Амьдралын тойрог

2016-12-30

Баяртай 2016 он минь

2016 он сэтгэлд минь маш тод хоногшин үлдэх байх. Яагаад гэвэл их олон зүйлийг ойлгууллаа. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал гэдгийг бүр ч илүү мэдрүүллээ. Хүнд өвчин туссан ээж минь, дүү минь эдгэрч илааршиж, гэр бүлийн минь аз жаргал эргэж ирнэ гэдэгт би итгэж байгаа. 
Ирж байгаа 2017 он энэ дэлхийн бүх хүнд зөвхөн аз жаргал, инээд хөөр, баяр бахдал авч ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Өвчин зовлонгүй элэг бүтэн сайн сайхан амьдраасай. Нийгэмд муу муухай зүйл арилж, хүмүүс үнэнч шударга, бие биендээ найрсаг хүндэтгэлтэй харьцаж байгаасай билээ. Бие биендээ бухимдал үүсгэхгүй, харин өөдрөг сэтгэлийг л үүсгэж байгаасай билээ. 2017 онд таны амьдрал өөдлөн дээшилж, мөрөөдөл нь тань биелэх болтугай. 

2016-08-20

Хятадад өнгөрүүлсэн 21 хоног

Энэ зун 6-р сарын 22 -ноос 7-р сарын 13 хооронд БНХАУ-д аялаад ирлээ. Хятадын Бээжин -Чанша - Шэньчжэн - Сямэнь - Жанжиажэ - Чанша - Бээжин гэсэн чиглэлээр явлаа. Өнгөрсөн жил Хятад руу явж байсантай харьцуулахад хамаагүй туршлагажсан байлаа.





Чанша хотын музей, концертын танхим, үзэсгэлэн гээд нэг том цогцолборт энэ жил очиж үзлээ. Өнгөрсөн жил очиход ашиглалтанд ороогүй байсан юм.

Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр очиж үзлээ.


Чанша, Жанжиажэ хотод хоёр дахь удаагаа ийнхүү тухаллаа. Жанжиажэ хотоос холгүй байдаг байгалийн үзэсгэлэнт газар бүхий Тэнгэрийн хаалга ууланд хоёр дахь удаагаа гарлаа.





Бас Чанша хотод хятад анги залуутай танилцаад авсан. Өнгөрсөн жил Jack'd App ашиглаад чатлаж байсан бол энэ удаа бүүр уулзаж учирлаа. Сэтгэгдэл ер нь дажгүй шүү. 
 






2016-06-09

Т-д төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

2016.06.09. 00:24 мин. Би өнөөдөр нэг хүнийг учиргүй их саналаа. 6-р сарын 8 бол түүний төрсөн өдөр нь байсан юм. Жинхэнэ фэйсбүүк хаяг руу нь ороод баяр хүргэх гэсэн боловч олдсонгүй. Янз бүрийн аргаар л хайлаа. Арай ямар нэгэн муу зүйл болоогүй байгаа даа гэж хүртэл бодоод сэтгэл дотор минь жаахан түгшив. Хамгийн сүүлд хэзээ түүнтэй уулзсанаа эргэж бодлоо. 10 гаруй хоногийн өмнө уулзахад ээжийнх нь зүрх нь өвдөөд байгаа тухай ярьж байсан юм. Би ч бас түүнд эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн цаасыг үзүүлж байсан юм. Burger King -д хэсэг сууж хамтдаа Арслантай гүүрний орчимд ирлээ. Тэр гэртээ харихаар урагшаа эргэж, харин би Арслантай гүүрээр зүүн тийшээ алхаж явсан билээ....
2016.06.09: 00:24 мин. Ингээд эцэст нь би дугаараа нууцлаад түүн рүү утасдлаа. Ашгүй нойрмог дуутай миний "экс" харилцуураа авч байна. Төрсөн өдөр нь дуусаад 24 гаруй минут болсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэлээ. Жинхэнэ facebook хаягаа яасан бэ? гэж асуухад УСТГАЧИХСАН гэж хариулж байна. Түүний дуу хоолойг сонсох надад сайхан байлаа. Хамгийн гол нь тэр гэртээ унтаж байсанд нь миний сэтгэл ч амарлаа. Тэр одоо ч гэсэн миний дотор тодорхой орон зай эзэлсэн хэвээрээ л байгаа юм байна даа.

2016-06-03

Д

Хэд хоногийн өмнө миний facebook руу танихгүй залуугаас найзын хүсэлт ирлээ. Нэрийг нь Д гэдэг. МУБИС-ийн оюутан. Ирээдүйд мэдээлэл зүйн багш болох залуу юм байна.Одоо 3-р дамжааны оюутан. Найзын хүсэлтийг нь авлаа гээд би facebook-р захиа бичлээ. Хариуд нь ooy, bayarlalaa гэсэн хариу ирж байна. Гэтэл хэд хоногийн дараа тэр надаас компьютерийн программын талаар юм асуулаа. Би мэдээллийн технологийн талаар сайн мэдэхгүй гэж хариу явууллаа. Ийнхүү бид хоёр чатладаг болов. Нэлээн хэдэн өдөр чатлав. Бие биенийхээ талаар ч жаахан мэддэг боллоо. Ингээд пүрэв гарагт уулзахаар болов. Гэтэл өнөөх маань пүрэв биш, лхагва гарагт уулзая гэж байна. Лхагва гарагт би бассейнаас тараад шууд уулзахаар боллоо. 19:00 цагт Арслантай гүүрний орчимд уулзах байсан ч тэрээр 20:00 уулзая гэв. Дараа нь өөр өдөр уулзах уу? гэтэл Д өнөөдөр заавал уулзая гэв. Ингээд би 19:00 цагаас 20:00 цаг хүртэл ажлынхаа өрөөнд хэсэг суув. 20:00 цагт тэрээр миний ажлаас холгүй газар машинтайгаа ирсэн байлаа. Ингээд тэр машинаа асааж гэрийнхээ зүг авч явлаа. Замдаа ойр зуурын зүйл ярилцав. Телевизийн дэнж, цаашлаад 70 давхарын оршуулгын газраас ч нэлээн хойшоо Зүүнсалаа орчимд гэр нь байдаг ажээ. 90-ээд оны эхээр Дархан хотоос Улаанбаатар хотод нүүж ирсэн хүмүүс. 3,4-р хороололд орон сууцны байшинтай ч түүнийгээ түрээслүүлээд өөрсдөө ийнхүү гэр хороололд 2 давхар хувийн байшинд амьдардаг юм байна. Гэртээ очих замдаа хүнсний дэлгүүр орж 8 лааз Сэнгүр шар айраг, бэлэн хэрчсэн гурил авлаа. Шар айраг, хэрчсэн гурилын мөнгийг нь би гаргав. Айлд зочилж байгаа хүн болохоор би мөнгийг нь даасан юм. Ингээд Д-ийн гэрт ирлээ. Д нүд ирмэх зуур цуйван сэгсэрлээ. Амттай сайхан л хоол хийдэг залуу юм. Хоолны дараа бид шар айраг ууцгаав. Шар айраг уух завсараа хэд хэдэн удаа гарч бие засаж, Д тамхилав. Шар айраг уух тусам дотор жаахан халав. Д ч бас халсан нь ойлгомжтой. Цаг орой болсон тул би гэр рүүгээ утасдаж өөр газар хонохоор боллоо гэдгээ хэллээ. Ингээд санаа зовох юмгүй Д-ийн гэрт хонож болно. Байшингийг хоёрдугаар давхарт Д-ийн унтлагийн өрөө байдаг аж. Ганцхан ортой учраас зэрэгцээд хэвтэв. Төдөлгүй өнөөх маань санамсаргүй байдлаар миний биенд шүргэв. Би түүнээс "Чи гей юм уу?" гэж асуулаа. Гэтэл тэр хариу хэлсэнгүй шууд л миний уруул дээр түрэмгий бас их сурамгай гэгч нь үнэсэв... Ойрд мэдрээгүй сонин мэдрэмж. Тэгээд бас царайлаг, өндөр сайхан залуутай өнгөрүүлсэн шөнө байлаа.

2016-04-06

Итгэл

Хэд хоногийн өмнө надад нэг залуу яруу найрагч номоо бэлэглэв. Номон дээрээ гарын үсгээ зураад надад бэлэглэсэн нь  бүүр ч сайхан. Ном гэдэг эрхэм сайхан бэлэг. Бас ном бэлгэнд авах бүүр сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би яруу найраг, шүлэг байнга уншдаггүй л дээ. Гэхдээ сайхан үгтэй шүлэг уншихаар сэтгэл сайхан болдог. Залуу яруу найрагчийн шүлэгнээс нь уншлаа. Хамгийн таалагдсан нэг шүлгийг нь би блогтоо хуулж бичихээр шийдлээ. Эдийн засгийн ашиг хонжоо олох зорилго агуулаагүй. Харин шүлгийг нь хүссэн үедээ уншиж байхын тулд блогтоо шүлгийг нь хуулж орууллаа.
                          
                         ИТГЭЛ
Бодол минь хаана гээгдэж үлдчихээд
Бороотой өглөөг шүлэггүй цээж угтав
Манан дундаас намайг олж харсан учралуудыг
Маргаашийн зүг нисгэсээр нэгэн намрыг үдэв

Эргэж ирэхгүй зүүд мэт тэмтрэгдээд
Энэ бороо хэний маань сэтгэлийг угаачихав
Зуурдхан боловч охидын сайхнаас уйдаагүй
Залуу насны минь алдааг чи хэдэнтээ уучлав

Борооны урлан цонх чимсэн намрын
Бүүдгэр өглөөг яагаад шүлэггүй цээж угтав
Зовлонгоо зузаалж, дахин шинийг эхлэхээр
Зориуд чамаасаа хагацах тухай санаашрав

Уучлах, хайрлах хоёроор зүрх чинь дүүрэн байдаг ч
Угтаа бол тэнгэр олон өнгөтэйг чин мэднэ
Манангаар чимсэн ой модод шиг гоо үзэсгэлэнтэй
Маргааш учирна гэж би үргэлж итгэдэг.
                                                               Б.Алтанхуяг

Яагаад ч юм бэ? Энэ шүлэг миний амьдралыг өгүүлсэн юм шиг санагдаж, үг бүр нь үнэ цэнэтэй, сэтгэлд минь дотно санагдлаа. Монголын ард түмний оюун санааны охь нь болох сайхан бүтээл ихийг туурвих авъяастай залуу яруу найрагч гэж би найдаж байна.

2016-03-20

Дани охин

Дани охин (The Danish girl) уран сайхны киног өнөөдөр үзлээ. Уг нь 2015 оны 9-р сарын 5-нд Венецийн кино наадмын үед нээлтээ хийсэн аж. Миний блогын уншигчидын ихэнх нь энэ киног гарсан даруйд нь л олж үзсэн байлгүй дээ. Энэ киног үзээд төрсөн сэтгэгдэл:
1.Хүний төрөлхийн байдлыг юу ч өөрчилж чадахгүй гэдэг үнэн үг гэсэн бодлыг миний бодлыг энэ кино давхар нотлож өгөв.
2.Киноны зураглал нь үнэхээр гоё. 1926 оны үеийн үзэсгэлэнт Копенаген хот. Төгвэл XXI зууны Копенгаген хотод очиж үзэх хүслийг надад бадраалаа.
3. Киноны хамгийн их таалагдсан хэсэг  Гердагийн хүзүүний ороолт салхинд хийсээд нисдэг хэсэг. Лилигийн хүсэл тэр хийсэж байгаа хүзүүний ороолт шиг л дэвэн дүүлсэн. 
Энэ бол Дани охин киног үзээд надад төрсөн сэтгэгдэл. 

Харин одоо бодит түүхийг нь сийрүүлэе.

1882 оны 12-р сарын 28-нд  Дант улсын Вайле хотод Айнер Могенс Андреяс (Einar Mogens Andreas) төржээ. Тэр багаасаа л эмэгтэйлэг шинжтэй хүү байв. Даний хатан хааны нэрэмжит академийн дүрслэх урлагын сургуульд Айнер сурч байхдаа эхнэр Вердатай танилцжээ. 1904 онд Айнер 22 настай, Герда 18 настайдаа гэрлэлтээ батлуулсан байна. 

Айнер байгалийн зураг зурдаг бол эхнэр Герда нь загварын сэтгүүлд зориулсан чимэглэл зураг зурдаг байжээ.  Айнерын уран бүтээлийг мэргэжилтнүүд өндөр үнэлж байлаа. Тухайлбал, 1907 онд Нейхаузены шагналыг Айнер хүртэж, Даний уран зургийн галерейд үзэсгэлэнг нь гаргаж байжээ. Үүний дараа гэр бүлийн хосууд Итали, Францаар аялажээ. Эцэст нь 1912 онд Парис хотод амьдрах болсон байна. 

Парис хотод амьдарч байх үеэс л Айнер эмэгтэй хүний хувцас өмсдөг болжээ. Герда бүжгэн жүжгийн жүжигчин бүсгүйн зургийг зурж байв. Гэтэл хүндэтгэх шалтгааны улмаас жүжигчин бүсгүй ирж чадахаа болив. Герда өөрийнхөө зургийг гүйцээх ёстой байсан тул нөхрөөсөө тусламж хүсч, эмэгтэй хүний шилэн оймс, эмэгтэй хүний гутал өмсөхийг хүсэв. Эмэгтэй хүний хувцас  өмсөх нь Айнерт их таалагджээ. Энэ цагаас хойш Герда нөхөртөө эмэгтэй хувцас өмсгөөд зургийг нь зурдаг болов. 

1913 онд Герда хөрөг зургуудынх нь бодит дүр бол нөхөр нь гэж олон нийтэд зарлаж байв.1920-1930 онуудад Айнер олон нийтийн газраар эмэгтэй дүртэй очих болжээ. Мөн өөрийгөө Лили Эльба гэж хүмүүст танилцуулдаг болов. Эмэгтэй дүр бүтээж байгаа нөхрийгөө Герда гадны хүмүүст танилцуулахдаа "Минй нөхрийн хамаатан" гэж хэлдэг байлаа. 

1930 онд Айнер хүйсээ солиулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Хоёр жилийн хугацаанд 4 удаа хагалгаанд оржээ. Тухайн үед хүйсээ солиулах хагалгаа хийх нь их эрсдэл дагуулсан хэрэг байв. Хамгийн эхний хагалгаан нь түүний эр бэлэг эрхтэнг нь авах байлаа. Хамгийн анхны хагалгааг доктор М.Хиршфельд Берлин хотод хийжээ. Харин бусад 3 хагалгааг Дрезден хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч доктор К.Варнекрос хийжээ. Хүйсээ солиулах мэс засал хийлгээд тэрээр уран зураг зурахаа болив. 

1930 оны аравдугаар сард Дани улсын шүүх Айнер, Герда нарын гэрлэлтийг хүчингүйд тооцох шийдвэр гаргажээ. Гэрлэлт нь цуцлагдмагц Айнер нэрээ албан ёсоор солиж Лили Ильзе Эльвенес гэж өөрчилжээ. Мөн шинэ нэрээрээ паспорт авсан байна. 

Эхнэр Герда нь гэрлэлтээ цуцлуулаад Италийн дипломатч, Фернандо Порта гэдэг эртэй гэрлэжээ. Дараа нь Марокка улсад амьдрах болсон байна. Гэрлэлтээ цуцлуулаад 1931 онд Лили Герман улсын Дрезден хотод ирж сүүлийн хагалгаандаа орж эмэгтэй хүний бэлэг эрхтэнтэй болов. Дөрөв дэхь хагалгаанаас хойш 3 сарын дараа Лили нас баржээ. 

Мароккад амьдарч байсан Герда Лилиг нас барсны мэдээд "Хөөрхий  бяцхан Лили минь" гэж гашуудан хэлж байжээ. Хэдэн жилийн дараа Герда дипломатч нөхрөөсөө салж Дани улсдаа эргэн ирсэн байна. 1940 онд Герда таалал төгсжээ.