Амьдралын тойрог

2025-10-08

Казахстан улсад: 5 дугаар хэсэг. Шымбулак оргил - Далайн түвшнөөс 3200 км өндөрт

2025 оны 8 дугаар сарын 8. Зочид буудалдаа өглөөний цай уугаад чемоданаа чирээд гарлаа. Одоогоос 2 жилийн өмнө Тайландын Пхукет арал дээр аялж явахдаа санаандгүй танилцсан казах найз маань машинтайгаа ирлээ. Амьдрал гэж сонин юмаа. Гэнэтийн байдлаар танилцсан гадаад хүнтэй 2 жилийн дараа түүний эх оронд нь уулзах гэж... Тэр Казахстаны иргэний агаарын тээврийн Air Astana компанийн нисэгч. Боинг 767, Airbus 320 загварын онгоц жолооддог. 2023 онд Алматы хотоос Пхукет чиглэлд онгоцоороо нисэж ирээд 3 хоног амарч байх үед нь танилцаж байсан юм. Яг л эртний найзууд шиг дотно байдлаар уулзлаа. Алматы хот ямар байна? Казахстанд ирсэн сэтгэгдэл ямар байна? Хотод хаагуур явсан бэ? гэж асуув. Ингээд миний хариултыг сонсоод миний очиж үзээгүй газруудаар дагуулаад явах болов. 

 


Алматы хотод "Абылай хан өргөн чөлөө" гэдэг гудамж бий. Энэ бол хөл хөдөлгөөнтэй том гудамжны нэг нь.  Панфилова, Желтоксан гудамжны дунд нь энэ өргөн чөлөө байдаг. Абылай ханы өргөн чөлөө нь өмнөд хэсэгтээ Абай өргөн чөлөөтэй нийлдэг бөгөөд уузвар дээр нь Казахстаны үндэсний номын сангийн орчин үеийн барилга бий. Харин Абылай хан өргөн чөлөөний хойд хэсэгт нь "Алматы 2" гэж нэрлэсэн төмөр замын өртөө байрладаг.  Абылай ханы өргөн чөлөө бол Алматы хотын хуучны гудамж бөгөөд социалист нийгмийн үед барьсан Грек, Ром хэв маягийн баганатай 3-5 давхар барилгуудыг олж харах боломжтой. Хотын төв нь гэсэн үг. Алматы хот Казахстаны нийслэл байхад энэ гудамжинд Засгийн Газрын ордон, төрийн байгууллагууд, яам, тамгын газар төвлөрч байжээ.  Дараа нь казах найз маань намайг дагуулаад Кабанбай батыр гудамж руу явлаа. Энэ гудамжинд солонгос гаралтай дуучин Виктор Цой-н хүрэл хөшөө бий. Энэ хөшөөг 2018 оны 6 дугаар сарын 21-нд энд байрлуулжээ. "Игла" (Зүү) уран сайхны киноны 30 жилийн ойг тохиолдуулан хөшөөг бүтээжээ. "Игла" уран сайхны киног Казахфильм студид 1988 онд бүтээсэн юм. 


Виктор Цой гэж энэ дуучны намтраас нь товч бичье. 1962 оны 6 дугаар сарын 21-нд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотод төрсөн. Солонгос гарал угсаатай. Аав нь солонгос, ээж нь орос бүсгүй байжээ. Виктор Цойгийн аавын талын өвөг эцэг Цой Ён Нам нь Солонгосын хойгт өнөөгийн БНСУ-ын Вонжу хотын орчимд ажиллаж амьдарч байгаад Орос руу шилжин ирсэн байна. 1907 онд Цой Ён Нам (1893-1917) Солонгосын хойгоос Оросын Владивосток хотод иржээ. Төдөлгүй Анна Васильевна Югай гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна. Харин ээжийн талын өвөг эцэг нь Филимон Алексеевич Гусев (1880-1939) Оросын алс дорнодын бүс нутагт шилжин ирсэн тариачин байжээ.  Тэрээр 1905 онд Орос-Японы дайнд татагдаж, улмаар цэргийн байгууллагад насаараа ажиллажээ.  
Виктор Цойн удам угсааны тухай товчхон дурдвал ийм. 
Виктор Цой "Кино" хамтлагийг үндэслэн байгуулсан дуучин. Хамтлагийнхаа ихэнх дууны ая, үгийг Виктор Цой зохиожээ. "Кино" хамтлаг бол тухайн цаг үедээ нийгмийн томоохон үзэгдэл болсон гэж урлаг судлаачид тодорхойлдог юм байна.  Ази гаралтай зүүн Европт төрж өссөн хөгжмийн авьяастай залуугийн уран бүтээлд Брюс Ли багагүй нөлөө үзүүлсэн байна. Учир нь Виктор Цой Хонгконгийн кино жүжигчин Брюс Лигийн шүтэн бишрэгч нь байжээ.  Хамтлагтаа дуулахаас гадна Виктор Цой кинонд тоглосон юм. 1988 онд "Игла" киноны гол дүр тоглосон бөгөөд 1989 оны шилдэг кино жүжигчин гэж "Советский экран" ("Зөвлөлтийн дэлгэц") сэтгүүлд бичиж байв. Латви улсын Тукумск гэдэг газар 1990 оны 8 дугаар сарын 15-нд Виктор Цой явж байхдаа зам тээврийн ослоор нас баржээ. 
Виктор Цойд зориулан бүтээсэн хөшөөг үзээд дараа нь Алматы хотын өмнөд хэсэг рүү машинаар давхив. Ер нь Алматы хотын өмнөд хэсэг нь чинээлэг хүмүүс нь амьдардаг хувийн байшингууд, тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол нь байдаг юм байна.


Алматы хотын өмнөд хэсэгт байдаг  өвлийн спортын цогцолбор "Медео"-д ирээд, тэндээсээ дүүжин тээвэр (cable car)-д суугаад уул руу өгсөв. Cable car-аар зорчих тасалбарын үнийг казах найз маань төлсөн учраас үнэ ханшийг нь тогтоосонгүй. Ямар ч байсан 3 удаа сэлгэж суусан. 


Медео спорт цогцолбороос дээш Шымбулак гэж нэрлэдэг жуулчны бааз руу cable car нийт 4.5 км  зам туулдаг байна. Энд жуулчдад зориулсан амралтын газар, ресторан бий. 


Алматы хотод ирсэн жуулчид төдийгүй, хотын оршин суугчид амралтын өдрөөр Шымбулак оргил руу явган аялал хийж, цэвэр агаарт гарцгаадаг байна.


Энэ газар далайн түвшнөөс 3200 м өндөрт.  Дүүжин тээвэрт сууж дээш гарч ирэхэд ууланд агаарын температур нь хүйтэн байлаа. Казах найз маань намайг өмс гээд илүү цамц авч явжээ. Үүргэвчнээсээ тэр цамц гаргаж өгөв. Хүйтэн байсан учраас би өмслөө. 
Би амьдралдаа анх удаа л мөнх цаст ууланд ингэж ойрхон очиж үзэв. Дээш гарахад агаар сийрэг, хүчил төрөгч бага  гэдэг нь мэдрэгдэж байлаа. Жаахан эрчимтэй хурдан алхах юм бол дорхноо амьсгаадаж, хүчил төрөгчийн дутагдалд орох юм билээ. Энэ өндөр уулын наад бэлд нь ирэхэд л амьсгалахад жаахан хэцүү болов. Өндөр ууланд авирдаг тамирчдад ямар хэцүү байдаг нь ойлгомжтой. 



Сүрлэг уул юмаа гэж бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Зураг хараад бүрэн мэдрэмж авахгүй юм билээ. Бодит байдал дээрээ илүү сүрлэг, хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан шүү.



Алматы хот тэртээ доор... Хотын дээгүүр бүхэлд нь нарийн ширхэгт тоосонцор тогтжээ. Яг л Улаанбаатар шиг.


Дараа нь бид дүүжин тээвэртээ суугаад доош буулаа. Казахстаны үндэсний хэв маягаар тохижуулсан ресторанд өдрийн хоол идэв. 


300 жилийн өмнө барьж байгуулсан чулуун байшинд энэ ресторан ажилладаг юм байна.



Хоол идэнгээ бид Монгол Улс, Казахстан Улсын нийгэм, хүмүүсийн аж амьдралын тухай ярилцаж суув. Дараа нь би монголоос авч ирсэн бэлгээ найздаа өгөв. 



Хоолны дараа найз маань намайг нисэх онгоцны буудал руу хүргэж өгөв. Алматы хотод байх төлөвлөсөн өдрүүд маань дуусаж би дараагийн хот руу явна.  Онгоцны нисэгч найзтай байх сайхан юм аа. Нисэх буудлын гадаа ирмэгцээ ажилчид машинаа байрлуулдаг талбайгаар дамжин нисэх буудлын барилга руу оров. Казахстаны иргэний агаарын тээврийн Air Astana компанийн онгоцоор Алматы хотоос Астана хот руу нисэх тийз надад байгаа юм. Ингээд казах найзтайгаа дахин уулзах ерөөл тавиад би дараагийн хот руугаа нислээ. 

Казахстан улсад FlyArystan, Bek Air гэх мэт нийт 10 орчим агаарын тээврийн компани байдаг юм байна. Ер нь хамгийн  сайн нь Air Astana. 
Үйлчилгээ нь боломжийн сайн юм билээ. Алматы хотоос нийслэл рүү нь 2 цаг гаруй нисээд хүрсэн. Орон нутгийн нислэг, бас ердөө 2 цаг орчим тул халуун хоолоор үйлчилсэнгүй. Харин ундаа, цай, жүүс, шоколад, пирожокоор үйлчилж байсан.



Алматы хот надад таалагдсан. Улаанбаатартай харьцуулахад том хот. Гэхдээ харьцангуй цэвэрхэн, хүмүүс нь эелдэг юм шиг санагдсан. Дахиад Алматы руу ирэх үү? гэж асуувал би "Очно оо" гэж хариулна. За ингээд тун удахгүй Казахстаны нийслэл Астана хотын аяллын тэмдэглэлийг  минь уншаарай.

No comments: