Амьдралын тойрог

2018-11-10

Би ч бас уйлдаг

2016 оны намрын налгар өдрүүд. Ажлынхаа хамт олонтой хамт салхинд гарлаа. Тэрэлж орчим. Модны навч алтан шаргал, улбар шаргал өнгөнд хувирч нүд баясгана. Энэ үед байгалийн сайхныг биширч, орчлонгийн өнгө бүрийг бахдаж байсан. Гэхдээ ердөө хэдхэн долоо хоногийн дараа манай гэр бүлд юу тохиолдохыг  би тэгэхэд огтхон ч тааварлаагүй байлаа. 
Ээж өвджээ. Гай зовлон тэртээ хол байдаг юм шиг, бас биднээс хол байдаг юм шиг бодож явжээ. Монголд эмнэлэгт оношилж чадаагүй учраас Солонгост очлоо. Ердөө хоёр хоногийн дотор л Солонгос эмч онош тогтоожээ. Эмнэлэгт орчуулагчаар ажилладаг монгол бүсгүй "Солонгост эмч нар өвчний оношийг өвтөн болон гэр бүлийнхэнд нь шууд л хэлдэг. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай" гэсэн санааг эвтэйхэн хэлээд аав бид хоёрт ойлгууллаа.  Солонгос эмч чухам юу өвдсөн тухай түс тас, пал хийтэл хэлж орхив. 
2016 оны намрын бүрхэг өдөр. Тэр цагаас хойш гэр бүлийнхэн маань бүгд хичээсэн. Гэхдээ л өвчин бол аймшигтай. Бид ч яахав. Харин өвдсөн ээж минь хамгийн их хичээсэн, мэрийсэн. 
2018 оны зун. Хүүхдийн баярын маргааш өглөө. Эмнэлэгийн жижигхэн өрөөнд олон хүн цугласан байлаа. Аав тэр шөнө огт унтаагүй. Харин би тэр шөнө ялимгүй зүүрмэглэсэн юм даг. Үүр цайхын хэрд сэрээд эмнэлэгийн цонхоор харлаа. Үүлэрхэг бүрхэг. Нар үүлний цаанаас цацрагаа тусгаж байгаа нь илт. Нэлдээ цагаан гэгээ татуулжээ. Бас ялимгүй шиврээ бороо дусалж байлаа. Ийм л нэг зуны бүрхэг өглөө ээж минь ханиа, үр хүүхдүүдээ орхиод хорвоо мөнх бишийг үзүүлсэн. 
Ээжийгээ амьсгал хураахаас өмнө өөрийнхөө тухай, амьдралыг хэрхэн төсөөлж байгаа тухай ярилцсан. Би л лав сэтгэлдээ байгаа бүхнээ ээждээ нээж хэлсэн л гэж боддог. Бурхан болсон хүний араас уйлах нь дэмий гэж хуучны хүмүүс хэлдэг. Сэтгэлээ тогтоон барих гэж чармайсан. Гэхдээ дусал ч нулимс унагаагүй гэвэл бас худлаа. 
Тэр зуны тэр өдрүүд одоо ч сэтгэлд илхэн. Ээж минь тэнгэрийн орон руу яваад таван сар өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам ээж ямар эрхэм нандин хүн бэ? гэдгийг ойлгодог юм байна. 
Одоо ч заримдаа ээжийгээ зүүдэлнэ. Ээжийгээ зүүдэлж сэрсэн өглөө хамгийн аз жаргалтай ч юм шиг. Бас  сэтгэлдээ хөнгөн гунигтай ч юм шиг хоёрдмол мэдрэмж үүснэ. Ээжийн минь дүр сэтгэлд тодорч, санаа нь биенд лугшиж, хэлж байсан үг нь тодхон санагдана. Энэ л үед би уйлдаг. Сэтгэлд уяатай хүн гэж ээжээс өөр хүнд байдаггүй юм байна. Ээждээ би олон жил эрхэлжээ.Төрсөн өдөр минь дөхөж байна. Одоо сэтгэлдээ л ээжийгээ тээж явна даа. 

2018-08-11

Турк орноор. 2.Завхай Турк эрчүүд, царайлаг Хятад залуу

Истанбулд хамт ирсэн замын хань минь маргааш өдөр нь Монгол руугаа буцах төлөвлөгөөтэй байсан юм. Өглөөний цай хамт уучихаад Таксим талбай дээр зохион байгуулагдаж байгаа яармаг үзэж сонирхов. Гар эдлэлийн модон тоглоом, алт мөнгөн эдлэл, арьсан цүнх, уран зураг гээд элдэв юм л лангуун дээр өрөөстэй. Таксим талбайн замын эсрэг талд трамвайн зам дагаж уруудаад явахад худалдааны гудамж байна. Тэр гудамжаар нь явж дэлгүүр хэслээ. Хувцас голдуу юм. Энэ гудамжинд бас лааны тосон музей байсан.  


 Туркэд нэг ийм амттан хаа сайгүй зарж байна лээ. Үнэ нь ч хямдхан. Тэргүүн боовтой төстэй. Дотороо янз бүрийн шанзтай. Дээр нь цөцгийн тос мэтийн юм түрхэж байгаад иднэ. Аманд орохоор хайлах шиг л болно. Их чихэрлэг нялуун. Энэ туркэд цайны соёл нь бас их хачин юмаа. Архины хундага шиг жижигхэн шилэн аягаар цай ууцгаах юм. Том аягаар цайг юүлдэг хүн чинь ёстой уусан болохгүй юм байна лээ. Нээрээ бичээгүй л болохоос Азербайжаны Баку хотод бас яг тийм жижигхэн шилэн аяганд цай хийж өгөөд байсан л даа. Энэ хавийн бүс нутгийн цайны соёл л юм байна лээ. Шүүмжлээд байх ч юу байхав. 





Иймэрхүү амттан хийж кафе ажиллуулан гурван үеэрээ амьдарч байгаа гэр бүл ч байна. Ийм нэг гэр бүлийн нээсэн кафед орж үзсэн. Байрлал нь мөнөөх Босфорын хоолойгоос холгүй. 
"Турк бол Европын хужаа" гээд хэн нь ч хэлсэн юм бэ дээ. Энэ үгтэй бол санал нийлнэ. Хувцас хунар бол хямдхан юм байна лээ. Оёдолын үйлдвэр ихтэй гэж байсан. Тэр ч бүү хэл монголоос оёдолчид очиж ажилладаг гэж байсан.

Үдээс хойш замын хань минь Монгол руу буцахаар нисэх онгоцны буудал руу явлаа. Ингээд би ганцаараа үлдэв ээ. Үдээс өмнө нь дэлгүүр хоршоо хэсэж өөртөө хэдэн хувцас худалдаж авсан юм. Гадаа халуун ч гэж жигтэйхэн. Зочид буудлын умгар өрөөндөө ороод жаахан амарлаа. Нэг мэдсэн дуг хийж орхиж. Сэрээд интернэтээс Истанбулд заавал очиж үзэх хэрэгтэй газруудын тухай мэдээлэл хайв. Маргааш өглөө эрт босоод ганцаараа Истанбулаар тэнэх төлөвлөгөөтэй.

Ангийнхан идэвхтэй ашигладаг App-р турк эрчүүд SMS бичээд салахгүй. 
Hello. How are you? Where are you from? I need sex. Wanna meet? гээд л зогсоо зайгүй бичих юмаа. Нөгөө нууж хааж явдаг юмныхаа зургийг харин ч нэг харамгүй явуулна даа.

Сониноос Монголд байхдаа уулзаж байсан нэг ангийн залууг App ашиглаж байгаад олсон. Нэг ази залуу байхаар нь бичлээ. Тэгээд л бие биенээ таниад сүйд болж уулзсан шд. Өнөөх минь хичээл ном, ажил төрлөө дуусгаад шөнө орой болсон гэлтгүй Таксим талбай дээр ирсэн. Уулзаад хууч хөөрөлдөж суулаа. "Энэ Туркэд шашин нь хатуу чанга. Элдэв асуудал дээр хориг тавих нь их. Гэхдээ хориглох тусам хүмүүс нууцаар нөгөө юмыг хийдэг байх" гэж хэлэв. Нээрээ ч үнэн байх. Ангийнхаа монгол найзтай "Taksim Gezi Park"-д суугаад ярилцаж байхад хажуугаар Турк эрчүүд холхиод л сээтэн хаях нь элбэг. Энэ талбайд орой үдшийн цагаар ангийнхан, транс охид цуглардаг" гэж өнөө найз минь хэлэв. Нээрээ анзаарсан чинь сэжиг бүхий нөхдүүд олон байна лээ. Хаа хол очоод ангийнхаа монгол залуутай уулзах сайхан л байлаа. 
За ингээд Туркэд өнгөрүүлсэн хоёр дахь өдөр дуусав.

Гурав дахь өдрийн өглөө төлөвлөгөөнийхөө дагуу эртхэн сэрээд явлаа. Таксим талбайгаас Kabatas station руу явлаа. Тэндээс усан онгоцны боомт хүрч гатлага онгоцоор Босфорын хоолойн нөгөө талд нь гарах санаатай. Гатлага онгоцонд суугаад Босфорын хоолойн нөгөө талд нь гарчих шиг л болсон. Очиж үзэхээр төлөвлөсөн газрууд нь Hagia Sophia museum, Ayasofya Meydani, Grand Bazaar, Open Air museum Sultanahmet Meydani гэсэн газрууд. 
Анх удаа явж байгаа газраа бол ойд төөрсөн сармагчин шиг л байгаа юм даа. Гатлага онгоц дээр явж байхдаа хоёр залуугаас Sultanahmet Meydani руу яаж очих вэ? гэж асуулаа. Өнөө хоёр маань Турк биш, харин Йорданаас ирсэн оюутнууд байж. Тэд Sultanahmet Meydani руу трамвайнд сууж очвол ойрхон гэж зааж өгөв. Баярлаж талархсанаа хэлээд цаашаа явлаа. Трамвайнд автомат буудал зарлагч бий. Сонсож байгаад буугаарай гэж өнөө хоёр маань зөвлөсөн юм. За ингээд нэлээн хэдэн буудал яваад Sultanahmet Meydani гэхээр нь буучихлаа. Ямар ч байсан зөв л буусан байна лээ. Трамвайнаас буугаад том цэцэрлэгт хүрээлэн байхаар нь яваад орчихлоо. Замаар нь яваад байтал нэг сүм таарсан. Яваад орсон.




Энэ сүм рүү богино шорттой эрчүүдийг оруулдаггүй юм байна лээ. Тэгээд сүмийн үүднээс нь юбка авч өмсөөд дотор нь орсон доо. Ингэж амьдралдаа анх удаа мусульман шашны сүмд орж үзлээ. Угаасаан хүний нутгийн, тэр тусмаа миний шүтдэггүй шашны шүм учраас нээх биширч магтах, гоё сайхныг нь магтаж шагших сэтгэл төрөөгүй ээ.

Sultanahmet Meydani -аас гарч явахдаа нэг царайлаг өндөр Ази залуу нүдэнд туслаа. Ажиглаад байсан чинь ганцаараа яваа бололтой. Тэгэхээр нь дөхөж очоод өдсөн. 
-Уучлаарай, чи ганцаараа яваа юм уу?
-Тийм. Ганцаараа явж байна. 
-Би ч гэсэн Истанбулд ганцаараа аялаж байгаа юм. Дургүйцэхгүй бол хамт хотоор нь явах уу? гээд л би хэлээд туучихлаа. Өнөөх маань зөвшөөрч байна. Их Британид нэг их сургуульд сурдаг хятад оюутан юм санж.
-Чамд очихоор төлөвлөсөн газрууд байгаа юу? гэж би асуулаа.
-Байхгүй ээ. Би зүгээр л дэмий тэнээд явж байна.
-Надад очиж үзье гэсэн хэдэн газар бий.
Ингэж хэлээд би гар утасныхаа газрын зураг дээр тэмдэглэсэн хэд хэдэн музейн хаяг харуулав. Шинэ хятад найз маань газрын зураг дээр ажиллахдаа гарамгай юмаа. Миний хэлсэн газруудыг гялс олоод "Ойрхон юм байна. Хамт алхаад явцгаая" гэлээ. Ингээд санаандгүй шинэ найзтай болчихлоо.

Хятадын Шэньси мужийн уугуул. Сиань хотод амьдардаг. Айлын ганц хүү юм гэнэ. Нас нь 21 хүрсэн. Би ч өөрийгөө бас танилцууллаа. Ингээд зам нийлсэн хоёр Ayasofya Meydani, Grand Bazaar зэрэг газруудаар хамт очиж үзлээ. 

За ингээд Истанбулд бас зам зуурын сайхан Хятад залуутай танилцаад авлаа. Ер нь бол өнөөдрийн зугаалга амжилттай шүү. Facebook, Wechat гээд харилцаа холбооны боломжтой бүхий л сувгаар холбоотой байхаар боллоо. 
Гадаа халуун гэж жигтэйхэн. Тэгээд хэн хэн маань ядарсан байлаа. 
-За найзаа, хамт сайхан зугааллаа. Одоо хаачих уу?
-Харин ээ, би ч ядраад л байна.
-Чи өдрийн хоолоо идээгүй биз дээ? 
-Тийм. Би буудалдаа очиж усанд ороод, хэсэг амарч байгаа өдрийн хоолоо идмээр байна.
-За тэгвэл би бас буудал руугаа явлаа. Холбоотой байя. Монголд ирж амарч зугаалахыг хүсвэл над руу бичээрэй. Би нисэх буудал дээр тосоод л авна шүү. 
-Баярлалаа. Би ирэх жил сургуулиа төгсөөд Хятад руу буцна. Чи Хятадын Шэньси мужид очих бол хэл дуулгаарай. Би чамд хоол хийж өгч, гадуур дагуулж явна.
-Өө баярлалаа. Найзаа. Хятад руу Монголчууд 30 хоног визгүй. Би очно оо.
За ингэж ярилцаад царайлаг хятад залуутай гар бариад л салсан даа. Дараа жил Шэньси муж руу явж энэ залуутай дахиад уулзна аа гээд төлөвлөсөн.

Google map харж байгаад хамгийн ойрын метроны буудал руу алхав. Метро Босфорын хоолой дээгүүр тавьсан гүүрэн дээгүүр явж өнгөрсөн. Ингээд метронд суугаад Таксим талбай дээр эргэж ирсэн дээ. Буудалдаа ирж шүршүүрт оров. Эргэж гараад Таксим талбайн хажууханд байдаг хоолны газар өдрийн хоолоо идлээ. 
Таксим талбайн эсрэг талд нэг аятайхан хоолны газар байна лээ. 




Энэ доор байгаа хоол 23 Турк лир болсон.


Харин энэ доор байгаа хоолны үнэ 40 Турк лир.



Орой болсон хойно зочид буудлын умгар өрөөнд суугаад байлтай биш. Hornet гээд App харж байсан чинь Таксим талбайн хажууд ангийнхан ордог нэг night club,өөр нэг pub байна гэж зааж байв. Тэр pub нь миний байгаа буудлаас 40 метрийн зайтай байна гэвэл яах уу? Хамгийн ойр байгаа руу нь яваад очсон чинь хоёр жилийн өмнө хаагдсан гэдэг байгаа. Өөр нэг night club руу нь явах гэснээ залхуу хүрээд больсон. Тэр орой Таксим талбай дээр өнөөх үзэсгэсэн яармаг болж байгаа хэсэг дээр үнэгүй шоу болж байна. Шөнө дунд хүртэл Турк залуус дуулахыг харж зогслоо. Зарим Турк дуу аялгуу сайтай сайхан л юм байна лээ. Сэтгэл хангалуун хүн буудлынхаа умгар өрөөнд орж унтлаа.

Истанбулын дөрөв дэх хоног. Шүршүүрт ороод буудлаас гарав. Таксим талбайгаас метронд суув. Sisli метроны өртөөнд байдаг нэг худалдааны төв орлоо. Тэнд хүнсний тасгаас нь Lokum гэж амттан нэлээн хэдэн хайрцагийг худалдаж авсан. Монголд очоод хүнд бэлэглэх гэж.

Энэ бол Истанбулд байх сүүлийн өдөр. Өдрийн 12:00 цаг гэхэд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөв. Хашир хүн учраас нисэх буудал руу нэлээн эрт явлаа. Таксим метроны станцаас нисэх буудал руу явсан. "Atatürk havalimanı"  метроны станц дээр ирмэгцээ дахиад хэрэггүй гэж үзсэн ISTANBUL TRANSPORT картыг анх худалдаж авсан хүндээ эргүүлээд зарчихсан. За ингээд нисэх онгоцны буудал руу ороод УБ руу явах нислэгтээ бүртгүүлэх гэтэл Turkish Airlines гэнэтийн бэлэг барьдаг байгаа."Overbooking". Онгоцны суудал дүүрсэн. Танд бид нөхөн төлбөр төлнө. Тэгээд Хонгконг руу нисчих. Тэндээс УБ руу нисэх МИАТ-ын онгоцны билет бичээд өгье гэж байна. Угаасаа ч Монгол руу яарах шалтгаан байгаагүй юм. За гээд л зөвшөөрлөө: Нисэх буудал дээр гурван Монголтой таарлаа. 45+ насны эр, 40+ насны хүүхэн, 20+ насны нэг залуу. 

20+ насны залуу Туркэд хоёр жил хэртэй ажил хийж байгаад Монгол руу буцах гэж байгаа юм гэнэ. Өнөө хоёр хүн тэр залууд нисэх онгоцны билет авч өгсөн юм байх. Бодвол харж ханддаг улс нь юм байлгүй. Turkish Airlines компанийн төлөөлөгч нь онгоцонд сул суудал үлдээгүй ээ гээд учирлаад байхад өнөө гурван монгол заавал ниснэ гээд л зүтгээд байх юм. Нисэх боломжгүй гэж хэлсэн л бол ямар ч арга байхгүй гэдгийг манай гурван монгол ойлгохгүй юм даа. Истанбулаас УБ руу 19:40 гээд нисэх байсан 

Би тэднийг орхиод Turkish Airlines санал болгосон үнэгүй зочид буудалд буулаа. Истанбулаас Хонгконг руу нислэг шөнийн 01:45-д. Turkish Airlines -ын гэрээт буудал нь миний өнөөх Таксим талбайд буусан жижиг зочид буудалтай харьцуулах юм биш. За тэгээд үнэгүй оройн хоолтой. Буудалд шүршүүрт орж, хэсэг унтаж амарлаа. Истанбулаас Хонгконг руу нислэг 10 цаг үргэлжилнэ. Шөнө онгоцонд олигтой унтаж чадахгүй гэдгээ мэдэж байгаа юм чинь. Зочид буудлын өргөн цэлгэр цонхоор алсын бараа ширтэж хэвтэж байгаад унтаад өгч. Оройны 22:00 цагт зочид буудлын үүдэнд Turkish Airlines компанийн явуулсан микро автобус ирж намайг авлаа. 
Автобусанд дөнгөж суумагц яадаг ч байсан би УБ руу 19:45-аас ниснэ гээд зөрүүдлээд байсан 20+ монгол залуу байна. 
-Дүү нисээгүй юм уу?
-Нисэж чадаагүй ээ. 18:00 хүртэл нисэх дээр горьдлого тээж суулаа. Тэгээд пизда, нөхөн төлбөрийг нь аваад Хонгконгоор шаахаар болчихлоо.
-Өдөр чамтай хамт нисэх дээр байсан хүмүүс ах эгч чинь юм уу?
-Үгүй. Энд ажил хийдэг улс. Бас онгоцны билет энэ тэр юм зохицуулж, монголчуудыг ажилд зуучилж өгдөг хүмүүс. 
-Аан, тиймүү. 
Ийм нэг товчхон яриа болов. 

Онгоцны буудал дээр паспортын хяналт руу орохын өмнө өдөр тааралдсан 40+ насны хүүхэн угтаж аваад л уулзлаа."Эгч нь чиний нэр дээр нэг чемодантай юм өгөөд явуулчихмаар байна" гэнэ ээ. Ер нь бол танихгүй хүний ачаа тээш авч явах нь хамгийн буруу. "Харийн шоронд" гээд цуврал баримтат кино байдаг шд. Бусдад буян болж элдэв ачаа тээш аваад шоронд орсон хүмүүсийн бодит түүх өчнөөн. "Чадахгүй ээ. Би хүний ачаа авч явахгүй" л гэлээ. Араас тэр монгол хүүхэн хялалзаж цэхэлзээд л үлдсэн. Ер нь монголчууд хаа явсан газраа бие биедээ түвэг учруулаад байдаг тал бий шүү. 

За ингээд Истанбулаас Хонгконг руу 10 цаг нислээ. Гүрж, Азербайжан, Афганистан, Пакистан, Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, Хятадын Күнмин гээд нисэж өгч байна. Хонгконгод 17:00 цагт буулаа. 19:00 цагаас Хонгконг-УБ гэсэн чиглэлээр МИАТ-ынхаа онгоцооор эх орондоо ирснээр энэ удаагийн аялал минь амар сайхандаа жаргасан даа.

2018-08-02

Турк орноор. 1. Истанбулд өнгөрүүлсэн эхний өдөр

Энэ зуны аялалын хоёр дахь цэг нь Турк улсын Истанбул хот болов. Манайхан Стамбул гэж бичээд байдаг. Туркууд өөрсдөө бол Истанбул гэж бичдэг юм байна лээ шд. Ажлаар хамт яваа нэг монгол залуутай ярилцаж байгаад Бакугаас нэг өдрийн өмнө Истанбул руу нисэхээр боллоо. Өнөөх маань намайг бодвол баруун европын нэг улсад ном сурч гэгээрсэн 40 гаран насны сингл залуу. Оюутан насаа Европт хамт өнгөрүүлсэн Турк найз нь Истанбулд амьдардаг. Далимд нь түүнтэйгээ уулзах зорилготой. Харин би бол Истанбул хотоор зүгээр л зугаалах зорилготой. 

Нисэх буудал дээр Туркийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирэв ээ. Гонзгой царайтай нэг турк залуу миний паспорт дээр тамга дарах болов. Миний паспортыг аваад л над руу нэг хальт харж байна. Тэгснээ гар утсаа оролдоод таг шүү. Баахан удаж байгаад  миний паспорт дээр тас хийтэл тамга дарлаа. Тэгээд Алтан соёмбот улаан паспортыг минь над руу бараг л шидсэн дээ. Ийм хүндэтгэлгүй харилцаанд нь миний дургүй хүрсэн. Хүний паспортыг шидээд байхдаа яахав дээ. Тэгээд өнөөх гонзгой царайт чинь дахиад л гар утсаа ухаад үлдсэн. 

Истанбулын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хотын төв рүү нь явах хялбар. Яг нисэх онгоцны буудлын дэргэдээс метронд суугаад хотын төв рүү явж болно. Истанбул хотод нийтийн тээврээр зорчих олон удаагийн карт авчих юм бол хэмнэлттэй. Би ISTANBUL CARD -ыг 7 турк лирээр худалдаж авсан. Тэгээд автомат цэнэглэдэг машин дээр очоод цэнэглүүлсэн. Ингээд "Atatürk havalimanı" метроны станцаас метронд суулаа. M1A гэсэн томъёололтой улаан шугам. Өчүүхэн жижигхэн чемондантай учраас метронд ороход ямар ч асуудал гарсангүй. Yenikapi метроны станц хүрээд тэндээсээ М2 гэсэн томъёололтой ногоон шугам руу шилжив. Taksim метроны станцад хүрлээ. Энд Истанбулын төв талбай бий. 

Интернетээр захиалсан зочид буудал Таксим талбайн яг хажууд. Аль болох хямд зардлаар аялах бодолтой байсан учраас маш хямд буудалд буусан юм. Буудал нь хоногийн 28 доллар. Буудлын өрөөнд чемоданаа үлдээгээд шүршүүрт орлоо. Гар утсаа цэнэглэх зуур хэсэг амрав. Ингэж байтал хамт яваа монгол залуугийн Турк найз нь ирэх цаг болжээ. Хамтдаа гарч Турк найзтай нь уулзав. Машинд нь суугаад л явлаа. Босфорын хоолойн ойролцоо загасны ресторан орно оо л гэж байна. Өнөөх маань машинаа нэг зогсоолд байрлуулаад Истанбулын хуучин гудамжаар дагуулж явав. Хуучны хот учраас хавчиг нарийнхан гудамж ихтэй юм. Явган хүний замыг нь байгалийн чулуугаар засжээ. 

Ази болон Европ тивийг заагласан Босфорын хоолойн эрэг дагуу өчнөөн олон ресторан байна. Өнөө Турк залуу чинь нэг газар руу дагуулаад л орлоо. Харагдах, үзэгдэх байдал нь дээр гээд их л өндөр давхарт тагтан дээр гарч суулаа. За ингээд хөөрхий минь дайлж гарлаа. 

 Раки гээд нэг сайхан архи байна аа. Харахад жирийн л цагаан архи. Хундалаад дээр нь хүйтэн ус хийчихээр л цэхэр сүүн өнгөтэй болчихдог юм байна лээ. Хатуулаг нь 45 градус.  Сайхан л эд байна лээ.
Оройн хоолны дараа буудал руугаа буцлаа. Замдаа дарсан нэг зураг. Истанбулын эртний барилгын нэг. 


Өнөө Турк нөхөр чинь биднийг Таксим талбай руу дөхүүлж өгөөд салах ёс хийлээ. За ингээд Истанбулд өнгөрүүлсэн эхний өдөр сайхан өнгөрлөө.  

2018-07-29

Азербайжанд аяласан тэмдэглэл: 2. Бакуд нүд ирмэх зуур өнгөрсөн өдрүүд

Баку хотын олон улсын нисэх онгоцны буудлаас намайг машин тосож аваад зочид буудалд хүргэж өгөв. NEW BAKU зочид буудалд тухаллаа. Бакуд ирсэн эхний өдөр шүршүүрт орж аваад буудлын өрөөнд нам унтлаа. Оройн хоол ч идсэнгүй. Замдаа их ядарч л дээ. За тэгээд л маргааш нь өглөө нь нэг албан ажлын уулзалттай байв. Ажлаа амжуулчихаад орой нь Азербайжаны үндэсний хоолны ресторанд очлоо. Манайхаар бол "XIII зуун" жуулчны газар шиг л тохижуулсан ресторан. Азербайжан үндэсний эд хогшил, тавилга зэргийг энэ хоолны газар байрлуулжээ. 




Хоолны хувьд ярих юмгүй сайхан. Үнэ хэд болсныг нь мэдэж чадсангүй. Учир нь Азербайжан нөхдүүд урьсан учраас тооцоог нь хийсэн юм. 

Ер нь 7-р сард Баку хотод цаг агаар нэлээн халуун юмаа. Өдрийн цагаар бол гаралтгүй. Харин нар жаргаж оройны сэрүү орсон хойно зугаалахад бол сайхан. Баку хотод автобус, троллейбус, метро бий. BAKI CARD худалдан авч болно. Нийтийн тээврээр зорчих карт. Нэг удаа автобусанд суухад 20 копик. Копик гэдэг нь Азербайжаны бутархай мөнгө. 100 копик нь 1 манат. 1 манат=1.60 доллар. Бакуд таксигаар үйлчлүүлэхэд хамгийн тохиромжтой. Гар утсандаа UBER App суулгасан бол такси дуудах шиг амархан юмгүй. Баку хот 4 сая оршин суугчтай боловч нээх том хот биш. Хотын нэг цэгээс нөгөө цэг рүү явахад дунджаар 4-6 манат л болно. Харин гудамжинд зогсож байгаа таксигаар зорчихын тулд эхлээд жолоочтой нь үнэ тохирох хэрэгтэй. Ер нь бол гудамжинд зогсож байгаа таксинууд бол хоёроос гурав дахин илүү  үнэ хэлнэ.  Тиймээс Бакуд бол UBER ашиглаад л таксидсан нь дээр. 

Баку хотод би 8 өдрийг өнгөрүүлсэн боловч нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Бакуд байсан үедээ ажлын хажуугаар очиж үзсэн нэлээн хэдэн газрууд бий. Санаанд хамгийн тод үлдсэн заримаас нь бичьё.
1. Старый город / Old city 
Энэ бол Баку хотын эртний дүүрэг. Том чулуун хана хэрэмтэй. Каспийн тэнгисийн эргээс холгүй. Одоо хуучин хотод жуулчид очих дуртай газрын нэг болжээ. Жуулчдад зориулсан хоолны газар, үйлчилгээ, ресторан, кафе, сувенирын дэлгүүр олон бий. Социализмын үед энэ хотод Оросын "Бриллиантовая рука" ("Эрдэнэ нуусан гар") инээдмийн киноны нэг эпизодын зураг авч байжээ. Яг тэр гудамжинд нэг сэргэлэн эр "Бриллиантовая рука" гэдэг кафе ажиллуулж байна лээ. 

2. Хивсний музей
Ер нь Азербайжан улс гар хийцийн хивсээрээ алдартай юм билээ. Бакуд хотод хивсний музей бий. Музейн тасалбар нь 8 манат байсан. Ороод үзэхэд харамсахааргүй. 

3. Гейдар Алиевын нэрэмжит соёлын төв. 
Азербайжаны анхны ерөнхийлөгчийн нэрэмжит музей. Энэ музейн барилга нь нэг ч баганагүй. Барилгын зураг төслийг нь Их Британийн архитекторч гаргасан. Гэхдээ энэ музейн зураг төслийг нь гаргахдаа анхны ерөнхийлөгчийн гарын үсгийг нь дуурайлгаж хийсэн гэсэн домог яриа байдаг юм билээ.




4. Каспийн тэнгисийн эрэг дээрх алсыг харагч. Тасалбар нь 5 манат байсан. 

Бакуд намайг байсан хугацаанд цаг агаар +35 хэм байлаа. Ийм халуунд эрчүүд нь шорт өмсөхгүй юм. Харин MNED нь л шорттой гүйгээд байлаа. Тэгээд нутгийн эрчүүдээс асуулаа. Ийм халуун байхад та нар яагаад шорт өмсдөггүй юм бэ? гэж. Гэтэл "Эрэгтэй хүн шорт өмсөөд гуяа ил гаргаад явах нь онцгүй шддээ" гэх ухааны үг хэлж байна. 

Азербайжан хэл гэж бий. Бас энэ нутгийнхан бүгдээрээ шахуу орос хэлээр ярьна. Дээр нь англи хэлээр ярьцгаана. Иймээс очсон хойно хэлний асуудал огт гарсангүй. Гэхдээ Азербайжан залуучууд орос хэлэндээ муу юм билээ. Ихэнх нь л англи хэл сурч байгаа бололтой. 
Азербайжан эмэгтэйчүүд их махлаг тарган юм. Харин эрчүүд нь бол сахал үсэндээ баригдсан их эршүүд байрын. 
За эцэст нь эндэхийн ангийнханы тухай бичье. Ер нь бол мусульман шашин голлосон улс учраас их л хатуу дэгтэй айхтар байх гэж эхэндээ бодож байлаа. Гэтэл тиймгүй юмоо. Hornet, Grinder мэтийн app Азербайжан ангийнхан түгээмэл ашигладдаг юм байна. Энд байх хугацаандаа Бакугийн анагаахын сургуулийн 5-р дамжааны оюутантай хальт уулзаж нэг цаг орчим хууч хөөрөлдсөн. Ер нь бол их даруухан л байхгүй бол хэцүү гэх ухааны юм ярьж байна лээ. За ингээд Азербайжанд өнгөрүүлсэн 8 хоногийн дараа эргээд Турк улсын Истанбул хот руу нислээ. Дараагийн удаа Истанбулд өнгөрүүлсэн өдөр хоногуудынхаа тухай бичнэ. 

PS: Би ер нь одоо эргээд бодоод байхад Баку хотод байхдаа цөөхөн хэдэн зураг л дарсан юм байна. Байгаа хэдэн зураг дээрээ би өөрөө гарчихсан. Тэгээд блог дээрээ өөрийнхөө дүр төрхтэй зураг оруулмааргүй байгаа учраас олон зураг ч оруулсангүй. 

2018-07-28

Азербайжанд аяласан тэмдэглэл: 1. Баку хүрэх зам

Одоо ч ер нь манай монголчуудын очиж үзээгүй улс орон гэж бараг байхгүй болсон цаг доо. Энэ жилийн 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр MNED залуу Азербайжан улсад очих завшаан тохиолоо.  Азербайжан улсын тухай надад мэддэг юм тун хомс.  Азербайжанд очихоос өмнөх миний мэдлэг: "Азербайжаны ард түмэн бол эртний түүхтэй. Кавказын бүс нутагт оршдог.  Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй байсан. 1991 онд Азербайжан улс тусгаар тогтнолоо сэргээсэн." Ингээд л гүйцээ. Аа тийм, бас Оросын "ПЯТНИЦА" сувгаар үзүүлдэг "Орел и решка" нэвтрүүлгийн нэг дугаараар нь Азербайжаны нийслэл Баку хотын тухай гаргаж байсан.  

Ингээд аялалд явах товлосон өдөр минь боллоо. Нэг жижигхэн чемоданд хоёр ээлжийн солих хувцас хийлээ. Гар цүнхэндээ зөөврийн компьютероо авлаа. За ингээд л миний ачаа болчихож байгаа юм. Монголоос Азербайжан руу шууд нислэг байхгүй ээ. Монголчуудын хувьд энэ улс руу Хятадын Бээжин, Оросын Москва, Туркийн Истанбул хотуудын аль нэгээр нь дамжин очно. За ингээд би TURKISH AIRLINES компанийн онгоцоор нисэх болов оо. Явах өдрөө онгоцны буудалд очлоо. Цаг агаар тааруу байсан учраас нислэг хойшилжээ. Бямба гарагийн өдөр 11:00 цагт Улаанбаатараас хөөрөх ёстой байсан агаарын хөлөг шөнө нисэв. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнийн 01:45 цагт Буянт-Ухаагийн дэнжээс хөөрлөө. Ер нь TURKISH AIRLINES -ийн бүхээгийн үйлчилгээ бол дажгүй юм байна лээ. 



Хэсэг нисээд Киргиз улсын нийслэл Бишкек хотын олон улсын онгоцны буудалд газардлаа. Агаарын хөлөг Бишкек хотын "МАНАС" нисэх буудалд ойролцоогоор нэг цаг зогсолт хийнэ. Бүх зорчигчдийг онгоцноос гаргаж нисэх буудлын транзит танхим руу оруулна. Энэ хооронд онгоцыг сумлаж, үйлчлэгч нар нь цэвэрлэгээ хийдэг юм билээ. Истанбул руу энэ онгоцоороо нисэх юм чинь гээд онгоцны бүхээгт хувийн эд зүйлээ үлдээж болохгүй. Үйлчлэгч нар нь хог гэж бодоод хаячихдаг юм гэнэ лээ гэсэн зөвлөгөөг туршлагатай аялагчид хэлж байсан. Мэдэхэд илүүдэхгүй. 

Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудлын транзит танхимд нэг цаг гаруй болоход төрсөн сэтгэгдэлээ энд бичье. "МАНАС" нисэх онгоцны буудлын барилгийн загвар нь манай Буянт-Ухаа дахь нисэх буудлынхтай их төстэй юм. Бараг нэг загвараар ч барьсан байж магад. Гэхдээ манай Буянт-Ухаа дахь "Чингис хаан" нисэх буудлаас хэдэн шат дор. Хамаг эд зүйл нь хуучнаараа. Яг өнгөрсөн үед оччихсон мэт санагдаж билээ. 

Төдөлгүй онгоц зорчигчоо бүхээгтээ суулгаж Бишкекээс хөөрлөө. Ингээд шөнөжин ниссээр Истанбулын цагаар өглөөний 5 цагийн үед Истанбул хотод газардлаа. Истанбулын нисэх онгоцны буудлын транзит танхим рүү алхав. Истанбул олон хүний хөлийн газар гэдэг нь нисэх буудлаасаа л мэдэгдэж байв. Хаашаа л харна гял цал болсон шилэн хорго.  Эрээн мяраан бараа өрсөн татваргүй барааны дэлгүүрүүд... 
Истанбулын нисэх буудалд 3 цаг орчим саатаад Азербайжаны нийслэл Баку хот руу нислээ. Бас л Turkish Airlines -ын онгоцоор. 

Азербайжаны тухай олж мэдсэн ерөнхий мэдээлэл:
Ар Кавказын бүс нутгийн зүүн хэсэгт, Каспийн тэнгисийн зүүн эрэгт байрладаг. 2018 оны байдлаар Азербайжан улс 10 сая хүн амтай. 86600 квадрат/км нутагтай. Нийслэл нь Баку хот. Өөрсдөө бол Баки гэж нэрлэдэг юм байна лээ. Хүн амын дийлэнх нь мусульман шашны шийт урсгалыг шүтдэг. Христ болон иудаизм шүтдэг хүмүүс ч бий. Азербайжан улс ерөнхийлөгчийн засаглалтай. Азербайжаны мөнгөн дэвсгэртийг МАНАТ гэдэг.  1 манат 1,60 доллар. Өөрөөр хэлбэл, Азербайжаны мөнгөний ханш чанга гэсэн үг. 


Дэлхийд цаг уурын 11 бүс байдаг. Азербайжаны жижиг газар нутагтай боловч цаг уурын 11 бүсээс 9 нь бий. Иймд олон төрлийн жимс жимсгэнэ, үр тариа тариалах таатай боломжтой. Засаг захиргааны хувьд Азербайжан улс 66 районд хуваагддаг. 11 хоттой. Мөн  Азербайжаны бүрэлдэхүүнд Нахичеван хэмээх өөртөө засах орон багтдаг. 
Азербайжан улс  зүүн хойд хэсгээрээ ОХУ (Дагестан), баруун хойд хэсгээрээ Гүрж, баруун талдаа Армен, Турк улстай, өмнөд хэсгээрээ Иран улстай хуурай газраар хиллэдэг. Харин  Туркменистан, Казахстан улстай Каспийн тэнгисээр зааглагддаг. 
1990-ээд оны үед Азербайжан, Армений хооронд газар нутгийн төлөө цус асгаруулсан дайн болж байсан. Одоо ч энэ дайны ул мөр бүрэн арилаагүй. "Уулын Карабах" гэж толгой өвчин болсон асуудал бий. Оросын цэргүүд энхийг сахиулах үүрэгтэйгээр оролцож гал зогсоож байсан.  

Азербайжаны анхны ерөнхийлөгч Гейдар Алиев. 1923 онд төрсөн энэ хүн Зөвлөлт засгийн үед ч томоохон улс төрч гэж тооцогдож байжээ. 1993-2003 оны хооронд Азербайжаны төрийн тэргүүнээр ажиллажээ. 2003 онд түүнийг нас бармагц Азербайжаны ард түмэн түүний хүү Ильхам Алиевыг ерөнхийлөгчөөр сонгожээ. 
Ер нь Азербайжан улс тусгаар тогтнолоо сэргээснээс хойш өнөөг хүртэл ердөө хоёр ерөнхийлөгчтэй л байсан гэсэн үг. Мэдээж сонгууль зохион байгуулна. Гэхдээ ялагч нь тодорхой. Ер нь бол Азербайжан улсад ардчилал хэлбэр төдий байгаа боловч бодит байдал дээрээ нэг гэр бүл удам дамжин төрийн эрхийг барьж байгаа аж. 


Азербайжаныг тэжээдэг гол эх сурвалж нь газрын тос, байгалийн хий. Ер нь Каспийн тэнгисийн эрэг орчим, Каспийн тэнгис нь байгалийн тостой гэдгийг бүр эртнээс хүмүүс мэддэг байж. Зөвлөлт засгийн үед Каспийн тэнгисийн эрэг дагуу газрын тос олборлох олон зуун цооног, хүхэр боловсруулах үйлдвэр байгуулжээ. Бүр Баку хотод ч ийм үйлдвэр их байж. Харин ХХ зууны 90-ээд оны хоёрдугаар хагасаас Баку хотод байгаа хуучин технологоор ажилладаг Зөвлөлтийн үеийн үйлдвэрүүдийг хаав. Оронд нь орчин үеийн шинэ технологи ашигладаг үйлдвэрийг өөр бүс нутагт байгуулсан гэдэг. 
1994 онд Азербайжаны төр АНУ, Норвег, Их Британи, Турк, Саудын Араб зэрэг орнуудтай хамтран "Зууны гэрээ" гэж түүхэнд нэрлэсэн гэрээ байгуулжээ. Энэ гэрээний ачаар Азербайжан улс газрын тосоо эрчимтэй олборлож эхэлжээ. Хувингаар цутгаж байгаа юм шиг бороо орно гэдэг. Яг үүнтэй адил энэ мөчөөс эхлэн Азербайжаны төрийн санд мөнгө цутгаж эхэлсэн гэдэг. Ингээд газрын тосны олборлолт, борлуулалтаас орж ирж байгаа мөнгөөр Баку хотын дүр төрхийг өөрчилж, шинэ зам гүүр, барилга байшин барьж эхэлсэн аж.

Азербайжаны нийслэл Баку хотод онгоц өглөөний 10 цагийн үед газардав. Баку хотын олон улсын нисэх онгоцны буудал нь тус улсын анхны ерөнхийлөгч Гейдар Алиевын нэрэмжит. За ер нь Бакуд Гейдар Алиевын нэрэмжит музей, гудамж, сургууль гээд тоочоод байвал барахгүй олон байгууллага бий. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн анхны ерөнхийлөгчөө тахин шүтсэн гэхэд хилсдэхгүй юм билээ. 
Нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх дээр байцаагч миний паспортын их удаан үзлээ. Эргүүлж тойруулаад л, хуудас бүрийг нь шалгаад л.... Өмнө нь очиж байсан улс орнуудын визийг хараад л... Тэгснээ миний царай руу дахин нэг ширтээд л... 
Дашрамд дурьдахад манай Монгол Улсад Азербайжаны элчин сайдын яам байхгүй. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар ч Азербайжанд нээгдээгүй. Гэхдээ Монгол Улсын иргэн Азербайжанд очихын тулд виз авах шаардлагатай. Интернэтээр Азербайжаны визийг электрон байдлаар авч болно. 2018 оны байдлаар Азербайжаны визийн хураамж 20 америк доллар. За ингээд хилийн шалгалтыг даваад ачаа тээшээ аваад Баку хотод ирлээ дээ. 
Бакуд хөл тавиад төрсөн анхны сэтгэгдэл: цаг агаар нь бүгчим, халуун, зам талбай нь өргөн, замын түгжрэл бараг байхгүй юм. 
Азербайжанд өнгөрүүлсэн 8 өдрийн аялалын тэмдэглэлийн эхний хэсгийг ингээд дуусгая. Хэд хоногийн дараа аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлээд бичье дээ. 

2018-07-16

Намайг өөрийнхөө нэрээр дууд

Би ер нь олон юмнаас хөндийрчээ. Өөрийнхөө амьдралын, эсвэл гэр бүлд сүүлийн нэг жил найман сарын турш тохиолдсон эрээн бараан үйл явдлуудыг эргэцүүлэхэд ингэхээс ч өөр арга байсангүй. 2017 онд бүтээгдсэн энэ киног MNED ах нь одоо л олж үзлээ шд. 
"Call me by your name" (Зови меня своим именем / Намайг өөрийнхөө нэрээр дууд) хүний сэтгэлийн гүн рүү өндийсөн сайхан бүтээл болжээ. 2007 онд зохиолч Андре Асиман "Намайг өөрийнхөө нэрээр дууд" хэмээх роман бичиж хэвлүүлжээ. Энэ романыг дэлгэцийн бүтээл болгосон нь энэ. Киноны нээлт 2017 оны нэгдүгээр сарын 22-нд Сандэнс кино наадмын хүрээнд болсон.  Энэ кино 2018 оны хавар Оскарын "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй дүр", "Шилдэг хялбаршуулсан зохиол", "Шилдэг дуу хөгжим" гэх мэт шагналд нэр дэвшсэн аж. Гэхдээ "Шилдэг хялбаршуулсан зохиол" шагналыг уран бүтээлчдэдээ авч иржээ.  Зохиолын үйл явдал: Итали эрдэмтэн 1983 онд АНУ-ын нэгэн залуу судлаачийг гэртээ урьж судалгааны ажилдаа туслуулна. Энэ үед эрдэмтэний хүү 17 настай Элио Перлман Америкийн залуу эрдэмтэн Оливертой танилцаж дотно харилцаа үүсгэнэ. 17 настай хүүгийн хувьд сэтгэлийг нь догдлуулсан анхны гей дурлал нь. Элио, Оливер нарын хайрын түүх, хамтдаа байхдаа мэдэрч байгаа аз жаргалтай мөчүүд, анхны үнэсэлт, бие бие рүүгээ тэмүүлэн уусах тэр мөчүүдийг уран сайхны аргаар тун чадмаг гаргаж. Киноны үйл явдал тэртээх ХХ зууны 80-аад он гэдгийг мартаж болохгүй. 1983 оны үед хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, машин, хувцсы загвар гээд өнөөгийн өнцгөөс харахад содон зүйлс энэ кинонд олон. 
Миний үзэж байсан гей сэдэвтэй киноны дийлэнх нь амиа хорлолт, аллага, зодооноор дуусдаг байсан. "Call me by your name" өөр байлаа. Бас хүүгийнхээ хувийн амьдралд хандаж байгаа эцэг эхийнх нь хандлага ч их таалагдсан. Хайр сэтгэлийн асуудлаар аав нь хүүдээ хэлж байгаа үгийг дахин дахин сонсоод баймаар...

2018-03-16

2018 оны эхнийх

Блогтоо ганц ч үг нэмэлгүй жил гаруй болжээ. Энэ хугацаанд миний амьдралд юу ч тохиолдоогүй юу гэвэл үгүй. Сайн муу, сайхан муухай зөндөө л үйл явдал боллоо. Эхнээс нь дуустал бичнэ гэвэл их л цаг хугацаа хэрэгтэй болно байх. Ямар байсан MNED нь амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөөд л яваа шүү. Одооноос эхлээд блогтоо сонирхолтой содон зүйл тогтмол бичиж байх болноо.