Амьдралын тойрог

2025-05-22

Вьетнамд анх удаа: 3 дугаар хэсэг. Коммунист садар самуун

 Вьетнам улсад очсон тухай аяллын тэмдэглэлээ үргэлжлүүлье. Ханой хотын Old quarter нь жуулчдын очдог гол газар. Өнөөгийн Вьетнам нь Францын колони байх үед баригдсан байшингуудын төвлөрөл. Одоо энд янз бүрийн кафе, дэлгүүр ажилладаг.  Архитектур сонирхдог хүн байвал энэ дүүрэгт ирж байшин барилгын ур хийцийг нь судлах боломжтой. Байшингууд нь тийм ч өндөр биш. Маш шахуу баригдсан байшингууд урт өргөн чөлөө үүсгэжээ. Өдрийн халуунд кафед сууж, дэлгүүр хэсэх хүн байхгүй. Нар жаргаж үдшийн бүрий болмогц эдгээр гудамжинд жинхэнэ амьдрал өрнөнө. 


Old quarter нь ганц гудамж биш, 76 орчим гудамжнаас бүрддэг байна. Бүүр эртний түүхийг нь сөхвөл анх матар ихтэй намаг балчигтай газар байж. XI зуунд Ли Тай То гэгч чинээлэг хүн энэ газар анх өргөө харш  барьжээ. Яваандаа түүний орд харшыг тойроод  мужаан, гар урлал, хүнсний мухлаг гэх мэт янз бүрийн үйлчилгээний газрууд нээгдсэн байна. Ийнхүү Ханой хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг болж өргөжин тэлжээ. Францын колоничлолын үед европ загварын 2-3 давхар барилгууд барьжээ. Old quarter -ын ойролцоо нуур бий. Энэ нуурыг Хоан Кьем гэж нэрлэдэг бөгөөд 700 урт,  250 метр өргөн. Нуур нь дундаа хоёр жижиг аралтай. Нэг арал дээр нь "Яст мэлхийний сүм" гэж нэрлэгдсэн олон давхар цамхаг бий. 

Харин хоёр дахь арал дээр нь "Хаш чулуун сүм" бий.  Нуураас холгүй дэлхийд алдартай усан дээрх хүүхэлдэйн театр ажилладаг байна. Интернэтээс энэ театрын тухай олж уншаад, тоглолтыг нь үзэх хүсэл төрөв. Усан дээрх театр гэхээр сонин содон санагдав. Театрын барилга нь гадна талаасаа иймэрхүү харагддаг юм байна.


Тасалбар нь 150.000 VND буюу 21428 төгрөг. 


Би тоглолт эхэлснээс 15 минутын дараа орсон юм. Тайз нь том хэмжээний ванн. Тайзны хоёр талаар дуучид, хөгжимчид суужээ.


Ингээд усан дээр модон хүүхэлдэй гарч ирээд дуулж, бүжиглэж, жүжиглэж байв. 


Нэг цаг гаруй үргэлжилдэг энэ тоглолт нь Вьетнам хэлээр боловч, тайзны хоёр талд байрлуулсан дэлгэц дээр англи хэлээр тайлбар гаргаж байв. Энэ тоглолтын гол үзэгчид нь гадаадын жуулчид. 

Тоглолтын дараа Хоан Кьем нуурын эргээр алхаж, орчин тойрноо ажиглав. Үдэш орой болох тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн бүр ч нэмэгджээ. Old quarter нь бараг 70 гаруй гудамжнаас бүрддэг гэдгийг өмнө нь бичсэн. Дуу хөгжим нүргэлэх чимээ дуулдахаар нь тэр зүг рүү алхав. Гэтэл баар, шөнийн цэнгээний газрууд төвлөрсөн гудамж руу нь орчихжээ. 


Авто замыг хаагаад сандал ширээ засаад бар болгосон байв. Чанга хөгжим нүргэлж, хагас нүцгэн хүүхнүүд  ширээн дээр гарч зогсоод шон түшээд бүжиглэж байв. Гудамжны хоёр тал бүхэлдээ цэнгээний газрууд. Зүүн тийшээ хармагц баар, баруун тийшээ хармагц баар. Баарны зөөгч нар үйлчлүүлэгчээ татах зорилгоор менюгээ бариад хүмүүст уух юм санал болгох юм. Бас биеэ үнэлэгч авахыг ч санал болгов. Lady lady гээд амандаа үглэсэн вьетнамчууд энэ гудамжаар дүүрэн. Би яалаа гэж бие үнэлэгч авах вэ дээ. Европ эрчүүдийг хармагцаа өнөө бие үнэлэгч нар нь шууд л сугадаад авах юм билээ. Хүүе, өглөөний нөгөө Хо Ши Мины музей үзэж байхад төрсөн сэтгэгдэл орвонгоороо өөрчлөгдөв. Өглөө нь коммунистууд, орой нь капиталистууд болчих юм байна гэсэн марзан бодол төрөв. Коммунист садар самуун гэж л энэ байх даа. Бүтэн гудамж эзэгнэсэн баарны зураг дараагүй юм байна гэдгээ энэ тэмдэглэлээ бичээд сууж байхдаа ойлгов. Блогтоо энэ тухай бичихдээ нотлох баримт болгож Ханой хотын шөнийн цэнгээний газруудын гэрэл зураг оруулах ёстой байсан юм гээд одоо харамсаад сууж байна. Шөнийн цэнгээний гудамжийг нь үзэж нэг тойрч яваад хамгийн ойрхон байсан  "Polite" гэдэг  паб руу орж лонх Вьетнам шар айраг уулаа. 




Газрын зураг дээр өөрийнхөө байрлалын харвал ийм байлаа.
Ганцаараа яваа учраас хэтрүүлэн уух хэрэггүй. Ингээд Grab аппликейшн ашиглаж таки дуудаад зочид буудал руугаа буцав. Өнөөдөр бол Ханойд байх сүүлийн шөнө. Маргааш өдөр Ханой хотоос Хо Ши Мин хот руу ниснэ.  Ханой хотоос Хо Ши Мин хот руу Вьетнамын иргэний агаарын тээврийн Viet Jet компанийн онгоцоор нисэх тасалбар урьдчилж авсан байлаа. Тасалбарын үнэ нь 71 америк доллар.
1 дүгээр сарын 13. Зочид буудлаасаа 10:00 цагийн үед гарав. Такси дуудаж онгоцны буудал руу хүргүүлэв. Онгоцны буудал дээр ирээд ресторанд орж хооллов. Энэ бол миний өглөө, өдрийн хоол хамтдаа.



14 цагт онгоц хөөрч 16:00 цагт Хо Ши Мин хотын Тан Сон Нхат онгоцны буудалд газардав. 



Хо Ши Мин хотод 3 хонох төлөвлөгөөтэй. Гэвч амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэдэг дээ. Вьетнамын Phú Quốc  (Фукуок) арал дээр амарч байгаа хамаатан садангууд маань хүрээд ир гэж дуудав. Хо Ши Мин хотод байрлах зочид буудлаа цуцлав. Аз болж үнэ төлбөргүй цуцалж болохоор байв. Ингээд Хо Ши Мин хотын нисэх онгоцны буудлаас Фукуок арал руу нисэх онгоцны тасалбар цахимаар худалдаж авлаа.