Ташкентаас хөөрсөн онгоц дүүлэн ниссээр онгоц зорьсон газарт минь хүргэж өгөв.
Ташкентаас Сиань руу 5 цаг нисэхэд China Eastern компанийн онгоцонд халуун хоол өгсөнгүй. Харин ийм гурилан бүтээгдэхүүний цуглуулга өгч байв. Амт нь жаахан тааруухан байлаа.


Сиань (англи галигаар Xi'an) хотод нисэх онгоцны буудал байдаггүй юм байна. Харин Сиань хотоос 47 км алсад байдаг Сяньян (Xianyang) хотод олон улсын онгоцны буудал байдаг аж. Иймээс онгоцны буудлыг нь "Сиань Сяньян" (Xi'an Xianyang International Airport) гэж нэрлэжээ. Энэ онгоц буудал нийт 5 терминалтай, нислэгийн 4 зурвастай юм байна. Том онгоцны буудал гэсэн үг. Онгоцноос буугаад Хятадын хилийн шалган нэвтрүүлэх пост дээр очив. Гэтэл надтай хамт нэг нислэгээр ирсэн нэлээн олон узбекүүд БНХАУ руу орох хуудсаа ч бөглөж мэдэхгүй ангайж зогсохыг олж харав. БНХАУ-ын хил рүү орох хуудас нь англи ба хятад хэлээр байдаг. БНХАУ руу олон удаа очиж байсан хүмүүс бол андахгүй сайн мэднэ. Гэтэл нөгөө узбекүүд англи, хятад хэлний аль алинг нь мэддэггүй бололтой. Учраа олохгүй байхаар нь би орос хэлний мэдлэгээ ашиглаж, тэдэнд БНХАУ руу орох хуудсаа бөглөхөд нь туслав. Энэ зуур Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан бүхээг дотроосоо биднийг ажиглаад сууж байлаа. Учраа мэдэхгүй байгаа узбекүүдэд би тусалж дуусаад дараа нь хилийн боомтын шалган нэвтрүүлэх ажилтанд паспортоо өгөв. Гадаад төрх байдлаараа +45 настай болов уу гэмээр эмэгтэй байлаа. Миний паспортыг эргүүлж тойруулж нэлээн үзэв. Бидний хооронд ийм харилцан яриа англи хэлээр өрнөв.
Шалгагч: Таны аяллын зорилго юу вэ?
Би: Аялал. Би Төв Азийн орнуудаар аялаад Хятадаар дамжин Монгол руу буцаж байгаа юм.
Шалгагч: Яагаад заавал Хятадаар дамжиж явж байгаа юм бэ?
Би: Нэг явсаар замаараа буцаад явах нь уйтгартай. Явж байгаагүй газраар явах нь сонирхолтой байдаг. Хамгийн гол нь Хятадаар дамжин нисэх нь миний хувьд үнэ хямд болж байна. Хятадын дотоодын нислэгийн үнэ их хямд юм.
Шалгагч миний паспортын хуудсыг эргүүлж байснаа АНУ-ын визтэй хуудсыг надад харуулж: Та энэ улсад очиж байсан уу? гэж асуув. Ингэхдээ АНУ гэдэг үгийг хэрэглэсэнгүй.
Би: Тиймээ. Би АНУ-д очиж байсан.
Шалгалгч: Ямар зорилгоор?
Би: Олон улсын хурал оролцсон.
Шалгагч миний паспортоос Ирландын визтэй хуудсыг харуулж: Та Монгол Улсын иргэн юм байна. Гэхдээ энэ Европын улсын виз олгосон газар нь яагаад Бээжин гэсэн тамгатай байгаа юм бэ?
Би: Монголд Ирланд улсын ЭСЯ байдаггүй. Хэрвээ Монгол Улсын иргэн Ирланд руу явахаар бол Улаанбаатарт байдаг визийн төвд ханддаг. Тэндээс бидний паспортыг Бээжин рүү илгээдэг байх гэж бодсон. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй.
Шалгагч эмэгтэй миний паспортоос Тайваний визтэй хуудсыг хараад: Та бас Тайваньд очиж байжээ. Ямар зорилгоор Тайваньд очсон юм бэ?
Би: Тиймээ, би аялж байсан.
Шалгагч эмэгтэй: Ингэхэд та ямар ажил хийдэг хүн бэ?
Би Монголд ямар ажил хөдөлмөр хийдэг вэ гэдгээ хэлэв.
Шалгагч: Таны англи хэл дажгүй юмаа
Би: Би баярлалаа. Гэхдээ би англи хэлэндээ тийм ч мундаг бишээ.
Шалгагч эмэгтэй дуугаа хурааж миний паспортыг дахин эргүүлж тойруулж суув. Энэ зуур нь би өмднийхөө халааснаас гар утсаа гаргаж Инстаграмынхаа профайлыг харуулав. Бид дэлхийн 18 улсад очиж байсан гэж хэлээд, очсон бүх улсынхаа төрийн далбааг Инстаграм дээрээ байрлуулсан хэсгийг хуруугаараа заалаа. Өнөө шалгагч эмэгтэй бүхээг дотроосоо над руу ялимгүй тонгойж миний утасны дэлгэц рүү харав. Энэ үед шалгагч эмэгтэйн нүд нь орой дээрээ гарч илт гайхаж байгаа нь надад ойлгомжтой болов. Намайг бараг 20 шахуу улсад очиж байсан гэж огт төсөөлөөгүй байх. Очсон улсуудын төрийн далбааны ард нь би next trip: China again гээд бичсэн байв. Ингээд "My next trip to China again" гэж намайг хэлсний дараа шалгагч эмэгтэй илт зөөлөрч, инээмсэглэж "China again" гэсэн үгийг давтан хэлээд миний паспорт дээр тамгаа дараад дотогш оруулав. Хятадаар дамжин олон удаа явж байсан боловч ингэж байцаагдаж байсангүй. Намайг ингэж байцааж шалгаасан нь надад жаахан хачин санагдав. Хилийн шалган нэвтрүүлэг цэгийг амжилттай даваад, цааш нь ачаа тээшээ авч байх зуураа энэ удаа яагаад намайг БНХАУ-ын хил дээр олон зүйл асууж шалгаав гэдгийг эргэцүүлэв. Ингээд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ гэж дүгнэв. Нэгдүгээрт, Хятадын Шэньси мужийн энэ хотын онгоцны буудалд Монгол Улсын иргэн ер нь олон улсын нислэгээр ирж байгаагүй байх. Тийм учраас хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтан бараг анх удаа Монгол Улсын гадаад паспорттой монгол хүнтэй учирсан нь биз. Хоёрдугаарт, би мусульман шашинтай улсаас ирсэн нислэгээр ирсэн. Хятад улсын хил гаалийнхан мусульман шашинтай орнуудаас ирж байгаа нислэгт илүү гойд анхаарал хандуулдаг байж болох юм. Гуравдугаарт, миний паспорт дээр АНУ, Тайваний виз байсан. БНХАУ-ын хувьд АНУ стратегийн гол өрсөлдөгч нь. Харин Тайвань арал бол БНХАУ-ын хувьд салан тусгаарлагчаар толгойлуулсан хятадууд. Тайвань арлынхан БНХАУ-ын засаг захиргаанд эргэж нэгдэх ёстой гэсэн байр суурийг БНХАУ-ын төр мэдэгддэг. Дөрөвдүгээрт, миний паспорт дээр БНХАУ руу зорчиж байсан тамга олон бий. Тавдугаарт, хилийн шалган нэвтрүүлэх албаныхан харж байхад нь би узбекүүдэд тусалж, орох хуудсаа бөглөхөд нь тусалж байсан нь тэдний анхаарлыг татсан бололтой. Ямар ч байсан онгоцны буудлаас нь гарлаа. Цагаа харсан чинь шөнийн 1 цаг минут болж байлаа. Би хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр шалгагчтай ярилцаж, ачаа тээшээ авахад бүтэн 90 гаруй минутыг зарцуулжээ.

Trip.com сайтаар хайж байгаад онгоцны буудлын ойролцоо нэг зочид буудалд өрөө захиалсан юм. Нисэх онгоцны буудлаас зочид буудал руу үнэ төлбөргүй тосож авах нөхцөлтэй байсан учраас захиалсан юм. Зочид буудал руугаа холбоо барьж ирсэн гэдгээ мэдэгдэв. Нисэх буудлын 223 дугаар хаалганы өмнө хүлээж байгаарай. 10 минутын дараа машин ирнэ гэв. Төдөлгүй машин ч ирлээ. Намайг суулгаад түнэр харанхуйгаар ухас хийн давхив.
Жолооч намайг зочид буудалд хүргэж өгөв. Би дотогшоо орж, захиалсан өрөөндөө орлоо. Шүршүүрт ороод шууд унтав. Зочид буудлын өрөө иймэрхүү байлаа. Өнгөц харахад цэвэрхэн мэт боловч, орны цаана байгаа буйдангийн арын хэсэгт нь тоос шороотой бохир байсан шүү.💁
Өглөөий 10:00 цагт сэрлээ. Дахин усанд орж, цэвэр ус уугаад өрөөгөө хүлээлгэн өгөхөөр доошоо буув.
Хэрвээ БНХАУ-ын газрын зураг дээр тэнхлэг татах юм бол Сиань хот бараг л төв хэсэгт нь байрладаг гэдгийг түвэггүй ойлгож болно. Гэхдээ яг ч төв хэсэг биш л дээ. Ер нь бол Хятадын газар нутгийн төв хэсэгт нь байрладаг. БНХАУ-ын Шэньси (陕西) мужийн нэрийг латин үсгээр Shaanxi гэж галиглаж бичдэг юм байна. Уншиж дуудахдаа Shǎnxī гэнэ. Шэньси мужийн засаг захиргааны төв нь Сиань хот.
БНХАУ-д Шаньси (山西) гэдэг муж бий. Латин үсгээр Shanxi гэж галигладаг. Уншиж дуудахдаа Shānxī гэнэ. Шаньси мужийн засаг захиргааны төв нь Тайюань хот. Европ хүмүүс энэ хоёр мужийг андуурах тохиолдол гарч болзошгүй.
2018 оны зун би Туркийн Истамбул хотод аялж явахдаа санаандгүй байдлаар нэг хятад залуутай танилцаж байсан. Энэ тухай би блогтоо энд бичиж байсан юм. Тэгвэл тэр царайлаг хятад залуу Шэньси мужийн Сиань хотод амьдардаг юм. Ингээд 7 жилийн дараа бид хоёр уулзлаа. 7 жилийн өмнө анх танилцаж байхад тэр хүүхдээрээ шахуу байв. Харин одоо бага зэрэг овор нэмжээ. Энэ хугацаанд би ч гэсэн хөгширч, овортой л болсон байлгүй. Хятад найз маань намайг машиндаа суулгаад Сиань хотын төв рүү хурдны замаар давхив. Замдаа бид өнгөрсөн 7 жилийн хугацаанд болсон гол үйл явдлынхаа тухай, одоо ямар ажил хийж, хэрхэн амьдарч байгаа тухайгаа англи хэлээр ярилцаж амжив.
Сиань хотын төвд ирээд бид хоёр хамт өдрийн хоол идлээ. Монгол хүн махад дуртай гэдэг ойлголт Хятад хүмүүст түгээмэл. Намайг дагуулаад монгол хоолны газар иржээ.
Хоол идэх зуураа Хятад найз маань надад Сиань хотод жуулчид үзэх харах ямар дурсгалт газрууд байдаг тухай хэлж, хэрхэн очих тухай зөвлөгөө өгөв. Сиань хотод музей үнэгүй. Гэхдээ музей үзэхийн тулд сайт руу ороод урьдчилж нэрээ мэдүүлэн захиалга өгөх ёстой юм байна. Надад Сиань хотын төв музей үзэх захиалга хийж өгөв. Ингэхдээ 2 хоногийн дараа л үзэх боломжтой юм байна гэв. Энэ нь надад жаахан сонин санагдав. Музей үзэхийн тулд урьдчилж захиалга өгөөд хоёр хоног хүлээнэ гэдэг хачин жигтэй мэт. Гэхдээ Шэньси муж бол Хятадын уугуул нутаг түүхэн газар учраас гадаадын жуулчдаас илүү, дотоодын жуулчид их бөгөөд музей үзэхийн тулд заавал урьдчилж төлөвлөөд цаг авах ёстой юм байна. Хоолны үеэр би түүнд Монголоос авч ирсэн бэлэг дурсгалын зүйлс гардуулав. Хоолны дараа Хятад найз маань намайг дагуулаад 3 хоног ажшиглаж болох метроны олон удаагийн карт худалдан авахад туслав.
Ингээд намйг машиндаа суулгаад захиалсан зочид буудал руу хүргэж өгөв. Миний захиалсан зочид буудал Сиань хотын төв хэсэгт байрладаг юм байна.
Сиань хотод би 4 шөнө 5 өдөр болно. Намайг явахаас өмнө дахиад уулзна аа гэж Хятад найз минь амлав. Ингээд бид чемоданаа чирээд зочид буудлынхаа өрөөнд орлоо. "7 DAYS" гэдэг энэ зочид буудал бол олон улсын сүлжээ. Учиргүй дээд зэрэглэлийн тансаг зочид буудал биш. Гэхдээ 3 одтой зочид буудлын стандарт мөрддөг. Үнэ хямд. 7 DAYS зочид буудалд би өмнө нь Өвөрмонголын Хөххотод байрлаж байсан. Тийм учраас Сиань хотод байх хугацаандаа ч гэсэн 7 DAYS зочид буудалд байрлахаар сонгосон юм. Хамгийн гол ойролцоогоор 250 метрийн цаана метроны өртөө, яг хажууд нь хүнсний дэлгүүр байсан нь надад таалагдсан юм. Зочид буудалд орж өрөөгөө авчихаад, шүршүүрт ороод эргээд гарлаа. Би зочид буудалд унтах гэж ирсэн биш. Шинэ хот үзэж, урд өмнө харж байгаагүй зүйлсийг харах гэж ирсэн. Сиань хот төвд байдаг хуучны хана хэрэм үзэхээр явлаа.
Энэ цэлгэр талбайн эсрэг талд нь хуучны хана хэрэм рүү ордог гол хаалга нь байх юм. Тийшээ нэвтэрч орохын тулд тасалбар худалдан авдаг юм байна.
Шэньси муж бол БНХАУ-ын төв хэсэгт байрладаг, далай тэнгисээс алслагдмал. Гэхдээ энэ мужийн нутаг дэвсгэрээр Шар мөрөн (Хуанхэ) урсдаг. Сүн улсын үед, манай тооллын 996 онд хамаарах түүхэн сурвалж бичигт Шэньси гэдэг нэр бичигдэж байжээ. Түүхийн урт удаан хугацаанд энэ мужийн газар нутгийг хоёр хувааж тусад нь нэршил өгч байгаад хэсэг хугацааны дараа буцааж нэгтгээд Шэньси гэдэг нэрийг нь ашиглаж ирсэн байна. Манж Чин улсын үед 1666 онд Шэньси мужийн баруун хэсгийг нь тасдаж Ганьсу мужийг байгуулжээ. Харин зүүн хэсэг нь Шэньси гэдэг нэрээ хадгалсаар өнөөг хүрсэн байна. Түүхчид Шэньси мужийг Хятадын соёл иргэншлийн өлгий нутаг гэж хүлээн зөвшөөрдөг байна. Учир нь Шэньси мужийн нутагт Хятадын түүхэнд байсан эртний төрт улсын нийслэл нь байрлаж байжээ. 2025 оны байдлаар Шэньси мужид 40 сая хүн оршин сууж байна гэсэн статистик мэдээлэл олж харлаа.
Шэньси мужийн засаг захиргааны төв Сиань хот нь бараг 3000 жилийн түүхтэй. Сиань хот нь Жоу, Цин, Хань, Сүн, Тан улсын нийслэл нь байв. Эрт дээр үед Сиань хотыг Чань Ань
( 长安) гэж нэрлэдэг байв. Чань Ань гэдэг үгийг монгол хэлнээ орчуулах юм бол "Урт удаан амар амгалан" гэсэн утга илэрхийлэх юм байна. Чан Ань хотоос эртний худалдааны торгоны зам эхэлдэг байжээ.
Манай эриний өмнөх XI зууны эхэн үес Чань Ань (өнөөгийн Сиань) хот Жоу улсын нийслэл нь бол улс төр, соёлын төв болж төлөвшсөн байна. Манай эриний өмнөх 687 онд Цин улсын үед энэ хавийн газар нутаг улсын засаг захиргааны төв нь гэж тооцогдож байсан төдийгүй Цин улсын анхны хаан өнөөгийн Сиань хотоос 40 гаруй км алсад байдаг Сяньян хотын орчимд өөртөө зориулан бунхан байгуулж эхэлсэн байна. Манай эриний өмнөх 202 онд Хань улсыг үндэслэгч Лю Бан Чань Ань хотыг улсынхаа нийслэл гэж тунхаглажээ. "Мөнхийн аз жаргалын ордон" (长乐宫) гэж бэлэгдсэн орд өргөөг Лю Бан хааны зарлигаар Цин улсын нийслэлийн нурангаас үлдсэн материал ашиглан байгуулж эхэлсэн байна. Манай эриний өмнөх 194 оноос эхлэн хотыг хүрээлсэн хана хэрэм барьж эхэлжээ. 4 жилийн дотор хотыг бүхэлд нь хүрээлсэн хана сүндэрлэсэн байна. Хана нийтдээ 25,7 км урт, 12-16 метр өргөнтэй байжээ. Энэ ханын дотор талд нь 36 квадрат км талбай хүрээлжээ. Манай тооллын 24 онд бослого гарч хот сүйсэн байна. Хань улс мөхсөний дараа Чань Ань хот нь Умард Жоу улсын Цинжао тойргын бүрэлдэхүүнд байдаг суурин гэсэн статустай болжээ. Үймээн самуунтай хэдэн зууны дараа 582 онд Сүн улс байгуулагдав. Сүн улсын хаан нийслэл хотоо Дасин (大兴) гэж нэрлэв. Энэ нь монгол хэлээр "Их бахдал", "Аугаа бахархал" гэсэн утга илэрхийлэх аж. Тан улсын үед хотыг Чань Ань гэж дахин нэрлэжээ. Манай тооллын VII-IX зууны хооронд Чань Ань нь оршин суугчдын тоо, эзлэх талбайн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том хот нь байсан гэж түүхчид үздэг. Тухайн үед хотод 800 мянгаас нэг сая хүртэлх хүн амьдарч байжээ. Тан улс мөхөж, Чань Ань хот сулран доройтсоноор Багдад хот дэлхийн хамгийн том хот гэсэн статустай болсон юм. Монголын Юань улсын үед хотыг Цинжаофу гэж нэрлэдэг болов. 1272 онд Юань улсын хаан Хубилай өөрийнхөө гурав дахь хүү Мангалд "Аньси хун тайж" (安西王) гэсэн цол хэргэм олгож, өнөөгийн Сиань хот байрлаж байгаа газрыг эзэмшил болгон өвлүүлсэн байна. Юань улс мөхсөний дараа 1369 онд өнөөгийн Сиань хот орчмыг Сюй Да хэмээх Хятадын цэргийн жанжин мэдэлдээ авсан байна. Сиань хотыг хүрээлсэн хана хэрмийг дахин сэргээн босгов. Ингэснээр Хятадын цагаан хэрмийн эхлэл зангилаа болжээ. Хана хэрмийн периметр нь 12 км, өндөр нь 12 метр, ханын суурь хэсгийн өргөн нь 15-18 метр. Энэ хана хэрэм өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн. Бараги 600 гаруй жилийн настай энэ хана хэрэм анхдагч байдлаа хадгалж үлдсэн эртний байгууламж гэсэн тодотголтой. Мин улсын үед Жү Юаньжан хаан өөрийнхөө хоёр дахь хүү Жү Шуанд "Цин ван" гэдэг цол өгч, өнөөгийн Сиань хотод суурьшуулжээ. Мин улсын хаан Жү Юаньжаны ууган хүү Жү Бяо 1391 онд Сиань хотод ирээд буцахдаа Мин улсын нийслэл болгох төлөвлөгөө боловсруулжээ. Гэвч буцах замдаа бие нь өвдөж, төдөлгүй өөд болсон тул энэ төлөвлөгөө биелээгүй байна. 1643 онд Хятадын тариачны босогчдын удирдагч Ли Цзычэн Сиань хотод ноёрхолоо тогтоож Чань Ань гэж хуучин нэрийг нь эргүүлэн өгчээ. Манж Чин улсын үед Сиань хотод манжийн цэргийн гарнизон байрлаж байв. 1900 онд Бээжин хотыг Европын 8 улсын цэргүүд түйвээх үед тухайн үед төр барьж байсан Манжийн бэлэвсэрч үлдсэн хатан хаан Цыси, бэлгэдэл төдий байсан эзэн хааны хамт Сиань хотод орогножээ. Тэд 1901 оныг хүртэл Сиань хотод амьдарсан байна. 1911 онд Синьхайн хувьсгалын үеэр хятадууд Манжийн цэргийн гарнизоныг бут ниргэсэн байна. Хот ч эзгүйрчээ. 1928 онд Бүгд Найрамдах Хятад Улсын (Гоминдан намын) засаг захиргааны төв нь Сиань хотод байрлаж байв. 1935 онд Хятадын генерал Чан Кай Ши Сиань хотод цэргийн хүчээ төвлөрүүлж Хятадын Коммунист намын талыг баримтлагч цэргийнхэнтэй тэмцэж байв. 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш хэдхэн жилийн дараа (1953 оноос ) Сиань хотыг Шэнси мужийн засаг захиргааны төв хот болгосон байна.
Орчин үеийн Сиань хот бол Хятадын хувьд стратегийн чухал үйлдвэрүүд төвлөрсөн том хот болжээ. Сиань хотод байгалийн хий, газрын тос боловсуулдаг Shaanxi Yanchang Petroleum Group, нүүрс олборлодог Shaanxi Coal and Chemical Industry Group, нисэх онгоц үйлвэрлэдэг Xi'an Aircraft Industrial Corporation, нарны зайн хураагуур, хагас дамжуулагч, цахилгаан бараа бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүд байрладаг байна. Сиань хот нь тээвэр ложистикийн гол зангилааны нэг бөгөөд Төв Аз, Европ руу бараа бүтээгдхүүн нийлүүлдэг гол эхлэл цэг нь юм байна. БНХАУ-д үйлдвэрлэж байгаа цахилгаан автомашины 14 хувийг Сиань хотод үйлдвэрлэдэг. Мөн Сиань хотод Хятадын батлан хамгаалах, цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд бий. Сансрын пуужингийн хөдөлгүүр, радар, байлдааны пуужин зэргийг Сианьд үйлдвэрлэдэг. Түүнээс гадна Сиань бол аялал жуулчлал сайн хөгжсөн хот. Эртний хот учраас түүхэн байгууламж ихтэй. Жишээ нь миний энэ үзэж байгаа хотын хана хэрэм бол аялагчдын заавал очдог газрын нэг.




Хотын хана хэрэм үзэж дуусаад Сиань хотын шөнийн гудамжаар нь алхав.
Нар жаргаж, гадаа харанхуй болсон хэдий ч цаг агаар аагим бүгчим халуун хэвээрээ. Гар утасны цэнэг ч дуусах дөхөв. Зайрмаг идэж, хүйтэн ундаа уух зуураа гар утсаа цэнэглэж хэсэг суув.
Дараа нь ойролцоох Miniso дэлгүүр орлоо. Хятадад ирээд гайгүй сайн чанартай Power-bank авах бодолтой байгаа. Монголд байхдаа TEMU-с power bank захиалсан боловч CE гэсэн тэмдэглэгээтэй байв. Гэтэл Хятадад CCC гэсэн тэмдэглэгээтэй Power-bank онгоцоор тээвэрлэхийг зөвшөөрсөн байв. Авч яваа Power-bank нь CCC тэмдэглэгээгүй бол Хятадын онгоцны буудал дээр шууд хурааж авч байсан. Сиань хотод ирээд хэд хэдэн дэлгүүр орсон боловч санаанд таалагдах Power-Bank худалдаж аваагүй л байна.
Гар утасныхаа ард шууд соронздоод тогтоочихдог, бас цэнэг нь хэдэн хувь байгааг шууд харж болох индикатор бүхий жижиг дэлгэц Power-Bank авах бодолтой байгаа юм. Miniso-д зарж байгаа энэ Power Bank санаанд нийцээгүй тул худалдан авсангүй. Ингээд шөнийн Сиань хотоор хийж байгаа алхалтаа үргэлжлүүлэв. Дараагийн үзсэн дурсгал газар бол "Хонхтой цамхаг" 西安钟楼
(The Bell Tower) байлаа.
Энэ "Хонхтой цамхаг" хэмээх байгууламжийг 1384 онд Мин улсын үед байгуулжээ. Анх энэ хонхтой цамхаг өөр газар байсан гэдэг. Хот томорч, хүрээгээ тэлсэн тул 1582 онд цамхагийг буулгаж, одоо байгаа газар авч ирээд буцааж угсарсан байна. Одоо цамхаг байгаа энэ газар нь хотын газар зүйн хувьд хотын 0 цэг нь ажээ. Хонхтой цамхагийн гол зорилго нь өглөө нар мандах үед хонх цохиж цаг зарладаг байсан гэнэ. Мөн нар жаргах үед хонх дуугаргадаг байлаа. Өөр нэг зорилго нь хотод аюул тулгарах үед дохио өгдөг байв.
Хонхтой цамхагийн өндөр нь 36 метр. Цамхаг нь 8.6 метр өндөр чулуун суурин дээр байрладаг бөгөөд цэнхэр өнгийн тоосгоор гадна талыг нь бүрхжээ. Цамхагийг модоор барьсан бөгөөд нэг ч хадаас оролцуулаагүй. Бүх модон хэсгүүд нь өөр хоорондоо углуургадаж тогтдог байна. Анх цамхагийн баруун хойд хэсэгт нь Жингюн гэж нэрлэсэн асар том хүрэл хонх байжээ. Анх байрлуулсан түүхэн хонхыг нь музейн үзмэр болгож хадгалж байгаа бөгөөд оронд нь хуулбарлаж хийсэн хонх байрлуулсан байна. Мөн "Хонхтой цамхаг"-ийн түүхийг харуулсан үзмэртэй жижиг музей ажилладаг юм байна. Гэхдээ би энэ музей рүү орж үзсэнгүй. Шөнө болох үед гэрэлтүүлэг асаж "Хонхтой цамхаг" илүү үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Дараа нь Сиань хотын гей клуб орлоо. NINO гэж нэртэй энэ клуб-д ороод шөнийн 3 цаг хүртэл шар айраг сууж, Сиань хотын гей залуус бүжиглэхийг ажиглаж нүдээ баясгав.
Ингээд шөнийн 4 цагийн үед зочид буудалд ирж унтлаа. Сиань хотод ирсэн эхний өдөр адал явдал дүүрэн байлаа.
No comments:
Post a Comment