Амьдралын тойрог

2024-02-28

MNED номхон далайн цаана 2 дугаар хэсэг

Leaf намайг дагуулаад Лос Анжелос хотод ажиллаж амьдардаг бас нэг хуучны танилтай маань уулзуулав.  Face гэж нэрлэе. Түүний ажилладаг зочид буудалд нь очиж уулзав.  Лос Анжелос хотыг бүхэлд нь биш юмаа гэхэд нэлээн олон дүүргийг нь зочид буудлын цонхоор тольдож харж болдог аж. 



Намайг тэр зочид буудал дээр нь ирсэн өдөр секс тоглоомын үзэсгэлэн зохион байгуулагдаж таарав. Сониуч зан хөдлөөд үзэсгэлэнгийн танхим руу нь орж хэдэн зураг дарлаа. Гар утсаараа зураг авч болох уу? гэж асууж байгаад зөвшөөрөлтэйгөөр зураг авсан. Секс тоглоом үйлдвэрлэгч нар цуглаад хэрэглэгчидтэйгээ уулзаж, санал солилцдог юм билээ. За тэгээд манай бүтээгдэхүүн ямар санагдаж байна? Хэрэглэхэд сэтгэл ханамж өгч байна уу? Юуг нь засаж сайжруулж өөрчлүүлмээр байна? гээд л асуудаг юм байна лээ.



Face найзтайгаа уулзаад Leaf  намайг дагуулаад Холливуудын гудамжаар явсан. Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулдаг кино театр, алдартай кино жүжигчид, дуучдын нэрийг бичсэн "таван хошуу", хөл гарын мөрийг мөнхөлж үлдээсэн хавтангууд байдаг даа. Сонирхуулахад, 1910 он хүртэл энэ өргөн чөлөө Лос Анжелос хотын нэг хэсэг гэж тооцогдож байгаагүй юм байна. Тухайн үедээ Prospect Avenue гэж нэрлэж байсан аж. 1920 -оод оны эхээр энэ хавийг тохижуулах, барилга байшин барьж бүтээн байгуулалт хийх ажлыг Чарльз Тоберман хэмээн барилгачин эхлүүлжээ. Түүнийг өдгөө "Mr. Hollywood" эсвэл "Father of Hollywood" гэж хүндэтгэж нэрлэдэг болсон. 1946 онд энэ гудамжаар явж өнгөрсөн Америкийн дуучин Жин Отри гудамжны тохижилтыг хараад ихэд сэтгэл хөдөлж  "Here Comes Santa Claus" дууг зохисон түүхтэй юм билээ. 1958 оноос энэ гудамжинд "Алдартнуудын цэцэрлэгт гудамж" үүсэж. 1985 оны 4 дүгээр сарын 4 нд энэ гудамжийг АНУ-ын түүхэн дурсгалт газрын жагсаалтад бичсэн байна.




Энэ гудамжинд байдаг алдартай Хятад кино театр. 1162 хүний суудалтай энэ кино театрын барилгыг 1927 онд барьжээ. 1973 аас 2001 оны хооронд энэ барилгыг "Mann's Chinese Theatre" гэж нэрлэж байгаад нэрийг нь өөрчилсөн байна. 2013 оныг хүртэл "Грамуманы хятад кино театр" гэж нэрлэж байв. Одоо ч гэсэн энэ кино театрт Холливуудын шинэ киноны нээлтийг зохион байгуулдаг. 2007 онд кино театрыг CIM Group худалдан авчээ. 2012 оноос хойш өнөөг хүртэл "TCL Хятадын театр" гэсэн албан ёсны нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Цахилгаан бараа үйлдвэрлэгч Хятадын TCL компани 5 сая доллараар ивээн тэтгэсэн байна. Кино театрын өмнөх талбайд Чарли Чаплин, Жек Николсан, Мэр Пикфорд, Мэрилин Монро, Харисон Форд, Арнольд Шварцнеггер, Уилл Смит, Майкл Жексон гээд өчнөөн олон алдартай жүжигчдийн алганы хээний дардас, хөлийн гутлын мөрний дардас байна лээ. 







Холливуудын гудамжнаас хөдлөөд Лос Анжелосын одон орон судлалын төв байдаг газар руу явлаа. "Griffith Observatory" гэж англи хэлээрээ нэрлэх юм билээ. Одон орон судлах төв байрлаж байгаа газрыг Лос Анжелос хотын захиргаанд Женкинс Гриффит (англ. Griffith Jenkins Griffith) 1896 онд бэлэглэсэн түүхтэй юм байна. Бас олон орон судлалын төвийн барилга барихад зориулж мөнгө хандивлажээ. Одоогийн байгаа барилгын бүтээн байгуулалт 1933 оны зун эхэлжээ. 1935 онд олон орон судлалын төв, залгаа үзэсгэлэнгийн танхимууд нь ашиглалтад орж нээлтээ хийсэн юм байна. Нарын аймгийн тогтолцоо, нар ба сарны хиртэлт, солир гээд сансар огторгуйтай холбоотой олон үзэгдлийг тайлбарласан үзмэртэй аж. Энд дэлхийн хоёрдугаар дайны үед байлдааны онгоцны нисэгчдийг  одот тэнгэрээр зүг чигээ олоход нь сургах зорилгоор сургалт зохион байгуулж байж.  1960 оноос сар руу нисэх сансрын нисэгчдийг бэлтгэх хөтөлбөрт энэ төвийг ашиглаж байжээ.  2002 онд "Griffith Observatory" түр хаагдаж, бүрэн хэмжээний их засварт оржээ. 2006 оноос дахин үзэгчдэд үүд хаалгаа дахин нээсэн байна. "Griffith Observatory"-д очих үед цаг нэлээн орой болчихсон байсан. Шөнийн Лос Анжелос хотыг бүхэлд нь харж болох өндөрлөг газар байна лээ.  Дараагийн өдөр нь би ажлынхаа газрынхантайгаа дахиад ирсэн. Өдрийн цагаар авсан нэг зураг оруулсан нь дээр гэж бас бодлоо. HOLLYWOOD гэсэн бичээс "Griffith Observatory"  байдаг өндөрлөгөөс тод харагдах юм билээ.


Дараа нь Лос Анжелос дахь хамгийн алдартай Солонгос хоолны газар орж сайхан шөлтэй хоол идэв. Муу хүн идсэн ууснаа л гэдэг. Нэгэнт хоолны сэдэв хөндсөн учраас Америк хоолны тухай сэтгэгдлээ бичье. АНУ-ын Калифорни мужид байх хугацаанд идсэн хоол ихэвчлэн чихэрлэг, нэлээн хурц амтлагч ихтэй, порц ихтэй санагдсан. Америкт ирсэн хүн байна даа, жинхэнэ ориг JUNK FOOD идэж үзье гэдгээ LEAF-д хэллээ. Намайг дагуулаад IN-N-OUT хэмээх түргэн хоолны сүлжээ ресторанд орлоо. Ер нь Америкт байгаа түргэн хоолны сүлжээнүүдээс хамгийн гайгүй (төмсийг нь яг шинээр нь шардаг) газар нь гэж надад тайлбарласан. Бургер нь амттай. MILK SHAKE ууя гэлээ. Миний төсөөлж байснаас тэс ондоо, маш өтгөн, бараг зайрмаг шиг юм ирсэн. Соруулаар нь уух ч аргагүй. Гэхдээ маш гоё амттай байсан шүү. Муу хүн идсэн ууснаа гэж... Үүнийг идээд би дорхноо пологтсон.


Лос Анжелост өнгөрүүлсэн гурав дахь өдөр. Энэ өдөр LEAF намайг дагуулаад Номхон далайн эрэг рүү явсан. Хурдны зам руу ороод нэлээн удаан давхилаа. Лос Анжелос хотоос бүүр гараад явчихсан. Сан Педро наран шарлагын газар дагуулаад ирж. Газар мэдэхгүй би яах вэ, дагаад л явна.
Сан Педро наран шарлагийн газар үнэхээр сайхан үзэсгэлэнтэй газар байна лээ. Leaf бид шар айраг шимэнгээ хоёр далайн эргийн зөөлөн элсэн дээр алхаж, нар жаргахыг хамт харлаа. 




Тэртээ алсад том усан онгоц харагдаж, дээгүүр тасралтгүй иргэний агаарын тээврийн онгоц сүнгэнэнэ. Эндээс Лос Анжелосын олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байгаа, бас тэндээс хөөрч байгаа онгоц харагддаг гэж Leaf тайлбарлаж байсан. Сан Педро наран шарлагын газар нар жаргахыг харах мөч дэндүү романтик байлаа. Эрэг рүү хүч түрэн орж ирэх далайн сүрлэг давлагаа, алсыг ширтэх үед мэдрэгдэх амар амгалан байдал, хүйтэн уур амьсгалыг мэдрүүлсэн далайн эргийн салхи.... Ийм сайхан үдшийг надтай хамт хуваалцсан LEAF-д баярлалаа. 
Далайн эргээс буцаад Лос Анжелос руу хурдны замаар сүнгэнэв. Буцах замаараа жуулчид ирж зургаа авхуулдаг ийм нэг газар ирлээ. Хажууханд нь музей, үзэсгэлэнгийн танхим байдаг гэсэн.



Лос Анжелост байсан дөрөв дэх өдөр... Тэр өдөр жинхэнэ ичмээр юм болсон шд. Энэ тухай дараа бичье.

2024-02-19

MNED номхон далайн цаана 1 дүгээр хэсэг

MNED нь 2024 оны анхны аялалдаа яваад ирсэн. Албан ажлаар АНУ-д очих завшаан тохиолоо. Ганцаараа биш, ажлынхаа хүмүүстэй хамт аян замд гарав. Одоохондоо Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг байхгүй. Заавал хаа нэг газраар дамжин явах шаардлагатай. За ингээд Улаанбаатар-Бээжин-Лос Анжелос гэсэн чиглэлээр  Air China компанийн онгоцны тасалбар худалдан авлаа. Мөн энэ чиглэлээрээ буцаад Улаанбаатартаа ирнэ. Тасалбарын үнэ 2 талдаа 3.680.000 төгрөг болов. 2023 оны 12 дугаар сарын байдлаар 1 америк доллар 3480 төгрөгтэй тэнцэж байна.  (Тасалбар 1057 америк доллар гэсэн үг.)


Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас өдрийн 12 цагт хөөрсөн онгоц Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд 14 цагт газардав. 2015, 2016 оны зун Улаанбаатараас Бээжин рүү Air China компанийн онгоцоор нисэж байсан. Тухайн үед балга ус, амт муутай сендвич өгч байлаа. Хятадууд нислэгийн стандартаа шинэчилсэн бололтой. Улаанбаатараас Бээжин рүү нисэж байх зуур өдрийн хоол өгдөг болжээ. 


Бээжин хотоос Лос Анжелос  хотыг зорих 14 цаг үргэлжлэх нислэг оройн 23 цаг 45 минутаас. Бидэнд бүтэн 10 гаруй цагийн зав чөлөө бий. Онгоцны буудлын том танхимд уйдаж сууна гэдэг амаргүй. Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр ч гэдэг.  Нисэх буудлаас гарахаар шийдэв. Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хүртэл хоног визгүй зорчиж болох тул Бээжин рүү ороход ямар ч асуудалгүй. Бээжингийн нисэх онгоцны буудалд ийм автомат төхөөрөмж байршуулжээ. БНХАУ-д ирсэн гадаадын иргэд хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр очихоосоо өмнө доорх төхөөрөмжид гарын 10 хурууны хээгээ сканердуулж, паспортоо уншуулах ёстой аж. 


Эндээс 5 минут алхах газар БНХАУ-ын хил хамгаалах албаныхан суугаа бүхээгт тулж очив. Гадаад паспортоо өгөхөд жижиг веб камераар цээж зураг дарав. Энд мөн дахин гарын 10 хурууны хээгээ сканердуулав. 5 минутын зайтай ингэж хурууны хээ сканердаж байгаа нь цаанаа учиртай биз.  
Нисэх онгоцны буудлаас гараад Хотон үндэстний хоолны газар шөл уув. 



Онгоцны буудлаас. холгүй байрладаг энэ зоогийн газар биднийг 16:00 цагийн үед ирэхэд хоосон шахуу байв. Бид ч нэлээн удаан тухалж суулаа. Оройны 19:00 цаг болоход бүх ширээ дүүрч үйлчлүүлэгч олон болов.  Онгоцны буудалтай ойр учраас дотор нь ийм сувенир байрлуулжээ. 



Оройны 20:00 цагийн үед онгоцны буудалд эргэж ирлээ. Онгоцны буудал руу ороод урсгал шатаар өгсөх үед хамгаалалтын албаны хүмүүс тусгай саваагаар хувцас, үүргэвчинд хүрч "дээж" авч байлаа. Тэр саваагаа тусгай төхөөрөмж рүү шургуулаад түргэвчилсэн шинжилгээ хийж байв. Хар тамхи, элдэв хориотой зүйл наалдсан эсэхийг л шалгаж байгаа юм болов уу даа гэж таамаглав. Хятадын хилээр гарч АНУ руу явах онгоцондоо суулаа. Шөнийн нислэг. Номхон далайг гатална гээд бодохоор би ч дотроо догдолж л байлаа. BOING 777 загварын онгоц хөөрснөөс хойш ойролцоогоор 1 цаг 30 минутын дараа эхний хоол ирэв.  


Хоол идэнгээ кино үзэж байгаад нүд анилдаад унтжээ. Нөгөө кино юу болсон юм байгаа бүү мэд. Нэг мэдсэн чинь хэн нэгэн хүн намайг сэрээж байна. Харсан чинь онгоцны үйлчлэгч хятад бүсгүй аягатай ус надад өгч байна. Аваад уучихлаа. Хоолой ам хатсан байжээ. Сайхан л орж байна. Эргэн тойрноо хартал ганцхан надад л ус өгсөн байх юм. Яагаад зөвхөн надад ус авч ирж өгсөн юм бол гэж бодлоо.  "Би унтаж байхдаа хурхирсан юм байна. Тэгээд намайг сэрээхийн тулд ус авч ирж өгчээ." гэж таамаглав. Энэ ч бараг үнэн байх.  Онгоц Лос Анжелос хотод газардахаас 3 цагийн өмнө дахиад хоолоор үйлчлэв. 


14 цаг тасралтгүй нисээд Лос Анжелос хотын нисэх онгоцны буудалд 20 цагийн үед газардав. Америкт ирээд онгоцны буудлаас гармагцаа гар утсан дээрээ дарсан анхны зураг 

Хамт яваа манай багийнхан 23:00 цаг болсон хойно Air BNB-р захиалсан байшиндаа ирж амрав.  Улаанбаатар Лос Анжелос хотуудын хооронд 16 цагийн зөрүү бий. Шөнийн нислэг их зүгээр юм. Сайхан унтаад цагийн зөрүүгээ гялс гаргав. Америкт ирээд таалагдсан олон юм байсан. Хамгийн эхнийх нь утаагүй агаараар амьсгалах нь тааламжтай байлаа. Удаах нь 1 дүгээр сарын эхээр ногоон хэвээрээ байгаа мод бут, өвс ургамал харах сайхан байлаа. 
Өглөө нь Лос Анжелосын орон нутгийн цагаар сэрлээ. Өглөөний цайгаа уугаад удаагүй байтал ПРИУС машин хөлөглөсөн нэг залуу бидний байрлаж байгаа байшингийн гадаа ирж зогслоо. Тэр хүн бол Лос Анжелост ажиллаж амьдарч байгаа миний эртний найз Leaf. Анх танилцаж байсан мөчөөс хойш олон жил өнгөрчээ. Тэр найз маань Америкт сурч ирээд Монголдоо хэсэг зуур ажиллаж байсан. Дараа нь АНУ руу эргээд явсан. Намайг Америкт ирээрэй гэж их олон удаа зөвлөж байсан. Ямар ч байсан ингээд бид уулзлаа. 
Уулзахаар барахгүй тэр намайг машиндаа суулгаад Лос Анжелосыг хэд хэдэн удаа бүрэн тойрсон юм даа. 

Хурдны замаар давхих нь аймаар юмаа. Би Улаанбаатартаа машин жолооддог хүн. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал хүрдэг хурдны замаар жирийлгэдэг хүн. Гэхдээ жинхэнэ хурдны зам Америкт байна гэвэл арай л хэтрүүлэг болчихгүй байгаа. Хурдны замаас гарах, өөр уулзвар руу салахдаа огцом хааз өгч хурдаа нэмэх юм. Энэ үед нь MNED гуайн зүрх амаар гарчих гээд, дотор эвгүйрч муужрахын наагуур юм болов оо. Манай найз Leaf намайг шоолов. Жолоогоо барингаа надад замын хажуугаар өнгөрч байгаа байшин барилга, гудамж талбайг танилцуулж тайлбарлаж яриад амжина.


Лос Анжелос дахь China town, Korea town, Little Tokyo гэж нэрлэсэн япончуудын дүүргийн хажуугаар машинтай явж өнгөрлөө. Тэнгэр баганадсан өндөр байшинтай хотын төв хэсэг, хуучны хорооллоор нь намайг дагуулж явлаа. 



Лос Анжелост надад таалагдсан гудамж. 


Ойр хавьд нь  фермерүүдийн янз бүрийн бүтээгдэхүүн зардаг их гоё захтай. Зэрэгцээд сонголт ихтэй хоолны газрууд, ресторан, кафе, бэлэг дурсгалын дэлгүүрүүд байна лээ. 
Америкт ирээд идсэн анхны хоол... Найзаараа дайлуулчихлаа. 







Өдөржин Лос Анжелосын төвөөр хамт зугаалангаа ам хуурай байлгүй Монголын тухай, Америкийн тухай ярилцав. Ингэхэд манай Leaf намайг ирсэн гээд ажлаасаа чөлөө авсан байх аа. Намайг Лос Анжелост байсан 3 хоногийн турш өдөр бүр байрлаж байгаа газраас маань тосож аваад миний хэзээ ч очиж байгаагүй, хэзээ ч харж байгаа юм бүхнийг үзүүлнэ гээд машинаараа сүнгэнэсэн.