2025 оны 8 дугаар сарын 11. Астана хотын нисэх онгоцны буудалд 15:00 цагийн үед ирэв. Астана хотоос Узбекистан улсын нийслэл Ташкент хот руу нисэх онгоцдоо бүртгүүлж, ачаа тээшээ өгөв. Энэ удаа Uzbekistan airways компанийн компанийн ниснэ. Өмнө нь Астана хотоос Ташкент руу нисэх онгоцны тасалбар 114 доллар 10 цент. Энэ үед долларын ханш 3500 төгрөг байсан гээд тооцвол 399350 төгрөг гэсэн үг. Астана хотын нисэх онгоцны буудалд байхдаа Японы хоёр жулчинтай танилцав. Тэд бас Ташкент руу явж байгаа юм байна. Оройны 18:00 цагт онгоц Астана хотын нисэх онгоцны буудлаас хөөрч өмнө зүгийг чиглэж нисэв.
Энэ зуны аялалд гарахын өмнө Узбекистаны иргэний агаарын тээврийн Uzbekistan airways компанийн тухай мэдээ Youtube-р үзэж байсан юм. Тус компани төв Азийн орнуудын иргэний агаарын тээврийн компаниудаас хамгийн сайн үйлчилгээтэй, авиа парк нь шинэ онгоцтой гэсэн ойлголт авсан юм. Астана хотоос Ташкент руу 2 цаг ниснэ. Гэхдээ бүхээгийн үйлчилгээ нь миний хүлээлтэд хүрээгүй ээ.
Uzbekistan airways компанийн ашиглаж байгаа энэ Airbus A320 загварын онгоц нь мультимедиа системгүй юм байна. Монголоос авч гарсан планшетад суулгасан киногоо үзсэн тулдаа нислэгийн турш уйдсангүй.
Оройны 20:30 орчимд Ташкент хотын нисэх онгоцны буудалд газардав. Онгоц газардахаас өмнө Ташкент хотын зургийг дарлаа. Астана хотод цаг агаар +20 хэмийн дулаан байсан бол Ташкент хотод +35 хэмийн халуун байв.
Ташкентын нисэх онгоцны буудал нь тийм ч том биш юм. Онгоцноос буугаад паспортоо шалгуулах гэж нэлээн удав. Олон онгоц зэрэг ирсэн бололтой. Дараа нь ачаагаа авах гэж бас удав. Ташкент хотын нисэх онгоцны буудалд намайг узбек найз маань тосов. Узбекистаны нислэл Ташкент хот түгжрэл ихтэй юмаа. Онгоцны буудал нь бараг хотынхоо төвд гэж узбек найз маань надад тайлбарлав. 2009-2013 онд Оросын Москва хотод их сургуульд аспирантурт сурч байхдаа танилцаж байсан узбек найзтайгаа ийнхүү уулзав. Бид 2013 онд хамгийн сүүлд уулзаж байсан юм. Ийнхүү 12 жилийн дараа Ташкент хотод уулзаж байгаа нь энэ. Хотын төвд "Бухара" гэдэг ресторанд бид оройн хоол идэв. Бухара гэдэг бол Узбекистаны эртний түүхэн хотын нэр.
Узбекистан улсад монголчууд очих нь ховор байх. Гэхдээ түүхийн хувьд монгол ба узбекууд эртнээс харилцаа холбоотой байсан юм билээ. Узбекистан гэдэг нь узбекүүдийн улс гэсэн утгатай үг. Узбек гэдэг үг ямар утга илэрхийлдэг вэ? гэдэг асуудал одоо ч маргаан дагуулдаг юм байна. XII зууны арабын эх сурвалжуудад "узбек" гэдэг үг бичигдэж үлджээ. Оросын эрдэмтэн Георгий Вернадский "узбек" гэдэг нь "эрх чөлөөт хүн", "өөртөө эзэн хүн" гэсэн утгатай гэж тайлбарладаг. Георгий Вернадский "Монголчууд ба Оросууд" бүтээлдээ энэ үзэл санааг бичсэн байдаг. Өнөөгийн узбекчүүдийн өвөг дээдэс нь согд, хорезм, бактрийц, сакс-массагетийн аймгууд аж. Узбек гэдэг нэршил XV-XVI зууны үеэс өргөн хэрэглэгдэх болжээ. Өнөөгийн Узбекистан улсын газар нутаг дээр төрт улс байгуулагдсан тухай түүхэн баримт манай тооллоос өмнөх XVIII-XVII зуунд хамаардаг бөгөөд Хорезм, Согд, Бактри гэдэг улсыг нэрлэж болно. Өнөөгийн Узбекистан нутагт хамгийн эртний хот суурин олон. Самарканд хотын түүх манай тооллоос өмнө 742 онд эхэлдэг бол, Шахисабз хотын түүх манай тооллын өмнөх VII зуунаас, Хива хот манай тооллоос өмнөх VI зуунаас, Бухара хотын түүх манай тооллоос өмнө IV зуунаас эхэлдэг. Өнөөгийн Узбекистаны нийслэл Ташкент хотын түүх манай тооллоос өмнө II зуунаас эхэлдэг байна. Манай тооллын 329 онд эртний Македоны хаан Александр Согд, Бактри улс руу довтолж байв.
Манай тооллын IV зуунаас Хорезмын хаант улс цэцэглэн хөгжиж байсан үе. Өнөөгийн Узбекистаны газар нутгийн зарим хэсэг нь манай тооллыг VI зуунд Согд улсын эзэмшилд нь байв. 603-658 онд баруун түрэгийн хаант улсын бүрэлдэхүүнд багтаж байлаа. Дараа нь арабуудын мэдэлд орсон байна. IX зууны дунд үеэс өнөөгийн узбекистаны газар нутагт Саманидын угсаатнуудын байгуулсан хаант улс оршин тогтнож байжээ. XII зууны сүүлээс XIII зууны эхэн үед энэ газар Хорезмын хаант улс оршин тогтнож, Төв Азийн хүчирхэг орон болжээ. Дараа нь монголчууд Төв Ази, Дунда Ази руу довтолж ирэв. Чингис хаанаас удирдуулсан монголын цэргүүд Каракиданий вант улсыг эзэлж, улмаар 219 он гэхэд өнөөгийн Узбекистаны бүх газрыг мэдэлдээ хяналтдаа оруулжээ. 1220 оны гуравдугаар сард монголчууд Бухара хотыг эзлэв. 1221 онд монголын 50 мянган цэрэг Хорезмын хаант улсын нийслэл Кёнеургенч хотыг 7 сарын турш бүсэлж байгаад буулгаж авсан байна. Чингис хааныг нас барсны дараа өнөөгийн Узбекистан улсын газар нутагт нь Зүчийн болон Цагаадайн улсын мэдэлд оржээ. XIV зуунд монголын Барлас овгийн удмын Амир Тимур (1336-1405 он) өнөөгийн Узбекистаныг захирч байв. Тэр түүхэнд Тамерлан гэдэг нэрээр алдаршсан билээ. Тамерлан аян дайн хийж Перс, бага Ази, Хойд Энэтхэг, Ар Кавказ хүртэл өргөн уудам газрын мэдэлдээ оруулжээ. Тамерлан хааны улсын нийслэл нь Самарканд хот байв. Тамерлан хааны үед одон орон, математикийн шинжлэх ухаан цэцэглэх хөгжсөн байна. 1499 онд Дешт и Кипчакийн тал нутгаас Шейбани ханы цэргүүд Самарканд хот руу халджээ. Ийнхүү Бухарын хаант улсын үе эхэлсэн байна. Бухарын хаант улсын албан ёсны хэл нь турк хэл байв. Бухарын хаант улсаас гадна Хива хаант улс өнөөгийн Узбекистаны нутагт оршин тогтнож байв. Хивагийн хаант улсынхан өөрсдийгөө Хорезмийн хаант улсын үргэлжлэл нь гэж зарлаж байв. Бухарын хаант улс илүү давамгай байр суурьтай байж, 1920 онд хүртэл оршин тогтножээ. ХХ зууны эхэн үеэс Төв Ази, Дундад Ази, Кавкавын бүс нутаг Орос улсын хяналтад бүрэн ороод байв. 1924 оны эхээр Бухарын Зөвлөлт бүгд найрамдах улс, Туркестаны Зөвлөлт бүгд найрамдах улс, Хорезмын Зөвлөлт бүгд найрамдах улс гэсэн хэдэн засаг захиргаа байгуулагджээ. Дараа нь 1924 оны 10 дугаар сарын 27-нд Узбекийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. Анх нийслэл нь Самарканд хот байсан бөгөөд 1930 оны 8 дугаар сарын 17-нд Ташкент хотыг нийслэл нь гэж зарласан байна. 1991 оны 9 дүгээр сарын 1-нд Узбекистан улс тусгаар тогтнолоо тунхагласан байна. Ийнхүү Зөвлөлт Холбоот Орос Улсын бүрэлдэхүүнээс гарчээ. Одоо Узбекистан улс 37 сая хүн амтай. 448.924 кв/км газар нутагтай. 2025 оны байдлаар газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 58 дугаарт ордог байна. Узбекистаны мөнгөн тэмдэгтийг СОМ гэж нэрлэдэг. Цаг агаар, уур амьсгалын хувьд: эх газрын эрс тэс халуун уур амьсгалтай. Зуны улиралд +45 хэмийн халуун болдог бол өвөлдөө +4 хэм хүрнэ. Узбекистан улсад хөвөн ургуулахад маш тохиромжтой. Дэлхийд хөвөнгийн тариалалтаар дээгүүр байр эзэлдэг. Хөвөн боловсруулах, хөвөн даавуу хийдэг уламжлалаараа алдартай.
Зочид буудалдаа ирээд шууд унтлаа. Ташкент хотын тухай аяллын тэмдэглэлээ дараа үргэлжлүүлье.








No comments:
Post a Comment