Амьдралын тойрог

2011-11-08

Халимагт зорчсон тэмдэглэл: 5. Элсгүй Элстэй хот

Өнгөрсөн хэд хоног зав муутай байсан тул тэмдэглэлээ бичиж амжсангүй. Олон хүнд хүлээлт үүсгэсэн болохоор өнөөдөр олон зураг хөрөгтэй, уртхан юм бичнээ. За аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлэе. 

1862 оны хавар нэгэн орос эр Халимагийн тал нутагт хувийн модон байшин барьжээ. Гэтэл бусад оросууд түүний байшинг тойруулж хувийн байшин сууц нэмж барьсанаар яваандаа  энэ газар тов хийсэн жижигхэн суурин газар үүссэн гэнэ. 1930 онд энэ сууринг хотын статустай болгож Элиста [Элстэй] гэж нэрлэсэн түүхтэй. Нэрнээс нь ургуулан бодоход энэ хотыг учиргүй их элсэн дунд байдаг юм байна хэмээн төсөөлж байсан нь эндүүрэл байж. Элстэй хот тал хээрийн бүс нутагт байрладаг. Анх нэг ч модгүй тэгшхэн тал газар байсан гэнэ лээ. Хотын статустай болсон хойноос мод бут тарих кампанит ажил өрнүүлж, өнөөдөр Элиста хот битүү модтой болж чаджээ. Элстэйчүүд хотынхоо мод бутыг сүрхий арчилж, торддог юм билээ. 

Зураг 1. Элстэй хотын "Жангар" театр

Музейгээс гараад хэсэг алхаж байгаад микро автобусанд  сууж хотын төвд хүрлээ. Ингээд баахан явган алхаж хоттой нь танилцаж эхлэв ээ. Элстэй хот янз бүрийн хөшөө, баримал, дурсгалын самбар ихтэй юм. Хотын төвд нэг ийм хөшөө миний нүдэнд өртсөн юм. 

Зураг 2. Элстэй хотын төвийн цэцэрлэгт гудамжинд үндэсний хөгжим барьсан хүний хөшөө.  
Зураг 3. Хөгжимчин эрийн барималыг арай ойроос харвал...

Элстэй хотод ердөө 100 мянган хүн оршин суудаг. Манай Дархан, Эрдэнэт хотын дайтай. Хотын захиргаа, Халимагийн төрийн ордон нь төв талбайгаасаа хэдхэн алхамын зайд зэрэгцээд сүндэрлэж байх юм. 

Зураг 4. Элстэй хотын захиргааны байр 


Зураг 5. Арслантай хөшөө.Элстэй хотын захиргааны байрны гадаа 


Зураг 6. Элстэй хотын захиргааны байр

Зураг 7. Халимагийн төрийн ордон. Халимагууд үүнийгээ "Цагаан Ордон" гэж нэрлэдэг юм билээ. Энд Халимагийн Ерөнхийлөгч, Засгийн Газар, Парламент, мөн Халимаг дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч ажилладаг юм билээ.



Зураг 8. Тэмээний хөшөө

Зураг 9. Элстэй хотын төвд байрладаг худалдаа-үйлчилгээний төв

 Зураг 10. "Пагода на семи дней" цогцолбор. Элстэй хотын төв талбайн гол чимэг.

 Зураг 11.  Буддын шашны тэргүүн Далай лам халимагийн ард түмэнд энэ хүрдийг бэлэглэжээ 
 Зураг 12. Элстэй хотын төв талбай

 Зураг 13. Элстэй хотын төв талбайн ерөнхий байдал нэг иймэрхүү

 Зураг 14. Элстэй хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэн. 1995 оны 7 сарын 6-нд барималыг Далай ламын төрсөн өдөрт зориулан Кирсан Илюмжиновын санаачилгаар хийжээ.
Зураг 15. Энэ бол Халимагт төдийгүй, Европт анх удаа залсан бурхан багшийн хөшөө 

 Зураг 16. Элстэй хотын төв гудамжны гэрлийн шон. Үндэсний уламжлалыг тусгасан байгаа биз.
 Зураг 17. Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээс Элстэй хотын төв талбайн "Пагода на семи дней" цогцолбор ингэж харагддаг юм билээ.


Зураг 18. Халимагийн удирдагч, ахмад дайчин, ЗХУ-ын баатар Городовиковын хөшөө
 Зураг 19. Элстэй хот. Ленины гудамж

 Зураг 20. Халимагийн үндэсний гимназийн бэлгэ тэмдэг хөшөө

Элстэй хотын төв гудамжаар хэсэг зугаалаад "Бурхан багшийн алтан сүм" рүү явлаа. Халимаг руу явахын өмнө энэ сүмийн талаар уншиж байсан болохоор тодорхой мэдээлэлтэй байсан юм. "Бурхан багшийн алтан сүм"-ээ халимагууд энгийн хар яриандаа "Хурул" гэж нэрлэдэг юм билээ.  2004 онд Далай лам Халимагт айлчлал хийхдээ энэ сүмийг барих газрыг өөрөө шинжиж сонгосон юм билээ. Сүм байгаа энэ газар өмнө нь Элстэй хотын барилгийн материалын үйлдвэр байрлаж байж. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр барилгийн материалийн үйлдвэр дампуурч, байшин сав нь балгас болж хувирсан ажээ. Балгас байсан энэ газар сүм хийд барьсанаар орчин нь эрс өөрчлөгдөж, одоо сүсэгтнүүдийн ирж буян хураадаг газар болж хувирсан нь энэ. 


 Зураг 21. Элстэй хот дахь Бурхан багшийн алтан сүм. Энэ бол Европ дахь хамгийн том буддын шашны сүм
 Зураг 22. Сүмийн хаяг нь халимаг, орос хэлээр. Халимаг хэлэнд зарим эгшиг үсэг л гээгдээд байдаг бололтой.

 Зураг 23. Бурхан багшийн алтан сүмийн ажиллах цагийн хуваарь. Өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд үүд хаалга нь нээлттэй.

 Зураг 24. Сүмийн хашаан дотор 20 гаруй ийм бурхантай

 Зураг 25. Бурхан багшийн алтан сүм

 Зураг 26. Сүмийн хашаан дотор

 Зураг 27. Сүмийн эргэн тойронд нэг л нам гүм 

Зураг 28. Сүмийн барилгийн эргэн тойронд 108 хүрдтэй

 Зураг 29. Сүмийн үүд хүртэл 108 шатны гишгүүрээр алхана. Шатны хажууд усан оргилууртай

Сүмийн хашаан дотор зураг авах нь чөлөөтэй. Харин сүм дотор гэрэл зураг, дүрс бичлэг хийхийг хориглодог. Сүм рүү орохын тулд үүдэнд нь гутлаа тайлж орно. Би ч гутлаа тайлаад сүм рүү нь орлоо.  Нар зөв тойрч явсаар хойморт нь залсан бурханд мөргөлөө. 



Зураг 30. Бурхан багшийн алтан сүмийн ерөнхий байдал

Бурхан багшийн Алтан сүмээс гараад "Шатрын хотхон" руу явахаар шийдэв. Шатрын хотхон нь Элстэй хотын захын дүүрэгт байрладаг аж. Шатрын хотхон руу яаж явах вэ? гэж гудамжинд яваа хэд хэдэн асуув. Гэтэл хүн болгон өөр өөр зүг рүү явахыг зөвлөж толгой эргүүлээд хаячлаа. Энэ олон замын хаагуур нь явах вэ? гэдэг шиг, энэ олон зөвлөгөөний алийг нь дагах вэ? гэдэг сонголтын өмнө ирэв. Аргаа бараад өнөө халимаг жаалхүү рүү утасдав. Ашгүй өнөөх маань шатрын ордон руу хэрхэн явахыг товч, тодорхой хэлж өгөв. Бас оройхон тийшээ нэг газар уулзахаар болзоо тогтоолоо. 


Зураг 31. Шатрын хотхоны төв хаалга

Сити Чесс хотхон Элстэй хотын захад байрладаг юм байна. Хотын төвөөс 7-р чиглэлийн микроавтобусанд сууж, эцсийн зогсоол дээр нь буулаа. Сити Чесс хотхон нь сүүлд баригдсан шинэ барилга гэсэндээ Элстэй хотын төвийн дүүргийн барилгуудаас загвар, хийцээрээ эрс ялгагдаж, арай илүү өнгөлөг юм. Энэ хотхонд шатрын ордоноос гадна 3 одтой зочид буудал, Япон болон Европ хоолны ресторан, хувийн орон сууцнууд байдаг юм билээ. Шатрын ордон руу орж үзэхэд 1-3 хүн үнэ төлбөргүй. Харин 3-аас дээш тооны хүн ороход тодорхой хэмжээний төлбөртэй юм байна. Үүдний жижүүр нь намайг хэдүүлээ яваа юм бэ? гэж асуув. Ганцаараа яваа гэж хэлтэл шууд л үнэгүй оруулав. 

Зураг 32. Шатрын ордон
 Зураг 33. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Шатрын ордон"-д зочилж байжээ. Үүнийг гэрчлэх гэрэл зураг Шатрын Ордоны хүндэт зочидын самбарт өлгөөстэй байна. 

 Зураг 34. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Халимагт айлчлах үеэрээ мөн л "Шатрын Ордон"-д зочилж байжээ.


Зураг 35. Шатрын хотхоны ерөнхий макет. Шатрын хотхоныг барилгийн ажил бүрэн дуусаагүй. Ирээдүйд шатрын хотхон хэрхэн хүрээгээ тэлэхийг 36  зургаас хараарай. 


Шатрын ордон дотор шатрын спорттой холбоотой сонирхолтой баримтууд, Дэлхийн Шатрын Холбооны гишүүн орнуудын төрийн далбаа, үе үеийн дэлхийн шатрын аваргуудын хөрөг зураг, Шатрын Ордоны хүндэт зочидын гэрэл зураг байрлуулсан том танхим, шатрын сургалт явуулах ангиуд, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах зориулалттай том саруул танхимтай юм билээ. 

Зураг 37. Шатрын ордоны дотор. 


Зураг 38. Шатрын хотхон дотороо дэд бүтэцтэй "бичил хот" юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.

Шатрын хотхоны хажуугийн хоёр давхар хаузны гадаа Монголын маань төрийн далбаа намирч байх юм. 





Байшингийн гадаа яваад очлоо. Гэтэл гадаа нь ийм хаяг байна.


Монголын Консулын газар, Монголын мэдээлэл соёлын төв орж ажилладаг хүмүүстэй нь уулзая, танилцая гэсэн хүсэл төрсөн. Гэвч ням гариг байсан тул тэд амарч байгаа бололтой. Хоосон хаалга мөргөсөн доо. Ямар ч байсан Элстэй хотод Монголын консулын газар ажилладаг юм байна гэдгийг мэдэж авлаа.  


Дараагийн удаа, халимаг хоол, халимагуудын аж амьдрал, мэдээж "манай ангийн" халимаг залуучуудын тухай бичнээ. 
Үргэлжлэл бий....


10 comments:

bayabaga said...

wow..tasarhai ain??

hot dotorhi BAYAR gsn mongol tod bichigtei sambar saihan sanagdav..latinaar galiglahdaa BAIR bolgood bichchihej..

burhan bagshiin altan sum ene ter geed mongol hel ter chigeeree baina geech..

MNED said...

Bayabaga> Mongol nertei gudamj, uilchilgeenii gazar hed hed baina lee

Ganaa said...

Ямар гоё цэвэрхэн хот вэ, төсөөлж байснаас илүү хөгжилтэй хот байна.

Манайхан ийм хоттой болохын тулд эхлээд хүн бүр хогоо ил задгай хаядаггүй болж сурах хэрэгтэй байх даа. Өчигдөр л гэхэд зам хөндлөн гарч байхад хажуугаар өнгөрсөн машин хэнэг ч үгүй цонхоо онгойлгоод ундааныхаа савыг хаячихаад цонхоо хаагаад яваад өгчихсөн.

Халимгууд Монголоор яридаг юм уу? Бичгийг нь харахад Орос хэл мэддэггүй Монголчуудад бол ойлголцоход төвөггүй юм шиг санагдлаа.

erchuud said...

saikhan aylal hiijee. minii zaaval ochij uzekhiig husdeg gazriin neg baigaa yumaa.

hervee orosod udval, ulaan ud, erkhuu, tuva, altaigaar ayalakhiig bodooroi. Mongol garal uuseltei gazriin zaluus , tsaanaa l neg oor hot baidag yum.

MNED said...

Ganaa> Харин тиймээ. Элстэй хот их цомхон, цэвэрхэн юм байна лээ. Гудамжинд нь тамхи иш, чихрийн цаас, гялгар уут огт байхгүй. Халимагт орос хэл мэдэхгүй хүн очих юм бол жаахан хүндрэлтэй. Элстэй хотод англи хэл мэддэг хүн цөөхөн болов уу гэж бодож байна.

MNED said...

Erchuud> Монголчууд ер нь Халимагийн Элстэй хотод очоод, энд монгол угсаатнууд яаж аж төрж байгааг өөрийн нүдээр харчих хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Улаан-Үд хотод очиж байсан. Монголтой ойр байдаг болоод тэнд нээх онц гоё санагдаагүй. Гэхдээ Улаан-үд хотоор тухай аялаж байгаагүй. Тувад очиж үзэх санаа байдаг л юм. Гэхдээ Тува нар нэлээн танхай, их хэцүү сураг дуулдаад байгаа юм. Эрхүүд нэг хонож байсан.Гэхдээ Эрхүү бол оросын байдаг л нэг дундаж хэмжээний хот. Үзэж хараад байхаар сонин юм ч байхгүй дээ

soulmate said...

албаар хүнгүй үед зураг авсан байх л даа, бараг эзэнгүй хот шиг санагдчлаа. Сэлүүхэн сайхан юмоо...

MNED said...

Soulmate>Энэ зургуудыг би ням гаригт авсан. Амралтын өдөр байсан болохоор хотын гудамжаар нь хүн багатай байлаа. Ер нь Элстэй хот 100 мянган хүнтэй болохоор замын түгжрэл гэж байхгүй юм билээ.

MNED said...

Soulmate>Энэ зургуудыг би ням гаригт авсан. Амралтын өдөр байсан болохоор хотын гудамжаар нь хүн багатай байлаа. Ер нь Элстэй хот 100 мянган хүнтэй болохоор замын түгжрэл гэж байхгүй юм билээ.

Сүрэн said...

очиж үзмээр санагдлаа, цэвэрхэн сайхан хот байна тээ...