Португалийн нийслэл Лиссабон хотоос Испанийн Мадрид хот руу автобусаар явлаа. OMIO хэмээх гар утасны App ашиглан автобусны тасалбар урьдчилж захиалсан юм. Мадрид руу ийм хоёр давхар автобусаар зорчигч тээвэрлэдэг юм билээ.
Автобус шөнөжин хурдны замаар дахиад өглөө эрт Мадрид хотын төвд зогсов. Автобус Мадридын авто вокзалд зогсмогц автобуснаас аль болох шалмаг бууж, чемоданаа авахын тулд тээшний хэсэг рүү очсон нь дээр юм билээ. Зорчигчдын ачаа тээшийг өгөхдөө маш эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн. Хэн нэгэн хүн бужигнаан дунд бусдын тээшийг аваад явчих боломжтой юм шиг санагдсан.
Мадрид бол миний хувьд ирж байгаа Испанийн хоёр дахь хот. Барселона хотоосоо эрс өөр юм билээ. Барселона бол Каталона мужийн төв. Мадрид бол Испанийн нийслэл. Дэлхийн аль ч улсын нийслэл хот нь түм түжигнэсэн, нүргээнтэй. Нийслэлд амьдардаг хүмүүсийг хөндлөнгөөс ажихад, үргэлж хаа нэг тийшээ яарсан, муухай ааштай, уур уцаартай байдаг даа. Харин хөдөөгийн жижиг хот сууринд амьдардаг хүмүүс стрессийн түвшин багатай юм шиг санагддаг. Мадридын оршин суугчдыг Барселонагийн хүмүүстэй харьцуулахад найрсаг байдал багатай юм байна лээ.

Мадрид хотод үүрийн 5 цаг буугаад өглөөний 9 цаг хүртэл гудамжаар нь зугаалав. Зугаалах ч гэж.... Мадридад байрлахаар AIR BNB-р захиалсан байрандаа үдээс хойш 15:00 цагаас орж болно. Иймээс Мадридад ирээд хагас өдөр орох суух газаргүй болов. Цэцэрлэгт гудамжны сандал дээр хэвтэж хэсэг унтлаа. Хажуугаар нохойгоо салхилуулж, өглөөний дасгал хийж гүйж өнгөрөх хүмүүсийн цуваа тасрахгүй. Арай гэж 9:00 цаг болгов. MENDEZ ALVARO гээд энэ дэлгүүр өглөө 9:00 цагт онгоймогц 00 руу нь орж нүүр гар, шүдээ угаав. Бараг л усанд орох шахсан доо. Чемоданаа нээж байгаад дотроос нь саван, шүдний оо сойз, нүүр гарын алчуураа гаргаж ирээд л... Хээрийн хүн хээгүй л гэдэг. Өөрийнхөө дур зоргодоо хөтлөгдөөд ингэж Европоор аялж яваа юм чинь хэндээ гомдоллох вэ дээ. Угаасаа энэ бол аяллыг амттай, дурсамжтай болгодог юмны л нэг. Сониноос 2018 оны зун Бээжинд явж байхдаа метроны буудлын нийтийн жорлонд бие засаад, бас нүүр гараа угааж, үсээ гельдээд хэрэндээ л өөрийгөө гоёж л явлаа.
10:00 цаг болсон хойно AIR BNB ашиглан байрны эзэн рүү чат бичив. Бид Мадрид хотод өглөө эрт ирчихлээ. Өдрийн 15:00 цаг хүртэл хүлээх хэцүү байна. Захиалсан байрандаа цагаасаа өмнө оруулаач бла бла ... гээд бичив. Төдөлгүй байрны эзнээс зөвшөөрсөн хариу ирэв. Захиалсан байрандаа орлоо.
Ирээд төлбөрөө өгөх гэтэл байрны эзэн Испани эр "Олон улсын карт уншихгүй. Та төлбөрөө бэлнээр нь өгчих" гэж байна. Хамт яваа хүмүүс маань байрны мөнгөө над руу урьдчилж шилжүүлсэн. Миний олон улсын картанд төвлөрүүлсэн мөнгийг л би байрны эзэнд гаргаж өгөх ёстой. Аз болж захиалсан байрны доор ATM байна.
TDB -ийн олон улсын VISA картаа доорх зурагт харагдаж байгаа ATM рүү хийлээ. Гэтэл пин код нь буруу байна гэнэ. Гурав дахь оролдлого маань бүтэлгүйтээд картаа залгиуллаа. Ядаж байхад өөр бэлэн мөнгөгүй байсан юм. Баларсан.
Банк руу гүйж ороод картаа залгиулсан гээд хэллээ. Ядаж байхад энэ Испаничуудын англи хэлний мэдлэг нь тааруухан юмаа. Миний англи хэлний мэдлэг ч гэсэн сайн биш. За ямар байсан ойлголцоод маргааш өглөө банк онгойхоор эрт ирээд авах болов. Захиалсан байр руугаа буцаж очоод хамт яваа хүндээ хэлэв. Ингээд ямар байсан байрны мөнгийг дундаасаа босгов. Хамт яваа хүмүүс маань бэлэн мөнгөө шавхав. Би банкны APP руугаа нэвтэрч залгиулсан картаа хааж, хүмүүсийн мөнгийг буцааж шилжүүлэв. Бидний захиалсан байрны замын эсрэг талд маш хямдхан хүнсний дэлгүүр байна. Орж хоол хүнс цуглуулав. За тэгээд хэсэг зуур амарч байгаад Мадридын худалдааны гудамжаар нь хэслээ.
Энэ доорх зурагт харагдаж байгаа нарийн гудамжаар машин явахгүй. Явган хүнд зориулсан худалдааны гудамж. Тоолохын аргагүй олон дэлгүүр, хоршоо, жижиг кафе, ресторан бий. Мадрид хотын хоёр дахь өглөө. Амьдарч байгаа байрныхаа хажуугийн банк руу өглөө 9:10 гээд орлоо. Картаа авах гэтэл ширээний ард сууж байгаа Испани өвгөнтэй ойлголцсонгүй. Намайг гадаад хүн гэдгийг мэдсээр байж надтай испани хэлээр яриад байх юм. Би өөдөөс нь англиар..... Эцэст нь англи хэл мэддэг банкны нэг ажилтан ирэв. Залгиулсан банкны картаа авмаар байна гэтэл өгөхгүй гэснээ дундуур хайчлаад хоёр хуваачихсан гээд үзүүлэв. Миний нүд орой дээрээ гарлаа. "Бид ийм дүрэмтэй" гэхээс өөр юм хэлсэнгүй. За ингээд хүний нутагт бэлэн мөнгөгүй, олон улсын картгүй болов оо.
Хамт яваа хүмүүст илүү олон улсын карт байж. Мадридаас буцах хүртэлээ бусдынхаа буянд ямар ч байсан газардсангүй. Хамт яваа хүний илүү картыг нь гуйж, данс руу нь мөнгөө шилжүүлээд асуудлын шийдэв. Гадаадад явахдаа заавал илүү карттай явах хэрэгтэй юм байна гэдэг сургамж авлаа.

Мартсанаас Испани чинь ZARA брэндийн эх орон. ZARA орж өөртөө хувцас хунар авсан. Ер нь бол бага сага даавуу зөөж авч ирсэн дээ.
Мадридад байх хоёр дахь өдрөө албан ажлаа амжуулав. За тэгээд тэр өдрийнхөө орой нь Мадридын гей гудамжийг үзэж сонирхов. Мадрид хотын гей гудамжийг Чуэка гэдэг юм байна. Энд LGBT Friendly үйлчилгээний газрууд төвлөрчээ. Үсчин, дэлгүүр, бар, шөнийн клуб, гей саун...
Мадридын гей саун орлоо. Байшингийн B1 давхарт байрладаг юм билээ. Гей саунд ороход 16 евро. Ороход нь алчуур, резин таавчиг өгнө. Хувцасаа шүүгээнд хийгээд, шүршүүр орно. За тэгээд цаашаагаа ойлголжтой өрөө тасалгаанууд.
Нүд баясгах олигтой юм байсангүй. Гей саунд 2 цаг орчим болоод гарав. Дараа нь гей бар оров.
Шөнийн 3 цаг болсон хойно байрлаж байгаа байр руугаа буцав. Шөнийн автобус явдаг юм билээ.
Мадридын аялал дуусав. Мадридаас Франкфуркт-Улаанбаатар гэсэн чиглэлээр нутаг буцав.
Улаанбаатараас Франкфурт руу явахад МИАТ-ын хоол таалагдаагүй. Будаа, мах, төмсний нухаш байв. Ногоо, салат байсангүй. Харин Франкфуртаас Улаанбаатар руу буцахад ийм хоол өгөв. Гэхдээ л котлет нь түлэнхий.
Амьдрал бол аялал. Дараагийн аялалаа төлөвлөсөн байгаа. Удахгүй шинэ аян замын тэмдэглэлээ та нарт уншуулна аа.
No comments:
Post a Comment