Өглөө узбек найз маань зочид буудлын гадаа машинтайгаа ирэв. Намайг дагуулаад Ташкентын нэгэн их сургуулийн хотхоныг үзүүлэв.
Дараа нь узбек найз маань албан ажилтай тул намайг түр орхив. Энэ хооронд би ойролцоох кафед орж өглөөний цай уув. "Молоко" гэж нэртэй энэ жижиг кафед кофе нь амттай, бас гоё салат, хөнгө зууш зарж байна лээ.
Албан ажлаа дуусгаад узбек найз маань намайг машинаараа Амир Тимурын музей рүү хүргэж өгөв. Тэр музей хамт үзээгүй. Үдээс хойш дахиад ажилтай тул намайг орхив. Ингээд үзэж чадаагүй байсан музей рүү орлоо. Тасалбарын үнэ 4000 узбек сом.
Энэ музейк гадаадын олон орноос бэлэглэсэн дурсгалын зүйлс байсан. Манай Монгол Улсаас энэ музейд морь, ном бэлэглэжээ. Одоо Ташкент хотод музейн үзмэр нь болоод хүндтэй байр эзэлсэн байна лээ.
Амир Тимурын музейд цаг орчим болов. Ингээд сэтгэл хангалуун гэгч нь музейгээс гарч метронд суув.
Ташкент хотын метрогоор зорчих тасалбар нь хоёр янз. Байнга оршин суудаг хүн тээврийн хэрэгслийн АTTO гэдэг карт ашиглаад 1 удаа зорчихдоо 1700 узбек сом төлнө. Харин ийм картгүй хүмүүс нэг удаа зорчихдоо 3000 узбек сом төлж QR кодтой тасалбар худалдаж авна.
Ташкент хотын метроны өртөө нь хэв шинжийн хувьд Зөвлөлт Оросынхтой ижилхэн боловч дотоод засал нь узбекийн үндэсний хэв шинжийг илтгэсэн нь их өвөрмөц байлаа.
Метронд суугаад Ташкент хотын хамгийн том зах руу явлаа. "Чорсу" гэдэг энэ зах адилхан нэртэй метроны өртөөний хажууд байдаг юм байна. Энэ захын барилга нь циркийг санагдуулахаар юм билээ.
Захын дотор янз бүрийн хатаасан жимс, хоол амтлагч, гурил будаа, мах, сүүн бүтээгдэхүүн гээд өргөн хэрэглээний хүнс зарж байна лээ. Лангууны хажуугаар нь өнгөрөх үед худалдагч нар зарж байгаа бараагаа зарж хоргооно.
Захын гадна нь ахуйн бараа, үндэсний хувцас зарж байсан.
"Чорсу" захаас худалдаж авах зүйл надад огт байхгүй. Очсон газрынхаа зах, худалдааны төвөөр нь орж үзэх нь миний хувьд аяллын үеийн заншил болсон зүйл. Дараа нь метронд суугаад Ташкент хотын төв орлоо. Метроноос гараад хотын төвийн гудамжаар нь алхав.
Ингээд алхаж явсаар зочид буудалдаа ирлээ. Өглөө их сургуулийн хотхон, өдөр нь музей, орой нь худалдаан төв зах гээд гурван өөр өнгө төрх мэдэрсэн өдөр байлаа.





















No comments:
Post a Comment