Америкийн иргэний агаарын тээврийн Southwest Airlines компанийн онгоцоор Сан Диего хотоос Сакраменто хот руу нислээ. 1971 онд байгуулагдсан, зорчигчдод хямд тасалбар санал болгодог (budjet) юм байна. Ижил зиндааны компаниуд дундаа (хямд үнээр тасалбар боруулдаг) тээвэрлэсэн зорчигчдынхоо тоогоор Southwest Airlines манлайлдаг гэж байна. Компанийн толгой офис нь Даллас хотод байдаг. Зөвхөн BOEING 737 загварын онгоц ашигладаг. 750 ширхэг онгоцтой. Өдөр 4000 гаруй удаагийн нислэг үйлддэг. Америкийн дотоод нислэг үйлддэг учраас нислэг үргэлжилдэг цаг нь урт биш. Иймээс зорчигчдод хоолоор үйлчилдэггүй. Нэмэлтээр хоол захиалж авах боломжтой. Онгоцны бүхээгт 5 кг гар тээштэй орохыг зөвшөөрдөг. Том чемодантай бол нэмэлт мөнгө төлөх шаардлагатай.
Сакраменто хотод газардахын өмнө онгоц тариан талбайн дээгүүр хэдэнтээ эргэлдэж тойрог хийв. Хөдөө газар юм байна даа гэсэн бодол төрлөө. Өндөр том байшин барилга ч харагдсангүй. Сакраменто хотын онгоцны буудалд газардлаа. Шил толь болсон цэвэрхэн саруулхан танхимтай нисэх буудал юм аа. Сакраменто хотын түүхээс нь сонирхуулж товч бичье. Сакраменто хот байгаа энэ газар эрт дээр үед найсенан, мивоки зэрэг овог аймгийнхан аж төрж байжээ. Тэд ан хийх, жимс ногоо түүж амь зогоодог байж. 1799-1808 оны хоорондИспанийн далайчин Габриель Мораго энэ хавийн тал хөндийг идэвхтэй судалж, байгалийн үзэмжийг ихэд биширч "Es como el sagrado sacramento!" гэж уулга алдсан байна. Үүнийг нь орчин цагийн монгол хэлнээ "Энэ чинь ариун дагшин байгалийн хишиг юм даа" гэж утгачилан хөрвүүлж болох юм. Үүнээс улбаалан Сакраменто гэдэг нэр үүссэн байна. Мексик улс эзэмшиж байхдаа энэ газар огт ач холбогдол өгөөгүй бөгөөд онгон зэлүүд шинжээ хадгалж байв. 1839 онд Швейцариас ирсэн цагаач Листаля Жон Саттер өнөөгийн Сакраменто хот байгаа газар жижиг суурин байгуулжээ. Шинэ Гельвец гэж нэрлэсэн аж. Гельвец гэдэг нь өнөөгийн Швейцарийн хуучин нэр. Шинэ Гельвецээс 80 км алсад алтны томоохон бүлэг орд илрүүлсэн байна. Жон Саттерын хүү энэ хавьд алт ухах зорилготой хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг гярхай ажиглаад Шинэ Гельвецээс холгүй газар 1848 онд шинэ суурин байгуулж Сакраменто гэж нэрлэсэн байна. Сакраменто суурин төдөлгүй олны хөлийн газар болж өргөжин тэлжээ. 1849 онд Сакраменто хотын дүрмийг баталж, хотын зөвлөл байгуулагдав. 1850 оны 2 дугаар сарын 27 нд Калифорни мужийн хууль тогтоох хурлаас Сакраменто хотын дүрмийг нь баталжээ. Сакраменто хот 1854 онд Калифорни мужийн төв хот гэсэн статустай болсон байна. 1850-аад оны үед Сакраменто хот хэд хэдэн удаа үерт нэрвэгдэж, булчин задрах тахал өвчний голомт болж байв. Гэхдээ газар ашигтай байрлалынхаа ачаар хот цаг зуурын бэрхшээлийг даван туулж өргөжин хөгжсөн байна. 1860 онд энэ хотод 10000 хүн байнга оршин сууж байжээ. Сакраменто хот нь Американ гол (American River) Сакраменто гол руу цутгадаг уулзвар хэсэг дээр байрладаг. Голоор усан онгоц явах боломжтой бөгөөд 43 миль газар яваад Сан Францискогийн тэнгисийн буланд хүрэх боломжтой. Калифорни муж нь АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь. Тэр дундаа Сакраменто бол газар тариалангийнм гол бүс нутаг. Онгоцны цонхоор харахад эргэн тойрон битүү тариалангийн талбай харагдаж байсан нь ийм учиртай байх. Сакраментогийн онгоцны буудал нь хотын төвөөсөө баруун хойд хэсэгт 16 км зайтай.
Калифорни мужийн засаг захиргааны ордонд нь орж үзлээ. Мужийн амбан захирагч энэ ордонд ажиллаж, бас мужийн парламент нь хуралддаг танхимтай. Мужын захиргааны ордны тал нь музей. Гар утсаар зураг дарах чөлөөтэй юм байна.
![]() |
Калифорни мужийн бэлэг тэмдэгнүүдийг хийгээд үзмэр болгожээ.
Калифорни мужийн захиргааны ордон. Гаднаас нь харвал Конгрессийн барилгатай төстэй юм шиг санагдав.
Сакраменто гол. Хуучин усан онгоц ашиглаад зочид буудал, ресторан болгожээ.
Хотын бэлгэ тэмдэг болсон гүүр
Сакраменто хотын хуучин дүүрэгт нь байдаг галт тэрэгний музейг үзлээ. Калифорни мужид анх хэрхэн төмөр зам барьж, галт тэрэг, илчит тэрэг ашиглаж байсан түүхийг эхнээс нь маш ойлгомжтой үзүүлжээ.
Калифорни мужид анх төмөр зам тавих ажилд Хятадуудыг ажиллуулж байжээ. Төмөр замын бүтээн байгуулалт 1855 онд эхэлсэн байна. 22 миль урт төмөр зам Сакраменто хотоос Фолсом руу чиглэсэн байлаа. 1856 оны 2 дугаар сард төмөр замын бүтээн байгуулалтын эхний ээлж амжилттай дууссан байна. Энэ төмөр замаар алт тээвэрлэж байжээ. Харин Сакраменто хотоос АНУ ын Небраска муж хүрэх төмөр замыг 1869 оны 5 дугаар сарын 9 нд ашиглалтад оруулж байжээ. Энэ бол Калифорни мужаас өөр муж рүү чиглэсэн анхны төмөр замын шугам байв.
Сакраменто хотын хүн ам нэмэгдэхэд төмөр зам их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Анхандаа зөвхөн алт зөөдөг байсан бол хожим төмөр замаар зорчигч тээвэрлэдэг болсон байна. 1890 он гэхэд Калифорнийн төмөр замыг цахилгаанжуулах ажил эхэлжээ. Цахилгаан галт тэрэг Сакраментогоос Сан Диего хот руу явж байв.
Төмөр замын музейд хуучны галт тэрэгнүүдийг үзмэр болгон байршуулжээ. Тэдгээрийн зарим руу нь орж үзэж болно.
Сакраменто хотод байхдаа казино оров. Гэхдээ мөнгө хожоогүй. Мөнгө алдаагүй. Сакраментод байх хугацаанд бас гольфийн клуб, боулингийн клуб орж тоглолоо.
Сакрментогоос Сан Франциско хот руу машинаар явсан. Сан Францискогийн өнөө алдартай улаан гүүрээр машинтай явлаа. Golden Gate гэж энэ гүүрийг Сан Францискод очсон хүн болгон очиж үздэг байх. Гүүрийг барьж байгуулсан инженер Жозеф Страуссын
хөшөөг ч сүндэрлүүлжээ. Golden Gate гүүрийг 1937 онд ашиглалтад оруулсан юм билээ. 1964 оны хүртэл энэ гүүр дэлхийн хамгийн том дүүжин гүүр гэсэн статустай байв.
Golden Gate гүүр нь Сан Франциско хотыг Сосалито хэмээх дагуул хоттой холбодог. Гүүр барих ажил 1933 онд эхэлж 4 жил үргэлжилжээ. Гүүр 2737,4 метр урт, өргөн нь 27 метр, автомашин зорчих 6 эгнээ замтай. Энэ гүүрийг барихаас өмнө Сан Франциско хотоос өнөөгийн Марин хэмээн газар руу гатлага усан онгоцоор 27 минутын хугацаанд хүрдэг байжээ. Гүүр барьснаар машинаар 3 минут л явах болсон байна. 2011 оноос эхлээд гүүрээр гарах машинаас 6 долларын төлбөр авдаг болсон. Явган алхаж яваа хүн, дугуйтай хүнээс төлбөр авдаггүй байна. Мөн Golden Gate гүүрнээс үсэрч амиа хорлох нь түгээмэл үзэгдэл гэсэн аймшигтай статистик ч байдаг юм байна. Гүүрний нээлт болсноос 3 сарын дараа 47 настай Харолд Уоббер гэгч дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан хүн гүүрнээс үсэрч амиа егүүтгэж байжээ. 1995 он хүртэл энэ гүүрнээс 1200 гаруй хүн үсэрч амиа хорлосон. Түүнээс хойш амиа хорлосон хүмүүсийн тоог бүртгэхээ зогсоосон байна. Гүүрнээс хүн үсрэхээс сэргийлж тусгай хашлага барих тухай асуудал хөндөгдөж байсан ч технологийн хувьд хэцүү, бас 20 сая долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо хийсэн юм байна. Олон нийтийн зүгээс ч бас гүүрэнд хашлага хийх нь анхны архитекторын хэв маягт нь нөлөөлнө гэсэн шүүмжлэл өрнүүлжээ. Ингээд гүүрэнд хашлага хийгээгүй байна. Golden Gate гүүрэн дээр аврах алба руу үнэ төлбөргүй залгаж болох телефон аппарат байдаг бөгөөд хажууд нь "There is hope. Make the call. The consequences of jumping from this bridge are fatal and tragic" гэсэн бичээс бий.
Сан Францискод ирсэн өдөр бороотой, манантай байлаа. Сан Франциско хот алсаас иймэрхүү харагдах юм билээ.
Ийнхүү Америкт хийсэн аяллын тэмдэглэлээ дуусгая. Ардчилалын өлгий, эрх чөлөөний орон АНУ-д хийсэн аялал маань дурсамж дүүрэн байлаа.
























No comments:
Post a Comment