Лос Анжелост байх өдөр хоног маань дуусав. Дараагийн очих газар нь Мексикийн хилээс холгүй Сан Диего хот. Лос Анжелос хотоос автобусанд суугаад 3 цагийн дараа Сан Диего хотод ирлээ. FLIXBUS гэдэг хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийг сонгосон. Энэ компани Европт ч гэсэн үйлчилгээ үзүүлдэг. 2023 оны намар Европоор аялж байхдаа энэ компанийн автобусаар Барселона хотоос Парис руу явж байлаа.
Номхон далайн эрэг дээрх энэ хот 1,3 сая оршин суугчтай юм байна. Дагуул хотын оршин суугчдын тоог нэмэх юм бол 3 сая орчим хүн. Цаг агаар нь халуун дулаан, экологийн хувьд сайн учраас "Амьдрахад таатай хотын жагсаалт"-д Сан Диего нэг бус удаа багтаж байжээ. Баттай мэдээллээр бол XVI зууны үед өнөөгийн Сан Диего хот байгаа нутаг дэвсгэр дээр кумеяй гэдэг овог аймгийнхан аж төрж байсан гэнэ. Европчуудаас хөл тавьсан анхны хүн бол Испанийн далайчин Хуан Родригес Кабрильо бөгөөд ирсэн даруйдаа энэ хавийг Сан Мигель боомт гэж нэрлэжээ. 1609 оны 11 дүгээр сард Испанийн далайчин, худалдаачин Себастьян Вискаино энэ хавийн газар нутагт илүү нарийвчилсан судалгаа хийж Гэгээн Алькалай Диегогийн дурсгалд зориулан Сан Диего гэж нэр өгчээ. 1769 онд Гаспор Портол хэмээх Испанийн цэргийн албан хаагч цайз барьжээ. 1823 онд Мексик улс байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлах үед Сан Диего тус улсын мэдэлд байв. Америк-Мексикийн дайны дараа Гуадалупе-Идальгогийн гэрээгээр Калифорни муж АНУ-ын бүрэлдэхүүнд орсон байна. Мэдээж, Сан Диего хот ч АНУ-ын хот болсон гэсэн үг. Одоо ч энэ хот АНУ-ын томоохон боомтын тоонд орно. Усан онгоц үйлдвэрлэдэг том компани үйл ажиллагаа явуулдаг. Сан Диего хотын олон улсын нисэх онгоцны буудлын "Линдберг Филд" гэж нэрлэдэг. АНУ-даа зорчигчийн урсгал ихтэй, олон тооны онгоц газардаж, хөөрч байдаг том нисэх буудлын тоонд ордог байна. АНУ-ын иргэний агаарын тээврийн Southwest Airlines компанийн хувьд Сан Диего хотын олон улсын нисэх онгоцны буудал төв (хаб) нь болдог. Сан Диего хотын нийтийн тээвэрт нь1981 оноос хойш "San Diego Trolley" гэж нэрлэдэг трамвай үйлчилдэг. Зорчигчдын тоо, оргил ачааллын үе зэргээс хамаарч трамвай 7-оос 30 минутын давтамжтай үйлчилдэг байна. Бас нийтийн автобус, такси бий. Сан Диего дахь далайн нэг булангаас Коронада руу 30 минут тутам гатлага усан онгоц явдаг.
Халуун дулаан цаг агаартай учраас жилийн турш дугуй унаад явахад тохиромжтой. Нутгийн уугуул оршин суугчдаас гадна Испани гаралтай хүмүүс Сан Диегод олон. Мексикийн газар нутаг байсан гэдгийг дээр бичсэн. Тиймээс Мексик болон Америкийн соёл сүлэлдэн их дэлгэрчээ. Мексик зоогийн газар, мексикчүүдийн шүтлэгтэй холбоотой сүм хийдийн газар маш олон. Ер нь Мексик гэлтгүй латин америкийн орнуудаас ирсэн цагаачид ч Сан Диего хотод зөндөө. Сан Диего хотод 1970 оноос хойш жил бүр Comic Con гэдэг соёлын наадам зохион байгуулдаг болсон бөгөөд, жуулчид үүнийг үзэх гэж зорин ирдэг. San Diego Comic-Con International нь жил бүрийн 7 дугаар сард болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс зурагт ном бүтээгчид, зурагт номд дурлагсад цуглардаг аж. Сан Диего хотод далай тэнгисийн тухай, соёл урлагийн сэдэвчилсэн музей, үзэсгэлэн тогтмол ажилладаг. Сан Диего хот амьтны хүрээлэнгээрээ алдартай. 650 гаруй зүйлийн 3700 гаруй амьтан өсгөж үржүүлж, эрдэм шинжилгээний судалгаа хийдэг байна. Дэвшилтэт амьтны хүрээлэн гэж дэлхийд үнэлэгддэг. Сан Диего хотод болдог өөр нэг том арга хэмжээ бол АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын авиа шоу.
Сан Диего бол наран шарлагийн газраараа бас алдартай, түүнийгээ дагасан зугаа цэнгээн ихтэй юмаа. Жишээ нь далайн эргийн өндөрлөг газар байгуулсан бааз дээр ирээд ирээд шүхэр түрээсэлж нисэж болно. Ганцаараа нисэж чадахгүй бол энд ажилладаг мэргэжлийн шүхэрчинтэй хамт нисэх боломжтой. 1 удаа шүхрээр нисэхэд 170 орчим долларын үнэ төлөх юм билээ.
Өөрөө хувийн шүхэртэй бол энд бааз дээр ирээд нисэж болно. Энэ шүхрээр нисэж байгаа хүмүүс салхи татуулан сүнгэнэж, Номхон далайн эргийг цахлай шувуу нисдэг өндрөөс харж байгаа даа гэж бодохоор өмнөөс нь догдлох шиг. Их сайхан мэдрэмж авдаг байх даа гэж бодлоо.
Олон шүхэрчид зэрэг нааш цааш агаарт сүлжилдэхийг харах нь сүрдмээр юм билээ. Салхины урсгалыг ашиглаж нисээд, шүхрээ залсаар эрэг дээр газардах нь бахархам сайхан.
Сан Диегод мексик хоолны газар их. Энэ хотод ирсэн даруйдаа тако идэв. Монголд тако зардаг ресторан бий. Гэхдээ Сан Диегод мексик тогоочийн хийсэн тако иднэ гэдэг бас өөр хэрэг.
Энэ Мексик хоолны газар далайн эргээс холгүй учраас доторх засал нь мэдээж далай дагасан спорттой холбоотой байлаа. Сёрфинг (Surfing) гээд спортын төрөл байдаг даа. Далайн давлагааг ашиглаад тусгай тавцан дээр зогсоод, хэвтээд гулгадаг. Энд энэ спорт утгаараа хөгжсөн газар юм санж.
Тако нь амттай байлаа. Гэхдээ цадаагүй ээ. Заавал цадах нь гол биш. Амтыг нь мэдрэх нь чухал. Тэгээд ч бялууртал идэх нь биед халтай.
Сан Диего хотод хэд хэдэн их сургууль байдаг юм байна. Тэдний нэг нь San Diego State University. Энэ их сургууль 1897 онд байгуулагдсан юм байна. Сан Диего орчмын хамгийн эртний, олон жилийн түүхтэй боловсролын байгууллага. Их сургуулийнх нь хотхоноор явж үзлээ. Их сургуулийн номын сангийн уншлагын танхимуудын нэг нь.
Сан Диегод байх хугацаа маань ийнхүү дуусав. Дараагийн очсон хот Сакраменто. Америкийн орон нутгийн онгоцонд суугаад Калифорни мужийн засаг захиргааны төв Сакраменто хот руу явлаа.
Нислэг үргэлжлэх хугацаа ойролцоогоор 2 цаг. Онгоцны үйлчлэгч зөвхөн уух юм л санал болгов. Хямд үнэтэй, богино хугацааны нислэг учраас аргагүй.














No comments:
Post a Comment