Шинэ өглөө. Ташкентад ирээд 4 дэх өдрөө боллоо. Узбекистан улсын нийслэл Ташкент хотод манай Монгол Улсын Элчин Сайдын Яам нээгдээд удаагүй юм билээ. Энэ хувийн айлын орон сууц шиг харагдсан байшин. Гэхдээ эргэн тойронд нь хэд хэдэн гадаадын орны элчин сайдын яам байрладаг юм байна. Монголын ЭСЯ-ны хажууд нь Хятад, болон Арабын нэг улсын (ямар ямар улсын ЭСЯ байсныг нь одоо мартжээ.) Элчин Сайдын Яам байсан.
Ташкент дахь манай Монголын ЭСЯ өнгөлөг харагдаж байна лээ.
2025 онд Узбекистаны Ерөнхийлөгч нь Монгол Улсад айлчилж байсан. Ер нь Монгол Узбекистаны харилцаа өндөр түвшинд байгаа гэж бодож байна.
Монголын ЭСЯ-ны хажуугаар өнгөрөөд хэсэг алхаж яваад өлсөж байгаагаа мэдрэв. Ийм жижигхэн хоолны газар орлоо. Өмнөх өдрүүдэд плов зөндөө идсэн тул энэ удаа "лагман" гэдэг хоол сонгов. Манайхаар бол цуйвантай төстэй.
Өдрийн хоолны дараа Ташкент хот дахь "Mini Seoul" гэдэг гудамжинд очиж үзлээ. Солонгос хэв маягийг дуурайсан байшинг голын хоёр эрэг дээр барьжээ. Дотор нь төрөл бүрийн хоолны газар, жижиг дэлгүүр, кафе байсан. Аятайхан газар юм билээ. Солонгосын хөрөнгө оруулалттай байж магадгүй гэж бодсон.
Солонгосчуудаас гадна энд Хятадууд ч бизнесээ эхлүүлжээ. Жишээ нь Buble Tea зардаг жижиг кафе байна лээ.
Бас "Chaomi" гэдэг хятад цайны газар
Mini Seoul гудамжыг орхиж дараагийн газар руу зүглэв. Энэ бол Ташкент хотын орчин үеийн худалдааны төв
Зочид буудал гаднаасаа ингэж харагддаг.
Миний байрласан өрөө нэг иймэрхүү. Ганцаараа яваа хэрнээ хоёр ортой өрөө захиалчихжээ.
Зочид буудлын доод давхарт лобби хэсгийг нь ийм шигтгэмэл (мозаик) зураг байв. Энэ зурагт Узбекистаны эртний нийслэл Самарканд хотын гол бэлгэдэг барилга дүрслэгджээ.
Зочид буудал дотроо ийм жижиг цэцэрлэгт хүрээлэнтэй. Дунд нь суугаад хооллож болох тавцан, ширээ сандалтай.
Энэ зочид буудалд 4 шөнө 5 өдөр хонохдоо би 62 USD төлсөн. Зочид буудал хямд санагдав. Ер нь Узбекистанд бараа бүтээгдэхүүний үнэ ханш тийм ч өндөр үнэтэй биш. Ер нь "өртөг хямдхан" улсын тоонд орно. Одоо Узбекистанд аялсан тэмдэглэлээ яагаад "Торгоны замд" гэж тодотгосон учраа хэлье. Эрт дээр үед өнөөгийн Хятадын Сиань хотоос эхлэлтэй баруун тийш чиглэсэн том худалдааны зам байжээ. Хятадаас цай, цаас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, даавуу, торго ачсан тэмээн жинчид зөөдөг байв. Хятадын Сиань хотоос гарсан жинчид өнөөгийн Казахстан, Узбекистан, Иран улсын нутгаар дамжин явсаар хамгийн сүүлийн цэг нь эртний Ром хот байжээ. Мэдээж энэ чиглэл нь дундаасаа олон салаалж, нэр нь дурдагдаагүй өөр хотод ч хүрч байжээ. Ийм учраас би Узбекистанд хийсэн аяллаа ингэж тодотгосон юм.
Зочид буудалдаа амраад маргааш нь үдийн 11:00 цаг хүртэл унтав. Шүршүүрт орж, ачаа тээшээ цэгцлээд 12:00 цагт зочид буудлаас гарлаа. Узбек найз маань машинтайгаа ирэв. Замдаа хоол идээд, намайг онгоцны буудал руу хүргэж өгөв.
Ташкентын онгоцны буудлын ойролцоо ийм томоор төрийн далбаагаа мандуулсан байсан. Манай Улаанбаатар хотын төв цэцэрлэгт хүрээлэнд ч бас төрийн далбаа мандуулсантай ижил төстэй санагдав. Ингээд Дундад Азийн Узбекистан улсын нийслэлд хийсэн аялал маань дууслаа. Би эндээс Хятадын Сиань хот руу ниснэ. Эртний түүх, соёлтой, хэдхэн зууны өмнө манай Монголын эзэнт гүрний нэг хэсэг нь болж байсан энэ газар ирээд буцах нь миний хувьд сайхан л байлаа. Узбекистаны хувьд LGBT хүмүүс нэлээн хаагдмал юм байна лээ. Хэрвээ LGBT харилцаа үүсгэсэн гэдгийг нь хөндлөнгийн гэрч нотлох юм бол 3 жил хүртэлх хугацаатай шоронд хорих ял оноодог хуультай юм байна. Гэхдээ нутгийн хүмүүс нь яаж ийгээд хоорондоо учраа олдог л байлгүй. Казахстаны нэгэн адил Hornet APP ашиглах нь түгээмэл юм байна лээ. Hornet асаагаад харахад энэ нутгийн манай ангийнхан байсан шүү. Хууль чанга, мусульман шашинтай энэ улсад би элдэв юм хайсангүй ээ. Жинхэнэ жуулчин гэдэг статусаар 4 шөнө 5 өдөр болсон доо. Узбекистанд байхдаа интернэтийн сүлжээний асуудлаа хэрхэн шийдсэн бэ? гэдгээ бичихээ мартсан байна. trip.com сайтаас eSIM худалдан авч ашигласан.
Узбекистан улсад Зөвлөлт нийгмийн үед ирж суурьшуулсан солонгос үндэстэн олон байдаг гэж мэдээлэл уншиж байв. Гэвч би Ташкент хотод байх хугацаандаа солонгос төрхтэй хүн олж хараагүй.
Ташкентын нисэх онгоцны буудал дээр ирээд Хятадын Сиань хот руу нислэгтээ бүртгүүлэх үед бүртгэгч нь над дээр жаахан удав. Монгол Улсын иргэн БНХАУ руу визгүй зорчдог эсэхийг шалгаж байна гэж надад тайлбарласан. Өөр хүн рүү утасдаж хариу өгөхийг нь хүлээв. Ингээд зөв мэдээллийг нь хэлж өгсөн бололтой. Миний ачааг авч, онгоцонд суух boarding pass өгөв. Хятадын иргэний агаарын тээврийн China Eastern Airlines компанийн онгоцоор Сиань руу нислээ. Ташкент хотын цагаар16:00 цагт хөөрсөн онгоц Сиань хотын хотын цагаар 00:05 минутад газардав. Ташкент болон Сиань хотууд нь хоорондоо 3 цагийн зөрүүтэй. Ташкент хотод 16:00 цаг болж байхад Сианьд 19:00 цаг болж байлаа. Ташкентаас Сиань руу 5 цаг нисдэг юм байна. Ингээд дараагийн тэмдэглэлдээ Хятадын Сиань хотын тухай цувралаар бичнэ ээ.






















No comments:
Post a Comment