Америкт ирээд нэлээд хэд хоночихлоо. Орчиндоо дасаад, одоо л илүү тав тухыг мэдэрч эхэлж байх шиг. Намайг далайн эргийн наран шарлагын газар руу яваад ирсэн чинь AIR BNB-р захиалсан байранд маань оюутан цагийн нэг дотнын найзуудын маань нэг ирээд явжээ. Тэр найз маань нөхөр, гурван хүүхэдтэйгээ ЛА-д амьдардаг. Намайг Лос Анжелосоор зугаалж яваа гэхэд хэзээ ирэх бол? Уулзчих юм сан гээд их л хүлээсэн гэнэ. Манай ажлынхан "Шшш MNED минь, чамтай уулзах гээд тэр их хүлээсэн дээ. Харуй бүрий болсон хойно арга буюу харихаар явсан. Та нар чинь оюутан байхдаа их дотно байсан юм байна шд" гээд хоёр чихнээс минь хонх уялаа. Би нээрээ сэтгэл зовлоо. Тэр холоос ирчхээд уулзахгүй байх онцгүй юм даа гээд. Ингээд тэр даруй утсаар холбогдлоо. Маргааш нь уулзахаар болов. Дараа өдөр нь намайг зөндөө хүлээсэн оюутан цагийн найз маань машиныхаа арын суудалд гурван хүүхдээ суулгаад хүрээд иржээ. Түүнийг нэрийг V үсгээр тэмдэглэе. Оюутан байхдаа олон сайхан дурсамжийг хамтдаа өнгөрүүлсэн бидэнд ярих хуучлах зүйл бас бишгүй олон байлаа.V намайг машиндаа суулгаад "за одоо хаашаа явж үзмээр байна?" гэлээ. Би азтай хүн юмаа. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд гарсан ч тосоод, уулзаад, замчлаад явах найз олон байна. Лос Анжелос хотын хаагуур явснаа тайлагнав. V миний тайланг сонсож байгаад, "За тэгвэл эндэхийн алдартай хот-догны газар очиж үзүүлье. Бас кактус ургадаг гоё гудамж бий. Тэнд очихоосоо өмнө монгол барааны үзэсгэлэн худалдаа руу очиж би нэг бяслаг авах ёстой юм. Бяслаг авна гээд захиалчихсан байсан. Цагаан сардаа зориулж захиалсан юм" гэв. Би ч "Тэгье. Чи эхлээд ажлаа амжуулчих" гэв. Цагаан сарын баяр дөхөж байгаа учраас монголоос авч ирсэн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Лос Анжелосын монголчуудын холбооноос зохион байгуулж байгаа аж. Би хэрэгт дурлаж очлоо. Аарцан үрэл, чацарганын шүүс, хатаасан аарц, хорхой ааруул, монгол архи, монголоос авч ирсэн бэлэг дурсгалын зүйлс зарж байна. V найз маань ч захиалсан бяслагаа авлаа. Ингээд тэндээс гарч Лос Анжелосын алдартай хот-догны газар руу зүглэв.
Энэ хот-догны газрын нэр нь "Pink's hot dogs". Энэ газар Лос Анжелом хотын хойд хэсгийн дүүрэгт La Brea хэмээх өргөн чөлөөнд байрладаг. Хэрвээ Лос Анжелост ирсэн бол заавал энэ газраар орох хэрэгтэй гээд аялал жуулчлалын мэдээлэлтэй веб сайтуудад бичсэн байна лээ. Эндэхийн хот-догийг идэхийн тулд хамгийн багадаа 20 минут дугаарлаж зогсох шаардлагатай. Хүн ихтэй үед бол 40 минут хүлээх ч тохиолдол байдаг гэнэ. Аргагүй л нэр хүндтэй, алдартай газар юмаа. V болон түүний гурван хүүхэд, дээр нь би нэмэгдээд 25 минут дугаарлан зогсож байж хот-дог авч идсэн.
1939 онд анх нээгдсэн гэхээр одоо 2024 онд энэ газар 85 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Pink гэдэг үгийг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэх юм бол "ягаан" өнгийг илэрхийлнэ. Хот-догны энэ газрын дотоод засал нь ягаан өнгөтэй юм билээ. Дотоод засал нь ягаан өнгөтэй учраас хот-догны газраа ингэж нэрлэсэн ч юм биш. Үүсгэн байгуулсан хүний ургийн овогтой нь холбоотой аж.
ХХ зууны эхэн үед Пинковец гэдэг Румын хүн АНУ руу цагаачлан иржээ. Америкийн цагаачлалын албаныханд Пинковец гэдэг ургийнн нэрийг бичих, дуудаж хэлэхэд хэцүү байсан бололтой. Түүний ургын нэрийг нь хялбарчилж Пинк гээд бичсэн аж. Тэр цагаас хойш албан ёсны бүх бичиг баримт дээр Pink гээд бичигдэж иржээ. 1939 онд энэ гэр бүлийн хүү Пол Пинк хот дог зарах өөрийнхөө бизнесийг эхлүүлжээ. Эхнэр Беттигийн хамт жижигхэн түрдэг тэрэг түрээслэн авч La Brea өргөн чөлөөний замын уулзвар дээр зогсож, 1 ширхэг хот-догыг 10 центээр зарж эхэлсэн байна. Улмаар бизнесээ өргөжүүлж яг энэ гудамжны уулзвар дээр майхан босгоод гадаа нь Pink’s Hot Dogs гэсэн хаяг өлгөжээ. Анхны үүсгэн байгуулагчид нь мэдээж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Харин тэдний үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ бизнесийг үргэлжлүүлсээр байна. Бизнес амжилттай байхад олон хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Мэдээж үүнд нэр хүнд ч нөлөөлнө. 85 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа хот-догны газар гэхээр яах аргагүй л хэрэглэгчдийн анхаарлыг татна. Ийм олон жил тасралтгүй ажиллаж байгаа юм чинь чанартай, найдвартай бүтээгдэхүүн л санал болгодог байж таарна гэх итгэл төрүүлнэ. "Pink's hot dogs" -ны газар одоо мексик гаралтай юм уу гэмээр хэдэн эмэгтэйчүүд ажиллаж байна лээ. Мэдээж жинхэнэ эзэд нь одоо өөрсдөө ажиллахгүй, хүн хөлсөлж ажиллуулдаг нь ойлгомжтой. "Pink's hot dogs" дотор энд ирж хот-дог идэж байсан алдартай жүжигчид, дуучид, улс төрчид, олны танил хүмүүсийн зураг өлгөсөн байна лээ. Миний мэддэг одуудаас гэвэл, Квентин Тарантино, Робин Уильямс, Алек Болдуин, Нил Патрик Харрис, Деми Мур нарын зураг байсан. Сонирхуулахад Брюс Уиллис дурлалт бүсгүй Деми Мурт гэрлэх саналаа энэ хот-догны газар дотор хэлж байсан түүхтэй юм байна.

Энэ хот-догны газар Лос Анжелос даяар алдартай, нэр хүндтэй хэрнээ үнэ ханш нь боломжийн. Хамгийн хямд хот-дог 3 доллар 90 цент. Хамгийн үнэтэй нь 10 доллар орчим. Бургер нь 4 доллар 40 цент. Хэзээ нэгэн цагт Лос Анжелост очвол энэ хот-догны газраар ороорой. Хаяг нь: 709 N. La Brea Ave., Los Angeles, CA. Ажиллах цагийн хуваарь нь: ням гарагаас пүрэв гарагт өглөөний 9:30 нээгдээд, шөнийн 2 цагт хаадаг. Харин баасан, бямба гарагт өглөө 9:30 цагт онгойж шөнө 3 цагт хаадаг юм билээ. V, түүний гурван хүүхэд бид нар 12 инчийн урт хот-дог эндээс авч идсэн. 1 инч нь 2,54 см. 12 инч гэдэг бол 30 см 40 мм урт гэсэн үг. Би бол ийм урт хот-дог ганцаараа идэж барахгүй юм билээ. Бид тавуулаа худалдаж авсан 2 хот-догоо хувааж идсэн.
Хот-догны газраас гараад тэндээс холгүй байдаг кактус тарьж ургуулсан цэцэрлэгт гудамжинд сууж хорвоогийн сонин хачинг хуучилж суув. Олон жил уулзаагүй найзуудад ярих зүйл мэдээж их. Хов базахын зэрэгцээ MNED би чинь зураг авахаа ч мартаагүй.
Кактус чинь ийм олон төрөл байдаг гэж би огт бодож байгаагүй. Хорвоо чи намайг алмайруулж ханахгүй байна уу гэж асуумаар... Дараа энэ мөн энэ хавьд байдаг өвөрмөц загвартай байшингийн гадаа очиж үзэв. Эзэн нь гойд бүтээлч сэтгэлгээтэй хүн бололтой.
Эзэн нь байшиндаа хүмүүсийг оруулж зураг авхуулахыг зөвшөөрдөг. Instagram дээр энэ байшингийн зургийг хүмүүс их оруулдаг гэж V надад тайлбарласан. Хашаагаа ч бас их содон байдлаар тохижуулсан юм билээ. Хашаан дотор нь янз бүрийн мануухай, шулам эмгэн, харх идэж байгаа араатан амьтны чихмэл, Halloween баярын үеэр хүмүүс гэрээ чимэглэдэг хулуу ч байрлуулж.
За ингээд хагас өдрийг V найзтайгаа өнгөрүүлэв. Үдээс хойш нь Leaf найзтайгаа холбогдоод уулзахаар болов. Лос Анжелосын Beverly Hill орчимд Leaf найз намайг ирж авлаа. V найзтайгаа дахин уулзах гэгээлэг сайхан ерөөл тавиад түр баяртай гэлээ.
Leaf намайг дагуулаад Лос Анжелосын West Hollywood хэмээх газар руу явлаа. Энэ газрын түүхийг нь судаллаа. XVIII зууны сүүлээр энд Португалийн далайчин, судлаач Жоа Родригес Кабрильо (Joao Rodrigues Cabrilho) хөлөг онгоцтойгоо ирж байжээ. Түүнийг ирэх үед энэ хавьд нутгийн уугуул Тонгва аймгийнхан амьдарч байсан гэдэг. 1771 он гэхэд нутгийн уугуул Тонгвачуудын тоо эрс цөөрчээ. Европчууд ирмэгцээ энэ хавийг Габриэлено гэж нэрлэсэн байна. Өнөөгийн West Hollywood гэдэг нэрийг нэлээн хожуу өгсөн юм билээ. 1780 он гэхэд Сансет цэцэрлэгт гудамж (Sunset Boulevard) нь Эль Пуэбло де Лос Анжелос руу, мөн Номхон далайн эрэг орчимд байдаг хувийн эдлэн газар руу явах гол зам болж байжээ. Одоо Сансет цэцэрлэгт гудамж нийтдээ 36 км урт бөгөөд Лос Анжелос хотын гол томоохон гудамж. West Hollywood орчимд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас цагаачилж ирсэн хүмүүс нэлээн төвлөрч амьдардаг гэж интернэтэд бичсэн байна билээ.
West Hollywood нь засаг захиргааны хувьд Лос Анжелосоос жаахан тусдаа бололтой юм. Ер нь Лос Анжелосын дагуул хот, дагуул дүүрэг ч гэж хэлж болохоор. 2020 онд хийсэн хүн амын тооллогоор 35757 хүн амьдарч байгаа аж. Эдгээр хүмүүсийн 40 хувь нь ЛГБТQ гэр бүлийн хосууд.
West Hollywood-ын захирагч нь ЛГБТ. Хотхоны зөвлөлийн гишүүдийн олонх нь бас LGBTQ хүмүүс. Өөр нэг онцлон тэмдэглэх ёстой баримт гэвэл, энэ газар зугаа цэнгээний нэг томоохон төвүүдийн нэг. Энд маш олон бар, кафе, клуб, тоглоомын газрууд байрладаг аж. Бүүр Лас Вегас хот казино, зугаа цэнгээний төв болохоос өмнө West Hollywood нь мөрийтэй тоглоом, янз бүрийн зугаа цэнгээнийг зөвшөөрсөн газар нь байж. Бас рок-н ролл хэмээх хөгжмийн урсгал энд бий болсон гэж хөгжим судлаачид хүлээн зөвшөөрдөг. Улмаар West Hollywood нь Америкийн LGBT хөдөлгөөний томоохон төв болж хувирсан. ХХ зууны 70 аад оноос энд Оросоос дүрвэн ирсэн еврейчүүд, 90 ээд оноос хуучин Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ирсэн орос хэлтэй цагаач нар суурьших болжээ. Тийм ч учраас West Hollywood бол "бяцхан Орос орон" гэж хошигнож болох юм байна. Оросуудын ажиллуулдаг эмийн сан, дэлгүүр хоршоо LGBTQ хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг бар, цэнгээний газруудтай хаяа нийлэн оршдог.
West Hollywood-ын гол гудамж дагуу LGBTQ хөдөлгөөний бэлгэ тэмдэг солонгон далбаа хаа сайгүй намирна. Гудамжны явган хүний гарцыг ч бас LGBTQ илэрхийлдэг өнгөөр будсан байна лээ.
Энэ зурагт LEAF бид хоёрын сүүдэр оржээ. West Hollywood-дад байрладаг зайрмагийн газар орлоо. Амталж үзэж байгаа дуртайгаа сонгож авч болох юм билээ. Зайрмаг идээд пологтсон. Ер нь энэ АНУ-д гадуур хоол унд идвэл дорхноо бялуураад, идсэн уусан нь амаар гарчих гээд эвгүй эвгүй.
Зайрмаг идэнгээ хүн хар харуулдаж суулаа. Замын гарц дээр ингээд хөтлөлцөөд зогсож байгаа хосуудыг энд хэн ч эвэртэй туулай харсан юм шиг ад үзэхгүй. Байдаг л үзэгдэл.
Зайрмагын дэлгүүрийн дараа секс шоп оров. Зураг авахыг зөвшөөрсөн. Хэдэн зураг дарлаа. Ямар нэг бараа худалдаж авсангүй. Музей үзэж байгаа шиг ороод л гарлаа.
Орон нутгийн цагаар 16:00 болж байхад West Hollywood дахь гей бар, цэнгээний газрууд нь үйлчлүүлэгч ихтэй ид бужигнаж байх юмаа. Leaf намайг дагуулаад гей бар орлоо.
Эхний гей баараас гараад дараагийн гей бар руу.... Гэгээн цагаан өдөр болж байхад барны бүжигчин залуу ширээн дээр гараад ингээд л нүд баясгаж байх жишээтэй.
Үйлчлүүлэгчид үе үе бүжигчин залуугийн дотоож руу нь задгай доллар хавчуулж энгэр цээжийг нь илбэж таалаад л...
Leaf надад хандаж "Чи дөхөж очоод өөртөө байгаа задгай долларыг дотоожинд нь хавчуулаад....." гээд санал хэлэв. "За яахын бэ. Ичээд байна." гэж би бээр нэрэлхээд. Дотроо бол бас дуртай байгаа юмаа. Энэ сайхан дамшгийг илбэж таалаад үзчих юм сан гээд. За тэгээд өмнөх сархдаа томхон гэгч нь балгаж зоригоо чангалаад очиж LEAF-ийн зөвлөгөөг практикт хэрэгжүүлсэн.
Уух юмаа дуусгаад дараагийн бар руу.... "Би нисэх дуртай" гэдэг нэртэй Монголын уран сайхны кино байдаг даа. "Чи муу архичин нэг архины мухлагаас нөгөө архины мухлаг руу нисдэг байлгүй" гэж доромжилсон хэсэг байдаг даа. Яг түүн шиг Leaf бид хоёр гурав дахь бар руугаа орсон. Ороод уух юм захиалсан чинь баармен бүсгүй нь сонссон хэр нь бидний дараа ирсэн хэдэн шаруудын захиалгыг түрүүлээд хийж өгч байна. Leaf харж байснаа, эндээс явъя. Энэ хүүхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргаад байна. Бид түүнээс үйлчилгээ авах албагүй" гэлээ. Өөр баармен дээр очоод захиалга өгтөл хормын зуур л сархад хундагалаад өгөх нь тэр.
Дараа нь Abbey хэмээх клуб руу явцгаав. Эхний орсон баруудыг бодвол хамаагүй том зай талбайтай, бүжгийн хэд хэдэн тайзтай юм билээ. Abbey клубээс гараад агаар салхинд цохиулаад өнөө MNED гуай чинь тас.... Гэхдээ согтуу хүн сохор ухаантай. LEAF намайг машиндаа суулгаад хаашаа ч юм бэ явж байна. Нэг сэхээрээд харсан чинь Солонгос хоолны газар орчихжээ. Гахайны махтай шөлтэй хоол захиалчихсан байна. Би ер нь гахайны мах идэхдээ маруухан л даа. Гахайн махны шөл байтугай, хуурга ч хийсэн үнэрийг нь авч чаддаггүй. За тэгээд ширээн дээр байсан хоосон аяга руу.... Дараа нь тэр хоолны газрын 00 руу нь орж ходоодоо цэвэрлэв. Ингээд хоол идсэн ч юмгүй тэр газраас гарлаа. Дараа нь LEAF намайг дагуулаад Лос Анжелост амьдардаг бас нэг монгол анги залуугийн гэр рүү явлаа. Түүний нэрийг Z үсгээр тэмдэглэе. Монголд байхад нь би хальт мэддэг байсан залуу. Амьдардаг байшингийнх нь доод давхарт lobby-д нь уулзлаа. Миний уулзах ч гэж юу байхав. Өндөр градустай сархад амаараа гартал уусан хүн тасарч мансуурсан байдалтай. Дээр нь толгой эргээд, зуун зараа зулзагатайгаа миний дотор самарч өгч байна аа. Цэвэр ус өгөхөөр нь залгилаад унтаад өгчээ. Олон жил уулзаагүй хэрнээ Z гэж хүнд ийм байдалтай харагдаад тэнэг юмаа гэж бодоостой. Ингээд шөнийн 1 болсон хойно Leaf намайг түрээсэлж байгаа байшингийн гадаа машинаасаа буулгав. Дотогшоо яваад орлоо. Манай хамт яваа хүмүүс унтаагүй байна. Би ч ороод дэвж өглөө. Нөгөөдүүл бүүр шок. Чи уудаг байсан юм уу? Чи согтсон гэж үү дээ? гэж мэгээд. Би дайнд гавьяа байгуулсан баатар шиг л "Би уухгүй бол өөр хэн уухын. Монголд байхдаа л би уудаггүй. Гадаад явахаараа уудаг байгаа шүү" гэж томорсон гэж байгаа. Энэ бүхнийг маргааш өглөө нь сэрээд нөгөөдүүлээсээ сонсож байгаа юм даа. Лос Анжелос чинь ер нь согтоодог хот байна лээ шд.
No comments:
Post a Comment