Амьдралын тойрог

2024-03-20

Зуныг хүссэн аялал: 2 дугаар хэсэг. Ченду хотоос Пукет рүү

Хөх хотоос 17 цаг 40 минутад хөөрсөн онгоц 20 цаг 30 минутад Чэндү хотын Тианфу олон улсын нисэх онгоцны буудалд газардав.  Хятадын орон нутгийн нислэгийн хоол нь иймэрхүү.  Air China компанийн хоолны үйлчилгээ. 


Чэндү хотод онгоц газардах үед гадаа түнэр харанхуй болсон байлаа. Чэндү хот бол Хятадын Сычуань мужийн засаг захиргааны төв.  Энэ хотын түүхийг интернэтээс хайж уншлаа. Манай эриний өмнөх IV зууны үед энэ хотыг үүсгэн байгуулсан гэж Хятадын түүхэн эх сурвалжид бичсэн аж. Манай эриний өмнөх 316 он хүртэл Чэндү хот Шу хэмээх хаант улсын нийслэл байжээ. Түүхийн уртад энэ хот хөгжил цэцэглэлт, уналтын аль алиныг нь туулсан. Манж Чин улсын үед Чэндү хот бараг хүнгүй шахуу болж байсан тул хотыг  сэргээн байгуулах, хүмүүсийг Чэндү рүү нүүлгэн, хүчээр суурьшуулах ажлыг зохион байгуулсан гэдэг. 1952 оноос Чэндү хот нь Сычуань мужийн төв гэсэн статустай болов.  Энэ хотод хань үндэстнүүдээс гадна түвд, цян, лисү, наси зэрэг үндэстний цөөнх аж төрдөг.  Хотын оршин суугчдын тоо 20 сая орчим. Одоо Чэндү нь БНХАУ-ын аж үйлдвэрийн томоохон төв болжээ. Боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэр, сансрын ба агаарын тээврийн технологийн туршилтын баазууд, төмөр замын үйлдвэр, химийн үйлдвэр, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр Чэндү хотод байрладаг. Чэндү хотод хулсны баавгай үржүүлдэг эрдэм шинжилгээний төв ажилладаг. Энэ хотод иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг хоёр нисэх онгоцны буудал бий. "Шуанлю" нисэх онгоцны буудал нь Чэндү хотын төвөөс 16 км зайтай. Харин хоёр дахь нисэх онгоцны буудлыг нь Тианфу гэж нэрлэдэг бөгөөд хотын төвөөс 50 км зайтай. Намайг тээвэрлэсэн онгоц Тианфу нисэх онгоцны буудалд нь газарджээ. Чэндү хот 2010 онд метротой болсон бөгөөд нийт 6 чиглэлтэй. Уламжлалт тээврийн хэрэгслүүдээс гадна устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг хотын алслагдмал дүүргүүдийн хооронд зорчигч тээвэрлэдэг. Чэндү үнэхээр том хот аж. Энэ хотод үзэж харах, миний сонирхол татах зүйл арвин бололтой. Энэ удаагийн аяллын хувьд Чэндү дамжин өнгөрөх цэг.  Чэндүгээс Пукет руу явах нислэг маргааш өглөө 9:45 цагт Тианфу олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын терминалаас. Хэрвээ би аяллаа эрт төлөвлөсөн бол Чэндү хотоор тухтай зугаалдаг байжээ гэж бодов.  Дараа нь Чэндү хотыг зорин ирж тухтай аялах юм шүү гэсэн шуналт бодол толгойд эргэлдэнэ. Тианфу олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо хоногийн 21 долларын төлбөртэй жижиг зочид буудалд хоноглох захиалга booking.com сайтаар дамжуулан хийсэн байлаа. Зочид буудал ба нисэх буудлын хооронд үнэ төлбөргүй автобусаар үйлчилдэг гэсэн нөхцөлтэй байв. Энэ нь тус зочид буудлыг сонгох болсон гол шалтгаан байв.  Зочид буудлынхантай booking.com сайтын мессэнжэрээр холбогдож "Би гадаадын иргэн. Анх удаа Чэндү хотод ирж байна. Намайг заавал тосоорой" гэж бичив. Удсангүй "Ok" гэсэн хариу ирлээ. Онгоцны буудлын гадаа 30 орчим минут хүлээсний эцэст намайг тосох микро автобус ирэв. Цорын ганц үйлчлүүлэгч нь би. 

Жолооч нисэх буудлаас гарч хурдны замаар 10 орчим минут давхиад, дараа нь нарийнхан туслах зам руу оров. Жолоо барих зуураа жолооч хятад залуу гар утасны орчуулгын программ ашиглан "Чи аль улсын иргэн бэ?" гэж асууж байна. Хятадаар хэлмэгц орчуулгын программ англи руу хөрвүүлээд дэлгэц дээр бичвэр болгоод хувиргаж байна. Замын хоёр талаар өндөр хулс ургажээ. Хятад хэл ч мэдэхгүй. Шөнийн харанхуйд огт таньж мэдэхгүй газар, ганцаараа микро автобусаар ингээд явж байгаад бага зэрэг айдас төрөх шиг болов.  Нэлээн явсны эцэст 8 давхар байшингийн гадаа микро автобус зогсов. Зочид буудалдаа иржээ. Жолооч залуу намайг дагуулаад зочид буудлынхаа угтах хэсэгт очоод бүртгэл хийв. Энэ үед өөр нэг хаалганаас жижигхэн биетэй хятад бүсгүй гарч ирээд надтай англиар мэндлэнгээ тоор жимс хоёр гардан өгөв. Өгсөн жимсийг нь авлаа. Ирсэн зочиндоо сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа оролдлого гэж би шууд бодов. Миний байрлах өрөө 7 дугаар давхарт ажээ. Лифтээр дээш өгсөж байх үед би гар утасны орчуулгын программ дээр "Чи энэ зочид буудлын эзэн нь үү?" гэж англиар бичээд хятад руу хөрвүүлэв. Залуу хармагцаа инээмсэглэж толгой дохиж байна. Зочид буудлын ажилчид нь яагаа вэ? гэж би орчуулгын программ ашиглан үргэлжлүүлэн асуулаа. Цагаан сарын баяр дөхсөн учраас миний ажилчид амарч байгаа гэж хариу бичиж байна. Зочид буудлын өрөө тансаг биш боловч цэвэрхэн юм. Буудлын эзэн залуу агааржуулагч хэрхэн ажиллуулахыг зааж өгөөд, өөр хэрэгтэй зүйл байвал бичээрэй гэж орчуулгын программаа ашиглан надад хэлж байна. Би ойлголоо гэлээ. 

Зочид буудлын өрөөнд ороод шүршүүрт орж замын шороо тоосноосоо салав. Өглөө эрт нислэгтэй тус бушуухан ор руу шургалаа. Өглөөний 7 цагт зочид буудлын эзэн хаалга тогшиж намайг сэрээв. Онгоцны буудал руу намайг хүргэж өгөх учиртай. Зочид буудлаас гарлаа. Өнөөх маань намайг шууд онгоцны буудал руу хүргэсэнгүй. Харин өөр нэг зочид буудлын гадаа буулгаад, ондоо микроавтобусанд суулгав. Ингээд өөр гадаадын аялагчидтай нийлж нисэх буудал руу очлоо. Нисэх буудалд ирэхэд миний явах нислэгийн бүртгэл эхэлсэн байв. Онгоцны бүртгэлдээ ороод, хилээр гарч Тайландын Пукет арал руу нисэв. Чэндү хотоос Пукет рүү 4 цаг нисэв.  Хятадын иргэний агаарын тээврийн Air China компанийн онгоцоор нисэхэд ийм хоолоор үйлчилж байна. 

Тайландын Пукет арлын цагаар 12 цаг 50 минутад газардав. Пукет бол Тайланд улсын баруун эрэгт Андаманы тэнгист Энэтхэгийн далайд байдаг арал. Тайланд улсын хамгийн том арлын тоонд ордог бөгөөд эргэн тойронд нь өөр 32 жижиг арал бий. Арал 543.034 км квадрат талбайтай. Арал 400.000 оршин суугчтай.  Арал дээр тай, хятад, малай, урак лавай, лао, кхмер зэрэг үндэстнүүд амьдардаг. Нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь аялал жуулчлал, түүнийг дагасан худалдаа, наймааны бизнес.  Мөн каучук  эдийн засгийн өөр нэг тулгуур нь. 

Пукет арлын түүхийг сонирхов. Хятадаас Энэтхэг хүрэхээр яваа худалдаачид Пукет арал дээр түр буудалладаг байжээ. XVI зууны хоёрдугаар хагаст Голландын далайчид Пукет арал дээр суурин байгуулжээ. Тэд арлаас тугалга олборлож байв. XVII зууны үеэс Пукет арлаас тугалга олборлож авахын тулд Португаль, Франц, Англичууд ирж өөр хоорондоо өрсөлдөж байсан сонирхолтой түүх бий. Энэ өрсөлдөөнд Францчууд 1680 онд ялагч болсон бөгөөд Пукет арал тэдний хяналтад бүрэн орсон байна. 1785 онд Бирмийн цэргүүд Пукет руу гэнэт довтолсноор Францчууд арлаас хөөгджээ. Хожим Пукет арал нь Тайландын хаант улсын мэдэлд ирсэн байна. Тайландын нийслэл Бангкок хотоос 862 километрийн алсад байгаа энэ арлын эргэн тойронд наран шарлагын газар байгуулж болохуйц торгомсог зөөлөн ширхэгтэй элс, тунгалаг цэнхэр устай. Арлын Патонг хэсэг газар жуулчдад зориулсан зугаа цэнгээний газар, шөнийн клуб, худалдааны төв бий. 2004 оны 12 дугаар сарын 26-нд Энэтхэгийн далайн гүнд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунамид Пукет арал нэрвэгдэж маш их хохирол амссан байна. 
Пукет арал нь экваторын бүс орчимд хамаардаг тул жилийн дөрвөн улирлын турш цаг агаар халуун. Хуурай ба нойтон гэсэн хоёр улиралтай. 11 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд хуурай улирал үргэлжилдэг. Харин 4 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал нойтон улирал нь. Энэ хугацаанд бараг өдөр болгон бороо орно. Агаарын температур жилийн туршид эрс тэс хэлбэлзэхгүй. Агаарын дундаж хэм цельсийн 34. 1972 он хүртэл Пукет арал дээр жуулчдад зориулсан ямар ч үйлчилгээ байсангүй. Харин 1973 оноос хойш арал дээр жуулчид хүлээн авдаг болжээ. 
Пукетийн олон улсын нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 32 километрийн зайтай. Онгоцны буудал дээрх мэдээлэл нь тай, англи, орос гэсэн гурван хэлээр бичсэн байлаа. Хүүхдээ дагуулсан, гэр бүлээрээ амрахаар ирсэн орос, беларусь, казах, украинчууд олон байв. Хилийн шалган нэвтрүүлэх цэг өнгөрөөд валют арилжааны цэгт очиж мөнгөө солиулав. 1 USD нь 32.81 тайланд батт. 100 америк доллар солиулж 3281 тайланд баттай болов. Миний очих амралтын газар руу нисэх онгоцны буудлаас 600 баттаар такси явдаг юм байна. Гадаа 30 хэмийн халуун. Онгоцны буудал дотор өвлийн гутлаа тайлаад торонд хийв. Үүргэвчнээсээ Монголоос авч гарсан зуны углаашаа гаргаж өмслөө. Тайланд улсад тээврийн хэрэгслийн зүүн гарын дүрэм үйлчилдэг. Хотын төвийн замын хөдөлгөөнд унадаг дугуй, мотоцикл их оролцох юм. Очих ёстой амралтын газраа ирээд шүршүүрт орж, гоймон идчихээд далайн эрэг дээр очлоо. Саяхан л Номхон далайн эрэг дээр Калифорнид байсан MNED ингээд Энэтхэгийн далайн эрэг дээр зогсож байх гэж...



Тайланд миний ирсэн 14 дэхь улс боллоо гэж бодонгоо нисэх буудлаас хөөрч, өндрөө авч байгаа онгоцыг ширтэв. Хөл доор торгон зөөлөн элс. Пукетийн аяллын тэмдэглэлээ дараа үргэлжлүүлье.

No comments: