Энэ он дуусахад 5 цаг л дутуу байна. Хаа сайгүй л 2011 оны тайлангаа гаргаад шилдэгүүдээ тодруулаад, алдаа оноогоо тооцож байна. Би ч гэсэн юу дутах вэ дээ. Оны тоймоо бичье.
2011 онд анх удаа блогийнхоо төрсөн өдрийн тэмдэглэсэн юм байна. Блог бичдэг болоод нэлээн олон жил болчихжээ.
2011 онд анх удаа Богд хааны ордон музейг анх удаа үзлээ. Улаанбаатарт амьдарч байсан хэрнээ огт хааны ордон руу орж үзээгүй явсан байна лээ. Энэ жил Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийг тэмдэглээд Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг төр засаг их өндөр үнэлээд байгаа юм билээ.
2011 онд MNED пицца хийж сурсан. Одоо бол пицца хийх асуудал биш. Гал тогоонд хэмээх блог хөтөлдөг бүсгүйд хандан амттай сайхан хоолны жор бичиж нэтэд оруулдаг нь талархал илэрхийлье.
2011 онд сэтгэл маань татагдаж байсан нэг бүсгүй надад "Уучлаарай" гэж хэлээд өөр хүнээс жирэмсэн болоод маамуу гаргачихан. Гэхдээ иймэрхүү зүйл надад анх удаа тохиолдож байгаа биш болохоор сэтгэлээр нэг их унаагүй. Бид найзууд хэвээр үлдсэн.
2011 онд анх удаа Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж үзлээ. үүргэвчээ үүрээд л ганцаараа аялалд яваад ирсэн.
2011 оны 11 сарын 11-нд 11 цаг 11 минутад төрсөн өдрөө тэмдэглэсэн. 2011/11/11 11:11 ховор тохиох мөч шүү. Би их гоё өдөр төржээ. Ийм гоё өдөр төрүүлсэн аав ээждээ баярлаад баршгүй.
2011 онд анх удаа ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улс руу ганцаараа үүргэвчтэй аялал хийсэн. 400 жилийн өмнө Монголоо орхиод явсан монгол угсаатнуудтай уулзах сайхан байлаа. Халимаг найзтай болсон.
Ер нь халимаг, буриад, тува гээд харь улсад байгаа Монгол угсааныханд монгол хэл, ёс заншилаа мартахгүй байх, Монголд ирж суурин амьдрах хүсэлтээ гаргасан хүмүүсийг тосоод авч байх төрийн бодлого хэрэгтэй юм байна даа гэж бодсон. 12 сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ "Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн." гэж хэлсэнийг сонсоод хувьдаа дэмжиж байлаа.
Баяртай 2011 он минь.
2 comments:
bayrlalaa chmd ch bs. saihan bayrlaarai
Шинэ оны мэнд хvргэе!
Post a Comment