Амьдралын тойрог

2019-01-11

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл 1-р хэсэг

Блогт минь үе үе зочилдог танд шинэ оны мэнд хүргэе. 2018 оны сүүл, 2019 оны эхээр MNED нь Токио хотын гудамжаар маш цоглог алхаж явлаа. Ер нь аливаа нэг өөр улс гүрэн рүү явахдаа би урьдчилж нэлээн судалдаг. Очих гэж байгаа газрынхаа тухай мэдээлэл чадлынхаа хэрээр цуглуулдаг. Газар зүйн ном, аяллын танилцуулга хөтөч ном товхимол эсвэл интернэтийн хайлтын системээр аль ч улсын тухай ерөнхий мэдээлэл түвэггүй олж болох сайхан эрин үед амьдарч байгаа бид азтай хүмүүс. Энэ ч зангаараа Япон явахаасаа өмнө чамлахааргүй мэдээлэл цуглуулсан. Бас өмнөх хэдэн жил Япон хэл сонирхож сурсан учраас бодит амьдрал дээр "ярианы дасгал" хийх сайхан боломж надад тохиов. 
 2018 оны 12 дугаар сарын сүүлийн 7 хоногт товлосон өдөр минь ирж Улаанбаатараас Токио руу нислээ. Улаанбаатарын цагаар 8:55 цагт хөөрсөн МИАТ-ын БОИНГ Токиогийн цагаар өдрийн 14:25 цагт НАРИТА нисэх онгоцны буудалд газардлаа. 


Хоолойгоор дамжин нисэх буудлын барилга руу ортол Япон эмээ, өвөө нар угтав. Тэд гадаадын зорчигчдын гарын долоовор хурууны хээг авдаг ажилтай юм байна. Бас видео камераар "дурсгалын" зураг авч өгч байна лээ. Яг үнэндээ бол Японы хилийн шалган нэвтрүүлэх алба гадаадын зорчигчийн тухай мэдээлэл бүрдүүлж байгаа хэрэг. Ингээд дараа нь паспортын хяналт. Нисэх буудлын ийм нэг самбар анхаарал татав. 


Ингэхэд би арлын Японд танил тал ихтэй хүн юмаа. Японд сурдаг нэг хуурай дүү минь намайгаа тослоо. Тэр оюутан хүүхдэд би бас хоосонгүй гарын бэлэгтэй очсон юмоо. Нарита нисэх буудал нь Токио хотын төвөөс 75 км-ын зайтай. Нарита нисэх буудлаас Токио руу явах хэд хэдэн хувилбар байна. Галт тэрэг, такси, автобус гэх мэт. MNED нь автобусаар Токио руу явах хувилбарыг нь сонгов. Нарита нисэх буудлын нэгдүгээр терминалаас Токио хотын "Токио эки" галт тэрэгний өртөө хүртэл автобусаар зорчив. Тасалбарын үнэ 1000 иень. Намайг угтсан оюутан дүү минь замын турш ам зогссонггүй. Япон орон, Токио хот, Токио дахь монголчуудын тухай надад олон зүйл хуучлав. 
"東京" өртөөнд автобус зогсов. Өртөөний гаднаас нийтийн тээврээр зорчих карт худалдаж авлаа. SUIKA гэж нэрлэсэн энэ карт 500 иень бөгөөд хот доторх галт тэрэг (でんしゃ), метро (ちかてつ)гэх мэт тээврийн хэрэгслээр зорчих, мөн өөр хэд хэдэн төрлийн үйлчилгээ ч авч болох аж. 
Booking.com  сайтаар дамжуулан захиалсан зочид буудал маань Ооцука (おおつか駅) өртөөнөөс холгүй байлаа. Дашрамд дурьдахад энэ бол Токио хамгийн хөл хөдөлгөөн багатай, чимээ шуугиангүй тайван амгалан дүүрэг юм шиг санагдсан. 


 
Өртөөнөөс гараад YOSHINOYA хэмээх хоолны газар оройн хоол идэв. Хоол нь амттай, бас тийм ч өндөр үнэтэй биш. Хамгийн хямд хоол 420 иень. Хамгийн үнэтэй нь 810 иень. (2018 оны сүүлийн 7 хоногт Монголд 1 иень 24 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байлаа.)
Дараа нь захиалсан зочид буудалдаа очлоо. Зочид буудлын өрөө нь ердөө 15 м/квадрат боловч маш тохилог. Бага зайд их олон зүйлийг багтаажээ. Ер нь энэ өрөөний булан тохой бүр нь ашигтай талбай.


Унтах ор, зурагт, бичгийн ширээ, сандал, толь, ус буцалгагч, үсний сэнс, богино долгионы цахилгаан зуух, агааржуулагч,  агаар цэвэршүүлэгч, мини гал тогоо,  ванн, шүршүүр, жорлон, хувцасны шүүгээ, гутлын тавиур. 



Токиод байх хугацаандаа ийм өрөөнд амьдарлаа. Амьдрах ч юу байхав. Ер нь нар мандахаас наран жаргах хүртэл Токио хотоор тэнэсэн. Шөнөдөө унтах гэж л ирсэн хэрэг. 
Токио руу нисэхийн өмнөх шөнө нь хагас дутуу нойртой байсан. Токио руу нисэх онгоцондоо амжихын тулд бас л нойр дутуу. Ийм болохоор зочид буудалдаа ирээд шууд л толгой дэр хоёрыг нийлүүлэв.  Ийнхүү Токиогийн эхний өдөр дууслаа. 
Эхний өдрийн сэтгэгдэл дээрээ нэмж бичихэд 12 дугаар сар Токиод цаг агаар их тааламжтай сайхан байсан шүү. Улаанбаатарын утаан дундаас  ирсэн надад бол утаагүй хотод чөлөөтэй амьсгалаад явах жаргал байлаа. Токиод агаарын хэм +10 (цельсийн). Яг л Монголын минь намар шиг. Гэхдээ нар жаргаад харанхуй болсон хойно хүйтэн салхитай юм билээ. Ер нь бол Токио хот руу 12-р сард явах бол хавар намрын хувцас л яг тохирно. 

No comments: