Энэ зуны аялалын хоёр дахь цэг нь Турк улсын Истанбул хот болов. Манайхан Стамбул гэж бичээд байдаг. Туркууд өөрсдөө бол Истанбул гэж бичдэг юм байна лээ шд. Ажлаар хамт яваа нэг монгол залуутай ярилцаж байгаад Бакугаас нэг өдрийн өмнө Истанбул руу нисэхээр боллоо. Өнөөх маань намайг бодвол баруун европын нэг улсад ном сурч гэгээрсэн 40 гаран насны сингл залуу. Оюутан насаа Европт хамт өнгөрүүлсэн Турк найз нь Истанбулд амьдардаг. Далимд нь түүнтэйгээ уулзах зорилготой. Харин би бол Истанбул хотоор зүгээр л зугаалах зорилготой.
Нисэх буудал дээр Туркийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирэв ээ. Гонзгой царайтай нэг турк залуу миний паспорт дээр тамга дарах болов. Миний паспортыг аваад л над руу нэг хальт харж байна. Тэгснээ гар утсаа оролдоод таг шүү. Баахан удаж байгаад миний паспорт дээр тас хийтэл тамга дарлаа. Тэгээд Алтан соёмбот улаан паспортыг минь над руу бараг л шидсэн дээ. Ийм хүндэтгэлгүй харилцаанд нь миний дургүй хүрсэн. Хүний паспортыг шидээд байхдаа яахав дээ. Тэгээд өнөөх гонзгой царайт чинь дахиад л гар утсаа ухаад үлдсэн.
Истанбулын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хотын төв рүү нь явах хялбар. Яг нисэх онгоцны буудлын дэргэдээс метронд суугаад хотын төв рүү явж болно. Истанбул хотод нийтийн тээврээр зорчих олон удаагийн карт авчих юм бол хэмнэлттэй. Би ISTANBUL CARD -ыг 7 турк лирээр худалдаж авсан. Тэгээд автомат цэнэглэдэг машин дээр очоод цэнэглүүлсэн. Ингээд "Atatürk havalimanı" метроны станцаас метронд суулаа. M1A гэсэн томъёололтой улаан шугам. Өчүүхэн жижигхэн чемондантай учраас метронд ороход ямар ч асуудал гарсангүй. Yenikapi метроны станц хүрээд тэндээсээ М2 гэсэн томъёололтой ногоон шугам руу шилжив. Taksim метроны станцад хүрлээ. Энд Истанбулын төв талбай бий.
Интернетээр захиалсан зочид буудал Таксим талбайн яг хажууд. Аль болох хямд зардлаар аялах бодолтой байсан учраас маш хямд буудалд буусан юм. Буудал нь хоногийн 28 доллар. Буудлын өрөөнд чемоданаа үлдээгээд шүршүүрт орлоо. Гар утсаа цэнэглэх зуур хэсэг амрав. Ингэж байтал хамт яваа монгол залуугийн Турк найз нь ирэх цаг болжээ. Хамтдаа гарч Турк найзтай нь уулзав. Машинд нь суугаад л явлаа. Босфорын хоолойн ойролцоо загасны ресторан орно оо л гэж байна. Өнөөх маань машинаа нэг зогсоолд байрлуулаад Истанбулын хуучин гудамжаар дагуулж явав. Хуучны хот учраас хавчиг нарийнхан гудамж ихтэй юм. Явган хүний замыг нь байгалийн чулуугаар засжээ.
Ази болон Европ тивийг заагласан Босфорын хоолойн эрэг дагуу өчнөөн олон ресторан байна. Өнөө Турк залуу чинь нэг газар руу дагуулаад л орлоо. Харагдах, үзэгдэх байдал нь дээр гээд их л өндөр давхарт тагтан дээр гарч суулаа. За ингээд хөөрхий минь дайлж гарлаа.
Раки гээд нэг сайхан архи байна аа. Харахад жирийн л цагаан архи. Хундалаад дээр нь хүйтэн ус хийчихээр л цэхэр сүүн өнгөтэй болчихдог юм байна лээ. Хатуулаг нь 45 градус. Сайхан л эд байна лээ.
Оройн хоолны дараа буудал руугаа буцлаа. Замдаа дарсан нэг зураг. Истанбулын эртний барилгын нэг.
Өнөө Турк нөхөр чинь биднийг Таксим талбай руу дөхүүлж өгөөд салах ёс хийлээ. За ингээд Истанбулд өнгөрүүлсэн эхний өдөр сайхан өнгөрлөө.



No comments:
Post a Comment