Амьдралын тойрог

2025-12-30

Узбекистан торгоны замд: 2 дугаар хэсэг. Нарлаг Ташкент хот

Өглөө сэрээд зочид буудлын ойролцоох банк руу явлаа. 2025 оны 8 дугаар сарын 12-нд  өглөөний 10 цагт Узбекистан улсад валютын ханш ийм байв. АНУ-ын 1 доллар  Узбекистаны 12650 сом.  Өмнө нь Узбекистанд валютын арилжаа хийхийн тулд нэлээн хүндрэл чирэгдэлтэй байжээ. Узбекистаны шинэ одоогийн ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев улс орондоо хэд хэдэн шинэчлэл эхлүүлж бодит өөрчлөлт харагдах болсон байна. Жишээ нь 2017 оноос гадаад, дотоодын ямар ч иргэн Узбекистаны аль нэгэн банканд очоод гадаад валют солиулж болохыг зөвшөөрчээ. Өмнө нь ингэх боломжгүй байж. Би банканд очоод мөнгө солиулах үед надаас паспортоо үзүүл гэж хүссэнгүй.


Би ердөө 100 USD солиулав. Ингээд  түрүүвчиндээ 1.265.000 узбек сомтой боллоо. 


Дараа нь Coffee Shop  орж өглөөний цай уув. 1 аяга Latte 28000 узбек сом. Энэ нь ойролцоогоор  АНУ-ын 2 доллар 32 цент буюу монголын 8265 төгрөг гэсэн үг. 



Дараа нь Ташкент хотын төв рүү алхав. Гадаа +33 хэмийн халуун.


Узбекистан улсын хүн нь  37 сая. Нийслэл Ташкент хотод ойролцоогоор 3 сая хүн оршин суудаг байна. Ташкент хотод  1968 оноос метроны сүлжээ байгуулах төсөл эхэлжээ. 1977 онд Ташкент хотын метро нээлтээ хийж, зорчигч тээвэрлэж эхэлжээ. Одоо Ташкент хотын метро нь 4 чиглэлтэй, нийт 50 өртөөтэй юм байна.  Эдгээрээс 31 өртөө нь газар доор, 15 өртөө нь газраас өргөгдсөн гүүрэн байгууламж дээр, 4 өртөө нь газрын гадаргуутай ижил түвшинд юм байна. Метроны сүлжээний нийт урт нь 70 км. Ташкентын метрог байгуулахдаа газар доорх хонгилоо тийш ч гүнзгий ухаагүй юм байна.   1966 онд Ташкент хотод 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хотод үлэмж хохирол учруулж байв. Иймд сетро барихдаа газар хөдлөлтийн эрсдийг нэлээн бодолцож, гүнзгий хонгил барихаас татгалзсан юм байна. 

2001 онд Ташкентын метроны 3 дугаар чиглэл нь нээгдсэн бол 2020 онд 4 дүгээр чиглэлийн эхний ээлжийн метроны өртөөнүүд ажиллаж эхэлжээ.  Ташкент хотод метроны бүтээн байгуулалт 1967 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэсэн үг.  Метроны өртөөнүүдийн ихэнх хэсэг нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байх үед баригдсан тул архитектурын шийдэл нь Оросынхтой яг ижил юм билээ. 
Ташкент хотын барилга байгууламжуудын ихэнх нь Зөвлөлтийн үеийн хэв загвартай. Гэхдээ хотын төвөөр иймэрхүү тэнгэр баганадсан байшингууд сүндэрлүүлжээ.


Орон сууцны хороолол, хотын төвөөр түгжрэлтэй. Гэхдээ Улаанбаатар хот шиг тэг зогсолт арай ч болохгүй юм билээ.  Машин, нийтийн тээврийн автобус ар араасаа цуварч зогсож байгаа дүр зураг би олж хараагүй.




Орчин үеийн Узбекистанд хамгийн алдартай түүхэн хүн бол Амир Тимур хаан юм. Түүхэнд Тамерлан гэдэг нэрээр алдаршсан. Монголчууд энэ хааныг Доголон Төмөр хаан гэж нэрлэдэг. Түүхэн эх сурвалжид 1336 оны 4 дүгээр сарын 9-нд өнөөгийн Узбекистаны Самарканд хотоос холгүй байдаг Кеше гэдэг газар Амир Тимур төрсөн гэж бичжээ. Монгол гарал угсаатай бөгөөд ургын овог нь Барлас. Зарим эх сурвалжид Барулас гэж бичсэн байна.

Амир Тимурын өвөг дээдэс нь Чингис хааны хоёр дахь хүү Цагаадайн цэргүүдтэй хамт Дундад Азид анх ирж байжээ. 1206 онд нэгдсэн Монгол Улсыг байгуулж, их хуралдай чуулах үед Чингис хаан өөрийн дөрвөн дүү, мөн дөрвөн хүүдээ албат өрх, тэднийг захирах мянгатын ноёдыг тодлон заахад Цагадайд найман мянган иргэнийг өгч, Барласын Харачар, Жалайрын Хөхөчос, Есөн ноёны хөвгүүн Мөнх, Идухадай гэх дөрвөн ноёныг өгчээ. 

Өөрөөр хэлбэл, Амир Тимурын өвөг дээдэс нь Цагаадайн гол шадар туслах, цэргийн жанжин нь байж. Барлас ургийн овгийнхон 1269 оноос Мавернахр гэдэг газар орд өргөөгөө нүүлгэжээ. Энэ үеэс тэд мусульман шашинтан болж, улмаар Түркийн соёл иргэншлийн нөлөөнд автах болсон байна. Чингис хаан амьд ахуй үедээ дөрвөн хүүдээ (Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй) газар нутгаа хувааж өгсөн. Цагаадайн эзэмшил нь өнөөгийн Төв Ази, тэр дундаа өнөөгийн Узбекистаны газар нутгийн дийлэнх хэсэг нь хамаарч байжээ. Барлас ургийн овогт Харачар нь Цагаадайг улс орондоо эзгүй байх үед төрийн хэргийг түр хамаарч шийдвэр гаргадаг байснаас үзэхэд нөлөө бүхий төрийн зүтгэлтэн байжээ гэж дүгнэж болох юм. Харачар ноёноос хойш Амир Тимур мэндлэх хүртэл 110 гаруй жилийн дотор Барлас ургийнханыг  Ижил, Айлангир, Бургул, Тарагай нарын ноёд угсаа залгамжилж байжээ.  Тарагай ноёны хүү нь Амир Тимур юм. 1347 онд Цагаадайн хаант улс задарч Моголистан, Мавернахр гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байна.
Амир Тимурын бүтэн нэр нь Тимур ибн Тарагай Барлас. Амир Тимур багаасаа цэргийн эрдэмд шамдан суралцжээ. 1370 онд Мавернахрт өрнөсөн улс төрийн ширүүн тэмцлийн эцэст Амир Тимур ялалт байгуулж "Их хаан" гэж өргөмжлөгджээ.  Самарканд хотыг нийслэл болгов. Амир Тимур нь хөлний гэмтэлтэй байсан тул түүхэнд  "Доголон Төмөр" гэж тэмдэглэгдэж үлдсэн байна. Амир Тимур нь 1371 оноос 1380 оны хооронд нийт 9 удаа аян дайнд мордож, өнөөгийн Узбекистаны нутаг дэвсгэрийг бүхэлд нь, дараа нь  өнөөгийн Афганистан, Энэтхэгийн хойд хэсэг, Сири, Гүржийн нутгий эзэмшилдээ оруулжээ. Мөн монголчуудын үүсгэн байгуулсан Алтан Ордын улстай ч зөрчилдөж дайтаж байжээ. Египет, Византын хаадууд Амир Тимурт тал засаж, их хэмжээний бэлэг өргөн барьдаг байжээ. Хятадын Мин улс Амир Тимурт илгээсэн захидалдаа дагаар орохыг шаардсан байв. Энэ нь Амир Тимур хааны хилэнг бадрааж, 1405 онд Хятадтай дайтахаар зүүн тийш цэрэглэн хөдлөх замдаа өвчний улмаас нас баржээ.  Амир Тимур хааны бунхан нь одоо Узбекистаны Самарканд хотод байдаг. Зөвлөлтийн удирдагч Сталины тушаалаар 1941 оны 6-р сарын 19-нд Зөвлөлтийн алдарт хүн судлаач Михаил Герасимов тэргүүтэй эрдэмтэд Самаркандад байрлах түүний бунхныг нээж, судалжээ. Төмөр хааны цогцсыг судлаад 173 см нуруутай, өргөн мөртэй хүн байсныг тогтоожээ. Түүнийг амьд ахуй үед 173 см нь өндөрт ордог байсан байна. Мөн шинжилгээгээр баруун гарандаа олон тооны шархтай байсныг илрүүлсэн бөгөөд баруун өвдөг нь бяцарсан байдалтай байсан байна. Энэ нь түүнийг доголоход хүргэж, "Доголон" Төмөр нэртэй болоход нь нөлөөлсөн болов уу гэж эрдэмтэд үзэв. Хүн судлаач М.М.Герасимов түүний төрхийг судлан Монголоид голдуу, Кавказоид холилдсон төрхтэй байсныг тогтоож, эш дүрийг нь хийсэн байна. Төмөр хааны бунхан "Намайг мөнхийн нойрноос сэрэхэд дэлхий чичирнэ" гэсэн бичигтэй байсан гэдэг. Энэхүү бичээсүүдийг үл тоон Герасимовын багийнхан судалгаагаа эхэлсэн байна. Зарим хүмүүсийн яриагаар энэ хараал биелж, судалгаа эхэлснээс гурав хоногийн дараа Нацист Германы арми Барбарос төлөвлөгөөгөөр ЗХУ руу дайрсан гэдэг. 1942 оны 11-р сард Төмөр хааны шарилыг Исламын шашны ёсоор дахин оршуулснаар Улаан Арми Сталинградад ялалт байгуулж чадсан гэж үздэг. Амир Тимур хаан 10 хатантай байжээ. Тэднээс албан ёсоор 5 хүү, 4 охин төрсөн гэдэг. Амир Тимур хааныг төр барьж байх үед Мавернахрт шинжлэх ухаан, урлаг, утга зохиол цэцэглэн хөгжиж байжээ.  Ийнхүү монгол угсааны Дундад Азийг захирч байсан хүчирхэг хааны тухай өгүүлэхэд ийм байна.  Энэ ногоон дээвэртэй байшин бол Узбекистан төдийгүй Дундад Азийн бүс нутагт алдартай Амир Тимур хааны музей. 


Энэ музейг үзэх гээд очсон чинь 14:00 цаг хүртэл ажиллахгүй гэж байв. Шалтгаан нь ямар сантехникийн асуудал гарч, хоёрдугаар давхарт нь ус алдсан юм байх. Надаас гадна хэд хэдэн жуулчид музейн гадаа тааралдав. 


Ингээд музей рүү орох төлөвлөгөө бүтэлгүйтсэн тул өөр газар руу явах хэрэгтэй болов. Музейгээс холгүй цэцэрлэгт хүрээлэн байхаар нь орлоо.  Цэцэрлэгт хүрээлэнгийн төвд нь Амир Тимур хааны морьт хөшөөг байрлуулжээ.

                                                
Энэ цэцэрлэгт хүрээлэнд "туулайн бөөр" хэмээх мод хаа сайгүй ургажээ. Амьдралдаа анх удаа л ийм мод харлаа. Орос хэлээр каштан, англи хэлээр chestnut гэдэг юм байна.  Би ургамлын тухай мэдлэг тааруу хүн. Анх хараад жимс юм байна гэж бодлоо. Дараа нь узбек найзтайгаа уулзахдаа "Танай хотын төвд жимс ургадаг юм байна. Үүнийг хардаа" гээд доорх зургийг үзүүлэв. Гэтэл найз маань намайг шоолонгуй харцаар харж "Энэ жимс биш ээ. Идэж болохгүй" гэсэн юм. Гэхдээ хайлтын Google систем, мөн Gemini хиймэл оюун ухаанаас асуухад самарны төрөлд хамаарах ургамал бөгөөд үрийг нь эм тан хийхэд ашигладагаас гадна бас гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд хэрэглэдэг гэсэн байлаа. 

        

Ташкент хотын бэлгэдэл болсон "Узбекистан" зочид буудал. Энэ зочид буудлын нүүрэн тал нь узбекийн үндэсний хивсний хээ угалзаас санаа авсан юм байна. 1974 онд энэ зочид буудлын барилга ашиглалтад оржээ. Зочид буудлын барилга нь дэлгээстэй байгаа ном шиг хэлбэртэй.  Барилгын архитектур нь "Зөвлөлтийн брутализм" гэдэг урсгалын гол төлөөлөл юм байна. 1974 онд энэ зочид буудал ашиглалтад орохдоо  Төв Азийн бүс нутагтаа хамгийн шилдэг тохижилттой, үйлчилгээ сайтай гэсэн үнэлэлт авч байжээ.  Зөвлөлтийн үед "Узбекистан" зочид буудалд Оросын тагнуулын байгууллагын (КГБ - Комитет Государственной Безопасности СССР) хэлтэс байрлаж, зочдын өрөөнд сонсох төхөөрөмж суурилуулж байсан гэх домог яриа байдаг юм байна. Энэ яриаг ил тод нотлох хүн байдаггүй боловч, бас үгүйсгэсэн албан ёсны няцаалт ч байхгүй. Ийм ам дамжсан яриа өнөөг хүртэл байдаг гэх юм билээ.


Хотын төвийн энэ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, явахдаа Узбекистаны телевизийнхэнтэй тааралдав. Тэд жуулчдаас яриа авч, нэвтрүүлэг бэлтгэж байгаа юм сан. Надаас ярилцлага авч болох уу? гэхээр нь зөвшөөрлөө. TVDUNYO гэдэг энэ телевизийн сувгаар намайг үзүүлсэн байх оо. 


Хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнгээс зугаалаад "Узбекистан" зочид буудлын гадаа зарж байгаа жимсний ундаанаас авч уулаа. Дээр үед Орос, Монгол гэх зэрэг улсад ийм  зөөврийн поошигтой квас зардаг байсан даа.  



Дараа нь Узбекистаны Политехникийн музей рүү явлаа. Хоёр давхар барилгад байрладаг энэ музейн үзмэр нь жаахан ядруухан юм. 


Ташкентын политехникийн музейн хамгийн гол бахархал болсон үзмэр нь машины үзэсгэлэн байлаа. Энд Зөвлөлтийн үед ашиглаглаж байсан ретро машинуудыг байрлуулжээ.  Бас Узбекистан улсад үйлдвэрлэж байгаа Chevrolet машины тухай тусгай хэсэг анхаарал татав. 


Узбекистан улсын  "UzAuto Motors" компани 1993 онд байгуулагдсан бөгөөд 2008 оноос тусгай зөвшөөрлөөр Chevrolet загварын машиныг үйлдвэрлэж эхэлжээ. Одоо Узбекистаны хаа сайгүй Chevrolet загварын машинуудыг харж болно. Узбекистан төдийгүй Дундаж Азийн орнуудыг машинаар хангаж байгаа гол газар нь Узбекистан улс юм байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, гадаадаас өөр загварын машин оруулахыг татварын бодлогоор хязгаарладаг юм байна. 


Узбекистан улсад хүмүүс хар эсвэл цагаан өнгийн машин унадаг. Өөр өнгийн машин бараг үзэгдэхгүй юм. Ийх саарал өнгийн машин ч ховор. 


Политехникийн музейгээс гараад дараа нь Узбекистан улсын төв музей рүү алхав. Гэтэл хоосон хаалга мөргөв. Музей их засварт оржээ. Ингээд өнөөдөр 3 музейд очсон боловч ганцыг л үзлээ.  Узбекистаны төв музей нь Ерөнхийлөгчийн өргөө, Засгийн Газрын ордонтойгоо ойрхон юм байна.  
Гадаа цаг агаар +36  хэмийн халуун.  Хурц нартай ийм үед алхана гэдэг бас л тэвчээр шаардана. Гэхдээ өөрөө дурлаж яваа учраас огт хэцүү санагдсангүй ээ.

Узбекистаны Засгийн Газрын Ордон нь гаднаа өндөр хана хэрэмтэй бөгөөд том усан оргилууртай юм байна.


Узбекистаны төв талбайгаар нь алхав. Тус улсын нийслэл хотын төв талбайг Мустакиллик майдони гэж нэрлэдэг. Монголоор "Тусгаар тогтнолын талбай" гэсэн утгатай. Талбайн хоймор хэсэгт 16 ширхэг  цагаан өнгийн гантиг өндөр баганатай дааман хаалгатай бөгөөд гол хэсэгт нь эргэлдэж байгаа гурван тогоруу шувууг дүрсэлжээ.  Узбекистан улсад тогоруу шувууг дээдэлдэг аж. 


Дараа нь Узбекистаны төв номын сангийн гадаа нь ирлээ. 


Өглөөнөөс хойш их ч алхав. Олон ч газраар явлаа. Гэдэс өлсөв. Замынх нь эсрэг талд байрладаг ресторанд орж үдийн хоолоо идэхээр болов. Хотын төвд байрлалтай, дажгүй тохижилттой, сайхан цэвэрхэн ресторанд орлоо. Ногооны салат, зутан шөл, черубек (хуушуур), самса, хуймаг,  жимсний ундаа захиалав. 



Өдрийн хоолны төлбөр 217350 узбек сом болов. Энэ нь17 USD гэсэн үг. 


Өдрийн хоолны дараа хүнсний дэлгүүр рүү орж барааны үнэ сонирхов. 1 кг байцаа 8990 сом. Энэ нь АНУ-ын 0.75 цент, монголын 2653 төгрөг гэсэн үг. 





























Дэлгүүр хэсэж дуусаад зочид буудалдаа эргэж ирэв.  Шүршүүрт орж хэсэг амрав. Узбек найз маань холбоо бариад, намайг дагуулж шөнийн Ташкент хотыг үзүүлэхээр боллоо. Хэдэн цагийн дараа өнөөх маань машинтайгаа зочид буудлын гадаа ирлээ. Бид Дундад Азийн пловын төв рүү явлаа. Ташкент хотын телевизийн цамхагтай ойрхон байдаг юм байна. Доорх зурагт Ташкентын телевизийн цамхаг харагдаж байна. Харин энэ наана нь байгаа цагаан өнгийн машин бол манай узбек найзынх. Мэдээж Chevrolet загварын машин




Плов бол Узбекистаны брэнд болсон хоол. Маш олон жороор бэлтгэдэг юм байна. Дундад Азийн пловын төв бол жуулчдад зориулсан газар. Плов хийж байгаа гал тогооны хэсэг рүү нь хүмүүс чөлөөтэй орж болно. Шавар пийшинд асар том тогоонд янз бүрийн плов бэлтгэж байна. Плов хийхдээ маалингын тос ашигладаг юм байна. Үхэр, хонины махтайгаас гадна үзэмтэй плов ч байна лээ. 


Плов их эртний хоол юм байна. Дундад зууны үеийн Перс, Арабын түүхэн эх сурвалжид плов хэмээх энэ хоолны тухай дурдагдсан байна. Эртний Арабын "Мянга нэгэн шөнийн үлгэр"-т пловын тухай өгүүлдэг. Дундад Азийн орнууд пловын өөрийнхөө үндэсний хоол гэж нотлохыг хичээдэг. Иран, Узбекистан, Таджикстан, Киргизстан, Афганистан, Оросын Кавказын жижиг угсаатнууд, Гүрж, Азейрбайжанд пловыг үндэсний хоол гэж үздэг. Гэхдээ газар газрын плов бэлтгэдэг арга нь өөр. Жор нь ч харилцан адилгүй. Гэхдээ узбекистанд пловыг хамгийн амттай хийдэг.  Узбекистан улсын муж, хот болгон плов бэлтгэхдээ тусгай жор бий болгожээ. Самарканд хот, Хива, Ташкентад плов хийдэг арга нь харилцан адилгүй.  Плов бол илчэг ихтэй хоол. Иймд өдрийн цагаар плов идвэл зохистой гэж үздэг юм байна. Гэхдээ би оройн цагаар идчихсэн. 
Оройн хоолны дараа Ташкентын телевизийн цамхаг руу явлаа. Ташкентын телевизийн цамхаг 375 метр өндөр. Хотыг харах тусгай тавцантай. 1978 онд цамхаг угсралтын ажил нь эхэлж, 1985 онд ашиглалтад оржээ. 


Цамхаг нийтдээ 6000 тонн жинтэй. Суурь нь газар доор 11 метрийн гүнд хийгджээ. Эндээс Ташкент хотыг бүхэлд нь харж болно. 


Узбек найзтайгаа хамт Ташкент хотын "Magic City" цэцэрлэгт хүрээлэн рүү явлаа. Энд төрөл бүрийн аттракцион тоглоом, амралтын бүс байгуулжээ. 


Оройны 23 цаг өнгөрсөн хойно Узбек найз маань намайг зочид буудалд буцааж хүргэж өгөв.  Өнөөдөр ч урт өдөр байлаа.

No comments: