Амьдралын тойрог

2018-07-28

Азербайжанд аяласан тэмдэглэл: 1. Баку хүрэх зам

Одоо ч ер нь манай монголчуудын очиж үзээгүй улс орон гэж бараг байхгүй болсон цаг доо. Энэ жилийн 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр MNED залуу Азербайжан улсад очих завшаан тохиолоо.  Азербайжан улсын тухай надад мэддэг юм тун хомс.  Азербайжанд очихоос өмнөх миний мэдлэг: "Азербайжаны ард түмэн бол эртний түүхтэй. Кавказын бүс нутагт оршдог.  Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй байсан. 1991 онд Азербайжан улс тусгаар тогтнолоо сэргээсэн." Ингээд л гүйцээ. Аа тийм, бас Оросын "ПЯТНИЦА" сувгаар үзүүлдэг "Орел и решка" нэвтрүүлгийн нэг дугаараар нь Азербайжаны нийслэл Баку хотын тухай гаргаж байсан.  

Ингээд аялалд явах товлосон өдөр минь боллоо. Нэг жижигхэн чемоданд хоёр ээлжийн солих хувцас хийлээ. Гар цүнхэндээ зөөврийн компьютероо авлаа. За ингээд л миний ачаа болчихож байгаа юм. Монголоос Азербайжан руу шууд нислэг байхгүй ээ. Монголчуудын хувьд энэ улс руу Хятадын Бээжин, Оросын Москва, Туркийн Истанбул хотуудын аль нэгээр нь дамжин очно. За ингээд би TURKISH AIRLINES компанийн онгоцоор нисэх болов оо. Явах өдрөө онгоцны буудалд очлоо. Цаг агаар тааруу байсан учраас нислэг хойшилжээ. Бямба гарагийн өдөр 11:00 цагт Улаанбаатараас хөөрөх ёстой байсан агаарын хөлөг шөнө нисэв. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнийн 01:45 цагт Буянт-Ухаагийн дэнжээс хөөрлөө. Ер нь TURKISH AIRLINES -ийн бүхээгийн үйлчилгээ бол дажгүй юм байна лээ. 



Хэсэг нисээд Киргиз улсын нийслэл Бишкек хотын олон улсын онгоцны буудалд газардлаа. Агаарын хөлөг Бишкек хотын "МАНАС" нисэх буудалд ойролцоогоор нэг цаг зогсолт хийнэ. Бүх зорчигчдийг онгоцноос гаргаж нисэх буудлын транзит танхим руу оруулна. Энэ хооронд онгоцыг сумлаж, үйлчлэгч нар нь цэвэрлэгээ хийдэг юм билээ. Истанбул руу энэ онгоцоороо нисэх юм чинь гээд онгоцны бүхээгт хувийн эд зүйлээ үлдээж болохгүй. Үйлчлэгч нар нь хог гэж бодоод хаячихдаг юм гэнэ лээ гэсэн зөвлөгөөг туршлагатай аялагчид хэлж байсан. Мэдэхэд илүүдэхгүй. 

Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудлын транзит танхимд нэг цаг гаруй болоход төрсөн сэтгэгдэлээ энд бичье. "МАНАС" нисэх онгоцны буудлын барилгийн загвар нь манай Буянт-Ухаа дахь нисэх буудлынхтай их төстэй юм. Бараг нэг загвараар ч барьсан байж магад. Гэхдээ манай Буянт-Ухаа дахь "Чингис хаан" нисэх буудлаас хэдэн шат дор. Хамаг эд зүйл нь хуучнаараа. Яг өнгөрсөн үед оччихсон мэт санагдаж билээ. 

Төдөлгүй онгоц зорчигчоо бүхээгтээ суулгаж Бишкекээс хөөрлөө. Ингээд шөнөжин ниссээр Истанбулын цагаар өглөөний 5 цагийн үед Истанбул хотод газардлаа. Истанбулын нисэх онгоцны буудлын транзит танхим рүү алхав. Истанбул олон хүний хөлийн газар гэдэг нь нисэх буудлаасаа л мэдэгдэж байв. Хаашаа л харна гял цал болсон шилэн хорго.  Эрээн мяраан бараа өрсөн татваргүй барааны дэлгүүрүүд... 
Истанбулын нисэх буудалд 3 цаг орчим саатаад Азербайжаны нийслэл Баку хот руу нислээ. Бас л Turkish Airlines -ын онгоцоор. 

Азербайжаны тухай олж мэдсэн ерөнхий мэдээлэл:
Ар Кавказын бүс нутгийн зүүн хэсэгт, Каспийн тэнгисийн зүүн эрэгт байрладаг. 2018 оны байдлаар Азербайжан улс 10 сая хүн амтай. 86600 квадрат/км нутагтай. Нийслэл нь Баку хот. Өөрсдөө бол Баки гэж нэрлэдэг юм байна лээ. Хүн амын дийлэнх нь мусульман шашны шийт урсгалыг шүтдэг. Христ болон иудаизм шүтдэг хүмүүс ч бий. Азербайжан улс ерөнхийлөгчийн засаглалтай. Азербайжаны мөнгөн дэвсгэртийг МАНАТ гэдэг.  1 манат 1,60 доллар. Өөрөөр хэлбэл, Азербайжаны мөнгөний ханш чанга гэсэн үг. 


Дэлхийд цаг уурын 11 бүс байдаг. Азербайжаны жижиг газар нутагтай боловч цаг уурын 11 бүсээс 9 нь бий. Иймд олон төрлийн жимс жимсгэнэ, үр тариа тариалах таатай боломжтой. Засаг захиргааны хувьд Азербайжан улс 66 районд хуваагддаг. 11 хоттой. Мөн  Азербайжаны бүрэлдэхүүнд Нахичеван хэмээх өөртөө засах орон багтдаг. 
Азербайжан улс  зүүн хойд хэсгээрээ ОХУ (Дагестан), баруун хойд хэсгээрээ Гүрж, баруун талдаа Армен, Турк улстай, өмнөд хэсгээрээ Иран улстай хуурай газраар хиллэдэг. Харин  Туркменистан, Казахстан улстай Каспийн тэнгисээр зааглагддаг. 
1990-ээд оны үед Азербайжан, Армений хооронд газар нутгийн төлөө цус асгаруулсан дайн болж байсан. Одоо ч энэ дайны ул мөр бүрэн арилаагүй. "Уулын Карабах" гэж толгой өвчин болсон асуудал бий. Оросын цэргүүд энхийг сахиулах үүрэгтэйгээр оролцож гал зогсоож байсан.  

Азербайжаны анхны ерөнхийлөгч Гейдар Алиев. 1923 онд төрсөн энэ хүн Зөвлөлт засгийн үед ч томоохон улс төрч гэж тооцогдож байжээ. 1993-2003 оны хооронд Азербайжаны төрийн тэргүүнээр ажиллажээ. 2003 онд түүнийг нас бармагц Азербайжаны ард түмэн түүний хүү Ильхам Алиевыг ерөнхийлөгчөөр сонгожээ. 
Ер нь Азербайжан улс тусгаар тогтнолоо сэргээснээс хойш өнөөг хүртэл ердөө хоёр ерөнхийлөгчтэй л байсан гэсэн үг. Мэдээж сонгууль зохион байгуулна. Гэхдээ ялагч нь тодорхой. Ер нь бол Азербайжан улсад ардчилал хэлбэр төдий байгаа боловч бодит байдал дээрээ нэг гэр бүл удам дамжин төрийн эрхийг барьж байгаа аж. 


Азербайжаныг тэжээдэг гол эх сурвалж нь газрын тос, байгалийн хий. Ер нь Каспийн тэнгисийн эрэг орчим, Каспийн тэнгис нь байгалийн тостой гэдгийг бүр эртнээс хүмүүс мэддэг байж. Зөвлөлт засгийн үед Каспийн тэнгисийн эрэг дагуу газрын тос олборлох олон зуун цооног, хүхэр боловсруулах үйлдвэр байгуулжээ. Бүр Баку хотод ч ийм үйлдвэр их байж. Харин ХХ зууны 90-ээд оны хоёрдугаар хагасаас Баку хотод байгаа хуучин технологоор ажилладаг Зөвлөлтийн үеийн үйлдвэрүүдийг хаав. Оронд нь орчин үеийн шинэ технологи ашигладаг үйлдвэрийг өөр бүс нутагт байгуулсан гэдэг. 
1994 онд Азербайжаны төр АНУ, Норвег, Их Британи, Турк, Саудын Араб зэрэг орнуудтай хамтран "Зууны гэрээ" гэж түүхэнд нэрлэсэн гэрээ байгуулжээ. Энэ гэрээний ачаар Азербайжан улс газрын тосоо эрчимтэй олборлож эхэлжээ. Хувингаар цутгаж байгаа юм шиг бороо орно гэдэг. Яг үүнтэй адил энэ мөчөөс эхлэн Азербайжаны төрийн санд мөнгө цутгаж эхэлсэн гэдэг. Ингээд газрын тосны олборлолт, борлуулалтаас орж ирж байгаа мөнгөөр Баку хотын дүр төрхийг өөрчилж, шинэ зам гүүр, барилга байшин барьж эхэлсэн аж.

Азербайжаны нийслэл Баку хотод онгоц өглөөний 10 цагийн үед газардав. Баку хотын олон улсын нисэх онгоцны буудал нь тус улсын анхны ерөнхийлөгч Гейдар Алиевын нэрэмжит. За ер нь Бакуд Гейдар Алиевын нэрэмжит музей, гудамж, сургууль гээд тоочоод байвал барахгүй олон байгууллага бий. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн анхны ерөнхийлөгчөө тахин шүтсэн гэхэд хилсдэхгүй юм билээ. 
Нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх дээр байцаагч миний паспортын их удаан үзлээ. Эргүүлж тойруулаад л, хуудас бүрийг нь шалгаад л.... Өмнө нь очиж байсан улс орнуудын визийг хараад л... Тэгснээ миний царай руу дахин нэг ширтээд л... 
Дашрамд дурьдахад манай Монгол Улсад Азербайжаны элчин сайдын яам байхгүй. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар ч Азербайжанд нээгдээгүй. Гэхдээ Монгол Улсын иргэн Азербайжанд очихын тулд виз авах шаардлагатай. Интернэтээр Азербайжаны визийг электрон байдлаар авч болно. 2018 оны байдлаар Азербайжаны визийн хураамж 20 америк доллар. За ингээд хилийн шалгалтыг даваад ачаа тээшээ аваад Баку хотод ирлээ дээ. 
Бакуд хөл тавиад төрсөн анхны сэтгэгдэл: цаг агаар нь бүгчим, халуун, зам талбай нь өргөн, замын түгжрэл бараг байхгүй юм. 
Азербайжанд өнгөрүүлсэн 8 өдрийн аялалын тэмдэглэлийн эхний хэсгийг ингээд дуусгая. Хэд хоногийн дараа аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлээд бичье дээ. 

No comments: