Монголд хүйтэн цаг агаартай байдаг хугацаа арай л урт гэдэгтэй санал нийлэх үү? Номхон далай гаталж ирчхээд нарлаг Калифорниаг санаж гэгэлзээд. Цагаан сар болох гээд байдаг. Ер нь энэ жилийн "Цагаан сар"-ын баяраар гадаадад байж байвал дажгүй ч юм уу гэсэн бодол толгойд эргэлдээд болдоггүй ээ. За тэгээд "Цагаан сар" болохоос өмнө Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний тасалбарыг https://eticket.ubtz.mn/ сайтаас онлайнаар худалдаад авчихлаа. Би купений тасалбар сонгов. Үнэ нь 80000 төгрөг. Дараа нь Замын Үүдээс Эрээн орно. Эрээнээс цааш явах ямар нэгэн унаа олж сууна. Тэр нь мэдээж Хятадын орон нутгийн онгоц, эсвэл галт тэрэг байх болно гээд л тооцооллоо. Сэтгэл хаашаа тэмүүлэх нь вэ? Тэр зүг рүү л явна даа гээд л үүргэвчээ үүрээд замд гарчихлаа. Өдөр бүр 16 цаг 20 минутаас Улаанбаатар Замын Үүд чиглэлийн галт тэрэг аялалд гардаг. Дараа өдрийнхөө 7цаг 20 минутад галт тэрэг Замын Үүд хотод ирнэ. Галт тэрэгнээс буумагц Замын Үүдийнхэн хил гарах уу гээд хоргооно. Монгол Улсын Замын Үүд боомтоос БНХАУ-ын Эрээн боомт руу зорчигч зөөдөг том оврын автобус бий. Автобусны үнэ нь 32000 төгрөг. Бас хувьдаа машинтай хүмүүс зорчигч тээвэрлэнэ. Тэд нэг хүнээс 50 юань авч машинаараа үйлчилдэг. 2024 оны 2 дугаар сарын байдлаар 1 юань 470 төгрөг байв. Энэ нь 23500 төгрөг гэсэн үг. За ингээд MNED нь өглөө Замын Үүдээс Эрээн рүү гарах гэж яарсангүй. Өдрийн 11 цаг хүртэл Замын Үүдийн зорчигч үйлчилгээний төв дотор сууж гар утас, power bank цэнэглэв. Үдийн хэрд Эрээн рүү гарна гэсэн машинд суугаад хил гарлаа.
Эрээнд ирмэгцээ жолоочид 50 юань төлөв. Ингээд зээлийн гадаа байдаг жижигхэн мухлаг руу орж Хятадын гар утасны сим карт 100 юаниар худалдаж авлаа. Цаашаа явахад интернэт хэрэгтэй учраас сим карт худалдаж авах нь маш зөв сонголт байв. Эрээнд хамгийн сүүлд хэзээ очиж байсан билээ гээд бодлоо. Ойролцоогоор 2013 онд Эрээнд ирж байсан юм байна. Тэр цагаас хойш Эрээн өөрчлөгджээ. Эрээнд ийм өндөр барилга сүндэрлүүлсэн байна. Гэтэл манай Замын Үүд 30 жилийн өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй дээ.
Эрээнд ирсэн хүн байна даа. Зээлээр нь нэг тойрлоо. Цагаан сар дөхсөн учраас Эрээний хятад худалдаачид нутаг руугаа буцсан бололтой. Монголчууд ч тун цөөхөн тааралдав. Ер нь Эрээн хот эл хуль байв. Манай монголчууд цагаан сарын бэлэг сэлт бэлтгэх гэж Эрээн рүү явахаа болиод удаж байна доо.
Үдээс хойш 17:00 цагийн үед KFC орж кофе, бургер, шарсан төмс авч идлээ. Үнэ нь 50 юань болов.
Эрээнээс Хөх хот руу явах галт тэрэгний тасалбарын үнэ суудлынхаа зэрэглэлээс хамаарч харилцан адилгүй. Хятадын галт тэргэнд суудалгүй зогсоогоороо явах тасалбар, сандал дээр сууж явах, унтлагын гэх мэтээр зэрэглэл нь янз бүр. Эрээнээс 23:00 цагт хөдөлж, Хөх хотод өглөө 6:00 цагт очих учраас мэдээж унтлагын ортой зэрэглэл сонгох нь зөв. Галт тэрэгний тасалбараа баталгаажуулчхаад сэтгэл амарч буцаад Эрээний төв рүү алхав. "Бүдүүн дэлгүүр" рүү нь орлоо. Худалдаж авах юм угаасаа байхгүй. Зүгээр л цаг нөхцөөх зорилгоор л тэнэв. Орой 19:00С цагийн үед буцаж галт тэрэгний буудал дээр ирлээ. Тасалбар зардаг танхимд нь хэсэг сууж байгаад ам цангахаар нь буцаж гараад замын эсрэг талын дэлгүүр рүү орж ундаа, ус худалдаж авлаа.
Монголоос гарахын өмнө Hi Pay хэмээх APP гар утсандаа суулгасан юм. Байнга ашигладаг банкны данснаасаа Hi Pay данс руу багахан хэмжээний төгрөг шилжүүлэв. Хятадын Ali Pay төлбөр тооцооны системд Монголын Hi Pay нэгдсэн гэдэг мэдээлэл өмнө нь уншиж байсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг шалгаж ундаа усны төлбөрөө Hi Pay аппликейшн ашиглан төлөх гэж оролдов. Гүйлгээ амжилттай. Хятадад явж байхад төлбөр төлөх нэг сонголт нь Hi Pay юм байна шүү гээд сурталчилгаа хийчихье. Хятадын галт тэрэгний өртөө рүү орох үед аюулгүй байдлын үзлэг шалгалтаар оруулдаг. Энэ нь яг онгоцны буудлынх шиг. Галт тэрэгний өртөө рүү орохдоо ачаа тээшээ рентген аппаратаар шалгуулж, өөрөө ч металл илрүүлэгч дундуур гардаг. Сэжигтэй гэж үзсэн эд зүйлийг ачаа тээшнээс гаргуулж, хураагаад авах тохиолдол ч бий. 23:00 цагт галт тэргэндээ суулаа. Яваад орсон чинь миний унтах ор 3 дугаар давхарт. Авираад дээшээ гарлаа. Орон дээрээ гараад нам унтлаа. Үүрийн 4 цаг гэхэд сэрэв. Олон хүн бужигнахаас өмнө 3 дугаар давхрын орноос бууж, гутлаа өмсөөд ариун цэврийн өрөө орж шүд амаа угаав. За ингээд өглөөний 6 цагийн үед Өвөрмонголын Хөх хотод ирлээ.
Хөх хотын галт тэрэгний буудлаас нь гарч өглөөний цай уув. Сайхан хийцтэй сүүтэй цай, өрөм, мантуун бууз идэв. Зэс тогоонд өрөм, бяслаг, шар будаа гэх мэт цайны хийцтэй бэлдэц авч ирнэ. Яг харж байхад газын плитка асааж ус, сүү хийгээд самарна. Цай ч дорхноо бэлэн болов. Яг иймэрхүү цайны газар Улаанбаатарт нээвэл хүмүүс сонирхоод орж магадгүй юм гэж бодлоо.
![]() |
Энэ цайны газрын үйлчилгээний танхимын зургийг нь дарсан боловч, ууж идсэн хийцтэй цайны зургийг дарахаа мартжээ. Өглөөний цай 1 хүний 30 юань.
Өглөөний цайны газар нэлээн тухаллаа. Бараг өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл суусан. Өглөөний 9 цаг дөхүүлээд гарч Хөх хотоор нэлээн алхав. Дараа нь таксидаад Хөх хотын төвөөр нь явлаа.
Хөх хотын тухай мэдээлэл интернэтээс хайлаа. Хөх хот гэдгийг Хятад ханзаар 呼和浩特 гэж бичдэг юм билээ. Ер нь Хятадад явж байхдаа ядаж очсон газрынхаа нэрийг ханзаар хэрхэн бичдэгийг нь хараад нүдэлж авсан байхад илүүдэхгүй. Хөх хот 2020 оны байдлаар 3 сая 400 мянган оршин суугчтай гэсэн статистик мэдээ байна. 1580 онд Алтан хааны зарлигаар Хөх хотын үндэс суурь тавигдсан гэж түүхчид үздэг юм байна. Тэр цагаас хойш улс төр, эдийн засгийн төв болж хөгжсөн байна. 1922 онд Бээжингээс Бугат хот руу төмөр зам тавихдаа Хөх хотоор дайран өнгөрөх чиглэл баталж байжээ. БНХАУ байгуулагдсан хойно 1949 оны 12 дугаар сарын 2-нд Өвөр Монголын өөртөө засах орныг байгуулсан. Хөх хот Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл болжээ. Хөх хотын түүх гэвэл товчхондоо ийм л мэдээлэл олдов. Хөх хотын цаг агаар, уур амьсгал нь эх газрын эрс тэс. Өвөл 1 дүгээр сард 24 хэм хүртэл хүйтэн болно. Харин зун 7 дугаар сард 30 хэм хүртэл халуун болно. Засаг захиргааны хувьд Хөх хот Синьчэн, Хуэйминь, Юйцюань, Сайхан гэсэн 4 дүүрэгт хуваагддаг юм байна. Хөх хотод 1557 онд Алтан ханы зарлигаар үүсгэн байгуулсан Да Жао хэмээх сүм бий. Сүмийн бүтээн байгуулалт 1557 онд эхэлж 1579 онд дууссан гэдэг. Хөх хотын өөр нэг түүхэн дурсгал гэвэл 1732 онд барьж байгуулсан мянга гаруй бурхантай суварга. Очсон газрынхаа музейг үзэх хобби надад байдаг. Хөх хотод "Өвөрмонголын музей"-г очиж үзлээ. Өвөрмонголын музейг 1957 онд анх нээсэн юм билээ. Хожим Өвөрмонголын музейд зориулан шинэ том барилга барьж ашиглалтад оруулжээ. Өвөрмонголын музейг үзэхэд үнэ төлбөргүй. Гадаадын хүн паспортоо, харин нутгийн оршин суугч бол өөрийгөө нотлох баримт бичгээ автомат төхөөрөмжид уншуулаад, нүүр царайгаа камерт уншуулахад л хангалттай аж.
Өвөрмонголын музейд 4400 гаруй үзмэр хадгалж байна. Хүннү, Сяньби, Кидан, Монгол, Манж, Даурын үед холбогдох хосгүй ховор үзмэрүүд энд байна. Музейд гар утсаараа зураг авахыг зөвшөөрч байсан. Иймд зарим үзмэрийн гэрэл зургийг нь авлаа.
Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, пайз тэмдэг
Манжийн эрэгтэй хүний хувцас
Манжийн эмэгтэй хүний хувцас
Авдар
Өвөрмонголын зүүн хойд хэсэгт аж төрдөг Даур угсаатнуудын амьдралыг хэм маягийг харуулсан баримал. Даур хүмүүс ан гөрөө хийж, загас агнаж, иймэрхүү урцанд амьдарч байжээ.
Харин энэ бол XX зууны үед амьдарч байсан Өвөрмонголын өөртөө засах орны анхны тэргүүлэгч Улаанхүү даргын эдэлж хэрэглэж байсан морины эмээл
![]() |
Өвөрмонголын музейд сансрын технологийн сэдэвтэй хэд хэдэн үзмэр байсны гол цөм нь энэ. 2003 онд Хятад улс бие дааж сансрын нислэг хийсэн. Хятадын анхны сансрын нисэгч нь эх дэлхийдээ эргэж ирэхдээ Өвөрмонголын элсэн цөлд газардсан юм байна. Иймд музейд анхны сансрын пуужингийн жижиг хуулбар байрлуулжээ.
Өвөрмонголын нутгаас үлэг гүрвэлийн араг яс их олддог. Үлэг гүрвэлийн араг яс гол үзмэр нь болжээ.
Өвөрмонголын музейгээс гараад яг зэргэлдээх барилга руу нь орлоо. Тэнд Өвөрмонголын шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхим ажилладаг юм байна. Орж үзэхэд мөн л үнэ төлбөргүй. Шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхимыг 2019 онд Хонгконгод явж байхдаа үзэж байсан. Үзмэрүүд нь бараг ижилхэн байсан тул төдий л сонирхол татсангүй. Хонгконгын шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхимд байгаагүй нэг үзмэр Хөх хотод байсан. Энэ бол Хятадын сансрын Шэньжоу пуужингийн доторх хэсгийг 1:1 хэмжээтэй хийсэн үзмэр байв.
Тайландын Пукетээс буцахдаа энэ чиглэлээрээ яваагүй. Trip.com сайтаас авсан буцах тасалбараа цуцалсан. Мэдээж бага зэрэг торгууль төлж, нисээгүй тийзнийхээ мөнгийг эргүүлж авсан. Энэ тухай дараагийн тэмдэглэлдээ бичье.























No comments:
Post a Comment