Такси зогсонгуут нь би ажлынхаа газрын хаалгаар гарч ирээд л. машин руу сэмбэлзэж алхаж орлоо. Таксиний жолооч нь миний үеийн нэг бүсгүй таарч. Жолооч бүсгүй надтайгаа таарсан инээд муутай юмаа. Нэг нь такси зогсоогоод, нөгөө нь гадуур хувцасгүй гарч ирэхээр нь жолооч бүсгүйн эрүү нь мултарч, нүд нь орой дээрээ гарах шахаж. Би бантсандаа болоод хувцасаа өөр өрөөнд мартчиж гэж үнэнээ өчиж тайлбар шахуу юм хийлээ шд. Өнөө хүүхэн чинь гэрт хүргэж өгөх хүртэлээ намайг шоолж инээж хөхрөөд... Таксигаа байрныхаа үүдэнд зогсоолгож байгаа орц руугаа явж оров.
Өнөөдөр өглөө сэрэхдээ MNED гуай нь зүүн хөлнөөсөө эхлээд алхсан бололтой дог. Өглөөнөөс орой болтол Мистер Бин шиг будилсаар байгаад нар жаргахтай золголоо шд. Бүтэн өдөржингөө бүтэлгүйтэх өдөр ч байнга тохиолдохгүй шүү. Ховорхон тохиох сонин өдөр байлаа өнөөдөр.^^ Болсон процессийг бүгдийг нь эргээд бодсон чинь инээд хүрээд болдоггүй ээ. Инээд хүрэхээс өөр реакц гардаггүй юм байна шд хэхэ.

2010-03-01

ХАВАР

Хүсэн хүлээсэн хаврын эхний өдөр