Амьдралын тойрог

2008-12-18

Халтуурын машинд бойкот зарлая.

Одоогоос нэлээн хэдэн хоногийн өмнө гэрийнхээ гаднаас ажил руугаа таксидав. Зорисон газраа ирээд буух болоход таксиний жолооч хамаагүй их мөнгө надаас нэхдэг юм байна. Би гайхлаа. Яагаад ингэдэг билээ гэж асуутал өнөө жолооч "Би санаанаасаа зохиосон биш. Энэ тоолуурын заалт л ингэж гарч байна шүү дээ." гэж хэнэггүй хэлж байна. Тэгэхээр би "Үгүй шүү найз аа. Ийм шудрага бус байж болохгүй. Би өглөө болгон таксиддаг. Хэдэн төгрөг гардагийг нь би сайн мэднэ. Наад тоолуур чинь НО-той юм байна." гэчихээд таарсан мөнгийг нь өгөөд буучихсан. Нэг үе хаа сайгүй л сүлжилдээд байсан золбин шар хочтой таксинууд цөөрчихжээ. Ийм тийш явахад голдуу л халтуурын хөнгөн тэрэг таардагийн. Тэгсэн чинь тоолууртай такси бас мэр сэр байгааг тэгэхэд л мэдэж авлаа. Машин унаа гэснээс шатахууны үнэ өчигдрөөс 200 төгрөгөөр буурсан юм байна. Одоо ихэнхи шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг 1190, ДТ-1440 төгрөгөөр борлуулж байна. Оросууд экспортоор гаргаж байгаа нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулснаар Монгол Улсад импортоор орж ирэх шатахууны үнэ дахин бууж байгаа хэрэг. За тэгвэл одоо арай глобал юм ярья. Дэлхийн зах зээл дээр 2008 оны 7-р сард нэг баррель газрын тос 140 доллар хүрч олон хүнийг цус харвуулахаа шахсан. Харин одоо хар алтны үнэ тогтмол буурч байна. Энэ долоо хоногт Нью-Йоркийн түүхий эдийн бирж ( NYMEX ) дээр газрын тосны үнэ 50 доллароос хэтэрсэнгүй. Өчигдөр буюу 12 сарын 17 нд Алжир улсад газрын тос олборлогч, нийлүүлэгч улсуудын байгуулага ОПЕК-ийн гишүүн орны төлөөлөгчид уулзав. Газрын тосны үнэ огцом өсөж байснаа навс уналаа. Үнэ ханшыг өсгөхийн тулд олборлолтоо бууруулая гэж шийдвэр гаргажээ. 2008 оны 9 сард олборлосон газрын тосны хэмжээтэй харьцуулах юм бол өдөрт 2,2 сая баррель газрын тос бага олборлох болж. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээг уншихыг хүсвэл энд байна. 2,2 сая баррель гэдэг бол их их тоо. ОПЕК гишүүн орнууд өмнө нь хэзээ ч олборлолтоо ингэж огцом багасгаж байгаагүй юм гэнэ. Олборлолтоо багасгаад ирэхээр үнэ нь аяндаа өснө гэж тэд тооцоолжээ. ОПЕК-ийн гишүүн биш боловч, газрын тосны баялаг нөөцтэй бусад олборлолт хийдэг орнуудад хандан бидний жишигийг дагаарай гэж тэд уриалсан байх юм. Нефтийн акулууд олборлолтоо багасгах юм бол үнэ нь эргээд жаахан өсөх л байх. Гэхдээ өнгөрсөн 7 сарынх шиг нэг баррель нь 140 доллар хүрэхгүй биз гэж найдахаас. За харин одоо тив дэлхийн глобал яриагаа хаяад эргээд Улаанбаатартаа газардая. Монголд бензиний үнэ бодитойгоор буураад байхад энэ халтуурын хэдэн жолооч нар бас үнэ хөлсөө бууруулмаар юм. Одоо нэг км нь 500 байгаа. Бензиний үнэ даруй 200 төгрөгөөр буураад байхад халтуурын тэрэг, таксинууд нэг км зам туулахдаа 350 аас 400 төгрөг болгож бууруулж болмоор доо.

No comments: