Истанбулд хамт ирсэн замын хань минь маргааш өдөр нь Монгол руугаа буцах төлөвлөгөөтэй байсан юм. Өглөөний цай хамт уучихаад Таксим талбай дээр зохион байгуулагдаж байгаа яармаг үзэж сонирхов. Гар эдлэлийн модон тоглоом, алт мөнгөн эдлэл, арьсан цүнх, уран зураг гээд элдэв юм л лангуун дээр өрөөстэй. Таксим талбайн замын эсрэг талд трамвайн зам дагаж уруудаад явахад худалдааны гудамж байна. Тэр гудамжаар нь явж дэлгүүр хэслээ. Хувцас голдуу юм. Энэ гудамжинд бас лааны тосон музей байсан.
Туркэд нэг ийм амттан хаа сайгүй зарж байна лээ. Үнэ нь ч хямдхан. Тэргүүн боовтой төстэй. Дотороо янз бүрийн шанзтай. Дээр нь цөцгийн тос мэтийн юм түрхэж байгаад иднэ. Аманд орохоор хайлах шиг л болно. Их чихэрлэг нялуун. Энэ туркэд цайны соёл нь бас их хачин юмаа. Архины хундага шиг жижигхэн шилэн аягаар цай ууцгаах юм. Том аягаар цайг юүлдэг хүн чинь ёстой уусан болохгүй юм байна лээ. Нээрээ бичээгүй л болохоос Азербайжаны Баку хотод бас яг тийм жижигхэн шилэн аяганд цай хийж өгөөд байсан л даа. Энэ хавийн бүс нутгийн цайны соёл л юм байна лээ. Шүүмжлээд байх ч юу байхав.
Иймэрхүү амттан хийж кафе ажиллуулан гурван үеэрээ амьдарч байгаа гэр бүл ч байна. Ийм нэг гэр бүлийн нээсэн кафед орж үзсэн. Байрлал нь мөнөөх Босфорын хоолойгоос холгүй.
"Турк бол Европын хужаа" гээд хэн нь ч хэлсэн юм бэ дээ. Энэ үгтэй бол санал нийлнэ. Хувцас хунар бол хямдхан юм байна лээ. Оёдолын үйлдвэр ихтэй гэж байсан. Тэр ч бүү хэл монголоос оёдолчид очиж ажилладаг гэж байсан.
Үдээс хойш замын хань минь Монгол руу буцахаар нисэх онгоцны буудал руу явлаа. Ингээд би ганцаараа үлдэв ээ. Үдээс өмнө нь дэлгүүр хоршоо хэсэж өөртөө хэдэн хувцас худалдаж авсан юм. Гадаа халуун ч гэж жигтэйхэн. Зочид буудлын умгар өрөөндөө ороод жаахан амарлаа. Нэг мэдсэн дуг хийж орхиж. Сэрээд интернэтээс Истанбулд заавал очиж үзэх хэрэгтэй газруудын тухай мэдээлэл хайв. Маргааш өглөө эрт босоод ганцаараа Истанбулаар тэнэх төлөвлөгөөтэй.
Ангийнхан идэвхтэй ашигладаг App-р турк эрчүүд SMS бичээд салахгүй.
Hello. How are you? Where are you from? I need sex. Wanna meet? гээд л зогсоо зайгүй бичих юмаа. Нөгөө нууж хааж явдаг юмныхаа зургийг харин ч нэг харамгүй явуулна даа.
Сониноос Монголд байхдаа уулзаж байсан нэг ангийн залууг App ашиглаж байгаад олсон. Нэг ази залуу байхаар нь бичлээ. Тэгээд л бие биенээ таниад сүйд болж уулзсан шд. Өнөөх минь хичээл ном, ажил төрлөө дуусгаад шөнө орой болсон гэлтгүй Таксим талбай дээр ирсэн. Уулзаад хууч хөөрөлдөж суулаа. "Энэ Туркэд шашин нь хатуу чанга. Элдэв асуудал дээр хориг тавих нь их. Гэхдээ хориглох тусам хүмүүс нууцаар нөгөө юмыг хийдэг байх" гэж хэлэв. Нээрээ ч үнэн байх. Ангийнхаа монгол найзтай "Taksim Gezi Park"-д суугаад ярилцаж байхад хажуугаар Турк эрчүүд холхиод л сээтэн хаях нь элбэг. Энэ талбайд орой үдшийн цагаар ангийнхан, транс охид цуглардаг" гэж өнөө найз минь хэлэв. Нээрээ анзаарсан чинь сэжиг бүхий нөхдүүд олон байна лээ. Хаа хол очоод ангийнхаа монгол залуутай уулзах сайхан л байлаа.
За ингээд Туркэд өнгөрүүлсэн хоёр дахь өдөр дуусав.
Гурав дахь өдрийн өглөө төлөвлөгөөнийхөө дагуу эртхэн сэрээд явлаа. Таксим талбайгаас Kabatas station руу явлаа. Тэндээс усан онгоцны боомт хүрч гатлага онгоцоор Босфорын хоолойн нөгөө талд нь гарах санаатай. Гатлага онгоцонд суугаад Босфорын хоолойн нөгөө талд нь гарчих шиг л болсон. Очиж үзэхээр төлөвлөсөн газрууд нь Hagia Sophia museum, Ayasofya Meydani, Grand Bazaar, Open Air museum Sultanahmet Meydani гэсэн газрууд.
Анх удаа явж байгаа газраа бол ойд төөрсөн сармагчин шиг л байгаа юм даа. Гатлага онгоц дээр явж байхдаа хоёр залуугаас Sultanahmet Meydani руу яаж очих вэ? гэж асуулаа. Өнөө хоёр маань Турк биш, харин Йорданаас ирсэн оюутнууд байж. Тэд Sultanahmet Meydani руу трамвайнд сууж очвол ойрхон гэж зааж өгөв. Баярлаж талархсанаа хэлээд цаашаа явлаа. Трамвайнд автомат буудал зарлагч бий. Сонсож байгаад буугаарай гэж өнөө хоёр маань зөвлөсөн юм. За ингээд нэлээн хэдэн буудал яваад Sultanahmet Meydani гэхээр нь буучихлаа. Ямар ч байсан зөв л буусан байна лээ. Трамвайнаас буугаад том цэцэрлэгт хүрээлэн байхаар нь яваад орчихлоо. Замаар нь яваад байтал нэг сүм таарсан. Яваад орсон.
Энэ сүм рүү богино шорттой эрчүүдийг оруулдаггүй юм байна лээ. Тэгээд сүмийн үүднээс нь юбка авч өмсөөд дотор нь орсон доо. Ингэж амьдралдаа анх удаа мусульман шашны сүмд орж үзлээ. Угаасаан хүний нутгийн, тэр тусмаа миний шүтдэггүй шашны шүм учраас нээх биширч магтах, гоё сайхныг нь магтаж шагших сэтгэл төрөөгүй ээ.
Sultanahmet Meydani -аас гарч явахдаа нэг царайлаг өндөр Ази залуу нүдэнд туслаа. Ажиглаад байсан чинь ганцаараа яваа бололтой. Тэгэхээр нь дөхөж очоод өдсөн.
-Уучлаарай, чи ганцаараа яваа юм уу?
-Тийм. Ганцаараа явж байна.
-Би ч гэсэн Истанбулд ганцаараа аялаж байгаа юм. Дургүйцэхгүй бол хамт хотоор нь явах уу? гээд л би хэлээд туучихлаа. Өнөөх маань зөвшөөрч байна. Их Британид нэг их сургуульд сурдаг хятад оюутан юм санж.
-Чамд очихоор төлөвлөсөн газрууд байгаа юу? гэж би асуулаа.
-Байхгүй ээ. Би зүгээр л дэмий тэнээд явж байна.
-Надад очиж үзье гэсэн хэдэн газар бий.
Ингэж хэлээд би гар утасныхаа газрын зураг дээр тэмдэглэсэн хэд хэдэн музейн хаяг харуулав. Шинэ хятад найз маань газрын зураг дээр ажиллахдаа гарамгай юмаа. Миний хэлсэн газруудыг гялс олоод "Ойрхон юм байна. Хамт алхаад явцгаая" гэлээ. Ингээд санаандгүй шинэ найзтай болчихлоо.
Хятадын Шэньси мужийн уугуул. Сиань хотод амьдардаг. Айлын ганц хүү юм гэнэ. Нас нь 21 хүрсэн. Би ч өөрийгөө бас танилцууллаа. Ингээд зам нийлсэн хоёр Ayasofya Meydani, Grand Bazaar зэрэг газруудаар хамт очиж үзлээ.
За ингээд Истанбулд бас зам зуурын сайхан Хятад залуутай танилцаад авлаа. Ер нь бол өнөөдрийн зугаалга амжилттай шүү. Facebook, Wechat гээд харилцаа холбооны боломжтой бүхий л сувгаар холбоотой байхаар боллоо.
Гадаа халуун гэж жигтэйхэн. Тэгээд хэн хэн маань ядарсан байлаа.
-За найзаа, хамт сайхан зугааллаа. Одоо хаачих уу?
-Харин ээ, би ч ядраад л байна.
-Чи өдрийн хоолоо идээгүй биз дээ?
-Тийм. Би буудалдаа очиж усанд ороод, хэсэг амарч байгаа өдрийн хоолоо идмээр байна.
-За тэгвэл би бас буудал руугаа явлаа. Холбоотой байя. Монголд ирж амарч зугаалахыг хүсвэл над руу бичээрэй. Би нисэх буудал дээр тосоод л авна шүү.
-Баярлалаа. Би ирэх жил сургуулиа төгсөөд Хятад руу буцна. Чи Хятадын Шэньси мужид очих бол хэл дуулгаарай. Би чамд хоол хийж өгч, гадуур дагуулж явна.
-Өө баярлалаа. Найзаа. Хятад руу Монголчууд 30 хоног визгүй. Би очно оо.
За ингэж ярилцаад царайлаг хятад залуутай гар бариад л салсан даа. Дараа жил Шэньси муж руу явж энэ залуутай дахиад уулзна аа гээд төлөвлөсөн.
Google map харж байгаад хамгийн ойрын метроны буудал руу алхав. Метро Босфорын хоолой дээгүүр тавьсан гүүрэн дээгүүр явж өнгөрсөн. Ингээд метронд суугаад Таксим талбай дээр эргэж ирсэн дээ. Буудалдаа ирж шүршүүрт оров. Эргэж гараад Таксим талбайн хажууханд байдаг хоолны газар өдрийн хоолоо идлээ.
Таксим талбайн эсрэг талд нэг аятайхан хоолны газар байна лээ.
Энэ доор байгаа хоол 23 Турк лир болсон.
Харин энэ доор байгаа хоолны үнэ 40 Турк лир.
Орой болсон хойно зочид буудлын умгар өрөөнд суугаад байлтай биш. Hornet гээд App харж байсан чинь Таксим талбайн хажууд ангийнхан ордог нэг night club,өөр нэг pub байна гэж зааж байв. Тэр pub нь миний байгаа буудлаас 40 метрийн зайтай байна гэвэл яах уу? Хамгийн ойр байгаа руу нь яваад очсон чинь хоёр жилийн өмнө хаагдсан гэдэг байгаа. Өөр нэг night club руу нь явах гэснээ залхуу хүрээд больсон. Тэр орой Таксим талбай дээр өнөөх үзэсгэсэн яармаг болж байгаа хэсэг дээр үнэгүй шоу болж байна. Шөнө дунд хүртэл Турк залуус дуулахыг харж зогслоо. Зарим Турк дуу аялгуу сайтай сайхан л юм байна лээ. Сэтгэл хангалуун хүн буудлынхаа умгар өрөөнд орж унтлаа.
Истанбулын дөрөв дэх хоног. Шүршүүрт ороод буудлаас гарав. Таксим талбайгаас метронд суув. Sisli метроны өртөөнд байдаг нэг худалдааны төв орлоо. Тэнд хүнсний тасгаас нь Lokum гэж амттан нэлээн хэдэн хайрцагийг худалдаж авсан. Монголд очоод хүнд бэлэглэх гэж.
Энэ бол Истанбулд байх сүүлийн өдөр. Өдрийн 12:00 цаг гэхэд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөв. Хашир хүн учраас нисэх буудал руу нэлээн эрт явлаа. Таксим метроны станцаас нисэх буудал руу явсан. "Atatürk havalimanı" метроны станц дээр ирмэгцээ дахиад хэрэггүй гэж үзсэн ISTANBUL TRANSPORT картыг анх худалдаж авсан хүндээ эргүүлээд зарчихсан. За ингээд нисэх онгоцны буудал руу ороод УБ руу явах нислэгтээ бүртгүүлэх гэтэл Turkish Airlines гэнэтийн бэлэг барьдаг байгаа."Overbooking". Онгоцны суудал дүүрсэн. Танд бид нөхөн төлбөр төлнө. Тэгээд Хонгконг руу нисчих. Тэндээс УБ руу нисэх МИАТ-ын онгоцны билет бичээд өгье гэж байна. Угаасаа ч Монгол руу яарах шалтгаан байгаагүй юм. За гээд л зөвшөөрлөө: Нисэх буудал дээр гурван Монголтой таарлаа. 45+ насны эр, 40+ насны хүүхэн, 20+ насны нэг залуу.
20+ насны залуу Туркэд хоёр жил хэртэй ажил хийж байгаад Монгол руу буцах гэж байгаа юм гэнэ. Өнөө хоёр хүн тэр залууд нисэх онгоцны билет авч өгсөн юм байх. Бодвол харж ханддаг улс нь юм байлгүй. Turkish Airlines компанийн төлөөлөгч нь онгоцонд сул суудал үлдээгүй ээ гээд учирлаад байхад өнөө гурван монгол заавал ниснэ гээд л зүтгээд байх юм. Нисэх боломжгүй гэж хэлсэн л бол ямар ч арга байхгүй гэдгийг манай гурван монгол ойлгохгүй юм даа. Истанбулаас УБ руу 19:40 гээд нисэх байсан
Би тэднийг орхиод Turkish Airlines санал болгосон үнэгүй зочид буудалд буулаа. Истанбулаас Хонгконг руу нислэг шөнийн 01:45-д. Turkish Airlines -ын гэрээт буудал нь миний өнөөх Таксим талбайд буусан жижиг зочид буудалтай харьцуулах юм биш. За тэгээд үнэгүй оройн хоолтой. Буудалд шүршүүрт орж, хэсэг унтаж амарлаа. Истанбулаас Хонгконг руу нислэг 10 цаг үргэлжилнэ. Шөнө онгоцонд олигтой унтаж чадахгүй гэдгээ мэдэж байгаа юм чинь. Зочид буудлын өргөн цэлгэр цонхоор алсын бараа ширтэж хэвтэж байгаад унтаад өгч. Оройны 22:00 цагт зочид буудлын үүдэнд Turkish Airlines компанийн явуулсан микро автобус ирж намайг авлаа.
Автобусанд дөнгөж суумагц яадаг ч байсан би УБ руу 19:45-аас ниснэ гээд зөрүүдлээд байсан 20+ монгол залуу байна.
-Дүү нисээгүй юм уу?
-Нисэж чадаагүй ээ. 18:00 хүртэл нисэх дээр горьдлого тээж суулаа. Тэгээд пизда, нөхөн төлбөрийг нь аваад Хонгконгоор шаахаар болчихлоо.
-Өдөр чамтай хамт нисэх дээр байсан хүмүүс ах эгч чинь юм уу?
-Үгүй. Энд ажил хийдэг улс. Бас онгоцны билет энэ тэр юм зохицуулж, монголчуудыг ажилд зуучилж өгдөг хүмүүс.
-Аан, тиймүү.
Ийм нэг товчхон яриа болов.
Онгоцны буудал дээр паспортын хяналт руу орохын өмнө өдөр тааралдсан 40+ насны хүүхэн угтаж аваад л уулзлаа."Эгч нь чиний нэр дээр нэг чемодантай юм өгөөд явуулчихмаар байна" гэнэ ээ. Ер нь бол танихгүй хүний ачаа тээш авч явах нь хамгийн буруу. "Харийн шоронд" гээд цуврал баримтат кино байдаг шд. Бусдад буян болж элдэв ачаа тээш аваад шоронд орсон хүмүүсийн бодит түүх өчнөөн. "Чадахгүй ээ. Би хүний ачаа авч явахгүй" л гэлээ. Араас тэр монгол хүүхэн хялалзаж цэхэлзээд л үлдсэн. Ер нь монголчууд хаа явсан газраа бие биедээ түвэг учруулаад байдаг тал бий шүү.
За ингээд Истанбулаас Хонгконг руу 10 цаг нислээ. Гүрж, Азербайжан, Афганистан, Пакистан, Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, Хятадын Күнмин гээд нисэж өгч байна. Хонгконгод 17:00 цагт буулаа. 19:00 цагаас Хонгконг-УБ гэсэн чиглэлээр МИАТ-ынхаа онгоцооор эх орондоо ирснээр энэ удаагийн аялал минь амар сайхандаа жаргасан даа.












2 comments:
Сонирхолтой аялал болжээ
Баярлалаа.
Post a Comment