2016 оны намрын налгар өдрүүд. Ажлынхаа хамт олонтой хамт салхинд гарлаа. Тэрэлж орчим. Модны навч алтан шаргал, улбар шаргал өнгөнд хувирч нүд баясгана. Энэ үед байгалийн сайхныг биширч, орчлонгийн өнгө бүрийг бахдаж байсан. Гэхдээ ердөө хэдхэн долоо хоногийн дараа манай гэр бүлд юу тохиолдохыг би тэгэхэд огтхон ч тааварлаагүй байлаа.
Ээж өвджээ. Гай зовлон тэртээ хол байдаг юм шиг, бас биднээс хол байдаг юм шиг бодож явжээ. Монголд эмнэлэгт оношилж чадаагүй учраас Солонгост очлоо. Ердөө хоёр хоногийн дотор л Солонгос эмч онош тогтоожээ. Эмнэлэгт орчуулагчаар ажилладаг монгол бүсгүй "Солонгост эмч нар өвчний оношийг өвтөн болон гэр бүлийнхэнд нь шууд л хэлдэг. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай" гэсэн санааг эвтэйхэн хэлээд аав бид хоёрт ойлгууллаа. Солонгос эмч чухам юу өвдсөн тухай түс тас, пал хийтэл хэлж орхив.
2016 оны намрын бүрхэг өдөр. Тэр цагаас хойш гэр бүлийнхэн маань бүгд хичээсэн. Гэхдээ л өвчин бол аймшигтай. Бид ч яахав. Харин өвдсөн ээж минь хамгийн их хичээсэн, мэрийсэн.
2018 оны зун. Хүүхдийн баярын маргааш өглөө. Эмнэлэгийн жижигхэн өрөөнд олон хүн цугласан байлаа. Аав тэр шөнө огт унтаагүй. Харин би тэр шөнө ялимгүй зүүрмэглэсэн юм даг. Үүр цайхын хэрд сэрээд эмнэлэгийн цонхоор харлаа. Үүлэрхэг бүрхэг. Нар үүлний цаанаас цацрагаа тусгаж байгаа нь илт. Нэлдээ цагаан гэгээ татуулжээ. Бас ялимгүй шиврээ бороо дусалж байлаа. Ийм л нэг зуны бүрхэг өглөө ээж минь ханиа, үр хүүхдүүдээ орхиод хорвоо мөнх бишийг үзүүлсэн.
Ээжийгээ амьсгал хураахаас өмнө өөрийнхөө тухай, амьдралыг хэрхэн төсөөлж байгаа тухай ярилцсан. Би л лав сэтгэлдээ байгаа бүхнээ ээждээ нээж хэлсэн л гэж боддог. Бурхан болсон хүний араас уйлах нь дэмий гэж хуучны хүмүүс хэлдэг. Сэтгэлээ тогтоон барих гэж чармайсан. Гэхдээ дусал ч нулимс унагаагүй гэвэл бас худлаа.
Тэр зуны тэр өдрүүд одоо ч сэтгэлд илхэн. Ээж минь тэнгэрийн орон руу яваад таван сар өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам ээж ямар эрхэм нандин хүн бэ? гэдгийг ойлгодог юм байна.
Одоо ч заримдаа ээжийгээ зүүдэлнэ. Ээжийгээ зүүдэлж сэрсэн өглөө хамгийн аз жаргалтай ч юм шиг. Бас сэтгэлдээ хөнгөн гунигтай ч юм шиг хоёрдмол мэдрэмж үүснэ. Ээжийн минь дүр сэтгэлд тодорч, санаа нь биенд лугшиж, хэлж байсан үг нь тодхон санагдана. Энэ л үед би уйлдаг. Сэтгэлд уяатай хүн гэж ээжээс өөр хүнд байдаггүй юм байна. Ээждээ би олон жил эрхэлжээ.Төрсөн өдөр минь дөхөж байна. Одоо сэтгэлдээ л ээжийгээ тээж явна даа.
2 comments:
Сэтгэлээ хуваалцсанд маш их баярлалаа.
Баярлалаа
Post a Comment