Амьдралын тойрог

2025-11-01

Казахстан улсад: 6 дугаар хэсэг. Астана гэдэг үгийн учир

Алматы, Астана хотууд хоорондоо бараг 1000 км зайтай. Хэрвээ машинаар явбал сонгосон замаасаа хамаарч 1215-1250 км, шууд онгоцоор нисвэл 970 км туулах хэрэгтэй. 
Миний суусан онгоц Астана хот руу дөхсөн бололтой. Нисэх багийнхан газардах бэлтгэлээ хийв. "Хүндэт зорчигчдоо, манай агаарын хөлөг 20 минутын дараа Астана хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах гэж байна. Та суудлын түшлэгээ эгцэлж, эвхэгддэг ширээг хурааж, цахилгаан хэрэгслээ бүрэн унтраана уу. Мөн цонхны хаалтыг нээнэ үү." гэж зарлав. Онгоц Астана хотын олон улсын нисэх онгоцны буудалд 18 цаг 30 минутын орчимд газарлаа. Агаарын хөлөг зогсоолдоо хүрсэн ч хоолой залгаагүй тул хэдэн минут хүлээв. Миний суудал бизнес ангиллын суудлаас дараах учраас хаалгатай ойрхон. Босож гар тээшээ аваад гарахад бэлтгэж зогсов. Энэ зуур би хажуудаа сууж байсан зорчигч бүсгүйгээс "Астаны хотын онгоцны буудлаас хотын төв рүү нь явдаг нийтийн тээврийн автобус байдаг уу?" гэж асуув. Тэр бүсгүй: "Би эндэхийн оршин суугч биш л дээ. Тийм болохоор сайн мэдэхгүй байна." Гэтэл бидний ард зогсож байсан хижээл насны эмэгтэй бидний яриаг сонсоод: "Хотын төв рүү явдаг автобус байдаг шүү. Би хүүгээсээ лавлаад асууя" гэв. Би хариуд нь баярлалаа гэлээ. Ингээд онгоцны буудал руу орж ачаа тээшээ хүлээв. Энэ зуур нөгөө хичээл насны эмэгтэй дахин тааралдаад, манай хүү утсаа авсангүй. Гэхдээ хотын төв рүү явах өөр нэг хүнийг би олоод өгье гээд өөр нэг бүсгүйтэй танилцуулав. Түүнийг Айнур гэдэг. Тэр насны хувьд надтай үе тэнгийн, сэтгүүлч мэргэжилтэй боловч одоо ус цэвэршүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах ажил хийдэг юм байна.  Хотын төв рүү явдаг автобус мөд ирэхгүй бололтой. Онгоцны буудлын гадаа Айнур надтай тааралдав. Түүнийг нөхөр нь тосохоор иржээ. Айнур: Би танд такси захиалсан. Та суугаад явчих гэв. 
Би: Би хэдийг төлөх вэ?
Айнур: Би захиалга хийхдээ төлчихсөн. Та санаа зоволтгүй. 
Би: Яалаа гэж ингэж болох вэ. Та үнийг дүнг нь хэлээрэй. Би танд бэлэн мөнгөөр тооцоо хийе. Надад бэлэн мөнгө бий.
Гэтэл Айнур надаас мөнгө авахаас эрс татгалзав. Би нөхөрт нь хандаж, таксины мөнгө хэдийг төлөх үү гэж асуутал "Эхнэр төлсөн учраас та санаа зоволтгүй. Хэрвээ бид Улаанбаатарт ирвэл та бидний тосоорой" гэв.


Би нэрэлхээд, чемоданаа ухаж хамгийн түрүүнд гарт тааралдсан ууттай монголын сүүн чихэр өгч талархалаа илэрхийлэв. Бас Instagram хаягаа солилцов. Ингээд Астана хотын онгоцны буудлаас захиалсан зочид буудалдаа таксигаар хүргүүлж ирлээ. 


Нисэх буудлаас хотын төв рүү явах замд хамгийн түрүүнд энэ сүмийн барилга анхаарал татав. Оройны 21:00 цагийн үед зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авлаа. Дараа нь шүршүүрт орж, оройн хоол идэхээр гадагш гарав.  Алматы хотод өдөр шөнөгүй шорт, футболка өмсөж явсан. Гэтэл Астана хотод оройдоо сэрүүхэн юмаа. Зуны нимгэн өмдтэй гарсан боловч даарах мэдрэмж авлаа.  Энэ зун ингэж даарч байсангүй. Ойр хавийн ихэнх үйлчилгээний газрууд хаажээ. Ажиллаж байсан ганц газар нь түргэн хоолны сүлжээ ресторан. 


За ингээд ямар ч байсан хоосон ходоодтой байснаас л дээр. Астана хотыг тэгш тал газар байгуулжээ. Газар зүйн ном сурах бичигт Астана хот орчмын хөрш нь хүрэн өнгөтэй гэж бичсэн байсан.  Астана хотын дундуур Ишим гэдэг бол урсдаг. Өөрөөр хэлбэл, Ишим гол нь Астаны хотыг баруун эрэг, зүүн эрэг гэсэн хоёр хэсэгт хуваадаг байна. Ишим гол нь Сарыбулак, Акбулак гэсэн хоёр цутгалантай. 
Хотын эргэн тойронд 25-30 км газарт нэлээн олон жижиг нуур байдаг.  Эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай.  Зун халуун, өвөл хүйтэн. Жилд ойролцоогоор 300 мм хур тунадас унадаг байна. Зуны улиралд дунджаар 20 хэмийн дулаан боловч заримдаа 40 хэмийн халуун болох тохиолдол бий. Өвөл дунджаар 25-30 хэмийн хүйтэн. Өвөл цельсийн -50 хэм хүйтэн болж байсан тохиолдол байжээ.  
Орчин үеийн Астана хот байрлаж байгаа энэ газар нь эрт дээр үед тэмээн жинчид дамжин өнгөрдөг цэг байжээ. Археологичид төмөр, хүрэл зэвсгийн үед хамаарах эд өлгийн зүйлийг малтлагаар олж байжээ. Астана хот байгаа газар манай тооллын VII-VIII зуунд жижиг суурин байсныг гэрчлэх баримт олдсон байна. Дараа нь ямар нэгэн шалтгаанаар суурин эзгүйрч хаягджээ. XII-XIV зуунд энэ газар дахин суурьшлийн бүс сэргэжээ. 1830 онд өнөөгийн Астана байгаа энэ газар Акмолинск гэж нэрлэсэн цэргийн бааз байрлаж байв. 1862 он гэхэд энэ газар цэргийн бааз төдийгүй худалдааны томоохон суурин болж өргөжсөн байна. XX зууны дунд үеэс атар газрын эзэмших хөдөлгөөн өрнөсөн он жилүүдэд Целиноград гэж нэрлэжээ. Газар тариалан эрхэлж байгаа сангийн аж ахуй эргэн тойронд нь байсан бөгөөд гол төв нь энэ хот болжээ. Казахстан улс тусгаар тогтнолоо зарласны дараа 1992 онд Целиноград гэх орос нэрээс татгалзаж, Акмола гэх казах нэрийг нь эргүүлэн өгчээ. 1997 онд Акмола хотыг Казахстаны нийслэл хот гэж зарласан байна. 1998 оноос Астана гэж шинэ нэр өгчээ. Астана гэдэг казах үгийг монгол хэлнээ хөрвүүлэх юм бол "нийслэл" гэсэн утгатай. 2019 онд Астана хотын нэрийг Нур-Султан гэж өөрчилжээ. Гэвч 2022 онд Астана гэдэг нэрийг нь буцааж өгсөн байна.

 
1998 оноос Астана хотын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөжээ. Орчин үеийн загвартай шилэн тэнгэр баганадсан барилгууд, цагаан гантиг чулуун өнгөлгөөтэй мусульман шашны сүм олон бий. 

Астана хотод Ерөнхийлөгчийн ордон, Засгийн Газрын ордон, Парламентын ордон, Үндсэн Хуулийн шүүх гээд бүх төрийн гол байгууллагууд бий. Хотын төв хэсэг нь шил толь болсон цэвэрхэн. 

Астана хотын ерөнхий төлөвлөгөөг Японы архитекторч Кисё Курокава (Kisho Kurokawa) боловсруулжээ. 1997 онд Казахстаны төр шинэ нийслэл хотын зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж, 40 орчим баг оролцжээ. Японы архитекторч Кисё Куракава хотын зүүн, баруун эргийг ашиглан шинэ хуучин гэсэн хоёр зааг гаргаж, гол тэнхлэг нь Ерөнхийлөгчийн ордон, Байтерек цамхаг болжээ. 


Сонирхуулахад улсынхаа төв хотыг "нийслэл" гэж албан ёсоор нэрлэсэн хоёр улс бий. Энэ нь БНСУ-ын төв хот Сөүл, Казахстаны төв хот Астана.  Гэхдээ нийслэл гэдэг үг орсон хотууд дэлхийд бий. Жишээ нь Японы Токио хот (東京). Монголоор "Дорно зүгийн нийслэл" гэсэн утгатай. Хятадын Бээжин (北京) хотын нэрийг үгчилж орчуулах юм бол "Хойд зүгийн нийслэл", Нанжин (南京) Өмнөд нийслэл гэсэн утгатай.  
Астана хотод ирсэн 2025 оны 8 дугаар сарын 8 бол баасан гараг байлаа. Баасан гарагт ихэнх хүмүүс орой үдшийн цагаар хаана их цуглардаг билээ? Хүмүүс их цуглардаг газар руу би ч гэсэн очсон.  Энэ тухай дараа үргэлжлүүлээд бичье.

No comments: