Амьдралын тойрог

2024-02-19

MNED номхон далайн цаана 1 дүгээр хэсэг

MNED нь 2024 оны анхны аялалдаа яваад ирсэн. Албан ажлаар АНУ-д очих завшаан тохиолоо. Ганцаараа биш, ажлынхаа хүмүүстэй хамт аян замд гарав. Одоохондоо Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг байхгүй. Заавал хаа нэг газраар дамжин явах шаардлагатай. За ингээд Улаанбаатар-Бээжин-Лос Анжелос гэсэн чиглэлээр  Air China компанийн онгоцны тасалбар худалдан авлаа. Мөн энэ чиглэлээрээ буцаад Улаанбаатартаа ирнэ. Тасалбарын үнэ 2 талдаа 3.680.000 төгрөг болов. 2023 оны 12 дугаар сарын байдлаар 1 америк доллар 3480 төгрөгтэй тэнцэж байна.  (Тасалбар 1057 америк доллар гэсэн үг.)


Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас өдрийн 12 цагт хөөрсөн онгоц Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд 14 цагт газардав. 2015, 2016 оны зун Улаанбаатараас Бээжин рүү Air China компанийн онгоцоор нисэж байсан. Тухайн үед балга ус, амт муутай сендвич өгч байлаа. Хятадууд нислэгийн стандартаа шинэчилсэн бололтой. Улаанбаатараас Бээжин рүү нисэж байх зуур өдрийн хоол өгдөг болжээ. 


Бээжин хотоос Лос Анжелос  хотыг зорих 14 цаг үргэлжлэх нислэг оройн 23 цаг 45 минутаас. Бидэнд бүтэн 10 гаруй цагийн зав чөлөө бий. Онгоцны буудлын том танхимд уйдаж сууна гэдэг амаргүй. Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр ч гэдэг.  Нисэх буудлаас гарахаар шийдэв. Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хүртэл хоног визгүй зорчиж болох тул Бээжин рүү ороход ямар ч асуудалгүй. Бээжингийн нисэх онгоцны буудалд ийм автомат төхөөрөмж байршуулжээ. БНХАУ-д ирсэн гадаадын иргэд хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр очихоосоо өмнө доорх төхөөрөмжид гарын 10 хурууны хээгээ сканердуулж, паспортоо уншуулах ёстой аж. 


Эндээс 5 минут алхах газар БНХАУ-ын хил хамгаалах албаныхан суугаа бүхээгт тулж очив. Гадаад паспортоо өгөхөд жижиг веб камераар цээж зураг дарав. Энд мөн дахин гарын 10 хурууны хээгээ сканердуулав. 5 минутын зайтай ингэж хурууны хээ сканердаж байгаа нь цаанаа учиртай биз.  
Нисэх онгоцны буудлаас гараад Хотон үндэстний хоолны газар шөл уув. 



Онгоцны буудлаас. холгүй байрладаг энэ зоогийн газар биднийг 16:00 цагийн үед ирэхэд хоосон шахуу байв. Бид ч нэлээн удаан тухалж суулаа. Оройны 19:00 цаг болоход бүх ширээ дүүрч үйлчлүүлэгч олон болов.  Онгоцны буудалтай ойр учраас дотор нь ийм сувенир байрлуулжээ. 



Оройны 20:00 цагийн үед онгоцны буудалд эргэж ирлээ. Онгоцны буудал руу ороод урсгал шатаар өгсөх үед хамгаалалтын албаны хүмүүс тусгай саваагаар хувцас, үүргэвчинд хүрч "дээж" авч байлаа. Тэр саваагаа тусгай төхөөрөмж рүү шургуулаад түргэвчилсэн шинжилгээ хийж байв. Хар тамхи, элдэв хориотой зүйл наалдсан эсэхийг л шалгаж байгаа юм болов уу даа гэж таамаглав. Хятадын хилээр гарч АНУ руу явах онгоцондоо суулаа. Шөнийн нислэг. Номхон далайг гатална гээд бодохоор би ч дотроо догдолж л байлаа. BOING 777 загварын онгоц хөөрснөөс хойш ойролцоогоор 1 цаг 30 минутын дараа эхний хоол ирэв.  


Хоол идэнгээ кино үзэж байгаад нүд анилдаад унтжээ. Нөгөө кино юу болсон юм байгаа бүү мэд. Нэг мэдсэн чинь хэн нэгэн хүн намайг сэрээж байна. Харсан чинь онгоцны үйлчлэгч хятад бүсгүй аягатай ус надад өгч байна. Аваад уучихлаа. Хоолой ам хатсан байжээ. Сайхан л орж байна. Эргэн тойрноо хартал ганцхан надад л ус өгсөн байх юм. Яагаад зөвхөн надад ус авч ирж өгсөн юм бол гэж бодлоо.  "Би унтаж байхдаа хурхирсан юм байна. Тэгээд намайг сэрээхийн тулд ус авч ирж өгчээ." гэж таамаглав. Энэ ч бараг үнэн байх.  Онгоц Лос Анжелос хотод газардахаас 3 цагийн өмнө дахиад хоолоор үйлчлэв. 


14 цаг тасралтгүй нисээд Лос Анжелос хотын нисэх онгоцны буудалд 20 цагийн үед газардав. Америкт ирээд онгоцны буудлаас гармагцаа гар утсан дээрээ дарсан анхны зураг 

Хамт яваа манай багийнхан 23:00 цаг болсон хойно Air BNB-р захиалсан байшиндаа ирж амрав.  Улаанбаатар Лос Анжелос хотуудын хооронд 16 цагийн зөрүү бий. Шөнийн нислэг их зүгээр юм. Сайхан унтаад цагийн зөрүүгээ гялс гаргав. Америкт ирээд таалагдсан олон юм байсан. Хамгийн эхнийх нь утаагүй агаараар амьсгалах нь тааламжтай байлаа. Удаах нь 1 дүгээр сарын эхээр ногоон хэвээрээ байгаа мод бут, өвс ургамал харах сайхан байлаа. 
Өглөө нь Лос Анжелосын орон нутгийн цагаар сэрлээ. Өглөөний цайгаа уугаад удаагүй байтал ПРИУС машин хөлөглөсөн нэг залуу бидний байрлаж байгаа байшингийн гадаа ирж зогслоо. Тэр хүн бол Лос Анжелост ажиллаж амьдарч байгаа миний эртний найз Leaf. Анх танилцаж байсан мөчөөс хойш олон жил өнгөрчээ. Тэр найз маань Америкт сурч ирээд Монголдоо хэсэг зуур ажиллаж байсан. Дараа нь АНУ руу эргээд явсан. Намайг Америкт ирээрэй гэж их олон удаа зөвлөж байсан. Ямар ч байсан ингээд бид уулзлаа. 
Уулзахаар барахгүй тэр намайг машиндаа суулгаад Лос Анжелосыг хэд хэдэн удаа бүрэн тойрсон юм даа. 

Хурдны замаар давхих нь аймаар юмаа. Би Улаанбаатартаа машин жолооддог хүн. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал хүрдэг хурдны замаар жирийлгэдэг хүн. Гэхдээ жинхэнэ хурдны зам Америкт байна гэвэл арай л хэтрүүлэг болчихгүй байгаа. Хурдны замаас гарах, өөр уулзвар руу салахдаа огцом хааз өгч хурдаа нэмэх юм. Энэ үед нь MNED гуайн зүрх амаар гарчих гээд, дотор эвгүйрч муужрахын наагуур юм болов оо. Манай найз Leaf намайг шоолов. Жолоогоо барингаа надад замын хажуугаар өнгөрч байгаа байшин барилга, гудамж талбайг танилцуулж тайлбарлаж яриад амжина.


Лос Анжелос дахь China town, Korea town, Little Tokyo гэж нэрлэсэн япончуудын дүүргийн хажуугаар машинтай явж өнгөрлөө. Тэнгэр баганадсан өндөр байшинтай хотын төв хэсэг, хуучны хорооллоор нь намайг дагуулж явлаа. 



Лос Анжелост надад таалагдсан гудамж. 


Ойр хавьд нь  фермерүүдийн янз бүрийн бүтээгдэхүүн зардаг их гоё захтай. Зэрэгцээд сонголт ихтэй хоолны газрууд, ресторан, кафе, бэлэг дурсгалын дэлгүүрүүд байна лээ. 
Америкт ирээд идсэн анхны хоол... Найзаараа дайлуулчихлаа. 







Өдөржин Лос Анжелосын төвөөр хамт зугаалангаа ам хуурай байлгүй Монголын тухай, Америкийн тухай ярилцав. Ингэхэд манай Leaf намайг ирсэн гээд ажлаасаа чөлөө авсан байх аа. Намайг Лос Анжелост байсан 3 хоногийн турш өдөр бүр байрлаж байгаа газраас маань тосож аваад миний хэзээ ч очиж байгаагүй, хэзээ ч харж байгаа юм бүхнийг үзүүлнэ гээд машинаараа сүнгэнэсэн. 

No comments: