Амьдралын тойрог

2016-04-06

Итгэл

Хэд хоногийн өмнө надад нэг залуу яруу найрагч номоо бэлэглэв. Номон дээрээ гарын үсгээ зураад надад бэлэглэсэн нь  бүүр ч сайхан. Ном гэдэг эрхэм сайхан бэлэг. Бас ном бэлгэнд авах бүүр сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би яруу найраг, шүлэг байнга уншдаггүй л дээ. Гэхдээ сайхан үгтэй шүлэг уншихаар сэтгэл сайхан болдог. Залуу яруу найрагчийн шүлэгнээс нь уншлаа. Хамгийн таалагдсан нэг шүлгийг нь би блогтоо хуулж бичихээр шийдлээ. Эдийн засгийн ашиг хонжоо олох зорилго агуулаагүй. Харин шүлгийг нь хүссэн үедээ уншиж байхын тулд блогтоо шүлгийг нь хуулж орууллаа.
                          
                         ИТГЭЛ
Бодол минь хаана гээгдэж үлдчихээд
Бороотой өглөөг шүлэггүй цээж угтав
Манан дундаас намайг олж харсан учралуудыг
Маргаашийн зүг нисгэсээр нэгэн намрыг үдэв

Эргэж ирэхгүй зүүд мэт тэмтрэгдээд
Энэ бороо хэний маань сэтгэлийг угаачихав
Зуурдхан боловч охидын сайхнаас уйдаагүй
Залуу насны минь алдааг чи хэдэнтээ уучлав

Борооны урлан цонх чимсэн намрын
Бүүдгэр өглөөг яагаад шүлэггүй цээж угтав
Зовлонгоо зузаалж, дахин шинийг эхлэхээр
Зориуд чамаасаа хагацах тухай санаашрав

Уучлах, хайрлах хоёроор зүрх чинь дүүрэн байдаг ч
Угтаа бол тэнгэр олон өнгөтэйг чин мэднэ
Манангаар чимсэн ой модод шиг гоо үзэсгэлэнтэй
Маргааш учирна гэж би үргэлж итгэдэг.
                                                               Б.Алтанхуяг

Яагаад ч юм бэ? Энэ шүлэг миний амьдралыг өгүүлсэн юм шиг санагдаж, үг бүр нь үнэ цэнэтэй, сэтгэлд минь дотно санагдлаа. Монголын ард түмний оюун санааны охь нь болох сайхан бүтээл ихийг туурвих авъяастай залуу яруу найрагч гэж би найдаж байна.

No comments: